Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржбалын Янжиндулам |
Хэргийн индекс | 183/2018/02945/И |
Дугаар | 183/ШШ2019/00556 |
Огноо | 2019-03-07 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2019/00556
2019 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2019/00556 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ... байрны ... тоотод оршин суух, Г овогт О.Б-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Хан-Уул дүүрэг, 3-р хороо, .. байрны .... тоотод оршин суух, А овогт Э нд холбогдох,
хамтран ажиллах гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, олох байсан ашигт 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ж.Эыг өмнө нь таньдаг байсан бөгөөд түүний хөөрөг хийж, ашиг олох боломжтой, хөөрөгний чулуу бэлэн байгаа, надад хөрөнгө оруулагч хэрэгтэй байна хөөрөг хийх ажилд хөрөнгө оруулаад олсон ашигаа хувааж авах талаар санал тавьсан бөгөөд хэдий хэмжээний хөөрөгний чулуу худалдаж авах боломжтой талаар асуухад 30.000.000 төгрөгний чулуу худалдаж авна, ажиллах хүчний зардал гарна, надад 50.000.000 төгрөгний хөрөнгө оруулаач гэж хамтран ажиллах санал тавьсан. Уг саналыг би зөвшөөрсний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээг бичгээр байгуулан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч дээр очиж гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэнээр бидний хооронд гэрээний харилцаа үүссэн. Дээрх гэрээний дагуу би 30.000.000 төгрөгийг *******ын дансанд шилжүүлсэний дараа уг мөнгөөр чулуу авсан гэж Э намайг дуудан үзүүлж, энэ чулуугаар гуч орчим хөөрөг хийх боломжтой, ойролцоогоор 60.000.000 төгрөгний ашиг олно гэж танилцуулсан. Үүний дараа намайг гадаадад байхад холбогдон ажиллах хүч, бусад зардалд мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу би 10.000.000 төгрөгийг гурав хувааж шилжүүлсэн. Удахгүй хөөрөг бэлэн чиний оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан өгч хийсэн хөөргөө худалдан борлуулж ашигаа хувааж авна гэсэн болвч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулсан мөнгө болон ашгаа олж авч чадахгүй хохирсоор байна. Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлд “...хийсэн нийт хөөрөгнүүдээс эхний ээлжинд хөрөнгө оруулалт болох 50.000.000 төгрөгийг гаргаж авна, дараа нь нийт хөөрөгнүүдийн борлуулалтын ашгаас гарсан зардалуудаа хасаад цэвэр ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар тохиролсон”, гэрээний нэмэлт нөхцөлийн дагуу үндсэн хөрөнгө оруулалтыг 2017-01-31-ний дотор дуусгавар болгож өгөхөөр олох ашгийг 2017-02-15-ны өдрөөр тооцон төлбөр тооцоог бүрэн дуусгавар болгохоор тохиролцсон боловч энэ хугацаанд Э нь гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй болно. Э нь гэрээний хугацаанд үндсэн хөрөнгийг гаргаж өгөөгүй тохиолдолд уг бизнес болох хөөрөгнүүдийг хөрөнгө оруулагч болох Б надад өгөхөөр мөн өөрт ногдох ашгийг надад өгөхөөр гэрээг байгуулсан боловч энэ үүргээ мөн биелүүлэхгүй байгаад гомдолтой байх бөгөөд намайг хууран мэхэлж надаас хөөрөг хийх нэрийдлээр мөнгө авч залилсан гэж үзэж байна. Бидний хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд гэрээний дагуу өөрийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг түүнээс шаардах эрхтэй ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар өөрт ногдох ашиг болох 40.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс Этай удаа дараа утсаар холбогдон өөрийн оруулсан хөрөнгө оруулалт болон ашгийг буцаан төлөхийг шаардаж байсан бөгөөд 2018-08-31-ний өдөр миний оруулсан 40.000.000 төгрөгийг 80.000.000 төгрөг болгож төлөх талаар тодорхойлолт бичиж өгсөн тул уг төлбөрийг нэхэмжилж байгаа. Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс авсан 40 000 000 төгрөгийг өгөөгүй, олох ёстой байсан ашгаа ч өгөөгүй. Хөөрөг хийдэг урлангаар очиход байдаггүй, залгахаар утсаа авдаггүй байгаа. Хариуцагчийн 2018-08-31-нд гаргасан тайлбарын хүсэл зорилго нь 40 000 000 төгрөгийг авсан нэмээд 40 000 000 төгрөг олох ёстой гэсэн бичиг хийж өгсөн. Тиймээс хариуцагчаас нэхэмжлэгчид гаргаж өгсөн бичгийн дагуу эхний ээлжид хөрөнгө оруулалт хийсэн 40 000 000 төгрөг, ашиг гэх 40 000 000 төгрөг нийт 80.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Талуудын байгуулсан гэрээний гол зорилго нь О.Б хөөрөг авна гэдэгтээ биш хөрөнгө оруулна, оруулсан хөрөнгөө тодорхой хэмжээний ашигтай буцаан авна гэсэн. О.Б нь хөөрөг хийдэг хүн биш учраас одоо хариуцагчийн хэлээд байгаа хөөрөгнүүдийн буцаан өгнө, мөнгийг өгөх боломжгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хөөрөг авна гэсэн хүсэл зориг байхгүй учраас 80 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Би хууль тайлбарладаг субъект биш, хэрэгт авагдсан маргааны зүйл болоод байгаа 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 15-ны дуусгавар болсон. Хүчин төгөлдөр гэрээ байгаа мэт, хүчин төгөлдөр гэрээнээс татгалзаж байгаа мэтээр тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаад байгаа зүйл биш, нэхэмжлэлийн шаардлагыг зөв ойлгох хэрэгтэй. Гэрээний үүргээ, үр дагаврыг шаардаж байгаа гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б бид хоёр эртний танилууд бөгөөд 2017 оны 11 сарын эхээр надад 50 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийх санал тавьсны дагуу 10 сая төгрөгөөр нь шаардагдах багаж хэрэгсэл, 40 сая төгрөгөөр нь хөөрөгний чулуу авахаар болсон. Улмаар тус гэрээний дагуу Б нь 40.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн юм. Анх Бтай ярилцахад борлуулалтыг би хийнэ гэсний дагуу түүнд хийсэн хөөрөгнүүдээ өгч байсан бөгөөд сүүлдээ би зарж чадахгүй юм байна та өөрөө зараад надтай тооцоо хий гэж хэлсэн. Цагаан сарын үеэр зарагдахгүй болсон тул бид ярилцаад дараа жил үргэлжлүүлэхээр болсон. Гэтэл Б нь 2018-08-31-ний өдөр ажил дээр ирээд найздаа нэг баталгаа бичээд өг, арбитрын шүүхэд өгөх хэрэгтэй байна, бараа хил дээр саатаад байна гэсний дагуу тодорхойлолтыг Бы гуйлт, шахалтын улмаас бичиж өгсөн бөгөөд ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх боломжгүй. Бд 2018-03-30-ны өдөр 7.500.000 төгрөгөөр бодож 3 ширхэг хөөрөг өгсөн, бэлэн болсон 4 хөөрөг, хөөрөгний бэлдэц 25 ширхэг, 20 орчим хөөрөгний чулуу байгаа тул эдгээрийг буцаан өгөх хүсэлттэй байна. Тухайн үед цагаан сар дөхсөн цаг хугацааны хувьд боломжгүй байгаад улсын баяр наадмаар үзье мөнгө төгрөгийн хувьд боломжоор өгөөд хоёулаа үйл ажиллагаагаа явуулаад байж байя гэсэн. Эхний 2-3 хөөрөг хийгээд борлуулах боломжтой болчихлоо хүмүүст үзүүлээдэх гэж бас нэлээн хугацаа өнгөрсөн. Би ер нь борлуулахад хэцүү юм байна, чи хийж бай гэсэн. Наадмаар худлаа юм шиг байна цагаан сараар больё гэсэн. Намар ажлын байргүй болоод хөдөө амарч байгаад ирсэн. Тэр хойгуур ирсэн байсан. Бид хоёр уулзахад нэлээн эвгүй болчхоод байна. Гаднаас бараа материал татахад хөрөнгө санхүүгийн асуудалтай болчихоод хөгшин нь нэлээн асуудалтай болчхоод байна чи бид хоёрын хамтран ажиллах гэрээ, ашгаа хувааж авна гэсэн найздаа баталгаа гаргаад өгчих гэж гуйсан. Тэгээд би тодорхойлолт гаргаж өгсөн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар 15-ны өдөр байгуулсан гэрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах хэлцэл байсан. О.Б бол 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ашгийг 50, 50 хувиар хувааж авна гэж хэлцэл хийсэн. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзаж байна гэж дурдсан байдаг. Гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээг дуусгавар болсон тохиолдолд гэрээний гүйцэтгэлийн биед байдлаар буцаан өгнө гэсэн учраас нэхэмжлэгчийн зүгээс 3 ширхэг хөөрөг, 25 хөөрөгний бэлдэц буюу зассан чулуу 50 кг орчим чулууг буцаан өгнө. Хамтран ажиллах гэрээ учир гэрээнээс нэг тал нь татгалзсан учир гэрээний биелэлтийг буцааж өгөх үүрэгтэй Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах үүрэгтэй. Ганцаараа гэрээнээс олох байсан ашиг алдагдлыг хариуцагч хүлээх үндэслэлгүй. Алдагдал гарсан бол талууд хуваан хариуцах үүрэгтэй. Хамтран хариуцах гэрээ нэгэнт дуусгавар болсон бол Иргэний хуулийн 483 дугаар зүйлд зааснаар үлдэх хөрөнгийн жагсаалтыг гаргаж талуудад хуваарлина гэж байгаа. Хамтран ажиллах гэрээ тодорхой үр дүн зорилгод хүрсэнгүй. Хөөрөг борлогдсонгүй, ажиллах хүчний зардал дутуу байсан учир ажиллах хүчний дутагдлаас шалтгаалаад цаг хугацаандаа хийж чадсангүй. Үлдэх хөрөнгийн жагсаалтыг гаргаж, үүнийг хуваахгүйгээр бүгдийг нь нэхэмжлэгчид өгье гэж байгаа. Энэ бол хариуцагчийн зүгээс өмнө нь хавтаст хэрэгт фото зургаар тухайн үлдэх хөрөнгийн зургийг оруулсан байгаа. Үнийн дүнгийн жагсаалтыг гаргаж чулуу, хөөрөгний бэлдэц, хөөрөг нийт 31 800 000 төгрөг байна. Үүнийг гэрээний төлбөрт оруулсан хөрөнгөнд нь дүйцүүлээд өгөх хууль зүйн эрх нь байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2 500 000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг хөөрөг нийт 7 500 000 төгрөгийг нэхэмжлэгч авч байсан. Хөөргийг авч байсан гэдэг нь үүгээр нотлогдоно. Нийт 39 300 000 төгрөгийн асуудлыг 31 800 000 төгрөгийг биет байдлаар буцаан өгөх, үлдэгдэл 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч алдагдалд орсон нь үнэн, үүнийг хариуцагчийн зүгээс ч хүлээн зөвшөөрч байгаа. Энд бас цаг хугацаа, хөдөлмөр, ажилчдын цалин, ажлын байрны түрээсээрээ хохирсон хариуцагч байгаа. Хөөрөгний чулууны үнэд хүргэдэг зүйл нь юу юм бэ? гэвэл хөөрөгний хийцээс хамаардаг. Нэг хөөрөг дунджаар 7-10 хоног заруулдаг. Энэ хэмжээний үйл ажиллагаа болон өртөг өндөртэй байсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч 40 000 000 төгрөг, хариуцагч түүнтэй тэнцэх хэмжээний үйл ажиллагаагаараа хамтарсан. Энэ гэрээнээс талууд алдагдал хүлээсэн. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт зааснаар алдагдлыг хамтран хариуцах ёстой. Үүнээс үүдэн үлдэх хөрөнгийн жагсаалтыг гаргаад өгөхөд нэхэмжлэгч тал татгалзах зүйл хэлээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаан дээр шинжээч томилуулъя, маргах юм биш биз гэхэд жагсаалтаа гаргаад өг, нөгөө талаас гаргахгүй бол нотлох баримтын хэмжээнд үнэлээд явъя гэдэг асуудлууд яригдчихсан учир шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй. Үлдэх эд хөрөнгийн жагсаалтын дагуу 31 800 000 төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгч талд буцаан олгох, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар буцаан өгөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ж.Эад холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, олох ёстой байсан ашигт 40.000.000 төгрөг, нийт 80.000.000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.
Нэхэмжлэгч О.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөх, эвлэрэхээс бусад эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэлээр Мд хоёр жилийн хугацаагаар олгосон байна /хх-5/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж заасан.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Э хөөрөг хийж, ашиг олох боломжтой, хөөрөгний чулуу бэлэн, надад хөрөнгө оруулагч хэрэгтэй, хөөрөг хийх ажилд хөрөнгө оруулаад олсон ашигаа хувааж авах талаар санал тавьсныг зөвшөөрч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээг бичгээр байгуулж, 30.000.000 төгрөгийг Э дансанд шилжүүлсэн, үүний дараа ажиллах хүч, бусад зардалд мөнгө хэрэгтэй байна гэсний дагуу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний нэмэлт нөхцлийн дагуу үндсэн хөрөнгө оруулалтыг 2017-01-31-ний дотор дуусгавар болгож, олох ашгийг 2017-02-15-ны өдрөөр тооцон төлбөр тооцоог бүрэн дуусгавар болгохоор тохиролцсон боловч энэ хугацаанд Э гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгээгүй, гэрээний хугацаанд үндсэн хөрөнгийг гаргаж өгөөгүй тохиолдолд уг бизнес болох хөөрөгнүүдийг хөрөнгө оруулагч болох Б надад өгөхөөр, өөрт ногдох ашгийг надад өгөхөөр гэрээ байгуулсан боловч энэ үүргээ мөн биелүүлээгүй. Бидний хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд гэрээний дагуу өөрийн оруулсан бодит хөрөнгө оруулалтыг түүнээс шаардах эрхтэй тул Эаас гэрээний үүрэгт 40.000.000 төгрөг, олох ёстой байсан ашиг орлогод 40.000.000 төгрөг нийт 80.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж тайлбарлан 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн огноотой ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ /хх-6-7/, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баас Эын дансанд 30.000.000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /хх-8/, О.Бы 5011312398 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-9/, Ж.Э гэж гарын үсэг зурсан “...бэлнээр 40.000.000 төгрөг авсан, хөөргийг 2.000.000-2.500.000 төгрөгөөр зарж, цэвэр ашгийг 50, 50 хувиар хуваахаар тохиролцсон, 40 сая төгрөгийг 80 сая төгрөг болгож өгнө” гэж гарын үсэг зурсан баримт /хх-10/, зэргийг нотлох баримтаар гаргасан.
Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ “...Б бид эртний танилууд бөгөөд 2017 оны 11 сарын эхээр надад 50 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийх санал тавьсны дагуу 10 сая төгрөгөөр нь шаардагдах багаж хэрэгсэл, 40 сая төгрөгөөр нь хөөрөгний чулуу авахаар болж Б нь 40.000.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Анх ярилцахдаа Б хөөрөгний борлуулалт хийхээр байсан боловч би зарж чадахгүй байна өөрөө зараад надтай тооцоо хий гээд цагаан сарын үеэр зарагдаагүй тул бид ярилцаад дараа жил нь үргэлжлүүлэхээр болсон. Гэтэл Б нь 2018-08-31-ний өдөр ажил дээр ирж найздаа баталгаа бичээд өг, арбитрын шүүхэд өгөх хэрэгтэй байна, бараа хил дээр саатаад байна гэсний дагуу тодорхойлолтыг Бы гуйлт, шахалтын улмаас бичиж өгсөн бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй, Бд 2018-03-30-ны өдөр 7.500.000 төгрөгөөр бодож 3 ширхэг хөөрөг өгсөн, бэлэн болсон 4 хөөрөг, хөөрөгний бэлдэц 25 ширхэг, 20 орчим хөөрөгний чулууг Бд буцаан өгөх хүсэлттэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан /хх-44/, 29 ширхэг хөөрөгний фото зураг /хх-45-52/, 11 ширхэг чулууны фото зураг /хх-53-56/, Сүмбэр эрдэнэ урлан, худалдан авагч О.Б гэж бичигдсэн 7.500.000 төгрөгний зарлагын баримт /хх-57/, одоо байгаа 25 ширхэг хөөрөг, авсан чулууны материал зэрэг нийт 31.800.000 төгрөгний жагсаалт зэргийг нотлох баримтаар гарган мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллах “Ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ” нэртэй гэрээг нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ж.Э нарын хооронд байгуулжээ. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч О.Б 50.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийхээр, хариуцагч Ж.Б нь хамтран гүйцэтгэгчээр хөөрөг хийж гүйцэтгэхэд үүсэх харилцааг зохицуулах, харилцан хүлээх үүрэг хариуцлага тогтооход гэрээний зорилго оршино гэж, гэрээнд дурдсан нийт хөрөнгө оруулалтын дүн 50.000.000 төгрөг, хийсэн хөөрөгнүүдээс эхний ээлжинд хөрөнгө оруулалт болох 50.000.000 төгрөгийг гаргаж, дараа нь хөөрөгнүүдийн борлуулалтын ашгаас гарсан зардлуудаа хасаад цэвэр ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар тохиролцов гэжээ /хх-6/.
Энэхүү гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч О.Б 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Эын Голомт банкны 2205124012 тоот дансанд 30.000.000 төгрөгийг хөрөнгө оруулалт гэж, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банкны 5006582837 тоот дансанд нэхэмжлэгч О.Бы Хаан банкинд эзэмшдэг 5011312398 дугаарын данснаас 1.000.000+3.000.000+3.000.000+3.000.000=10.000.000 төгрөгийг “зээлэв” гэх утгаар дөрвөн удаа шилжүүлсэн байх /хх-8-9/ бөгөөд нийтдээ хөрөнгө оруулалтад 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт болон 5006582837 тоот данс хариуцагч Ж.Эын данс гэж хүлээн зөвшөөрч маргаагүй /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Б, хариуцагч Ж.Э нар хөөрөг хийж гүйцэтгэхээр, хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгч О.Б гаргаж, хариуцагч Ж.Э нь хөөрөг хийх буюу ажил үйлчилгээг нь хариуцан ажиллахаар, хийсэн хөөрөгнүүдээс эхний ээлжинд хөрөнгө оруулалтын 50.000.000 төгрөгийг гаргаж, дараа нь хөөрөгнүүдийн борлуулалтын ашгаас гарсан зардлуудаа хасаж цэвэр ашгийг 50, 50 хувиар хуваан авахаар тохиролцсон. Гэрээний 5-д үнсэн хөрөнгө оруулалтыг тохирсон хугацаанд гаргаж өгөөгүй тохиолдолд уг бизнес болох хөөрөгнүүдийг хөрөнгө оруулагч талын мэдэлд шилжүүлэн өгч, ногдох ашгийг хөрөнгө оруулагч талд төлөхөөр талууд харилцан тохиролцсон байх тул зохигчдын хооронд байгуулсан “ажил гүйцэтгэх талаар хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ” нэртэй гэрээний агуулга, гэрээнд оролцогч талуудын хүлээсэн үүрэг, тохиролцоо зэргээс дүгнэхэд хамтран ажиллах гэрээ байна.
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 476.3-д “хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана, 476.3.1-д гэрээний талуудын нэг, хаяг, 476.3.2-д хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, 476.3.3-д талуудын эрх, үүрэг...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “...хөөрөг хийх ажлыг хариуцагч Э хариуцан ажиллахаар нэхэмжлэгч зөвхөн хөрөнгө оруулахаар тохиролцсон” гэж тайлбарласан, мөн гэрээнд гэрээний талуудыг тодорхойлж, эрх үүргийг тусгасан, үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан талаараа талууд маргаагүй бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон байна.
Хамтран ажиллах гэрээгээр талууд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан тул зохигчид хамтран ажиллах, нэхэмжлэгч О.Б хөрөнгө оруулалт хийх, хариуцагч Ж.Э хөөрөг хийх ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон үйлдэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү хамтран ажиллаж байгаа этгээдүүдийн гол зорилго нь тодорхой үйл ажиллагааны үр дүнд зохих хэмжээний ашиг олох явдал байдаг бөгөөд зохигчид ингэж хамтран ажиллах хэлцэл хийсэн болон хөрөнгө оруулагч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 40.000.000 төгрөгний 30.000.000 төгрөгөөр хөөрөгний бэлдэц болох чулууг авч, хөөрөг хийх ажилтай холбоотой гарсан бусад зардалд 10.000.000 төгрөгийг зарцуулсан талаар болон хөөрөг хийж худалдан борлуулаагүй, ашиг олоогүй гэх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.
Түүнчлэн хамтран ажиллах гэрээний талууд нь хөрөнгө нийлүүлэх буюу хураамж төлөхөөс гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1, 478.4-т зааснаар хамтын ажиллагааг хэрхэн явуулахыг тохиролцох ёстой ба талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, эсхүл хамтын үйл ажиллагааг аль нэг тал нь эрхлэн явуулахаар талууд тохиролцох боломжтой боловч гэрээний 1-д О.Б хөрөнгө оруулагч, Ж.Э хамтран гүйцэтгэгч гэж, гэрээний 5-д нэмэлт нөхцөл гэх хэсэгт “Э нь хуулийн дагуу үндсэн хөрөнгийг тохирсон хугацаанд гаргаж өгөхгүй тохиолдолд уг бизнес болох хөөрөгнүүдийг хөрөнгө оруулагч талын мэдэлд шилжүүлэн өгнө” гэж заасан байна.
Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.
Тиймээс зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Хамтран ажиллах гэрээний үндсэн шинж нь хоёр ба түүнээс дээш этгээдүүд ашиг олох болон бусад тодорхой зорилгод хүрэхийн тулд талууд хамтран ажиллах үүрэгтэй байдаг. Тиймээс хамтран ажиллах гэрээнд хоёр этгээд оролцсон, оролцогч бүр ямар хэлбэрийн, хэдий хэмжээний хураамж буюу хөрөнгө оруулах талаар, хөөрөг хийхэд гарах төсөв, зардал, хамтын хувь хөрөнгөд хамтын үйл ажиллагааг хэрхэн хуваарлах болон ашиг авахаар маргаж байгаа тохиолдолд хөөрөг хийх ажилд нийт хэдэн төгрөгний өртөг зардал гарсан талаар тооцоо нийлээгүй, өөрсдийн хөрөнгө оруулсан хувь хэмжээ буюу хийгдсэн байгаа хөөрөгнүүд хэдэн төгрөгний төсөвт өртөгөөр боссон үнийн дүн зэрэгт маргаагүй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчээс шилжүүлсэн 40 сая төгрөгөөр авсан хөөрөг хийх чулууны бэлдэц болон хийгдсэн байгаа хөөрөгнүүд байгаа тул хөрөнгө оруулагчид хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон 31.800.00 төгрөгний бараа, материалыг шилжүүлэн өгч, нэхэмжлэгчид өгсөн 7.500.000 төгрөгний үнэ бүхий 3 хөөргийг тооцуулж, 700.000 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж төлнө гэх тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 447 дугаар зүйлийн 447.1-д “Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна”, 477.2-т “хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно”, 477.3-т гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна заасан бөгөөд гэрээний оролцогч тал өөрийн хөрөнгийг тодорхой зорилгод хүрэхийн тулд бусадтай нийлж захиран зарцуулахаар сайн дураар хураамж болгон төлж байгаа тохиолдолд уг хөрөнгө нь дундын өмчлөлийн зүйл болох нь хамтран ажиллах гэрээний зорилгод нийцэхээр байна. Тиймээс ч Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т ...талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байхаар заасан бөгөөд гэрээнд оролцогч талууд тус бүрийнхээ оруулсан хөрөнгө оруулалтыг хэний өмчлөлд байлгах талаар гэрээний 5-д ...хөрөнгө оруулалтыг тохирсон хугацаанд гаргаагүй тохиолдолд бизнес болох хөөрөгнүүдийг хөрөнгө оруулагчийн мэдэлд шилжүүлнэ гэж тохиролцсон байна.
Хариуцагч нь Бы гуйлтаар 2018-08-31-нд тайлбар бичиж өгсөн бөгөөд энэ нь бидний харилцан тохиролцсон гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэхгүй гэж маргаж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар тухайн зохицуулсан зүйл байхгүй, уг гэрээ нь 6 хүртэл дугаарлагдсан гэрээ байх тул Ж.Э гэж гарын үсэг зурсан баримтыг хариуцагч бичсэн талаар маргаагүй боловч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт гэж үзэх үндэслэлгүй байна /хх-10/.
Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний хөрөнгө оруулагч буюу нэхэмжлэгч 50.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтаас 40.000.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай байсан, гэрээ дуусгавар болсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Зохигчдын байгуулсан гэрээний гол зорилго нь хөөрөг хийж түүнийгээ худалдан борлуулж ашиг олох бөгөөд хөрөнгө оруулалт оруулсны дараа хөөрөг хийгдсэн байх боловч түүнийг худалдан борлуулаагүй, орлого, ашиг олоогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хамтран ажилласан гэрээний талуудад хуваагдах ашиг болон орлого олсон болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй, хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасан.
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг хөндөх эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөрөнгө оруулалт хийж мөнгө гаргасан тул орлого олоогүй байсан ч заавал ашиг хүртэх эрхтэй болохыг нотлоогүй байхад гэрээний эрх чөлөөг зөрчих нь хуульд үл нийцнэ.
Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч тал 7.500.000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг хөөргийг авсан болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагчийн гаргасан одоо байгаа 26 нэр төрлийн 31.800.000 төгрөгний үнэ бүхий үлдэгдэл бараа, материалын тооцооны талаар мөн маргаагүй /хх-82/ тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах учир зохигчдын хамтран ажиллах гэрээний үр дүнд бий болсон үлдэгдэл 31.800.000 төгрөгний бараа материалыг хөрөнгө оруулагч буюу нэхэмжлэгчид буцаан өгч, нэхэмжлэгчийн авсан 7.500.000 төгрөгний үнэ бүхий гурван ширхэг хөөргийг тооцуулж, нэмж 700.000 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь хамтран ажиллах гэрээний үр дүнд талууд ашиг, орлого олохоос гадна үйл ажиллагааны үр дүнд эд хөрөнгийн алдагдал гарах бөгөөд хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаанд хэн аль нь оролцсон, эсхүл оролцохоос татгалзсан байхаас үл хамааран хамтын үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдлыг хамтран ажиллах гэрээний оролцогч талууд хамтран хариуцах үүрэгтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна” гэж заасан нь гэрээний оролцогчдын хоорондын хүлээх хариуцлага гэхээс илүү хамтын үйл ажиллагааны явцад үүссэн алдагдлыг гишүүд хоорондоо хэрхэн хуваарилах асуудалд хамааралтай. Тиймээс ч талууд гэрээний 5-д ...хөрөнгө оруулалтын зардлыгтохирсон хугацаанд гаргаж өгөхгүй тохиолдолд ...хөөрөгнүүдийг хөрөнгө оруулагч талын мэдэлд шилжүүлэн өгнө гэж тохиролцсоны дагуу оруулсан хураамжийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцах нь зүйтэй.
Ийнхүү талуудын оруулсан хураамжид хувь тэнцүүлэхэд нэхэмжлэгч 40.000.000 төгрөг, хариуцагч ажиллах хүч, ажлын байр, бусад зардал хариуцсан байх боловч хариуцагчийн бичгээр гаргасан жагсаалт үнийн дүнд нэхэмжлэгч тал маргаагүй, хариуцагч өөрийн зүгээс оруулсан хөрөнгө оруулалт буюу ажиллах хүч, ажлын байр, бусад зардлын талаар тооцоолол гаргаагүй, энэ талаар тухайлан шаардлага гаргаагүй тул талуудын гэрээнд тохиролцсон тохиролцоог баримталсан болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 357.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/13603 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэл нь уг шийдвэр хүчин төгөлдөр болмогц дуусгавар болохыг дурдах нь зүйтэй /хх-17/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.2, 477.3, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн авсан 7.500.000 төгрөгний үнэ бүхий 3 ширхэг хөөрөгийг тооцож, хариуцагч А овогт Э аас 31.800.000 төгрөгний үнэ бүхий 25 ширхэг хөөрөг, хөөрөгний бэлдэц буюу чулуу, 700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е овогт Б нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40.000.000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Бы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эаас 357.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн авж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Уг шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан гомдол гаргах хугацаа өнгөрмөгц шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2018/13603 дугаартай захирамжийн үйлчлэл дуусгавар болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Я