Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/854

 

 

 

 

 

 

 

     2022         11           15                                    2022/ШЦТ/854

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт ****** Б-т холбогдох эрүүгийн 2205013672165 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***** Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “*******” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******** дүүргийн *-р хороо, ****** хорооллын **-р байрны *** тоотод оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/678 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ***** овогт ****** Б, /РД: **********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны 24-р байрны 1501 тоотод хохирогч Ж.Маргадтай маргалдан түүний гар хэсэгт жижиг төмөр мэт зүйлээр цохиж зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.М:

 “...2022 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 3-р хороо, Нарны хорооллын 24-1501 тоот гэртээ найз болох Төрсайханы хамтаар явж орсон. Тухайн үед манай гэрт манай 3 хүүхэд байж байсан. Гэртээ ороод байж байтал манай гэрийн хаалгыг хүн тогшихоор нь би донофоноор хартал нэг эмэгтэй хүн байсан бөгөөд тэр хүн надад хандаж “би доод талын чинь айлын хүн байна, танайхаас ус алдаад байна” гэж хэлсэн юм. Тэгээд би хаалгаа онгойлготол манай нөхөр Б 1 залуугийн хамтаар орж ирсэн. ...Тэгээд Б гэрт орж ирээд намайг шууд түлхсэн гэхдээ би унаагүй. Тэгээд Бтой хамт орж ирсэн залуу Төрсайханыг хувцсыг нь өмсгөөд гэрээс аваад гарсан бөгөөд би гэрт Бийн хамтаар үлдсэн юм. Б тухайн үед миний зүүн гар луу сунадаг төмрөөр нэг удаа цохисон юм. Тэгээд хоорондоо маргалдаад байж байхад нөгөө залуу нь буцаж гэрт орж ирээд “би явлаа хөгшөөн” гээд Бт хэлээд гараад явсан юм. Би тэгээд өөрийн ээж, аав руугаа ярьж дуудаад манай аав, ээж 2 ирсэн. Тухайн үед аав, ээж хоёрыг ирэхэд Б байсан бөгөөд бид 4 хоорондоо юм ярьж сууж байгаад Б гараад явсан юм. Би Бийг гараад явахаар нь цагдаад дуудлага өгсөн. Өөр зүйл болоогүй юм...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

2. Гэрч Ц.*******:

 “...Би хохирогч Ж.****** ээж нь бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 02 цагийн орчим миний утас руу манай охин болох Маргад залгаад “та манай гэрт аавыг дагуулаад хүрээд ир” гэж хэлсэн юм. Тэгээд би “юу болсон юм бэ, яасан” гэж асуутал Маргад уйлаад хариулахгүй байсан. Тэгээд би нөхөр Жигжиддуламыг сэрээгээд “Маргад уйлаад гэрт хүрээд ир гэж байна, хоёулаа явъя” гэж хэлээд нөхрийнхөө хамтаар ****** гэр болох Баянгол дүүргийн Нарны хороолол 24-р байрны 1501 тоот гэрт нь очиход манай хүргэн Б, Маргад мөн хүүхдүүд нь унтаж байсан ба Маргад уйлчихсан байсан, харин Б хажууд нь сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б манай нөхөр бид хоёрт хандаж “Маргад гэрт сая нэг эрэгтэй хүнтэй байсан” гэж хэлсэн. Тэгээд зүүн гарыг нь харахад гар нь нэлээн улайчихсан харагдаж байсан ба Маргад “гар өвдөж байна” гээд байсан юм. Тэгээд Бт хандаж “чи битгий эхнэрээ цохиод бай”, Маргадад хандаж “гурван хүүхэдтэй байж битгий ийм үйлдэл гаргаад бай, шөнө орой болсон хойно хэрүүл зодоон хийгээд” гэж загнаад тэгээд хэсэг сууж байгаад нөхөр бид 2 гэрээс нь гараад явсан юм. Гараа дарчихсан гар луу цохисон гэж л хэлж байсан юм. Өөр газарт нь цохиж зодсон асуудлын талаар хэлээгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 50-52 дахь тал/,

3. Гэрч Д.********:

 “...2022 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө би гэртээ эхнэр болох ******* хамтаар унтаж байтал шөнө манай охин Маргад эхнэр ******* утас руу залгаж ярьсан юм. Тэгээд манай эхнэр утсаар ярьж дуусчхаад “хоёуланг нь Маргад гэрт хүрээд ир гэж байна, Б-той маргалдаад” гэж хэлсэн юм. Тэгээд би эхнэр Баяраагийн хамтаар ****** БГД-ийн нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын гэрт нь явж очиход Маргад, Б мөн хүүхдүүд нь байсан юм. Тухайн үед гэрт нь явж ороход Маргад уйлчихсан, түүний хажууд Б сууж байсан. Тэгээд би гэрт ороод “та нар одоо хүн амьтан амраахгүй яах гээд байгаа юм бэ, өдий 37 настай байж, хажуу хөрш айл амьтнаасаа санаа зовдоггүй юм уу” гээд шууд хоёуланг нь загнасан юм. Тэгээд би тухайн үед тэд нарын асуудалд ороогүй бөгөөд надад ч Маргад, Б нар нээх юм яриагүй юм. Харин манай эхнэр Баярмаад юм ярьсан эсэхийг нь би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэрийн 55-56 дахь тал/,

4. Гэрч Б.*********:

 “...Би 2022 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 02 цаг болж байхад Налайх дүүргээс хот руу 2 найзынхаа хамт орж ирж байхад манай танил болох ах Б залгаад “манай эхнэр гэртээ нэг залуутай байгаа юм шиг байна, чи ахтайгаа манай гэрт очоодохъё тэгэх үү” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн юм. Тэгээд 13-р хороолол орчимд Бтой уулзаад Бийг аваад Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Нарны хороололд байрлах байрных нь гадаа явж очсон юм. Тэгээд Б ах “эрэгтэй хүн хаалга тогшвол манай эхнэр онгойлгохгүй, тийм учир эмэгтэй хүнээр тогшуулъя” гээд надтай хамт явж байсан эмэгтэйгээр хаалгыг нь тогшуулсан юм. Тухайн үед манай найз эмэгтэй болох Хонгороод үгийг нь Б ах зааж өгөөд хаалгаа тогшуулсан бөгөөд манай найз хаалгыг нь тогшоод “доод айлын чинь хүн байна, танайхаас ус алдаад байна” гэж хэлээд хаалгыг нь онгойлгуулсан. Тэгээд хаалгаа онгойлгуулаад манай найз буцаад гарсан бөгөөд би Б ахын хамтаар түүний гэр лүү нь явж орсон. Би тухайн үед гэр лүү нь хамт орсон шалтгаан бол Б ахыг тэр эхнэртэй нь хамт байгаа залуутай зодоон хийчих болов уу, гэж бодоод сэргийлээд хамт орсон. Тэгээд гэрт нь ортол Б ах шууд эхнэр болох Маргадтайгаа маргалдаад эхэлсэн юм. Тухайн үед тэдний гэрт нь нэг танихгүй залуу сууж байсан. Тэгээд би тэр залууд хандаж “чи битгий айл үймүүлээд бай, эндээс хоёулаа хамт гарья, эхнэр, нөхөр 2 хоорондоо учраа олог” гээд тэр залууг нь дагуулаад гэрээс нь гарсан бөгөөд харин Б, эхнэр болох Маргадтайгаа хамт гэртээ үлдсэн. Тэгээд би гадаа гараад тэр залууд нь хандаж “чи хөгшөөн 3 хүүхэдтэй айл үймүүлэхээ больчих одоо ингээд яв” гэж хэлтэл тэр залуу “за уучлаарай би тэгвэл явлаа” гээд явсан юм. Бид хоёрын дунд өөр зүйл болоогүй. Тухайн үед машин дотроос Б буугаад гэр лүүгээ орохдоо нимгэн цонх угаадаг төмрийн иш бариад орчихсон байсан бөгөөд би нөгөө залууг явуулчхаад хойноос нь буцаж гэр лүү нь явж ороход Маргад, Б нар хоорондоо хэрэлдсэн хэвээр байсан юм. Тэгээд би явж ороод төмрийг нь аваад буцаад гэрээс нь гарсан юм. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 59-61 дахь тал/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5602 дугаартай:

“...Ж.****** биед зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч П.Б нь хохирогч Ж.М-ыг жижиг төмөр мэт зүйлээр цохиж зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч  П.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь ***** Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.Б-ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч П.Б нь:

2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол хотхоны 24-р байрны 1501 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ж.Маргадтай маргалдан түүний гар хэсэгт жижиг төмөр мэт зүйлээр цохиж зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5602 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч П.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн хохирогч Ж.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Маргад нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч П.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч П.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч П.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч П.Б-ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205013672165 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

***** Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ****** Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч П.Б-т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ