Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 521

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баярмаа, Т.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  К.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ШШГЕГ-т холбогдох,

Гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.А, хариуцагч ШШГЕ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.А-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Би 1980 оноос эхлээд хүний эрүүл мэндийг сахин хамгаалах байгууллагад тасралтгүй 36 жил ажилласан бөгөөд үүнээс 32 жил нь Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч, мэс заслын зөвлөх эмчээр, 2013 оны 03 дугаар сараас ШШГЕГ-ынхарьяа 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмч, хорих ангийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 дугаар тушаалаар ангийн даргын ажлаас чөлөөлөгдсөн.

Би 36 жил тасралтгүй төрийн албанд зүтгэсэн, Монгол улсын гавьяат эмч хүн юм. Дээрх тушаалыг үл зөвшөөрөн хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд  нэхэмжлэл гаргасан.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх багууллагад 2013 оны 03 сараас эхлэн ажиллахдаа нэг өдөр ч өвдөөгүй, акт аваагүй, ажил үүргээ тасралтгүй явж байсан. Ингээд 2016 оны 10 дугаар сард би уушигны хатгалгаа оноштойгоор 2 дугаар нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад ажлаас халсан нь хууль зөрчсөн  гэж үзэн захиргааны хэргийн шүүхээс  ШШГЕГ-ындаргын Б/1246 дугаар тушаалыг хууль бус захиргааны акт бус харин алдаатай акт буюу цалин хөлстэй холбоотой эрх сэргээлгэх акт гэж үзэж шийдвэрлэсэн. ШШГЕГ-ын даргаас Б/1246 дугаар тушаалаа залруулж 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  намайг ажлаас чөлөөлсөн Б/409, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох тухай Б/484 тоот  тушаалуудыг гаргасан. Ингэснээр миний тэтгэвэр тогтоолгох, нэг удаагийн тэтгэмж авах эрх нээгдэж өндөр настны тэтгэврийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж, тэтгэмжийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр авсан.

Миний бие 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаал гарснаас, бүр тодруулбал 60 нас  хүрсэн буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд хохирсон.  Хэрэв байгууллага цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоох тухай тушаалаа алдаагүй гаргасан бол би тухайн үеэсээ тэтгэврээ тогтоолгоод авч байх ёстой. Гэтэл миний нэхэмжлэлийг захиргааны хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 06-нд, давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 18-нд, Улсын дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-нд тус тус шийдвэрлэн, Б/1246 тоот тушаалыг хүчингүй болгосон. Үүнээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр алдаагаа засаж, Б/484 тоот тушаал гаргаж миний ажилласан жилийг 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цалин хөлс тэтгэмжийг олгосон. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хуанлийн бүтэн 1 жил 24 хоногийн хугацаа өнгөрч энэхүү хугацааны тэтгэвэр тогтоолгох, тэтгэвэр авах эрх маань зөрчигдөж хохирсон учир ШШГЕГ-тхолбогдуулан 12 сар 24 хоногийн хугацаанд хохиролд 20 000 000 төгрөгийг 1 сарын тэтгэвэр 1 588 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн.

Нийгмийн даатгалын байгууллагаас надад анх 2018 оны 04 дүгээр сарын 30-нд 1 сарын тэтгэврийг  1 545 619 төгрөгөөр тогтоосон байсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний амралтын мөнгийг төлөөгүй орхисон, нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлснөөс буруу тогтоогдсон байсан. Энэ мөнгийг гүйцээж  төлүүлснээр  дараа нь  1 588 000 төгрөгөөр нэмж тогтоосон юм. Миний тэтгэврийн дэвтэр дээр тодорхой байгаа. Би энэ хугацаанд сэтгэл санаа хямарч  хохирч байсан боловч энэ талаар хохирол  нэхэмжлээгүй гэв.

Хариуцагч ШШГЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сандагаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч К.А-ийг ШШГЕГ-ын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/337 тоот тушаалаар Хорих 401 дүгээр ангийн ерөнхий эмчээр, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/991 тоот тушаалаар Тогтоол гүйцэтгэх газрын эмнэлгийн албаны даргаар, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/1570 тоот тушаалаар Хорих 401 дүгээр ангийн ерөнхий эмчээр, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/331 дугаар тушаалаар 401 дүгээр хорих анги-нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад ШШГЕГ-ын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалаар албан тушаалаас нь чөлөөлж,  цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргасан.

Нэхэмжлэгч К.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар анхан шатны шүүх Б/1246 тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн 3 шатны шүүх нэхэмжлэгчийг эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байх хугацаанд Хөдөлмөрийн тухайд хуульд заасны дагуу ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалж үлдэх ёстой байсан гэж үзсэн.  

Давж заалдах шатны шүүхээс 2017 оны 05 дугаар сарын 18-ны  өдрийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан. Үүнийг Улсын дээд шүүх хянаад 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор  К.А нь нэгэнт төрийн алба хаах насны хязгаарт хүрсэн тул ажилд эгүүлэн тогтоох тухай асуудал яригдахгүй, мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс яригдахгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох нас буюу 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөр тэтгэвэрт гаргах нь зүйтэй байна гэж үзэж  магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдсэн тул 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 8 719 000 төгрөг олгосон. Энэ нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх цалин юм. Нийт 8 920340 төгрөгийн цалинтай тэнцэх олговрыг олгохоор шийдсэнээс шимтгэлийг хасаад олгосон.

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалын дагуу  нэхэмжлэгч нь цэргийн алба хаасан хугацаааны тэтгэврээ тогтоолгож, мөн өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад хандах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл тэтгэвэрт гарах, тэтгэврээ авах харилцаа нь тусдаа асуудал бөгөөд  тухайн тушаалыг хүчингүй болгох нь өөр асуудал. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тухайн үед тэтгэвэр тогтоолгоод тэтгэвэрээ авах бүрэн боломжтой байсан. Тэр эрхээ өөрөө алдсан байна. Мөн Улсын Дээд шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд  нийт 20 000 000 төгрөг олгох эрх зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилсон тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинг олгох зохицуулалттай болохоос тэтгэвэр олгох үндэслэл байхгүй. Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн буруугаас тухайн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч бүрэн хариуцна гэсэн үг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д энэ хуулийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг  ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Иймд Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 342 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгчийг ШШГЕГ-ындаргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/409 тоот тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлж тэтгэвэр тогтоолгоход холбогдох баримтыг ажил олгогчид өгсний дагуу 2018 оны 04  дүгээр сарын 25-ны өдрийн Б/484 тоот тушаалаар тэтгэвэр тогтоосон. Түүнчлэн тэтгэвэр тогтоолгон авах эрхээ хэрэгжүүлээгүй нь мөн ажил олгогчоос тэтгэвэр нөхөн олгох эрх зүйн зохицуулалт байхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэлээс олгосон байгаа 8 920 000 төгрөг хасагдаж тооцогдох ёстой.  Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж тэтгэврээ бодоод 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлээд тэтгэврээ авсан гэхээр 2018 оны 08, 09 дүгээр сар гэхэд гомдол гаргах эрхтэй байсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусч, энэ эрхийг алдсан гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэг, зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.А нь хариуцагч ШШГЕГ-т холбогдуулж ажил олгогч байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох боломжгүй болсноос учирсан хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч тал үл зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тус газрын даргын Б/1246 дугаар тушаалын дагуу цэргийн алба хаасан хугацааны тэтгэврээ тогтоолгож, өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр эрх бүхий байгууллагад хандах бүрэн боломжтой байсан, тэтгэвэр тогтоолгон авах эрхээ хэрэгжүүлээгүй, Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 342 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоогоогүй учир 20 000 000 төгрөгийг олгох үндэслэлгүй, тэтгэвэр нөхөн олгох эрх зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа  дууссан  гэж тайлбарлан маргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч К.А нь 1980 оноос хойш эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажилласан бөгөөд хамгийн сүүлд 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад ШШГЕГ-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогчийн дээрх шийдвэрийг үл зөвшөөрч нэхэмжлэгч К.А-ээс  ШШГЕГ-ындаргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалыг хүчингүй болгож, 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдол бүхий  нэхэмжлэлийг  шүүхэд гаргасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхна шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 241 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсэг болох ШШГЕГ-ындаргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 349 дугаартай магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ШШГЕГ-ындаргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаалыг хүчингүй болгон, К.А-ийг 401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 10 дугаар сарын 25-наас 2017 оны 04 дүгээр сарын 06-ныг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй  тэнцэх олговорт 8 920 340 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас  гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ШШГЕГ-т даалган,

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 342 дугаарт тогтоолоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар тсарын 18-ны өдрийн 349 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” гэж,  “нэхэмжлэгч К.А-ийг  401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоож” гэснийг “401 дүгээр хорих анги-Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээн  тус тус шийдвэрлэжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч байгууллагаас цалинтай тэнцэх олговорт  8 712 793 төгрөгийг нэхэмжлэгч К.А-д олгосон болох нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн төлбөрийн хүсэлтүүд, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Мөн ШШГЕГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/409 тоот тушаалаар нэхэмжлэгч К.А-ийг цэргийн алба хаах насны дээд хязгаарыг хангасан тул цэргийн байнгын тэтгэвэрт гарган албан тушаалаас нь чөлөөлж, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/484 тоот тушаалаар К.Ад  цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоон, цэргийн албанд нийт 36 жил 05 сар 16 хоног  ажилласнаар тооцсон байх бөгөөд К.Ад  2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цэргийн алба хаасны тэтгэвэрийн хэмжээг сард  1 545 619 төгрөгөөр тогтоож олгосон болох нь 0349938 дугаартай К.А-ийн тэтгэврийн дэвтрийн хуулбараар нотлогдсон. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К.А-ийг 2016 оны 11 дүгээр сарын 28-нд 60 нас хүрэхээс өмнө буюу 2016 оны 10 дугаар сарын 25-нд  урьд эрхэлж байсан албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн ажил олгогч ШШГЕГ-ындаргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/1246 тоот тушаал нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1., 24.1.2.-т заасан тэтгвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үед ажлаас чөлөөлөх тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан  20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй албан хаагч нь  цэргийн алба хаасны тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах  эрхтэй байх тухай заалтуудыг зөрчсөн байх  ба энэ талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдэд дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч К.А хөдөлмөрлөх эрхээ болон хуульд заасан тэтгэвэр тогтоолгон авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж хохирсон нь хариуцагч байгууллагын, дээрх хуулийн заалтуудыг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.-д заасан “Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална. 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа...” гэснийг тус тус зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаатай шалтгаант холбоотой байна.

Нэхэмжлэгч К.А нь 2017 оны 04 дүгээр сарын 06-наас 2018 оны 04 дүгээр сарын 25-ныг хүртлэх 1 жил 24 хоногийн хугацаанд тэтгэврээ авах эрхээ алдаж хохирсон хохирлыг нэг сарын тэтгэврийн хэмжээ гэж 1 588 000 төгрөгөөр тооцон нийт 20 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан К.Аийн 0349938 дугаартай  тэтгэврийн дэвтрээс үзвэл хамгийн анх 2018 оны 04 дүгээр сарын 30-наас эхлэн нэг сард  олгох тэтгэврийн хэмжээг 1 545 619 төгрөгөөр тогтоосон байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.‑д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, 229 дүгээр зүйлийн 229.1.-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй”, 498 дүгээр зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцана” гэж тус тус заажээ.

 Иймд нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 349 дугаартай магадлалаар  түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй  тэнцэх олговорт 8 920 340 төгрөгийг олгож шийдвэрлэснээс хойш 2018 оны 04 дугаар сарын 25-ныг хүртлэх 11 сар 07 хоногийн хугацаанд  тэтгэврээ авч чадаагүй эд хөрөнгөөр хохирсон хохиролд сарын тэтгэвэр болох 1 545 619 төгрөгөөр тооцон нийт 17 362 453 төгрөгийг  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т заасны дагуу хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нийт 17 362 453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгч К.А-ийн миний тэтгэврийг 1 545 619 төгрөгөөр буруу тооцож олгосон гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлээс үлдэх 2 637 547 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөлөгчөөр иргэн Ж.Алтанцэцэг оролцсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2.-т заасны дагуу шүүх хуралдааны товыг 2019 оны 03 дугаар  сарын 13-нд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх бөгөөд хэргийн зохигчид түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулахаар хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцсэнийг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 244 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн  100.8., 115 дугаар зүйлийн  115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 498 дугаар зүйлийн 498.2.-т зааснаар хариуцагч ШШГЕГ-аас 17 362 453 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К.А-д олгож, нэхэмжлэлээс 2 637 547 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 244 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.БАЙГАЛМАА

                                         ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА

                                                                                                         Т.ЭНХТУЯА