Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2024/0729

 

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн

хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурор

О.Я-н дүгнэлттэй захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Гомдлын шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Р.Э-н 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0000000 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ч

Гуравдагч этгээд Б.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 159/2024/0059/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дүгнэлт гаргагч нь “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Р.Э-н 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000000  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрээр “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2.7, 2.9, 4.8 дугаар зүйлийн 14, 4.12 дугаар зүйлийн 15, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Р.Э-н 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000000  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. ... Анхан шатны шүүх нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтны олгосон итгэмжлэлийн дагуу хууль ёсны төлөөлөгчийг томилсон нь хууль зөрчөөгүй байна. Гаалийн Ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт хандаж “М ” ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаартай албан тоотоор гаалийн хилээр нэвтрүүлэх, ачааг шалгуулах, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх болон барааг хүлээн авах түүнтэй холбоотой зөрчлийн хэргийг шийдвэрлэх, төлбөр тооцоог хийх эрх бүхий төлөөлөгчөөр Д-н Н, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 46 тоот албан бичгээр хүсэлт гарган Ц-н Д-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус тус томилсноор дээрх хүмүүсийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинж бүрэн хангагдсан болно Энэ нь мэдүүлэг, лабораторийн дүгнэлт зэрэг бичгийн баримтаар бүрэн тогтоогдож байна.

3.2. ... Шүүх зөрчлийн холбогдогч тодорхойгүй гэсэн нь үндэслэлгүй. Иргэн Б.А болон “М ” ХХК-ийн эрх зүйн харилцаа нь тээвэрлэлтийн гэрээгээр зохицуулагдаж байсан байх бөгөөд ачаа илгээгч нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй. Тээвэрлэгч нь баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй. Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцахаар хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд ачаа, барааны эзэн бус тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан “М ” ХХК нь зөрчлийн холбогдогчоор тогтоогдох хууль зүйн үндэслэлтэй байна.

3.3. Захиргааны хэргийн шүүх зөрчлийн холбогдогчийг дуудан ирүүлээгүй, албадан ирүүлэх хуулийн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь 2024 оны 07 дугаар сарын 02, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд харилцаа холбооны хэрэгслээр холбогдогчийг дуудсан. Зөрчлийг харьяалан шийдвэрлэх субьектийн хувьд гаалийн улсын байцаагч нь холбогдогчийг албадан ирүүлэх хууль зүйн боломжгүй, тусгай журмаар шалган шийдвэрлэх зөрчлийн холбогдогчийг албадан ирүүлэхээр хуульчилсан тул анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй байна. Гуравдагч этгээд Б.А нь 2024 оны 10 дугаар сарын 08-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргаж, мөн өдрөөр шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдээр томилж, мөн өдрөөр шүүхийн шийдвэр гарсан нь учир дутагдалтай байна. Анхан шатны шүүх нь гуравдагч этгээдийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар шийдвэрлэсэн бол шүүх хуралдааныг хойшлуулж, гомдлын шаардлагад хариу тайлбар гаргах, нотлох баримт өгөх зэргээр хариуцагчийн эрхийг шүүх хангаагүй.

3.4. Мөн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 61 тоот “М ” ХХК-ний гаалийн байгууллагад ирүүлсэн гэх албан бичиг нь гаалийн байгууллагад ирээгүй, уг албан тоот хаана хэнд гаргасныг, хаанаас хураан авч хэрэгт хавсаргасан нь тодорхой бус хэрэв прокурорын байгууллагад гаргасан бол зөвхөн шалгалтын хүрээнд хялбаршуулсан журмаар зөрчлийн материалыг хянах хууль, журмын заалт прокурорын байгууллагад хэрэгжээгүй байна. “М ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гаргасан албан тоотод гүйцэтгэх захирал А.К гэж нэр бичигдсэн байх боловч улсын бүртгэлийн байгууллагад 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр гүйцэтгэх захирал өөрчлөлт орсон байдаг. Үүнийг улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс харах боломжтой. Зөрчил үйлдэгдсэн, хэн үйлдсэн нь тогтоогдсон байгаа тул хураан авсан эд зүйлийг шийдвэрлээгүй орхигдуулсан үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, харин тухайн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах боломжтой байжээ.

3.5. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.1. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000000  дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох тусгай зөвшөөрөлгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй хилээр оруулж ирсэн” гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг “М ” ХХК-д оногдуулжээ.

2.2. Уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурор О.Я нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн улсын байцаагч Р.Э-д холбогдуулан “2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 000000  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлт гаргасан байна.

2.3. Анхан шатны шүүх ... Хариуцагчийн зүгээс зөрчилд холбогдогчоор “М ” ХХК-ийг тогтоосон боловч тухайн хилээр оруулж ирсэн бараа нь тус компаний бараа биш иргэн Б.У , Б.А нарын бараа болох талаар “М ” ХХК-иас зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн бөгөөд зөрчилд холбогдогч нь хэн болох нь тодорхойгүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажиллагаа хийгээгүй. “М ” ХХК-ийг зөрчилд холбогдогч гэж үзэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч тус компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг холбогдогчийн хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцооны эрхийг хангаагүй. Мөн хариуцагч нь зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор холбогдогч болон бусад этгээдээс мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл үйлдсэн боловч холбогдогчийн мэдүүлэг зөрчлийн хэрэгт авагдаагүй, холбогдогчид эрх, үүргийг нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна … биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэртээ тусгаагүй, өөрөөр хэлбэл эзэмшигчид нь буцаан олгосон эсэх, улсын орлого болгосон эсэх зэрэг нь тодорхойгүй байна гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4. Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-д “зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ”, 4.8 дугаар зүйлийн 3-д “Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ”, 4.8 дугаар зүйлийн 14-д “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.

2.5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь зөрчилд холбогдогчийг тогтоон, түүнд үнэн зөв мэдүүлэг өгөх талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн, мэдүүлэг өгсөн хүнээр гарын үсэг зуруулж бэхжүүлэхээр байна.

2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг зөв тогтоосон эсэх, холбогдогчоос мэдүүлэг авч, тэмдэглэлээр бэхжүүлж, гарын үсэг зуруулаагүй, эрх үүрэг тайлбарлаж өгөөгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлд бүртгүүлэлгүй хилээр оруулсан гэх 0000 ширхэг козлак цай, 0000 ширхэг macub мөнхийн хэмнэл биологийн идэвхит бүтээгдэхүүнийг хэрхэн шийдвэрлэсэн эсэх, уг барааг эзэмшигчид нь буцаан олгосон эсэх, улсын орлого болгосон эсэх зэрэг нь тодорхойгүй, энэ талаар шийтгэлийн хуудаст тусгаагүй болох нь тогтоогдож байна.

2.7. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 7.2 дугаар зүйлийн 2-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж тус тус  заасантай нийцээгүй, энэхүү зөрчлийн талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

            2.8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагуудаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                          Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                          Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ