Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/662

 

 

 

 

 

 

 

   2022           10           06                                     2022/ШЦТ/662

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,   

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210015100918 дугаартай, нэг хавтаст хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Ашид ХХК-нд барилгын арматурчин ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

-Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16.2-В дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүн 8 дугаар гудамжны 23 тоотод оршин суух иргэн *** гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орж, улмаар хувийн таарамжгүй харьцааны улмаас *** цээртэй үгээр гутаан доромжилж, хэрүүл маргаан үүсгэн үснээс нь зулгаан газарт унагааж, хөлөөрөө өшиглөн гараараа олон удаа цохиж тархи доргилт, хамрын үзүүр, зүүн чихний урд хэсгийн зулгаралт, зүүн бугалга, шуу, далны цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ээс: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэсэн болно.  

 

Хоёр: Эрүүгийн 2210015100918 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын  лавлагаа (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч *** 2022 оны 7 сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо нүн 8-23 тоотод гэртээ байхад бэр *** төрсөн охин Охиноогийн хамт ирсэн. Бэр *** нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Орж ирээд чам шиг янхан авгай үхвэл таарна 60 настай байж өөр хүнтэй суусан гэж цээртэй үгээр хараагаад манай Охиноог усанд явуулж зарсан байна гээд уурлаад байсан. Тэгээд агсам тавиад үснээс татаж газар унагаад гар хөлөөрөө өшиглөөд гараараа их олон удаа цохисон. Би хөл нүцгэн гэрээсээ зугтаад хөрш айлынхаа гэрт ороод цагдаад дуудлага өгөөрэй, бэр зодоод байна гэж хэлсэн чинь *** зугтаад явсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

3. Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр охины сургуулиас ар гэрээс нь ирээд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж охин надад хэлсэн. Би тухайн үед ажилтай байсан учраас гарын үсэг зурах боломжгүй байсан болохоор эмээг нь зурчих гэхэд чадахгүй би эмээ нь биш гэж хэлсэн. Тэгэхээр нь уурлаад утсаа таслаад өөрөө ирж гарын үсэг зурсан. Би тухайн өдөр найзтайгаа таараад 0,5 граммын хараа гэх архи нэг шилийг, 1 том пиво уусан. Тэгээд хүүхдээ эмээ дээр нь үлдээх санаатай гэрт нь ороход миний урдаас шанагатай ус цацаад намайг үсдэж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдээд түлхэж унагаасан. Тэгээд бид хоёр салаад би охиноо аваад гэрээс нь гараад явсан. 2-3 хоногийн дараа намайг цагдаа дуудсан.....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №8501 дугаартай:

-*** биед тархи доргилт, хамрын үзүүр, зүүн чихний урд хэсгийн зулгаралт, зүүн бугалга, шуу, далны цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

-Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

5. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой нийт 333,670 төгрөгийн баримт (хавтас хэргийн 33 дахь тал),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 34 дахь тал), улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлгийн өмнө шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Ноос нэгдлийн 8 дугаар гудамжны 23 тоотод оршин суух хадам эх *** гэрт 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ орж, охины сургууль дээр очиж гарын үсэг зурсангүй гэх шалтгаанаар маргаан үүсгэж цээртэй үг хэллэг хэлж, хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний үснээс нь зулгаан газарт унагааж, хөлөөрөө өшиглөх, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн бие, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын үзүүр, зүүн чихний урд хэсгийн зулгаралт, зүүн бугалга, шуу, далны цус хуралт, баруун шууны цус хуралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:

 - Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Бэр *** төрсөн охин Охиноогийн хамт ирсэн. Бэр *** архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай ...орж ирээд чам шиг янхан авгай үхвэл таарна, 60 настай байж өөр хүнтэй суусан гэж цээртэй үгээр хараагаад манай Охиноог усанд явуулж зарсан байна гээд уурлаад ....агсам тавиад үснээс татаж газар унагаад гар хөлөөрөө өшиглөөд гараараа их олон удаа цохисон....гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

- Яллагдагч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...хүүхдээ эмээ дээр нь үлдээх санаатай гэрт нь ороход миний урдаас шанагатай ус цацаад намайг үсдэж авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдээд түлхэж унагаасан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хүний биед хийсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал), дуудлагын лавлаа (хавтаст хэргийн 4 дэх тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно.  

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж  заасан ба гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж үндсэн шинжийг тодорхойлжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** эрүүл мэндэд гэмтэл учирсан нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу хохирогчийг хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулжээ. Мөн шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч согтуурсан үедээ, маргаан үүсгэсэн, харилцааны үл ойлголцлоос болжээ.

 

            Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

-505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба “CT төвийн дүрс оношилгооны төвд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр компьютер томографын, Мөнгөн гүүр эмнэлэгт 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр компьютер томографын оношилгооны дүгнэлтийн төлбөрт нийт 333,670 төгрөг төлсөн баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн байна.

Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн талаар шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд тусгагдсан байна. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, үйлдлийн арга хэрэгслийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ....сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн;

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригоос “миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй, хохирол төлбөр төлөгдсөн тул 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

 

Шүүгдэгч *** нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйл, 16.2-в дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 236 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд ялын хугацаа дуусгавар болсон байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан тул  шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан нь түүнд оногдуулах  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлөөр тооцохгүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

 

Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн, нөгөө талаас шүүгдэгч нь Ашид ХХК-нд барилгын арматурчин ажилтай байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН