Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1374

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Г.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 03080 1716 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Г.П , 1998 оны 07 дугаар сарын 14-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, *** ХХК-д менежерийн ажил эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.П нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч У.О-тэй  “мэндэлсэнгүй” гэх шалтгаанаас үүдэн хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохих, төмөр цохиураар зүүн гуянд цохих, газарт унаган дээр нь гарч нүүр хэсэгт цохих зэргээр зодсоны улмаас хохирогч У.О-ийн биед үүдэн 2 шүдний сулрал, зүүн гарын 5-р хуруунд язарсан шарх, толгойн дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, уруулын салст, хүзүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, толгойн дагз, зүүн бөөр, тохой, шуунд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Адуут овгийн Г.П  нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч У.О-тэй  “мэндэлсэнгүй” гэх шалтгаанаас үүдэн хоорондоо маргалдаж, улмаар түүний нүүрэн хэсэгт гараараа цохих, төмөр цохиураар зүүн гуянд цохих, газарт унаган дээр нь гарч нүүр хэсэгт цохих зэргээр зодсоны улмаас хохирогч У.О-ийн биед үүдэн 2 шүдний сулрал, зүүн гарын 5-р хуруунд язарсан шарх, толгойн дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, уруулын салст, хүзүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, толгойн дагз, зүүн бөөр, тохой, шуунд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл ( хавтаст хэргийн 3 дахь тал),

- Хохирогч У.О-ийн мөрдөн байцаалтад “...Би Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах танил ах н.Х-ийн гэрт 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн орой 20 цагийн үед хоол идэхээр очсон байсан. Ингээд н.Х ахын хамт гэрийн үүдэнд тамхи татаад зогсож байсан чинь зүс таних Г.П нь н.Х ахтай мэндэлчхээд намайг Г.П нь мэндэлсэнгүй гээд мангар бацаан мэнд устай байна шүү гэж уурлахаар нь би Г.П-д өөрийг чинь ахаа гэж дуудах өр шир байхгүй шүү гэж хэлсэн чинь Г.П миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь та яагаад миний зүүн гуянд 1 удаа, дахиад цохих гэхээр нь би зүүн гараараа цохиурыг хаагаад зугтаасан юм. Тэгсэн чинь араас гүйж ирээд намайг газарт унагааж байгаад миний толгой, толгой руу хөлөөрөө өшиглөөд гэмтэл учруулсан. Тэгэхээр нь би н.Х ахын гэр рүү гүйгээд орсон юм. Тэгсэн чинь Г.П н.Х ахын гэрийн гаднаас чамайг ална, далжганасан гөлөг энэ тэр гэж орилж байгаад явсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 13 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12737 дугаартай шинжээчийн “...У.О-ийн биед үүдэн 2 шүдний сулрал, зүүн гарын 5-р хуруунд язарсан шарх, толгойн дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн, уруулын салст, хүзүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, толгойн дагз, зүүн бөөр, тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- Гэрч Э.Дөлгөөний “...үл таних залуу н.Г ахтай мэндэлчхээд дараа нь У.О ахыг чи муу мангар бацаан надтай дуугарч мэнд ус мэдэхгүй юм уу гэсэн чинь У.О хариуд нь машинтай ахад андаа би чамд мэндлэх өртэй юм уу гэсэн чинь машинтай явж байсан ах машинаасаа бууж ирээд У.О-ийг  чи муу юу гээд байгаа юм бэ гээд гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би н.Г ахын хамт очоод би У.О ахыг аваад н.Г  “Г.П одоо боль” гэж хэлээд салгаад аваад явсан юм. Тэгээд Г.П гэх ах дахиж У.О ахыг зодох гээд байхаар нь У.О ах н.Г ахын хашаа руу гүйж орсон юм. Тэгээд Г.П хашааны гаднаас нь У.О-ийг  ална чамайг гэж орилж байгаад явсан юм...” гэсэн мэдүүлэг мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Гэрч Ж.Хуягбатын “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гадаа гудамжинд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн оройн 20-21 цагийн үед би У.О, н.Д нарын хамт юм яриад зогсож байсан чинь манай гудамжинд байдаг Г.П машинтайгаа өнгөрөөд явж байхдаа машиныхаа цонхоор надтай мэндлээд өнгөрсөн чинь У.О-ийг  Г.П чи надтай мэндэлсэнгүй гэж хэлэх шиг сонсогдсон. Тэгсэн чинь У.О “юу гэнээ, би чамтай яахаараа мэндэлдэг юм гээд орилсон чинь Г.П машинтайгаа зогссон чинь У.О Г.П-тэй юм ярьж байгаад Г.П-г цохичих шиг болсон. Тэгсэн чинь Г.П машинаасаа бууж ирээд хоорондоо зууралдаад У.О-ийг  газарт унагаад Г.П нь гарч суугаад У.О-ийг  зодоод байхаар нь би хамт байсан н.Д-ий хамт очиж салгасан чинь Г.П машиныхаа хойноос төмөр цохиур аваад У.О-ийн“гуяны хэсэгт 2,3 удаа цохисон. Тэгээд У.О манай хашаа руу гүйгээд орсон юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 83 дахь тал),

- Шүүгдэгч Г.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар “...хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Г.П нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.П нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 12737 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.П-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч У.О-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.П нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч У.О-ийн эрүүл мэндэд нь “үүдэн 2 дээд шүдний сулрал, зүүн гарын 5-р хуруунд язарсан шарх, толгойн дагз хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, уруулын салст, хүзүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, толгойн дагз, зүүн өөр,  тохой, шуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч У.О нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.П энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч У.О эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дахь тал), хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 27-29 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал), дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (хавтаст хэргийн 33 дахь тал),  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 34 дэх тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 35-65 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), *** ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Г.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч Г.П-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Адуут овгийн Г.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.П-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.П-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА