Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 958

 

2019            9          19                                             2019/ДШМ/958

             

П.А холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн,

шүүгдэгч П.А өмгөөлөгч А.Очбадрал,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/621 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Цын гаргасан давж заалдах гомдлоор П.Ахолбогдох эрүүгийн 1808045690694 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Жоов овгийн П.А, 1990 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................../,

П.А нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2-38а тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Цыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: П.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.А мөн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тэнссэн хугацаанд тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулж, уг хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Хохирогч Б.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... П.А нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, миний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байтал үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөрдөн байцаалтын явцад зөвхөн нэг талыг барьж нотлох баримт цуглуулсан. Хохирогчид учруулсан баримттай хохирол төлөгдөөгүй, миний эрх ашиг ноцтой зөрчигдсөн зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй ял шийтгэлийг үндэслэлгүй хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн П.А эх, эгч нар нь намайг зодож байсан. 2013 оны өвөл би жирэмсэн байхад хүүхдийг маань амьгүй болтол зодож байсан. Тэр талаар уг хэрэгт байцаагч оруулаагүй. Нуун далдалсан зүйл их олон байгаа. П.Аодоо ч намайг дарамталдаг. “Гэр оронд чинь очиж боож ална” гэж хэлдэг. Иймд хэргийг дахиж шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Хохирогч Б.Цын өмгөөлөгч Д.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх уг хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн байдал харагдаж байна. Санаатай гэмт хэргийг 2-оос дээш удаа үйлдсэн. Анхан шатны шүүх гэм буруугаа хүлээсэн гэж үзэж хөнгөрүүлсэн байх. Гэтэл хохирогчид баримттай хохирол байдаг. Өнөөдрийг хүртэл хохирол барагдуулаагүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах шаардлагатай гэж үзэж байна. Ганцхан шүүгдэгч П.А ч биш, түүний эх, эгч нар нь зодсон байдаг. Энэ талаарх хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол байдаг. Өнөөдөр авч ирээгүй байна. Энэ талаар мөрдөн байцаалтад хэлж байсан. Гэтэл мөрдөн байцаагч нь энэ талаар тусгаад яах юм бэ гэсэн байдаг. Хэргийг прокурор дээр маш удааснаас болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...” гэв.

Шүүгдэгч П.Аөмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн явцад 2.000.000 төгрөг нэхэмжилдэг боловч ямар нэгэн баримт байдаггүй. Гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Мөн шүүгдэгчийн эх, эгч нар нь зодсон гэж байна. Энэ талаар хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Мөн шүүгдэгчийг гэр орноосоо хулгай хийдэг гэх асуудлыг анхан шатны шүүх хуралд хохирогч гэнэт ярьсан. Мөн энэ талаар хавтас хэрэгт шалгасан зүйл байхгүй. Шүүгдэгчийн ар гэрийнхэн ярихдаа “Хар хорин” зах дээр анх лангуу нээж өгсөн боловч өр ширэнд орсон тэрнээсээ болоод шүүгдэгч П.А“мөнгө олж ир” гэж нэхэж маргадаг талаар хэлдэг. Шүүгдэгч П.А уг эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа иргэний журмаар шүүхэд хандаж хүүхдүүдээ авна гэж ярьдаг. Хохирогчийг дарамталдаг гэх асуудал үнэмшилгүй сонсогдож байна. Энэ хэрэг 1 жил гаруй хугацаанд шалгагдсан. Энэ хугацаанд шүүгдэгчийн эх, эгч нар зодсон талаарх баримтуудаа бүрдүүлээд хавтас хэрэгт гаргаж өгөх боломж байсан. Иймд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирогч мэдүүлгүүдээ мөрдөн байцаалтын шатанд маш тогтворгүй өгдөг. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр анх намайг зодсон гэдэг гомдлыг 2018 оны 11 дүгээр сард өгсөн байдаг. Ингээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд прокурор 2 удаа эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Шүүгдэгч П.Ахолбогдох хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эсрэг үйлдсэн гэдгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. 2013 оноос эхлээд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдсон. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялын дээд хэмжээг 1 жил хүртэл хугацаагаар оногдуулсан хэрэгт 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэж заасан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байсан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байхгүй болсон. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Аял шийтгэл оногдуулсан. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлгээ маш хангалттай өгсөн. Эрхийг нь хязгаарласан зүйл байгаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнссэн. Хохирогч нь шүүгдэгч П.А одоо хүртэл намайг дарамталж байна гэж байна. Хэрвээ тийм тохиолдол байгаа бол цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.Ахолбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

П.Ань 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчны 2-38а тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Ц ыг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Цын “... 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр П.А намайг хөлөөрөө өшиглөөд би арагшаа унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй байсан бөгөөд 2 хоногийн дараа хавдаад эхэлсэн ба эмнэлэгт үзүүлтэл баруун хөлийн чигчий хуруу хугарчихсан байсан. ...” гэх /хх-19-26/,

гэрч Б.О“... 2018 оны 3 дугаар сард хөлөө гэмтээсэн талаараа хэлж байсан ба сүүлд нь надад П.А хөлийн хурууг нь гэмтээсэн талаар хэлж байсан. ...” /хх-27-28/,

гэрч Б.Г“... 2018 оны 3 дугаар сарын эхээр П.А нь миний дүү Б.Ц зодож хөлийнх нь хурууг хугалсан гэж хэлж байсан. ...” /хх-34-36/,

гэрч Б.О“... 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр байх П.А Б.Ц эгчийн хөл рүү өшиглөж хөлийнх нь хурууг хугалж гэмтээсэн, дараа нь хөл нь гипстэй байхад П.А аавынхаа гэрт зодсон гэж надад утсаар хэлж байсан. ...” гэх /хх-37-39/ мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 12060 дугаартай шинжээчийн “Б.Цын биед баруун хөлийн 5 дугаар хурууны угийн шивнүүр ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-44/, Гэр бүлийн хүчирхийллийн үнэлгээ /хх-48-56/, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-57-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлэх дүгнэх боломжтой гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба прокуророос П.А үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

Шүүх П.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч П.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч Б.Ц нь “... шүүх ял шийтгэлийг үндэслэлгүй хөнгөрүүлж шийдвэрлэсэнд гомдолтой байна. П.А эх, эгч нар нь намайг зодож байсан. П.Аодоо ч “гэр оронд чинь очиж боож ална” гэж намайг дарамта%