| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 187/2019/0319/Э |
| Дугаар | 957 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 957
2019 9 19 2019/ДШМ/957
З.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Пүрэвтогтох,
хохирогч П.Ч,
шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч О.Анхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Чын гаргасан давж заалдах гомдлоор З.Бт холбогдох эрүүгийн 1810012860131 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Ав овгийн З.Б, 1987 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ice tower” цамхагт хамгаалагч ажилтай, ам бүл 3, эх, эхнэрийн хамт ................ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................................../,
З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хабитатын гудамжинд иргэн П.Чтай маргалдан улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Бт оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, З.Бт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь хохирогч П.Ч3.328.579 төгрөг төлснийг дурдаж, хохирогч П.Ч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг З.Бт сануулж шийдвэрлэжээ.
Хохирогч П.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 жилээс дээш хорих ялын төрөлтэй, гэмт хэргийн ангилалд багтах гэмт хэрэг юм. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд П.Ч би бодит хохирол шаардах гэмт хэрэг юм. Объектив шинжийн хувьд хүний биеийн анатомийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан үйлдэл байх бөгөөд хохирол, үйлдэл хоёрын хооронд заавал шалтгаант холбоо байдаг гэж үзэж байна. Энэ нь П.Ч миний амь биед аюултай буюу хөдөлмөрийн чадварын 33-100 хувь алдагдуулсан гэж хуульд тайлбарласан байдаг. Мөн 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 1 жил 3 сарын хугацаанд миний биед үүссэн хүнд хохирлыг бүрэн барагдуулаагүйгээс гадна намайг тохуурхан доромжилж анхан шатны шүүх хурлын өмнө заналхийлж, дугаараа нууцалсан утаснаас намайг заналхийлсэн. Энэ үйлдлээс харахад З.Б учруулсан үйлдэлдээ огт гэмшээгүй, хохирогч намайг ална гэж заналхийлж байгаа нь торгуулийн ял хүлээлгэж гэм буруутай үйлдэлдээ засран хүмүүжих үйлдэлдээ гэмшээгүй, ялын бодлого огт тохирохгүй байгаа нь илт харагдаж байна. Уг хүний зан байдлаас тодорхойлоход үерхэж, найзлаж байсан охидыг жирэмсэн болгож, хаяж 2-3 хүүхэд, ууж идэж байгаа нөхдөө зодох, мөн хутгалах, хутгалуулах, мөн өөрөөсөө дүү залуучуудад их дээрэлхүү хандах, оршин суугаа газартаа нэр хүнд муутай гэх мэтийн олон гэмт хэргийн шинжтэй нөхцлүүд бүрдсэн байдаг. Иймд П.Ч миний “... шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ялын бодлого хөнгөгдсөн гэж үзэж байна. З.Бт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийн шинж чанар хүнд гэмтэл учруулсан байхад үйлдсэн хүний хувийн байдлыг болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээгүй ялын төрлийн хамгийн бага хэлбэр болох 1 сард 250.000 төгрөгөөр торгож байгаа нь хохирогч намайг тохуурхан доромжилж үйлдсэн үйлдэлтэй огт тохирохгүй гэж үзэж байна. Хохирогч миний бие нь маш их хүнд хохирол амсаж сэтгэл зүйн бие махбодийн хувьд хүнд хохиролд шаналан өвдөж, зовж байхад хөдөлмөрийн чадваргүй байхад харсаар байж хохирогч надад хохирлыг барагдуулна гэж удаа дараа худал хэлж хууран мэхэлж явснаар өнөөдрийг хүрч байгаад би маш их гомдолтой. Хэрэв би энэ гэмтлийн улмаас амь нас хохирвол З.Бтэй шууд холбоотой. Миний биед амь биед аюултай буюу гавлын суурь ясны хугарал хүнд хохирол учирсан эмнэлгийн хэллэгээр амь биед аюултай, учруулсан хохирол эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх чадвар илт суларсан. Энэ хоёр шалгуур шинж нь хоёулаа учирсан. Өөрөөр хэлбэл, амь насанд аюултай байдал бий болж бие организмын эд эрхтний онцлог маш ихээр муудсан, хэвийн байдал дээд зэргээр алдагдсан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж ял хөнгөдсөн байна гэж цаашид эрүүл мэндээр буюу хөдөлмөрийн чадвар муудаж байгаад иргэн би маш их гомдолтой байна. З.Бт хувь хүний үүднээс маш их боломж олгосон бөгөөд бүгдийг үл тоон харьцаж байгаад маш их гомдолтой байна.
Мөн шүүх хуралдаанд миний хохирлыг бүрэн барагдуулна гэж гуйж байсан. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хурлын дараа З.Бийн гарын үсгийг гаргуулж, нотариатаар баталгаажуулж хохирлыг 15 хоногийн дотор буюу 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр барагдуулна гэсэн. Иймд З.Б нь хууль хяналтын байгууллагыг үл тоож байгаа нь хийсэн хэрэгтээ үл ухаарсны нэг илрэл нь харагдаж байна. Энэ гэмтлийн улмаас надад маш их хохирол учирч байгаад гомдолтой байна. ХХХХ ...” гэв.
Шүүгдэгч З.Бийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс нийт 3.328.579 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэхүү төлбөрийг миний үйлчлүүлэгч мөрдөн байцаалт болон шүүх хурлын үеэр бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт гарган өгсөн хохирогчийн эмчилгээний зардлын гэх баримтуудын дийлэнх хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байдаг. Нотлох баримтын шаардлага хангаж байгаа баримтууд дээрх мөнгөн дүнг нэмж нэгтгэхэд 1.475.382 төгрөг болдог. Гэвч миний үйлчлүүлэгч З.Б нь хохирогчийн бие эрхтэн гэмтсэн байдал мөн өөрийн гэмт үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрч гэмшдэг тул шүүхээс тогтоосон хохирлыг үг дуугүй бүрэн төлж барагдуулсан болно. Ийм байхад хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй гэх нь бодит байдал болоод нотлох баримтад нийцээгүй болжээ. Мөн “... үерхэж байсан охидыг жирэмсэн болгосон ууж идэж байгаа нөхдөө зодох, мөн хутгалах ...” зэргээр бичсэн байх бөгөөд энэ хэрэгт огт хамааралгүй юм. Шүүгдэгч З.Бийн хувийн байдлыг тогтоосон мөрдөн шалгах ажиллагаагаар эдгээр нөхцөл байдал огт тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогүй, нөхцөл байдлыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгохгүй байх гэж найдаж байна.
Мөн “... хэргийн бодит байдалтай нийцээгүй ялын бодлого хөнгөдсөн ...” гэжээ. Шүүгдэгч З.Б нь өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү хэргийн зүйлчлэл зөв эсэх дээр цэвэр эрүүгийн эрх зүйн онолын маргааныг хийдэг. Мөн шүүгдэгч нь хохиргчид шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлсөн байдаг. Бас хохирогч нь ирээдүйд гарах зардал, сэтгэл санааны гомдол, өр зээл төлөх, олох ёстой байсан орлого зэргийг шүүгдэгчээс нэхэмжилдэг, эдгээр нэхэмжлэлийг шүүгдэгч З.Б бүгдийг нөхөн төлөхөө илэрхийлдэг. Шүүгдэгч нь хохирогчид цаашид хор уршгийг төлөх нь нэгэнт ойлгомжтой байгаа тул анхан шатны шүүхээс шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь хэргийн бодит байдал хийгээд хохирогчийн хувийн байдлыг харгалзаж, цаашид гарах үр дагаварт маш бодитой хууль зүйн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нь давхар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хор уршгаа цаашид төлүүлэх тал дээр маш оновчтой шийдвэр юм. Шүүгдэгч хорих ял эдэлвэл тэрээр ажилгүй болох бөгөөд чөлөөтэй зорчих эрх хязгаарлагдах тул хохирогчийн нэхэмжлээд буй хор уршгийг төлөх ямар ч боломжгүй болох юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 6-д зааснаар хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхийн журмаар ирээдүйд гарах зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг. Анхан шатны хурал болсны дараа хохирогч талаас ямар ч баримт бүрдүүлэлгүй миний үйлчлүүлэгчээс их хэмжээний мөнгө авахаар хэлцэл хийсэн байдаг. Шүүгдэгч нэгэнт шүүхийн өмнө цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг тул хэлцэлд гарын үсэг зурсан болно. Гэвч мөнгө төлөх хугацаа маш шахуу байсан тул хохирогчид мөнгийг нь төлж чадаагүй байдаг. Хохирогчийн давж заалдах гомдлын зарим хэсэг бодит байдлыг хэт гуйвуулсан шинжтэй байна. ...” гэв.
Прокурор Н.Пүрэвтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч З.Бийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүний биед хүнд гэмтэл учруулсан, гэм буруугийн талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрт 3.328.579 төгрөгийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралд хохирогч П.Ч гомдол саналгүй гэдгээ хэлж байсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул шүүхээс цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Иймд анхан шатны шүүх З.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь харгалзан үзээд түүнд хорих ял оногдуулахгүйгээр торгуулийн ял оногдуулсан нь шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
З.Бт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
З.Б нь 2018 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг Хабитатын гудамжинд иргэн П.Чтай маргалдан улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Чын “... би Бүрнээ ахын дүү дуугүй бай, хөгшин хүнтэй маргалдаад яах вэ гэж хэлтэл та дуугүй бай гээд миний нүүр лүү гараараа ёворсон. Тэгээд Оюунчимэг эгчтэй үргэлжлүүлээд муудалцаад байхаар нь “болио хөгшин хүн шүү дээ, чи дуугүй бай” гэж хэлтэл “та дуугүй бай” гээд З.Б миний цээж рүү гараараа түлхтэл би арагшаа унасан. ...” /1хх-17-28/,
гэрч Ц.Бгийн “... З.Б нь Оюун эгчтэй маргалдаж байтал П.Ч дундуур орохоор нь түлхтэл уначихлаа гээд түгшчихсэн зогсож байсан. ...” /1хх-34/,
гэрч Р.Оийн “... хажуунаас П.Ч “настай хүний өөдөөс яаж байгаа юм” гэтэл З.Б П.Чыг түлхтэл хойшоо саваад унасан. ...” /1хх-35/,
гэрч Б.Бын “... П.Чах ирээд З.Б жаахан дарлах маягтай, согтуурхсан байдалтай ахархаж яриад байсан. Гэтэл Бүрнээ “та зүгээр бай” гэж хэлээд гараараа цээж рүү нь түлхсэн чинь П.Чах хойшоо газар унасан. ...” /1хх-36/,
шинжээч эмч Б.Угийн “... П.Чын биед учирсан гэмтлүүд нь бүгд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь байрлал нь өөр өөр газар боловч нэг гэмтэл байгаа. Уг гэмтлүүд ямар цаг хугацаанд үүссэн болохыг тогтоох боломжгүй байгаа. ...” /1хх-65-70/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 6389 дугаартай “П.Чын биед зулай ясны шугаман хугарал, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн эдийн зөөлрөл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хийгдсэн толгойн КТГ-ийн шинжилгээгээр тогтоогдсон ба гэмтэл үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх зулай ясны шугаман хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /1хх-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2018 оны 12 дугаар 12-ны өдрийн 1346 дугаартай “... ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Угийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 6389 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /1хх-62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба З.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Хохирогч П.Ч нь “... энэ гэмтлийн улмаас надад маш их хохирол учирч байгаад гомдолтой байна. Мөн З.Бт оногдуулсан торгох ял хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх шүүгдэгч З.Бийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй ба хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь хохирогчид цаашид гарах эмчилгээний болон бусад зардал, хохирол төлбөрийг төлж барагдуулах нөхцөл боломжоор хангасан байна гэж үзлээ.
Түүнчлэн шүүхээс хохирогч П.Ч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байх ба хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд хохирогч П.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 399 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч П.Чын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН