Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/658

 

 

 

 

 

 

    2022          10           04                                    2022/ШЦТ/658

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 221000000 1018 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны *** дугаар сарын ***-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулалт, геодизын мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, ганцаараа Төв аймгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4 дэх заалтыг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ***(РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч ***нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж гэх газарт хохирогч *** хамт таксинд явж байхдаа түүнийг бусадтай хардсан хувийн таарамжгүй харьцааны улмаас духаараа хамар руу нь мөргөх, баруун гарын шуу хэсгийг хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи баруун хацрын цус хуралт, эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***өөс: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн 221000000 1018 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Дэнж гэх газарт байдаг хамаатны гэрт байхад найз залуу ***миний ...утас руу залгаад хаана байна гэж асуухаар нь байгаа газрыг зааж өгөхөд удахгүй очлоо гэж хэлэхээр нь би хамаатан Сүхээгийн амьдардаг байрнаас гарахад өөдөөс ***алхаад ирсэн. Бид хоёр хамт төв зам руу орж такси зогсоогоод суугаад хотын төв рүү чиглээд явж байхад гэнэт ***миний баруун гарын шуу орчмоос хазчихаад тавихгүй байхаар нь гараа авахад миний гар утсыг булааж аваад үзэж байгаад, чи өөр хүнтэй болсон байна, тэр хүн чинь Дорноговь гэдэг газраас ирж байгаа юм уу, тэр чинь 4-5 цагийн дараа Улаанбаатар хотод орж ирэх гэж байгаа юм уу гэж хэлээд духаараа хамар руу нэг удаа хүчтэй мөргөх үед хамраас цус гараад тогтохгүй байсан. Гэтэл үргэлжлүүлэн үснээс 2 гараараа зулгааж доош дараад байхаар нь би үхлээ битгий цохиоч гэж хэлээд тавихгүй болохоор нь үсээ тавиулахын тулд *** толгой болон бусад газар цохисон боловч огт үснээс тавихгүй байсан тул хаана нь мэдэхгүй маажиж, хазсан боловч огт тавихгүй байсан. Таксины жолоочид хандан машинаа зогсоо гэж хэлэхэд зогсохгүй байхаар нь машины цонх рүү нь хөлөөрөө цохиход цагдаагийн хэлтэс дээр зогссоноор ***үснээс 2 гараараа зулгаахаа больсон юм.” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

 

3. Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би прокурорын тогтоол болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... Тухайн өдөр би Төв аймгаас Улаанбаатар хотод орж ирж байхад найз эмэгтэй *** утсаар ярихдаа Яармагт байна замаараа ирээд аваадах гэж хэлсний дагуу хот руу орж ирээд Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Дэнж гэх газарт буюу Сонсголонгийн гүүрний урд байрлах байранд очиход удалгүй *** гарч ирээд надтай уулзаад бид хоёр хотын төв явахаар такси зогсоогоод дөнгөж суухад такси хөдлөөгүй байхад би ***гийн гар утсыг нь авахад уурлаж миний нүүр хацар рүү маажсан. Мөн цохиод байхаар нь би санамсаргүй тонгойж ***гийн нүүрийг нь мөргөж хамарт нь гэмтэл учруулсан. Тухайн үед ***гийн хамраас цус гараад тогтохгүй байсан. Эмнэлэг, цагдаа явахаар болсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

 

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 10898 дугаартай хүний биед хийгдсэн дүгнэлтэд:

- *** биед хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

5. Яллагдагч *** хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 67 дахь тал), прокурорын тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 68-70 дахь тал),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулсныг яллагдагч  зөвшөөрснийг дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч *** үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ***нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнж гэх нэртэй газарт хохирогч *** хамт 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр таксинд явж байхдаа түүний гар утсыг нь булаан авч хувийн мэдээллийг үзэж бусадтай хардан маргаан үүсгэж баруун гарын шуу хэсгийг хазаж, духаараа хамар руу нь мөргөх зэргээр хүч хэрэглэн зодож бие, эрүүл мэндэд нь хамар яс, таславчийн хугарал, хамрын нуруунд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи баруун хацрын цус хуралт, эдийн няцрал, баруун шуу, зүүн бугалга, хэвлийн цус хуралт, баруун шууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

-Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...***миний баруун гарын шуу орчмоос хазчихаад тавихгүй байхаар нь гараа авахад миний гар утсыг булааж аваад үзэж байгаад, чи өөр хүнтэй болсон байна, тэр хүн чинь Дорноговь гэдэг газраас ирж байгаа юм уу, тэр чинь 4-5 цагийн дараа Улаанбаатар хотод орж ирэх гэж байгаа юм уу гэж хэлээд духаараа хамар руу нэг удаа хүчтэй мөргөх үед хамраас цус гараад тогтохгүй байсан, ...үргэлжлүүлэн үснээс 2 гараараа зулгааж доош дараад, ...үснээс тавихгүй байсан тул хаана нь мэдэхгүй маажиж, хазсан боловч тавихгүй байсан. ....цагдаагийн хэлтэс дээр зогссоноор ***үснээс 2 гараараа зулгаахаа больсон юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

 

-Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би ***гийн гар утсыг нь авахад уурлаж миний нүүр хацар рүү маажсан. Мөн цохиод байхаар нь би санамсаргүй тонгойж ***гийн нүүрийг нь мөргөж хамарт нь гэмтэл учруулсан.”...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал),

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийгдсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийн биед хазах, мөргөх зэргээр гэмтэл учруулсан байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”. гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүгдэгч хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх ба гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь үл ойлголцол, хардалтын улмаас болжээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болохыг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Тус хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба, хохирогчоос хор уршгийн зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, оногдуулах ялын саналыг шүүгдэгчид танилцуулсан тул тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж дүгнэлт хэлэхдээ ялын саналыг  зөвшөөрч байгааг илэрхийлсэн. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч ***нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61.1, 61.4 дэх заалтыг баримтлан оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байх бөгөөд ялын хугацаа дуусгавар болсон байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан нь түүнд оногдуулах  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлөөр тооцохгүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоног буюу 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч ***д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН