Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Орчуулагч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Украйн улсын иргэн, Оросын Холбооны Улсын Москва хотын харъяат, 1955 оны 09 сарын 10-нд төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс орос, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1,  Оросын Холбооны Улсад тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай Титюшкин Александр Алексеевичид  холбогдох эрүүгийн 201601000141 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Титюшкин  Александр Алексеевич нь бичиг баримтгүйгээр 2016 оны 07 сарын дундуур Сэлэнгэ аймгийн нутаг дэсгэрт Монгол Улсын Хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 650 дугаар тэмдэгтийн баруун тал 350 метр газраар Оросын Холбооны Улс талаас Монгол Улсын тал руу  хилийн торон саадан доогуур гарах замаар хууль бусаар нэвтэрсэн. Улмаар давтан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутагт Монгол улсын хилийн 0108 дугаар ангийн хариуцсан Хилийн 814 дүгээр тэмдэгтийн чиглэлээр боомт бус газраар хилийн торон саадны доогуур шурган Монгол Улсын талаас БНХАУ-ын тал руу хууль бусаар хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.                         

ТОДОРХОЙЛОХ нь :

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Титюшкин Александр Алексеевич шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Миний хэргийн талаар яллах баримт дээр үнэн зөв бичигдсэн байна. Надад ямар нэг бичиг баримт байхгүй болохоор тэтгэвэр тэтгэмж гэх зүйл улсаас авах боломжгүй байдаг юм. Тэгээд улс орныхоо анхааралд өртөж бичиг баримттай болохын тулд энэ хэргийг үйлдсэн. Урьд нь мөн Орос Улсаас Хятад улс руу нэвтрэх гэж яваад  баригдан шалгагдаж байсан. Энэ удаад би Сэлэнгэ аймгаар Монгол Улс руу нэвтрээд энд ирж баригдсан. Хаана хүрч баригдана тэр хүртлээ явах байсан. Энэ хэргийг 2 удаа буюу давтан үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний явсан газруудыг гэрч нар зөв хэлсэн байна. Би улсын хил зөрчсөнөөс өөр ямар нэг хэрэг хийж, бусад хохирол учруулаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний ялыг хамгийн багаар тогтоож өгнө үү ” гэсэн мэдүүлэг

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хилийн зөрчлийг шалгасан тухай тогтоомж  /хх-ийн 5-14/

Шүүгдэгч Титюшкин  Александр Алексеевич Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах хилээр нэвтэрсэн талаарх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-33/

Шүүгдэгч Титюшкин  Александр Алексеевич Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор нэвтэрсэн талаарх мэдүүлгийг мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-41/

Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0108-р ангийн 2016 оны 07 сарын 25-ны өдөр гарсан хилийн зөрчлийн  талаар авагдсан зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-46/

Гэрч Ж.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн “ Манай 0101 дүгэр ангийн 0312 дугаар салбар нь хилийн 649 – 655 -4  дүгээр тэмдэгтийн хооронд 9,8 км газрыг хариуцаж хил хамгаалалт явуулдаг. Энэ оны 06 болон 07 дугаар сард манай хариуцсан хэсгээр ямар нэгэн хилийн зөрчил гарсан асуудал байхгүй. ОХУ-ын Титюшкины заасан хилийн  650 дугаар тэмдэгтийн баруун талаар 350 м орчимд хилийн шугам дээр Оросын талд төмөр гүүр байдаг. Уг гүүр нь Хиагт голын гүүр байгаа юм. Титюшкин Монгол Улсын хилийн торыг Хиагт голын хэсгээр гүүрэн доогуур шургаж гарсан гэж зааж байна. Тэр хавиар  6, 7 дугаар сард хилийн зөрчил гарсан ул мөр илэрээгүй. ОХУ-ын иргэн Титюшкины хил зөрчиж орж ирсэн гэх газраар Монгол Улсын хилийн манаа 24 цагийн  турш манаа явж хилээ хамгаалдаг газар байгаа юм. Ердийн хамгаалалтын үед 4 манаа шалгах манаатай нийлээд 5 хилийн манаа ээлжлэн хилээ хамгаалдаг. Тиймээс энэ орчмоор  хилийн зөрчил гардаггүй юм. Мөр хянах зурвас гэж байдаг энэ нь хилийн туслах торны наад талаар хилийн 649-655-4 дүгээр тэмдэгт хүртэл байдаг уг зурвас дээгүүр ямар нэгэн ул мөр илрээгүй. Сэжигтэн Титюшкины манай хилийг нэвтэрсэн гэх газар нь ул мөр үлдэх боломжгүй өвс өндөр ургасан Хиагт гол урсдаг тийм газар байдаг. Хил зөрчигч нь Хиагт голоор хилийн торон саадан доогуур шурган гарч голоо дагаад явсан гэж зааж байна. Тиймээс тэр газар нь хилийн зөрчлийн ул мөр үлдэх, боломжгүй гэсэн мэдүүлэг /хx-ийн 48-49/,

Гэрч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.. Миний ажиллаж байгаа Big дэлгүүр Дархан хотоос 12 км зайд байдаг. 2016 оны 07 сарын 19-ний орой 19 цаг өнгөрч байхад Орос нас нь ойролцоогоор 60 гаран настай саравчтай малгайтай хар хөх өнгийн бэлтгэлийн хувцастай хүн ирсэн. Манай дэлгүүрийн хажууд Амар гэх нэртэй ах тэр орос хүнийг дуудаад орос хэлээр ярилцаж байсан. Тэгээд Амар ах энэ хүн Дархан хотод явж байгаад дээрэмдүүлсэн байна. Би маргааш хот орно тэгэхдээ хүргээд өгье гэж хэллээ. Энд хонохоор боллоо гэж хэлсэн. Тэгээд тэр орос ах манай ах Бат-Очирын гэрт хоносон. Маргааш өглөө 11 цагийн үед Амар ах ирж авч явах байсан боловч ирээгүй. Тэгээд ахын эхнэр манай дэлгүүр дээр ирсэн портор машины жолоочоос та хаана хүрэх бэ энэ орос хүн Улаанбаатар хотод консулын газар очно гэж байна суулгаад Улаанбаатар хот хүргээд өгөөч гэж гуйхад тэр хүн зөвшөөрч манай гэрт хоносон орос хүнийг аваад явсан. Тэр орос хүн нэрээ Алексей гэж байсан. Хилээр хаагуур яаж орж ирснээ яриагүй. Сэлэнгээр автобусаар орж ирээд Дархан хот хүртэл явсан гэж ярьсан гэж байсан.  Алексейг машинд суулгаж явуулахдаа бид нар нэг хайрцаг тамхи өгч явуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/

Гэрч Г.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...07 дугаар сарын 20-ны өдөр орой бүрэнхий болж байхад их ядарсан 60 гаран насны цагаан сахалтай орос хүн манай дэлгүүр дээр ирсэн. Манай Big  гэдэг нэртэй дэлгүүр Дархан хотоос 12 км зайтай байдаг. Тухайн үед тэр орос хүн ирэх үед нь би дуудаж уулзаж ярвсан. Би өөрөө орос хэл муу манай найз Амараа байсан ба мөн орос хэлдээ сайн биш тиймээс дохио зангаагаар бид хоёр тэр хүнтэй ярилцсан. Тэгээд орос хүн өөрийгөө Александр гэж нэрээ хэлж байсан ба бичиг баримтаа алдсан гэж надад тайлбарласан. Тэгээд Улаанбаатарын консул орно гэж ярьж байсан. Амараа маргааш нь хот орохдоо авч явах байсан боловч яваагүй. Тэгээд тэр өдрөө Александрыг би гэртээ хонуулсан. Маргааш нь буюу 21-ний өдөр би дэлгүүр дээрээ байгаагүй. Манай эхнэр замын унаанд суулгаж өгөөд явуулсан гэж байсан. Тэр жолооч нь орос хэлтэй хүн байсан гэж байсан.“гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56/

Гэрч Р.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Энэ миний амьдарч байгаа газар нь Говьсүмбэр аймгийн Чойр сумаас ойролцоогоор 45 км зайтай. Манайд 7 сарын сүүлээр нэг орос хүн ирсэн.  Тэр хүн надаас идэх юм байна уу би Багахангайгаас алхаж явж байна. Надаа жоохон идэх юм өгөөч гэсэн. Тэгээд би өрөвдөөд гэртээ оруулж хоол унд хийж өгөөд маргааш нь зам дээрээс нэг замын унаанд суулгаж өгсөн. Би тийм ч сайн  оросоор ярьдаггүй... Хиагтаас хотод ирээд хотоосоо Багахангай хүртэл машинаар яваад тэгээд наашаа алхсан гэж байсан. Чойр  хотр уу явж байгаа Чойр суманд  очиж ажил хийнэ гэж байсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 59/

Гэрч П.Баасанцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай Таван эрдэнэ зоогийн газар Төв  аймгийн Баян сумын нутагт Улаанбаатар хотоос 150 км зайд оршдог. 2016 оны 07 дугаар сард наадмын дараа санагдаж байна өдөр 11 цагийн үед ядарсан байрын туранхай цагаан сахалтай өвгөн ганцаараа орж ирээд дэлгүүрээс 1 пиво авч зоогийн газарт орж хоол авч идээд хоолны мөнгөө өгөөд гараад явсан. Тэр хүн дэлгүүрт пивоны мөнгө өгөөгүй явсан гэж байсан. Би тэр хүнтэй 1, 2 үг сольж үзэхэд цэвэр орос хүн биш байх шиг санагдсан. Тэгээд тэр хүн хоол идээд гараад явсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62/

Гэрч Э.Чинбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 23 цагаас 00 цаг хүртэл анги дээр хилийн хяналтын телекамерын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Камераа хянаад байж байтал шөнийн 00 цаг 27 минутанд чөлөөт бүсийн хашааны урд тал 100 орчим метрийн зайд 1 хүн хилийн 814 дүгээр тэмдэгтийн чиглэлд явж байсан. Тиймээс 815-813 дугаар тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан хилийн манаатай холбогдож хил талыг хаалгаж хилийн 1 дүгээр заставын шуурхай ажиллагааны бүлгийг телекамераар чиглүүлж хил зөрчигчийг саатуулсан. Намайг телекамераар харж байхад хил зөрчигчийг хилийн хоёрдугаар торон саадыг даваад нэгдүгээр торон сааднаас дотогш буюу Монгол улс талдаа 100 метр газарт саатуулсан. Хил зөрчигч нь чөлөөт бүс дундуур гараад хил зөрчиж  саатуулагдсан. Камерын бичлэг хадгалагдаагүй байсан учир нь сүлжээнээс болж саатал гардаг тэр үед хэвийн ажиллагаанд оруулахын тулд камерыг унтрааж эргэж асаадаг юм тийм шалтгааны улмаас бичлэг хийгдээгүй байсан. Харин би анхны харсан болон цааш явж байх үеийн хил зөрчигчийг саатуулах үеийн зургийг дарсан байгаа. Ер нь бол техникийн гэмтэл саатлаас болж бичлэг хийгдээгүй. Камерт хилийн хоёрдугаар торон саад харагддаггүй юм. Тиймээс тэр хэсгийг харж чадаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/

Гэрч Ц.Энхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2016 оны 07 сарын 25-ны шөнө 00 цаг өнгөрч байх үед ангийн холбооны жижүүр хилийн зөрчил гарлаа гээд дуудсан ба би шуурхай ажиллагааны бүлэгт ажилласан. Шуурхай ажиллагааны бүлэг хил зөрчигч нь Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааны баруун талаар 150 метрийн орчим газраар даваад урагшаа буюу БНХАУ-ын зүг 814 дүгээр тэмдэгтийн чиглэлд явж байгаад хилийн 2 дугаар торон саадыг даваад нэгдүгээр торон сааднаас 20-30 орчимд байх үед нь саатуулсан. Хил зөрчигчийг саатуулах үед би сөрөг мөрдөлт хийсэн ба сөрөг мөрдөлт хийсэн ба сөрөг мөрдөлтөөр хилийн хоёрдугаар торон саадан доогуур гараад гутлаа тайлж хөл нүцгэн өсгийн дээрээ  явсан мөр байсан. Хил зөрчигч нь өөрөө ОХУ-ын иргэн Титюшкин Александр Алексеевич гэж байсан. Хилийн тухай хуулиар хилийн зурвас гэдэг нь хилийн шугамнаас 15 кк дотогш байдаг байна гэж заасан байдаг. Хилийн бүс нь  хилийн шугамнаас 100 км дотогш гэж заасан байдаг.  Тиймээс энэ хил зөрчиг нь Монгол Улсын хилийг зөрчсөн гэсэн үг юм. Тэр хүний зорилго бол тодорхой байсан. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч БНХАУ-ын нутагт орох тиймээс хил хамгаалалтын хоёрдугаар зааг буюу хоёрдугаар торон саадыг даваад нэгдүгээр торон саадыг давах  гээд 20-30 метр  орчимд баригдсан. Хилийн зурвас нь улсын хил мөн. Хилийн зурваст иргэд байгууллага Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл  авч үйл ажиллагаа  явуулж нэвтрэх эрхтэй. Тэгснээс ямар нэгэн бичиг баримтгүй иргэн зөвшөөрөлгүй хүн явах эрх байхгүй гэсэн” мэдүүлэг /хх-ийн 66/

Гэрч Т.Түвшинтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ... 2016 оны 07 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө буюу 07 дугаар сарын 25-ны шөнө 00 цаг өнгөрч байхад ангийн төв дээрээс манай застав руу чөлөөт бүсийн хашаа даваад  нэг явган хүн явж байна гэсэн мэдээлэл өгсөний дагуу манай заставаас тусгай  томилгоот бүлэг гарч  хил зөрчихөөр явж байгаа этгээдийн замыг тосож явсан.  Шөнө байсан болохоор хил рүү явж байгаа этгээд харагдахгүй байсан  тул ангийн жижүүрээс камер хянаж байгаа хүн биднийг  чиглэлийг зааж өгөөд бид хил зөрчигч дээр очиход уг хил зөрчигч нь газар хэвтсэн байсан.  Тиймээс саатуулаад ангиас шуурхай ажиллагааны бүлэг ирээд аваад явсан. Хил зөрчигч этгээд монголоор  үг хэлэхгүй гадаадын иргэн байсан. Сүүлд сонсоход ОХУ-ын иргэн байсанэ гэсэн. Хил зөрчигч Титюшкинийг хилийн 814 дүгээр тэмдэгтийн чиглэлд хилийн нэгдүгээр торноос 50 орчим метр дотор саатуулсан. Уг этгээд нь хилийн  2 дугаар торон саадыг даваад хилийн  1-р торон саадын давахаар 814 дүгээр  тэмдэгтийн чиглэлд Монгол улсын талаас  БНХАУ-ын тал  руу явж байсан. Нэгдүгээр торон саад буюу үндсэн торыг давсан бол хилийн шугам руу ороод БНХАУ-ын нутаг руу  алдах байсан. Хилийн зурвас нь улсын хилд орно. Хилийн зурвас улсын хилийн шугамаас  дотогш  15 км-т улсын хилийн бүс гэдэг нь улсын хилийн шугамаас 100 кт гэж зааж өгсөн байдаг. Тиймээс хилийн зурвас нь улсын хил тооцогдно” гэсэн мэдүүлэг /хх-ийн67/

Зураг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-54, 57-58, 60-61, 63-64/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 751 дугаартай дүгнэлт “1.Титюшкин  Александр Алексеевич нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Титюшкин  Александр Алексеевич нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, Өөрийн үйлдлийг хянах удирдах чадвартай байна.

3. Титюшкин  Александр Алексеевич нь хэргийн талаар мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Титюшкин  Александр Алексеевич нь хэрэг хариуцах чадвартай байна” /хх-ийн 72-73/

Шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-ийн 98/

Гадаад харилцааны яамны 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10/4580 дугаартай албан бичиг /хх-ийн 104/

Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны 127 дугаартай тоот бичиг, орчуулгын хамт /хх-ийн 105-106/

Оросын Холбооны Улсын элчин сайдын яамны 2016 оны 10 сарын 11-ний өдрийн “Титюшкин  Александр Алексеевич нь 1955 оны 09 сарын 10-нд төрж, 1988 оноос хойш  байнга Украйн Улсад оршин сууж байсан,  1991 оны 11 сараас 1993 оны 11 сар хүртэл Днепропетровск хотод засан хүмүүжүүлэх газар ял эдэлж байсан. Титюшкин А.А нь ОХУ-д бүртгэлгүй, бүртгэлээ хасагдаж байгаагүй, ОУХ-ын иргэний паспорт аваагүй, зохих жрмын дагуу оросын харьяат болох хүсэлт гаргаж байгаагүй болно. Титюшкин А.А нь 2010 онд улсын хилийг хууль бусаар  нэвтэрсэн хэргээн ОХУ-ын нутаг дэвсгэрт эрүүгийн хариуцлагад татагдаж байсан байна. Энэхүү хэргийг хянан шалгахад Украин Улсын иргэн  гэдэг нь тогтоогдож байсан” гэсэн 195 дугаартай тоот бичиг, орчуулгын хамт /хх-ийн 111-115/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Титюшкин  Александр Алексеевич нь 2016 оны 07 сарын дундуур бичиг баримтгүйгээр Сэлэнгэ аймгийн нутаг дэсгэрт Монгол Улсын Хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хэсэг болох хилийн 650 дугаар тэмдэгтийн баруун тал 350 метр газраар Оросын Холбооны Улс талаас Монгол Улсын  хилийн торон саадан доогуур гарах замаар хууль бусаар нэвтэрч Сэлэнгэ аймгаас Дархан Уул аймаг, Дархан Уул аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Говьсүмбэр аймаг, Дорноговь аймгийг дамжин улмаар давтан 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдар Замын-Үүд суманд ирж,  Монгол улсын хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хилийн 814 дүгээр тэмдэгтийн чиглэлээр боомт бус газраар хилийн торон саадны доогуур шурган Монгол Улсын талаас БНХАУ-ын тал руу хууль бусаар хил нэвтэрч байхдаа Хилийн 0108 дугаар ангийн албан хаагч нарт саатуулагдсан байна.

Шүүгдэгч нь хилийн боомтоос өөр газраар  Монгол Улсын хилээр 2 удаа нэвтэрсэн байна.

Шүүгдэгч Титюшкин Александр Алексеевичийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг агуулж байх тул түүнийг давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Титюшкин Александр Алексеевичийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хилийн зөрчлийг шалгасан тухай тогтоомж  /хх-ийн 5-14/, шүүгдэгчийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах хилээр нэвтэрсэн талаарх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-33/, мөн Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтоор нэвтэрсэн талаарх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-41/, Хилийн 0108-р ангийн 2016 оны 07 сарын 25-ны өдөр гарсан хилийн зөрчлийн  талаар авагдсан зурагтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-46/, гэрч Ж.Санчир, Э.Чинбат, Б.Мөнх-Очир, Г.Бат-Очир, Р.Гантөмөр, С.Баасанцэрэн, Ц.Энхтөр, Т.Түвшинтөгс, нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Титюшкин Александр Алексеевичийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрэх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, тэрээр сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чавдартай /хх-ийн 72-73 /, урьд ял шийтгэлгүй /хх-ийн 98/ болох нь хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Титюшкин Александр Алексеевич нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь 2016 оны 07 сарын 26-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл 143 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59,2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Түүнчлэн тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний гэх бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт холбогдуулан хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Титюшкин Александр Алексеевичийг давтан үйлдлээр хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар шүүгдэгч Титюшкин Александр Алексеевичийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Титюшкин  Александр Алексеевичид оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Титюшкин Александр Алексеевичийн цагдан хоригдсон 143 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5.Шүүгдэгч Титюшкин Александр Алексеевич нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний гэх бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт холбогдуулан хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй зэргийг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Титюшкин  Александр Алексеевичид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ    А.ЦЭРЭНХАНД