Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 110/ШШ2021/0048

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Ш.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн  Толбо сумын Засаг даргад холбогдох,

“Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоол, Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаартай захирамж, 2021 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамжийг тус тус хүчингүй болгож, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоох тухай”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагч Толбо сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, салбар зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нуржол,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

 Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” 19 дугаартай тогтоолоор Толбо сумын төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд  нэр дэвшүүлснээр томилогдож, 2014 оны 1 дүгээр сард төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн Б\653 дугаартай захирамжаар Толбо сумын Засаг даргын албан тушаалд томилогдсон. Ш.С би Толбо сумын Засаг даргын албан тушаалд 2016-2020 онд ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа дууссан учраас чөлөөлөгдсөн. Дараа нь Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны  даргын сул орон тооны тусгай шалгалтад орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 42 дугаартай тогтоолоор санхүүгийн албаны даргын албан тушаалд  нэр дэвшүүлснээр Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б\02 дугаартай захирамжаар уг албан тушаалд томилогдсон. Гэтэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшиж, томилогдсон Н.Е нь намайг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б\09 дугаартай захирамжаар миний хуулийн дагуу томилогдсон албан тушаалаас чөлөөлсөн. Ш.С би ажил олгогчийн хууль бус шийдвэрт гомдолтой байсан тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01\561 дугаартай албан бичгээр миний гомдолд уг маргааныг төрийн албаны зөвлөл шууд шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

Ш.С би төрийн албанд сүүлийн 10 жил тасралтгүй ажиллаж байгаа, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн мэргэшсэн албан хаагч ба төрийн байгууллагад ажилласан хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй Ажил олгогч намайг зөвхөн намын үзэл бодлын үүднээс ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь би 2016 онд МАН-аас нэр дэвшин 2016-2020 онд Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 12 дугаартай тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 01/298, 01/562 тоот албан бичгийг үндэслэл болгон шалгалтын комиссын бүртгэл, тайлангийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд холбогдох хэсэг, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцож, санхүүгийн албаны даргын албан тушаалын тусгай шалгалт дахин зарлахаар тогтоосон байна.

Түүнчлэн Толбо сумын Засаг даргаас 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А/20 дугаартай захирамж гаргаж, намайг тус албан тушаалд томилохоос татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай" Б\ 09 дугаартай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамж, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг тус тус  хүчингүй болгож, Ш.С намайг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан  тайлбарт:

Толбо сумын Засаг   даргын  2021 оны  01 дүгээр сарын  15-ны өдрийн  “Захирамжийг хүчингүй  болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б\09 дугаартай  захирамжид Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг  баримталж, хуулийг буруу хэрэглэсэн ба 29.3-т заасныг  баримтлах ёстой гэж үзэж байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь хэсгийг баримталсан нь тодорхой бус байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,  ашиг  сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.1, 23.2, 23.5-д заасныг тус тус баримталсан ба   төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч нь Ш.С нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг  Авлигатай тэмцэх газарт гаргаагүй гэсэн  үндэслэл  заасныг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Толбо  сумын Засаг даргын Тамгын газрын дарга  М.Хн гарын үсэгтэй  Авлигатай тэмцэх газарт  2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  Ш.Сын  нийтийн  албанд  томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, төрийн албан хаагчийн анкет, албан тушаалын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, диплом зэрэг бичиг баримтуудыг  хүргүүлсэн гэсэн байгаа. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 05/30 дугаартай албан бичгээр Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргад  уг албан бичгийн хариу ирсэн байдлаар няцаагдаж  байна.  Авлигатай тэмцэх газрын  2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн  05/30 дугаартай албан бичигт  Авлигын эсрэг хуулийн 9.2, 18.4.6 дахь заалтыг дурдаж, Ш.Сын урьдчилсан мэдүүлгийг хянах боломжгүй гэсэн хариу ирсэн.  Авлигын эсрэг тухай хуулийн 9.2-т  “Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг  холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.” 18.4.6-д “Авлигатай холбогдолтой өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах” гэж заасан байна. Энэхүү албан бичгийн утга агуулгаас харахад  нийтийн албанд нэр дэвшигч Ш.Сыг  маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзсан шинжийг агуулахгүй  байна. Ш.С  нь хэн гэдэг иргэний гомдлоор, хэнд  хэзээ авлига өгсөн, ямар хэрэг зөрчилд хэн гэдэг албан тушаалтан шалгаж байгаа тухай 05/30 дугаар албан бичигт огт  дурдаагүй учир  уг албан  бичгийг эргэлзээтэй  нотлох баримт гэж үзэж байна. Ш.С нь төрийн албанд  2011 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа ба тэрээр  Толбо сумын Засаг даргын албан тушаалд ажиллахаар 2016 оны  11 дүгээр сард нэр дэвших үед  Авлигатай тэмцэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 03/831 дугаартай албан бичгээр  Ш.Сад  ашиг сонирхлын зөрчил үүсэх  нөхцөл байдал  одоогоор тогтоогдоогүй болно гэсэн  хариу ирж байсан байдлыг шүүх анхаарч үзэхийг  хүсэж байна. Иймээс  хариуцагчийн Авлигатай тэмцэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн  05/30 дугаартай албан бичиг нь эргэлзээтэй учраас шүүхийн  шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Хариуцагчаас  төрийн жинхэнэ албан хаагч  Ш.Сыг төрийн албанд томилохоос татгалзсан эс үйлдэхүй нь дараах байдлаар няцаагдаж  байна. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд төрийн албанд ажиллуулахыг  хориглох зүйлийг зохицуулсан. Мөн хуулийн 31.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах тохиолдолд авч ажиллуулахыг хориглоно.”,  31.1.1-д “Энэ хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан  шаардлагыг хангаагүй.”, 22 дугаар зүйлийн  22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно:”, 22.1.1-д “Монгол Улсын иргэн байх;“, 22.1.2-т “дээд боловсролтой байх;”, 22.1.3-т “Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;” 22.1.4-т “монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх; “, 22.1.5-д “сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;”, 22.1.6-д “хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх” гэж заасан ба  Ш.С  нь төрийн албанд ажиллах ерөнхий шаардлагыг хангасан гэж үзэж байна.  23 дугаар  зүйлд төрийн албанд тавигдах тусгай  шаардлагыг заасан байгаа.  23.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална.”,   23.4-т “Төрийн захиргааны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т  заасан журамд нийцүүлэн боловсруулах, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална.” гэж заасан байна. Ингэхээр маргаан бүхий албан тушаал буюу санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор баталсан байна. 42 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан сумын санхүүгийн албаны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагуудыг  нэхэмжлэгч Ш.С  бүрэн  хангасан байгаа. Түүнчлэн Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар батлагдсан “Төсвийн ерөнхий нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.3-т “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан,  эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй байх” шаардлагыг  Ш.С хангаж  байна.

    Төрийн албаны тухай хуулийн  31.1.2-т “Төрийн албанаас сахилгын шийтгэлээр болон хууль тогтоомжид заасан үндэслэл, журмаар халагдсанаас хойш төрийн албанд эргэж орох хуульд заасан хугацаа дуусгавар болоогүй, тодорхой хугацаагаар төрийн жинхэнэ алба хаах эрх хасагдсан иргэний уг хугацаа дуусаагүй”, 31.1.3-т “Хууль тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө  шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан хаагчтай хамаарал бүхий этгээд нь тухайн ажлын албаны нэгжид хамт ажиллахаар бол”, 31.1.4-т “хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд” гэдэг нь Ш.Сад хамааралгүй асуудал учраас дэлгэрэнгүй  тайлбар гаргах  шаардлагагүй гэж үзэж байна.

Хуулийн 31.4-т “Төрийн тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг үндэс, угсаа, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, нам олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар ялгаварлаж үл болно.” гэж заасан.  Гэтэл  хариуцагч Толбо сумын  Засаг дарга Н.Е нь Ш.С нь сумын Монгол Ардын намын хорооны даргын хувьд өөрөөр хэлбэл  улс төрийн алба хашиж байсны хувьд түүнийг үзэл бодол, намын харьяаллаар ялгаварлан гадуурхаж  ажлаас  хууль бусаар халсан гэж үзэж  байна. Захиргааны ерөнхий хуулийн  13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг  ойлгоно.” гэж заасан, 15 дугаар зүйлд зааснаар оролцогч нь 15.1.1-15.1.8-д заасан эрхийг эдэлнэ. 26 дугаар зүйлийн 26.1-д  “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал  гаргах боломж олгоно.” гэж,  27 дугаар зүйлээр  сонсох  ажиллагаа явуулах тухай зохицуулсан байна.  Гэтэл  хариуцагч Ш.Сыг  ажлаас чөлөөлөх үед  Захиргааны ерөнхий хуулийн  15 дугаар зүйлийн   15.1.1-15.1.8-д заасан эрхийг эдлэх боломжоор хангаагүй, 26 дугаар зүйлийн  26.1-д заасан захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй,  27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4 дэх хэсэгт заасан сонсох ажиллагаа явуулаагүй  байгааг маргаан бүхий актуудыг  Захиргааны ерөнхий хуульд  зааснаар гаргаагүй гэж   үзэж хүчингүйд тооцох ёстой.

Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон  шалгаруулах томилох журмыг зохицуулсан. 33 дугаар зүйлээр төрийн албаны шалгалтын  асуудлыг  зохицуулсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/1820 дугаартай  Ш.Сад хаягласан  албан тоотод “Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдон ажиллахаар болсон... бол төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэсэн агуулга бүхий  хуулийн 23.4 дэх заалтыг нэмсэн байна.  Дээрх хуулийн заалтыг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 тоот захирамжаар та тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байх тул тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн таныг мөн хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор заасан байна. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай \шинэчлэн найруулсан\ хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.” гэж  заасан байна. Ш.С нэг ч өдөр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй. Тангараг өргөсөн хүн байгаа. Тухайн үед үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу Ш.С нөөцөд байгаа. Төрийн албаны зөвлөлийн албан  бичигт дурдсан нөхцөл байдлыг үндэслэн  Төрийн албаны зөвлөлөөс  Баян-Өлгий аймгийн  Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын сул орон тоонд сонгон шалгаруулалтыг улс даяар  зарласан. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь  Ш.С нь төрийн  жинхэнэ албаны нөөцөд байхаар заасан тухайн үед үйлчилж  байсан Төрийн албаны тухай хуулийн дагуу  маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах буюу тусгай шалгалт авах ажлын хэсэг байгуулж, Ш.Сыг уг албанд тушаалд нэр дэвшигчээр  бүртгэж, тусгай шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод, шударга зарчимд үндэслэн авч, тусгай шалгалтын дүнг зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн. Ш.Сыг Баян-Өлгий аймгийн  Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тухай  42 дугаар тогтоол гаргаж,  томилох эрх бүхий этгээдэд албан бичгээр  уламжилсан  нь захиргааны  хэрэгт авагдсан  аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн олон хуудас бүхий бичгийн нотлох баримтуудаар нотлогдож  байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар нь 5 сарын дараа өөрөө  явуулсан тусгай шалгалтыг  өөрөө үгүйсгэн Ш.Сыг нэр дэвшүүлсэн тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн шахалт гэсэн шалтгаар хүчингүй болгож  байгаа явдалд гомдолтой  байна. Тэр тусмаа  Ш.Саас маргаан бүхий албан тушаалын тухай шүүхэд нэхэмжлэл гарган  шүүх захиргааны хэрэг үүсгэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоолыг хүчингүй болгосонд гомдолтой байна.  Төрийн албаны салбар зөвлөл нь ийнхүү Ш.Сын төрийн албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилсан  шийдвэр гаргаж байгаа явдалд   гомдолтой байна.   

Ш.С нь  төрийн албанд  2011 оноос хойш тасралтгүй ажиллаж буй төрийн албан хаагчийн тангараг өргөсөн жинхэнэ албан хаагч бөгөөд  2016 оны 11 дүгээр сард төрийн захиргааны албанаас төрийн улс төрийн албанд шилжин томилогдсоноор тухайн үед мөрдөгдөж байсан  Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн холбогдох хэсэгт  зааснаар төрийн жинхэнэ албаны нөөцөд байсан гэж үзэж байна. Эрх зүйн онолд төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй байхад түүний  эрх зүйн байдлыг  дордуулсан хуулийг Төрийн албаны зөвлөл  хэрэглэх ёсгүй гэсэн зарчимтай. Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөн батлагдсан  асуудалд төрийн албаны нөөцөд байсан, төрийн албан хаагч  Ш.Сыг буруутгаж болохгүй  гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд  төрийн албанд эрх тэгш байдал, шударга ёсны, төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх зарчмуудыг тусгасан юм. Иймд хариуцагч  төрийн жинхэнэ албан хаагч Ш.Сыг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Төрийн албанд хууль дээдлэх зарчмыг баримтлах ёстой. Монгол Улсын Дээд шүүхийн  2016 оны “Төрийн  албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаартай тогтоол хүчинтэй байгаа. Уг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэрт  төрийн жинхэнэ албанд нэр дэвшигч болон төрийн жинхэнэ албан  хаагчийн албан тушаалд сонгон шалгаруулж, нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх, халах, албан тушаал бууруулах, дэвшүүлэх, үр дүнгийн гэрээ байгуулах, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, зэрэг дэв олгох, сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зэрэг хүний нөөцөд холбогдох асуудлаар гаргасан эрх зүйн актууд хамаарна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ш.С нь төрийн албанд 10 доошгүй жил тасралтгүй ажиллаж байгаа  төрийн албан хаагчийн тангараг өргөсөн төрийн мэргэшсэн албан хаагч бөгөөд тэрээр  төрийн  улс төрийн албанд  шилжин ажиллах нь болсноор цаашид  төрийн албанд  огт ажиллаж болохгүй буюу  төрийн алба хаах эрхийг хасах  үндэслэл болохгүй. 

Ш.С нь  2019 оны 01  дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй  Төрийн албаны тухай хууль батлагдсанаас хойш төрийн албанд анх ажиллахаар ороогүй, өмнө үед үйлчилж  байсан Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албанд анх орох иргэний нөөцөд  байсан. Ш.Сыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь  салбар зөвлөлийн 2011 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн “Нөөцөөс нэр дэвшүүлэх тухай” 19 дугаартай тогтоолоор төрийн сангийн төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлсэн. Энэ тогтоол өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр  байна. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал,  үндэсний эв нэгдлийг хангах, хууль  дээдлэх зарчмаас гадна дараах зарчмыг баримтална.”, 7.1.2-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах”, 7.1.6-д заасан  “ил тод байх” зарчимтай нийцэж  байна.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Толбо сумын Засаг даргаас шүүхэд гаргасан тайлбарт:

Ш.С нь 2016 онд Толбо сумын Засаг даргаар томилогдон ажилласнаар 2017 оны Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн нөөцөөс хасагдсан байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Санжрагчаагийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06/1820 дугаар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 01/298 дугаар албан бичгээр тус тус нотлогдоно. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл нь хуулийг ноцтой зөрчиж, төрийн албаны нөөцөд байхгүй хүнийг 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 42 дугаар тогтоол гаргаж, Ш.Сыг тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд  томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Тухайн үед сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Еркинбек нь уг зөрчлийг мэдсээр байж 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар Ш.Сыг уг албан тушаалд хууль бусаар томилсон байсан.

Миний бие Толбо сумын Засаг даргын албан тушаалд томилогдсоны дараа энэхүү зөрчлийг анзаарч тус сумын Засаг даргын орлогчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн Б/09 тоот захирамжаар Ш.Сыг ажлаас чөлөөлж, энэхүү захирамж гарсантай холбогдуулан ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулах, нэр дэвшсэн албан тушаалд тавигдах шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоох ажиллагаа явагдсан. Ш.С нь төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа тул Ш.Сыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзсан тухай хариуг салбар зөвлөлд хүргүүлсэн болно Мөн Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 11/298 тоот албан бичгээр тус аймаг дахь салбар зөвлөлийн дарга А.Тилегенд хууль хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл ирсэн боловч салбар зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн 42 дугаар тогтоолыг хүчингүй болгоогүй байх тул Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан.Тухайн тогтоолыг салбар зөвлөлөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан, төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч тэнцсэн нөөцөд бүртгэлтэй иргэн төрийн албан хаагч болох аль эсвэл төрийн албаны тусгай шалгалтад орох эрхтэй юм. Харин нэхэмжлэгч Сабит нь төрийн жинхэнэ албанд орох нөөцөд бүртгэлгүй, салбар зөвлөлийн 42 тогтоол  хүчингүй болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2017 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хүчин төгөлдөр болсон. Төрийн албаны тухай хуулиар улс төрийн алба хашиж байсан этгээдийг  төрийн албаны жинхэнэ албан хаагчийн нөөцөд тооцохгүй болсон. Нэхэмжлэгч талаас  тайлбарлахдаа 2016 онд улс төрийн албанд томилогдоод 2020 онд чөлөөлөгдсөн болохоор 2002 оны Төрийн албаны тухай хуулийг баримтална гэж байна. Гэхдээ 2017 онд шинээр хууль батлагдаад, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн хүчин төгөлдөр болсноос хойш 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болсон. Тухайн хуулийг дагаж гарсан хууль, дагаж мөрдөх журам, бусад зөвлөмжүүд нь хүчингүй болсон учраас Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй. Төрийн албаны  тухай хууль өөрөө нэг талаас сонгон шалгаруулалт явуулах, түр орлон гүйцэтгэх харилцаануудыг зохицуулсан байдаг. Ийм учраас  процессын шинжтэй хууль. Процессын шинжтэй хуулийг буцаан хэрэглэхгүй. 

Ш.Сыг төрийн албаны нөөцөд байхгүй гэж үзэж байгаа, улс төрийн алба хашиж байсан учраас нөөцөөс хасагдсан. Төрийн албаны  тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон”,46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, 46.1.3-т “цэргийн жинхэнэ алба хаах болсон”, 46.1.4-т “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан”, 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: 46.2.1-д “Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвших болсон”, 46.2.2-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.2.3-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 46.2.4-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл” гэж заасан. Нэхэмжлэгч маань өөрөө 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар улс төрийн алба  хашиж байгаад, 2020 онд ажлаа хүлээлгэж өгсөн.

Мөн Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар  сарын 01-ны өдрийн  “Томилохоос татгалзах тухай” А/20 дугаартай  захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Үүнд Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Учир нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Толбо  сумын Засаг даргаас хариу тайлбар ирүүлэхдээ хавсралтаар  2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэрийг хавсаргаж ирүүлсэн байгаа. Өнөөдөр 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгаа. Харин нэхэмжлэгч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлэх үед тухайн захирамжийг хавсаргасан байхад нэхэмжлэгч 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Ш.С нь төрийн албаны нөөцөд бүртгэлгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш учраас нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Мөн Авлигатай тэмцэх газраас Ш.Сыг тухайн албан тушаалыг хашихад харшлахгүй зүйлгүй гэдгийг зөвшөөрсөн, ашиг сонирхлын зөрчлийг хянасан тухай шийдвэр ирэх ёстой байсан. Харин Ш.С Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Ш.С нь нийтийн албаны эсрэг эсвэл авлигын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байж  болзошгүй гэсэн үндэслэлээр хянаагүй байгаа. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд гаргасан тайлбарт: 

                  Тус аймгийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан К.Турсынхан нь мэргэжлийн диплом хуурамчаар ашигласан нь тогтоогдож үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. Уг асуудал нь шүүхийн байгууллагад маргаан үүсгэгдэж явсаар хэрэг эцэслэн шийдэгдсэн тул 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичгээр сул орон тооны захиалга өгч, тусгай шалгалт зарлаж өгөх тухай хүсэлт ирүүлсэн юм. Улмаар сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн боловч тусгай шалгалтад хүн бүртгүүлээгүй тул нөхөгдөөгүй. Дээрх сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118 тоот албан бичгээр дахин зарлуулахаар хүргүүлж, тусгай шалгалтын бүртгэлийг цахим хэлбэрээр 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09:00-17:00 цагийн хооронд авсан.

Санхүүгийн албаны даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2-т заасан шаардлагын дагуу иргэн материал ирүүлээгүй ба 27.1.3-т “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” гэж заасны дагуу бүртгүүлэхээр тухайн үед сумын Засаг даргаар ажиллаж байсан Ш.С, иргэн Б.Күнсауле гэсэн 2 хүн материал ирүүлсэн, иргэн Б.Күнсаулед ажилласан жил байхгүй тул бүртгэлээс хасагдаж, Төрийн албаны тухай тухай 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасны дагуу Ш.Сыг нөөцөөс бүртгэж, тусгай шалгалтад оруулсан болно. Санхүүгийн албаны даргын албан тушаалын тусгай шалгалтын талаар тус сумын иргэн К.Айгерим Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байна. Уг асуудлыг Төрийн албаны зөвлөлөөс шалгах явцад Ш.Сын бүртгүүлэхээр ирүүлсэн холбогдох материалуудыг татан авч шалгасан. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/298 тоот албан бичгээр Ш.Сыг нөөцөд байгаад тооцохгүй бөгөөд санхүүгийн албаны даргын албан тушаалын шалгалтыг дахин зохион байгуулах тухай албан бичиг ирүүлсэн. Толбо сумын Засаг дарга нь санхүүгийн албаны даргын албан тушаалаас Ш.Сыг чөлөөлсөнтэй холбогдуулан энэ тухай Төрийн албаны зөвлөлд хандахад дээрх шийдвэрийг дурдаж, нөөцөд байхгүй байна гэсэн хариу өгч, тус салбар зөвлөлд дахин хандсан байна. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06/1820 тоот албан бичгээр Ш.Сад 2016 онд төрийн жинхэнэ албан тушаалаас чөлөөлөгдөхдөө тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т зааснаар чөлөөлөгдсөн ба мөн хуулийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцохоор заасан байна гэж хариу өгсөн байсан. 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тайлбарласан нь Ш.С нь Засаг даргаар ажиллаж байх хугацаанд нөөцөд байгаа ба тухайн үед Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхад тусгай шалгалтад бүртгүүлсэн тул уг бичгийг үндэслэл болгож тусгай шалгалтын комиссоос тухайн үед Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан тул нөөцөд байхаар тооцогдоно гэж үзсэн болно.

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар 13-ны өдрийн 06/1820 тоот албан бичигт дурдсанаар хэрэв Хэрэв Ш.С нь улс төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тусгай шалгалтад бүртгүүлэхээр бол нөөцөд байгаа гэж тооцохгүй. Уг асуудлыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцээд тус зөвлөл нь дээд газрын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх тухай” 01/298 тоот, 2021 оны 02 дугаар сарын 26-ны 01/562 тоот албан бичгүүдээр өгсөн чиглэлийн дагуу Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн тухай тогтоолыг хүчингүй болгон, тухайн албан тушаалын шалгалтыг дахин зохион байгуулах шийдвэр гаргасан болно. Энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу Толбо сумын иргэн Ш.Сад сонсох ажиллагааг албан бичгээр хүргүүлж, хариу тайлбарыг бичгээр авсан. Үл зөвшөөрсөн хариу тайлбар ирүүлсэн бөгөөд уг асуудлаар шүүхэд хандсан талаар дурдсан байсан.

Иймд маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн тус аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 12 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц бүрдүүлэх журам”-ын 2.2-т “Нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байх бөгөөд энэ нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна”, 2.2.2-т “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон зэрэг мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” гэж, мөн журмын 4.2-т  “Энэхүү журмын 2.1.4-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний болон 2.2.1, 2.2.2. 2.2.3, 2.2.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй” гэж тус тус заасан байна. Төрийн албаны зөвлөлийн албан бичигт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэхгүй гэж тайлбарласан нь Ш.С нь Засаг даргаар ажиллаж байх хугацаанд нөөцөд байгаа ба тухайн үед Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөөгүй байхад тусгай шалгалтад бүртгүүлсэн тул уг бичгийг үндэслэл болгож, тусгай шалгалтын комиссоос тухайн үед Засаг даргын албан тушаалд ажиллаж байсан тул нөөцөд байхаар тооцогдоно гэж үзсэн болно. Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 06/1820 тоот албан бичигт дурдсанаар хэрэв Ш.С нь улс төрийн албан тушаалаас чөлөөлөгдсөний дараа тусгай шалгалтад бүртгүүлэхээр бол нөөцөд байгаа гэж тооцохгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч Ш.С нь тус албан тушаалаас аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/42 дугаар захирамжаар чөлөөлөгдсөн байх ба түүнийг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолоор Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр  сумын Засаг даргын орлогчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар захирамжаар тус албан тушаалд томилжээ.

            Дараагийн томилогдсон Толбо сумын Засаг даргаас 2021 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн байна.

            Улмаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай захирамжаар төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон тусгай шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Сыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчээс шүүхэд анх Толбо сумын Засаг даргын 2021 оны Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн 42 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор уг 12 дугаар тогтоол болон Толбо сумын Засаг даргын 2021 оны А/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Шүүхээс энэхүү маргаанд дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Санхүүгийн алба байгуулах тухай” 326 дугаартай тогтоолоор сумын Засаг даргын Тамгын газарт сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээ хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан санхүүгийн албыг байгуулснаар сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалыг бий болгосон.  Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална.” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт ёсоор сумын төсвийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь төрийн захиргааны албаны гүйцэтгэх төрлийн, дэс түшмэлийн ангиллын, ТЗ-5 зэрэглэлийн  албан тушаалд хамаардаг байна.

Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх төрлийн албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эхний ээлжид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхөх бөгөөд 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр 27.1.3-т зохицуулагджээ.

Дээрх байдлаар сул орон тоог нөхөхдөө хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авах бөгөөд 33.2-т “Төрийн жинхэнэ албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:”, 33.2.1-д “ерөнхий шалгалт;” 33.2.2-т “тусгай шалгалт /тухайн албан тушаалын/.”, 33.3-т “Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэнээс, тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг мөн хуулийн 27.1.1, 27.1.2-т заасан төрийн албан хаагчаас болон мөн хуулийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна.” гэж заасан.

Төрийн албаны зөвлөл, түүний Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.11-д зааснаар Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт /тухайн албан тушаалын/-ыг зохион байгуулахаар 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  сул орон тоог нийтэд зарлахад Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т зааснаар нөхөгдөөгүй байх ба  нөөцөд байгаа иргэдээс нөхөхөөр 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нийтэд дахин зарлажээ.

Уг зарын дагуу нэхэмжлэгч Ш.С, иргэн Б.Күнсауле нар тусгай шалгалтад бүртгүүлэхээр материал ирүүлсэн,  шалгалтыг зохион байгуулах комиссоос Б.Күнсаулег албан тушаалын тодорхойлолтод заасан туршлагын шаардлагыг хангаагүй гэж бүртгэхээс татгалзсан, нэхэмжлэгчийг нөөцөд байгаа гэж үзэж бүртгэсэн, тусгай шалгалтад нэг хүн буюу нэхэмжлэгч орж тэнцсэнээр  түүнийг салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолоор маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн зэрэг үйл баримтууд хэргийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн Толбо сумын Засаг даргын дээрх 2021 оны Б/09 дугаартай захирамжид холбогдуулан  нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдолд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/561 дугаартай албан бичгээр ...төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх боломжгүй болсон байхад  Толбо сумын санхүүгийн албаны даргын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж, тухайн албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хууль болон “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг зөрчсөн гэж үзэж, маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгч, мөн өдрийн 01/562 дугаартай албан бичгээр Ш.Сыг төрийн  албан хаагчийн нөөцөд байгаад тооцохгүй гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг салбар зөвлөлд үүрэг болгосон байна.

Мөн тусгай шалгалтын талаар иргэн К.Айгеримээс тухайн үед  гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/298 дугаар албан бичгээр  Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар салбар зөвлөлд мөн мэдэгдсэн байх ба салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/298, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/592 дугаар албан бичгийг үндэслэл болгон шалгалтын комиссын нэхэмжлэгчийг бүртгэсэн бүртгэл, төрийн албаны тусгай шалгалт явуулсан тухай тайлангийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд холбогдох хэсэг, салбар зөвлөлийн 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж, энэ талаар 12 дугаартай тогтоолыг гаргасан байна.

Нэхэмжлэгчээс салбар зөвлөлийн уг 12 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн маргаанд дараах хууль зүйн дүгнэлт хийлээ. Үүнд нэхэмжлэгч Ш.С нь Толбо сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаартай тушаалаар төрийн сангийн төлөөлөгчийн буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Баян-Өлгий аймгийн Засаг  даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/653 дугаар захирамжаар тус сумын Засаг даргаар томилогдон ажиллах болсноор улс төрийн албан тушаалд сонгогдсон үндэслэлээр төрийн захиргааны уг албан тушаалаас чөлөөлөгджээ.

 Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 23 дугаар зүйлийн 23.4-т ”Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон...бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.”, 23.5-д “...мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно.” гэж заасан.

 

Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2009 оны 99 дугаартай тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын Хоёрт нөөцийн сан нь төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөц, төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц гэсэн дэд бүтэцтэй байхаар, Хоёрын 2.2-т ...төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц нь  ...дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна:”, 2.2.2-т  “Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, ...үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц” гэж, Дөрөвийн  4.2-т “Энэхүү журмын ...2.2.2-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийн бүртгэл  хүчин төгөлдөр байх хугацааг төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хязгаарлахгүй.” гэж тус тус заажээ.

Хууль, журмын дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ш.С нь дээрх байдлаар төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Толбо сумын Засаг даргаар томилогдсон үеэс эхлэн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаад тооцогдох бөгөөд нөөцийн бүртгэл нь төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох хүртэл хүчин төгөлдөр байх ёстой боловч 2002 оны Төрийн албаны тухай хуулийн үйлчлэл нь 2017 онд баталсан Төрийн албаны тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ дагаж мөрдсөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсноор түүний нөөцөд байх хугацаа нь мөн үеэс дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн /2017 он/ 46 дугаар зүйлийн 46.6-д “Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно.” гэж, харин 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө:”, 46.1.1-д хуульд өөрөөр заагаагүй бол биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон:”,46.1.2-т зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон;”, 46.1.3-т “цэргийн жинхэнэ алба хаах болсон;”, 46.1.4-т “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.” гэж заасан. Өөрөөр хэлбэл  хуулийн  46.1-д заасан үндэслэлд улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдөх болсон тохиолдол хамаарахгүй байх ба  энэ үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагч нь нөөцөд байхаар хуульд заагаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.12-т ...төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журмыг Засгийн газартай зөвшилцөн төрийн албаны төв байгууллага  батална гэж зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17  дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”-ын Хоёрын 2.1-д заасан нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албаны нөөцийг хамааруулаагүй байна.

Дээрх байдлаар өмнөх хуульд заасан  улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг  нөөцөд тооцдог байсан зохицуулалт нь 2017 оны Төрийн албаны тухай хуулиар хуульчлагдаагүй, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс үйлчлэх журамд нөөцийн сангийн бүрэлдэхүүн хэсэгт  улс төрийн албанд ажиллах болсноор төрийн жинхэнэ албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц байхаар зохицуулаагүй, мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор өмнөх нөөц бүрдүүлэх журмыг баталсан 2009 оны 99 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон. 2017 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж эхэлсэн тул  нэхэмжлэгчийг өмнөх хуулийн зохицуулалтын дагуу  улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд хэвээр байгаа гэж үзэхгүй тул 2002 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц байсан иргэд нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төрийн жинхэнэ албанд ажиллахаар нөөцөөс өрсөлдөх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа гэж үзэж, маргаан бүхий орон тоог нөхөх тусгай шалгалтад оруулахаар бүртгэсэн нь , шалгалтад оруулсан нь, улмаар уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 2020 оны 42 дугаар тогтоол Төрийн албаны тухай хууль, холбогдох журам нийцээгүй байх ба Ш.С нь  төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх боломжгүй болсон байхад тусгай шалгалтад оруулахаар бүртгэсэн, уг албан тушаалд томилуулахаар салбар зөвлөлөөс бүртгэснийг Төрийн албаны зөвлөлөөс хууль зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.”, 30.2-т ”Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.” гэж заасан ба салбар зөвлөлөөс хуулийн 30.2-т заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01/562, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/298 дугаартай Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг салбар зөвлөлд үүрэг болгосон агуулга бүхий албан бичгүүдийг үндэслэн  шалгалтын комиссын нэхэмжлэгчийг бүртгэсэн бүртгэл, төрийн албаны тусгай шалгалт явуулсан тухай тайлангийн Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд холбогдох хэсэг, нэхэмжлэгч Ш.Сыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн  2021 оны 12 дугаартай тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Хоёрдугаарт

Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Тухайн үед салбар зөвлөлийн дээрх 42 дугаартай тогтоол хүчин төгөлдөр байсан бөгөөд Толбо сумын Засаг даргаас нэхэмжлэгчийг ажилд томилсон Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажлаас нь чөлөөлсөн Б/09 дугаартай захирамжийг гаргахдаа ...санхүүгийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Сын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй байхад томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын  зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1-д “энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахаар заасан ба 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;” гэж тус тус заасан.

Хуулийн уг зохицуулалтын дагуу төрийн захиргааны гүйцэтгэх төрлийн албан тушаалд хамаардаг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд томилогдохоор салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар тогтоолоор нэр дэвшсэн нэхэмжлэгч Ш.С нь тухайн үедээ хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргасан нь, 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасны дагуу томилох эрх бүхий этгээдээс 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3/177 дугаартай албан бичгээр Ш.Сын гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хүргүүлсэн  нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Энэ тохиолдолд Авлигатай тэмцэх газар нь уг мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэхээр,  хэрэв тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь тогтоогдсон бол энэ нөхцөл байдлын талаар мэдэгдэлд тодорхой дурдахаар хуулийн 23.6, 23.7-д  тус тус заажээ.

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн Ш.Сад холбогдуулан гаргасан иргэдийн гомдлын дагуу Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр сарын 9.2, 18 дугаар зүйлийн 18.4.6-д заасан үндэслэлээр шалгаж байгаа тул түүний  хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг одоогоор хянан үзэх боломжгүй гэх хариуг томилох эрх бүхий этгээдэд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05/30 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг маргаан бүхий ажилд томилсон 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр түүний урьдчилж  гаргасан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас хянаагүй, нэхэмжлэгч санхүүгийн албан дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэж болох нь  нөхцөл байгаа эсэхийг эрх бүхий этгээдээс тогтоогоогүй байна.

Хуулийн 23.9-д зааснаар 23.7-д заасан тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд мөн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэгжүүлж ажиллах талаар баталгаа гаргах бөгөөд түүнийг тухайн албан тушаалд томилох эсэхийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилж шийдвэрлэсэн Толбо сумын Засаг даргын орлогчийн Б/02 дугаар захирамж нь хуульд нийцээгүй байна. Иймд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож,  ажлаас нь  чөлөөлсөн Толбо сумын Засаг даргын Б/09 дугаартай захирамж нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх  тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь уг шийдвэрийн улмаас зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Одоогоор эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж, энэ талаарх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлээгүйг нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад тайлбарласан ба нэхэмжлэгч Ш.С нь 2016 онд Толбо сумын Засаг даргаар томилогдон ажиллахад ашиг сонирхлын нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газраас тухайн үед мэдэгдсэн гэх нөхцөлийг байдлыг  шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхэд харгалзан үзэхийг нэхэмжлэгч талаас хүссэн боловч энэ нь өөр албан тушаал болох  сумын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллахад  ашиг сонирхлын зөрчил байхгүй нь тогтоогдсон гэх үзэх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

Гуравдугаарт

Толбо сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Толбо сумын Засаг даргаас дээрх байдлаар 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн мөртлөө 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг албан тушаалд томилохоос татгалзсан А/20 дугаартай захирамжийг дахин гаргажээ. Уг захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно:”, 23 дугаар зүйлийн 23.2-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараахь тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:”,  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална.”, 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй”, 23.5-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.” гэж заасныг баримталжээ. Мөн захирамжид нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон тусгай шаардлагыг хангахгүй байгаа гэх үндэслэлийг дурдсан боловч хариуцагчаас А/20 дугаар захирамжийн үндэслэлийг Ш.Сыг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байхгүй гэх маргаанд холбогдуулан тайлбарласан байна.

Хариуцагч уг захирамжид дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг тус тус баримталсан байх боловч хуулийн 22.1.1-22.1.6-д заасан төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлага, 23.2-т заасан тусгай шаардлагыг нэхэмжлэгч хэрхэн хангаагүй үндэслэлийг тусгаагүй, энэ талаар шүүхэд тайлбарлаж чадаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд захирамжийн үндэслэлийг нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байхгүй болон уг албан тушаалд томилогдох үед хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг эрх бүхий байгууллагаас хянаагүй гэх маргаанд холбогдуулан тайлбарласан.

А/20 дугаар захирамжийн үндэслэлтэй холбогдуулж гаргасан хариуцагч талын эдгээр тайлбар, маргаан нь үндэслэлтэй болох нь дээрх байдлаар тогтоогдсон ба уг захирамжийн төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг Ш.С нь хангаагүй гэж үзсэн үндэслэл нь тодорхойгүй, энэ талаар хариуцагчаас тайлбарлаж чадаагүй нөхцөл байдал нь А/20 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд нэгэнт нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байхгүй тохиолдолд түүнийг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн салбар зөвлөлийн 42 дугаар тогтоол нь хууль бус болох нь тогтоогдсон, уг тогтоолыг хүчингүй болгосон салбар зөвлөлийн 12 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийг  маргаан бүхий албан тушаалд ажиллах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд түүнийг уг албан тушаалд томилохоос татгалзсан Толбо сумын Засаг даргын энэхүү захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Дөрөвдүгээрт

Бусад маргааны тухайд:

Хариуцагч Толбо сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлд хамааруулж, нэхэмжлэгчийн гаргасан Толбо сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхийг  шүүхээс хүсэж,  үндэслэлээ А/20 дугаар захирамжийг хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд тайлбар гаргах үед хавсаргаж өгсөн байхад 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ гэж, энэ талаар нэхэмжлэгч талаас А/20 дугаартай захирамж гарсныг хэргийн материалтай танилцах явцад мэдсэн гэж  тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзаж шийдвэрлэсэн Толбо сумын Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаар захирамж нь нэхэмжлэгчид чиглэсэн шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж заасан.

Хариуцагч Толбо сумын Засаг даргаас 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ...Ш.Сыг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны даргаар томилохоос татгалзсан тухай Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн гэж тайлбарлаж, энэ талаарх А/20 дугаартай захирамжийг нотлох баримтаар тайлбартаа хавсарган ирүүлсэн ба уг шийдвэрийн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар тайлбарлаагүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн тайлбарлаж чадаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана.” гэж заасан ба нэхэмжлэгчийн захиргааны актын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах  хугацаа болон уг хугацааг хэтрүүлсэн эсэх нь   уг шийдвэрийн талаар захиргааны байгууллагаас түүнд мэдэгдсэн хугацаанаас хамаарна.

Хариуцагч талаас  А/20 дугаартай захирамжид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж маргасан боловч  Захиргааны ерөнхий хуулийн 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй.” гэж зааснаар А/20 дугаар захирамжийг нэхэмжлэгчид мэдэгдсэн хугацааг нотолж чадаагүй ба нэхэмжлэгч Ш.С нь хэргийн материалтай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр танилцсан нь хэрэгт авагдсан энэ талаарх баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас А/20 дугаартай захирамжийг хэргийн материалтай танилцах явцад мэдэгдсэн гэж тайлбарлаж, хүчингүй болгуулахаар 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул  хуулийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл байхгүй,  харин захиргааны уг акт нь дээрх байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэсэн болно.

Мөн Толбо сумын Засаг дарга Ш.Сыг ажлаас чөлөөлөхдөө, мөн уг албан тушаалд томилохоос татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэж нэхэмжлэгч талаас маргасан боловч нэхэмжлэгч дээрх байдлаар төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байх боломжгүй болсон буюу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасан нөөцөд байгаа иргэнд хамаарахгүй тул маргаан бүхий албан тушаалд ажиллахаар өрсөлдөх эрх үүсэхгүй тохиолдолд гагцхүү захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэх үндэслэлээр  Б/09, А/20 дугаартай  захирамжуудыг хүчингүй болгох  боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

           ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 30 дугаар зүйлийн 30.2, 33 дугаар зүйлийн 33.3,  33.12, 46 дугаар зүйлийн 46.6, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.6, 23.7, 23.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Сын шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Захирамжийг хүчингүй болгож, ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаартай захирамж,  2021 оны  02 дугаар сарын 01-ний өдрийн А/20 дугаартай “Томилохоос татгалзах тухай” захирамж,  Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолыг  тус тус  хүчингүй болгож, Толбо сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА