Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00915

 

  

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаартай *******гаас н.Бадрахад төлбөр төлүүлэхээр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 182 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Янжинлхам шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбогдуулан барьцааны хөрөнгөд хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гарсан талаарх Мэдэгдэл-ийг 2020.04.02-ны өдөр гардаж авсан. Тухайн үнэлгээгээр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээ гаргасан аргачлал зарим талаар учир дутагдалтай байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Үнэлгээний тайлантай танилцахад ижил төсөөтэй объектуудтай харьцуулалт хийсэн боловч ижил үйл ажиллагаа явуулдаг объектуудтай харьцуулалт хийгээгүй, огт өөр зориулалттай объектуудтай харьцуулалт хийсэн байна.

Материалын зардал, ажиллах хүчний зардал ижил байдаг ч гол үзүүлэлт дотоод засал барилгын үнэ өртгийг илэрхийлдэг. Үнэлгээний багийнхан тухайн үед очиж байхад зоорийн давхарт засвар хийж байсан. Засварын ажил 70 хувьтай явж байсан бөгөөд шууд үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Үүнийг хөрөнгийн үнэлгээнд тусгаагүй. Ковид-19-тэй холбоотойгоор орлогын мэдээллийг тооцоолох буюу өртгийн хандлангын тооцоо хийх боломжгүй байсан гэж хөрөнгийн үнэлгээнд бичсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үе юмуу бусад сарын тайлантай харьцуулсан байдлаар хөрөнгийн үнэлгээний тайлан гаргах боломжтой байсан. Гэтэл үүнийг гаргаагүй. Хамгийн энгийнээр сарын түрээсийн төлбөрийг тайлангийн 15 дугаар хуудсанд 3,500,000-4,000,000 төгрөгийн түрээстэй байдаг гэж мэдээлжээ. Барилгын нэг метр квадратын үнэлгээ 2,200,000 төгрөг ба нийт 316,800,000 төгрөгөөр үнэлэх ёстой байтал 191,488,608 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлгээ гаргасныг зөвшөөрөөгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Янжинлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.23-ны өдрийн 02060 дугаартай шийдвэрээр *******гаас 312,000,000 төгрөгийг н.Бадрахад гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу *******д шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаатай Мэдэгдэл өгсөн ч төлбөрөө төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205033418 дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороолол, 3 дугаар хороо, 48 дугаар байрны зоорийн давхарт байрлах 144 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020.01.21-ний өдрийн дугаар Тогтоолоор битүүмжилж, хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хураасан үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг авахад талууд харилцан тохиролцоогүй тул 2020.03.19-ний өдөр хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр хөндлөнгийн шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилоход хөрөнгийг 191,488,608 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар талуудад 2020.04.22-ны өдрийн дугаартай Мэдэгдэл-ээр үнэлгээг үнэлгээний тайлангийн хамт мэдэгдэж, биечлэн гардуулан өгч, гарын үсэг зурж тэмдэглэлээр баталгаажуулсан. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг санал болгоход төлбөр төлөгч нэг сарын хугацаа авахгүй талаарх хүсэлтээ гаргасан.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2020.05.15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллага үнэлсэн учраас үнэлгээний тайлан хуулийн дагуу хийгдсэн гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.07.23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаар шийдвэрээр иргэн н.Бадрахад 312,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 182 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Янжинлхам явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Б.Янжинлхам нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар *******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033418 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 48 тоот хаягт байрших 144 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020.04.02-ны 4/11191 дугаар мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Улмаар уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020.05.12-ны өдрийн 102/ШШ2020/01487 тоот шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шййдвэрлэсэн. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг 2020.07.17-ны өдрийн 1567 тоот магадлалаар хангалгүй орхисон.

Тус барьцаа хөрөнгө болох Ү-2205033418 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж 48 тоот хаягт байрших 144 м.кв талбайтай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц, бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдал, хэмжээг тооцолгүй тогтоосон нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч *******гийн эрх ашгийг зөрчиж, барьцаа хөрөнгийг нь хэт доогуур үнэлсэн байна.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205033418 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцон, 2020.05.12-ны өдрийн 102/ШШ2020/01487 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

1.   Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2.   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

3.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, тус үл хөдлөх эд хөрөнгө нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай, дэд бүтэц, бүх зүйлд ойр, нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ ихтэй хэсэгт байрладаг байтал орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдал, хэмжээг тооцоогүй, хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон нь өмчлөгчийн эрх ашгийг зөрчсөн байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдсэн... гэх үндэслэл зааж, ...нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

4.   *******гаас Д.Бадрахад 312,000,000 төгрөгийг төлөх, төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.07.23-ны өдрийн 102/ШШ2019/02060 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 2019.10.31-ний өдрийн 13789 дугаартай шүүгчийн захирамж, 01048 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч *******д холбогдох гүйцэтгэх баримт бичигт 2019.11.25-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

5.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2.-т шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол ...хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ, үнэлгээг талууд, өмчлөгч тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлнэ гэж зохицуулсан.

 

Төлбөр төлөгч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 7-р хороо, 3 хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 48 дугаар байрны зоорийн давхар тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй үндэслэлээр хөндлөнгийн шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1., 55.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, шинжээч хөрөнгийг 191,488,608 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогджээ.

 

6.   Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна, 17.2.-т Шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурласан, шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд хийгдсэн байна гэж, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.

 

Хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК үүргийн гүйцэтгэлд хураагдсан, нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Үнэлгээний олон улсын стандарт 2020, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Барилга хот байгуулалтын сайдын 2016.12.28-ны өдрийн 203 дугаар тушаалыг ашиглаж, 2020 оны Үнэлгээний Олон Улсын Стандарт /ҮОУС/-аас үнэ цэнийн сууриуд 104, үнэлгээний хандлагууд ба аргууд 105 зэргийг баримталж, өртгийн хандлагын хүчин чадлын норматив үнэлгээний арга, зах зээлийн хандлагын жишиг ажил гүйлгээний аргыг тус тус хэрэглэж тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан байна.

 

7.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.

 

Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлт хуульд нийцсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

8.   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, зохигчийн маргаанд хамаарах хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтад үндэслэгдсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 116.3.-т заасан шаардлагад нийцжээ.

 

9.   Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1567 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одоос 2020.08.05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД