| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2018/03764/И |
| Дугаар | 527 |
| Огноо | 2019-03-05 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 527
| 2019 оны 03 сарын 05 өдөр | Дугаар 183/ШШ2019/00527 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой хадтай 2 гудамж, тоотод оршин суух, Г овогт Д -ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, М-д холбогдох,
ажилгүй байсан хугацааны олговорт 14.241.850 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М-д 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/171 тоот тушаалаар тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/27 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ тушаалыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандснаар шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.974.954 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд би төрж нялх хүүхэдтэй байсныг мэдсээр байж хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар албадан гүйцэтгүүлж 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дугаар 11/40 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1517 дугаар шийдвэр гарснаас хойш 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоол гарсан хүртэлх хугацааны цалинд 14.241.850 төгрөг нэхэмжилж байна. Намайг ажилд аваагүй, би ажилдаа эргэж орохоосоо татгалзсан тул шүүхийн шийдвэрийн тогтоол гаргаж хаасан байгаа. Ажлаас чөлөөлөгдсөн нь 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/27 тоот тушаал байгаа үүнээс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх цалинд 2.974.000 төгрөг авсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг ажлаас халагдсанаас хойш хувиараа төлж байгаа. Би ажлаас халагдахад жирэмсэн байгаад 2017 оны 9 дүгээр сарын 5-нд төрсөн. Намайг жирэмсэн гэдгийг мэдсээр байж 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр халсан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш 7 дугаар сарын 5-нд жирэмсний амралтаа авсан, уг нь анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсны дараа жирэмсний амралтаа авах хүсэлтэй байсан боловч давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж жил гаруй хугацаанд нийгмийн даатгалыг байгууллагаас төлөх, жирэмсний амралтаа байгууллагаар авах байсан тэр бүгдийг санаатайгаар удаан хугацаанд ажилгүй байлгасан. Энэ бүгдийг нотлох баримтаар гаргаж өгсөн тул ажилгүй байсан хугацааны олговорт 14.241.850 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь М-д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 14.241.850 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1-2/.
Хариуцагч М нь нэхэмжлэл гардан авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг Г.Б 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосноор хариуцагч талд 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар бүрэн төлөөлөх эрхийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр М.Намжилмаад тус тус олгосон байна /хх-19, 32/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд оролцсон, эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшилсон, шүүх хуралдааны товд 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна /хх-34-35, 37/.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгч хариуцагч талын оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-38/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******ын нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан атлаа татгалзаж байгаа үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно /хх-33/.
Нэхэмжлэгч Г.Д Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д-г М-ийн нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2.970.954 төгрөгийг хариуцагч М-с гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан анхан шатны шүүхийн 183/ШШ2017/01517 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 1980 дугаартай магадлал, хяналтын шатны шүүхийн 001/ХТ2018/00062 дугаартай тогтоолын хуулбар, 183/ГХ2018/00833 дугаартай гүйцэтгэх хуудас, нэхэмжлэгчийн тайлбар, зэргээр тогтоогдож байна /хх-13-16, 9-11, 6-8, 12, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатын иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д “төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн” гэх үндэслэлээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 11/40 дугаартай тогтоол гарсан /хх-17/ байх бөгөөд нэхэмжлэгч тухайн байгууллагад ажилд орохгүй гэх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон талаар нэхэмжлэгч тайлбарласан.
Нэхэмжлэгч Г.Д нь Мид холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 14.241.850 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан, өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин олговорыг авснаар эргэж ажилдаа орохгүй гэх хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаагдсан талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх үзлээ /хх-1 арын хуудас/.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой үндэслэлээр бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно /хх-33/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж, мөн зүйлийн 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байхад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/01517 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1980 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2018/00062 дугаартай тогтоолыг хариуцагч М биелүүлээгүй, нэхэмжлэгч Г.Д өөрөө тухайн байгууллагад ажилд орохгүй гэх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй” гэж,
103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг ажил олгогчид хүргүүлж, тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж,
103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно” гэж тус тус заасан тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Дын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт 360 өдрийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Моос гаргуулах үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Дын 0816922 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбарын 2-3 дугаар хуудсанд 2013, 2014 оны, 4-5 дугаар хуудсанд 2015, 2016 оны, 6-7 дугаар хуудсанд 2017, 2018 онуудын цалин авсан, шимтгэл төлсөн талаарх бичилт хийгдсэн байх боловч нэхэмжлэгч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс тухайн байгууллагад ажил эрхлээгүй, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол 2017 оны 06 дугаар сар, 2017 оны 09 дүгээр сар, 2018 оны 01 дүгээр сард тус тус гарсан байна /хх-13, 9, 6/.
Нэхэмжлэгч Г.Дыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул 2017 оны 2, 01, 2016 оны 12 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 607.974 + 677.285 + 923.300 = 2.208.559 : 3 сар = 736.186 : 21 = 35.056 төгрөг байх тул 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажлын 360 өдрөөр тооцож үзвэл Г.Дд олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорын хэмжээ 12.620.160 төгрөг байна.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 14.241.850 төгрөгийг нэхэмжилсэн тул түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 12.620.160 төгрөгийг хариуцагч Моос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.621.690 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх, ажил олгогч ажилтаны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн бичилт хийх үүрэгтэй боловч нэхэмжлэгч энэ талаар шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 229.159 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч Моос нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 216.872 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч М-с ажилтаны ажилгүй байсан 360 өдөрт ногдох олговорт 12.620.160 /арван хоёр сая зургаан зуун хорин мянга нэг зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Д -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.621.690 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс илүү төлсөн 229.159 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч М-оос 216.872 /хоёр зуун арван зургаан мянга найман зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснааршийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийгтанилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаагтоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Я