Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч С.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Дагийнамжил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн харъяат, 1973 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо 10-02 тоот хаягт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Бат-Очир овогт Төмөрбаатарын Өлзийсайханд PД: KЮ73121619 холбогдох эрүүгийн 201610010158 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч Т.Өлзийсайхан нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор Т.Өлзий-Оршихийн Е1125055 дугаартай гадаад паспортыг  ашиглан хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Өлзийсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн " Би өөрийн паспортоо хил дээр хураалгасан байсан юм. Тэгээд Эрээн явах зайлшгүй ажил гараад өөрийн ихрийн паспортыг гэрээсээ авч гарсан. Тэгээд Замын-Үүд боомт дээр ирж шалгуулсан бөгөөд шалгагч эхлээд энэ таны паспорт мөн үү гэж асуухаар нь хариулаагүй, дараа нь хэдэн хүүхэдтэй гэхээр нь 2 гэж хэлсэн, манай нөгөө ихэр бас 2 хүүхэдтэй, тэгсэн чинь эхнэрийнх нь регистрийн дугаарыг асуух үед би үнэнээ хэлсэн. Тэгээд саатуулагдсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгож байгаа. Миний хувьд хувиараа чулууны наймаа эрхэлдэг бөгөөд өөрийн гэх хөдлөх болон үл  хөдлөх хөрөнгө байгаа, шүүхийн шийдвэрийн дагуу 42 сая төгрөгийн төлбөртэй байснаа төлж барагдуулсан, одоо банкны зээлээс өөр өр байхгүй." гэсэн мэдүүлэг

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Төмөрбаатарын Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспортод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-20/

Төмөрбаатарын Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспортод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23/

Төмөрбаатарын Өлзий-Орших, Төмөрбаатарын Өлзийсайхан нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52, 54/

Эд мөрийн баримтаар Төмөрбаатарын Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспорт, Төмөрбаатарын Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспорт зэргийг тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 70/

Зуучлалын гэрээ 2 хуудас, Сибиргеалогия гэсэн бичиг бүхий 1 хуудас баримт зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 71/

Гэрч Т.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн "2016 оны 7 дугаар сард наадмын дараа Т.Өлзийсайханы гэрт ирж хоноод Хөвсгөл хүн тээвэрлэж явах болоод гадаад паспортоо Өлзийсайханы гэрт нь үлдээгээд явсан. Хотод амьдрах орон байр байдаггүй. Ихрийндээ байдаг. Удлаа гэхдээ 2 хоноод буцаад Өмнөговь явдаг. 3 удаа гадаад паспорт авч байсан. E1125055 нь сүүлд авсан паспорт. Өмнөх 2 паспортыг хэзээ авснаа санахгүй байна. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Замын-Үүдээр гарсан гэдэг би биш, манай ихэр миний гадаад паспортоор гарах гэж байгаад баригдсан гэсэн он сар нь байна" гэсэн мэдүүлэг /хx-ийн 72-73/,

Гэрч Г.Бадамлянхуагийн мөрдөн байцаалтад өгсөн: " Би 2008 оноос Хилийн цэрэгт бичиг баримт шалгагч албан тушаалтай ажиллаж байгаад, 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс ИХШХЕГ-ын Баруун бүс дэх газарт бичиг баримт шалгагч албан тушаалтай одоог хүртэл Дорноговь аймаг дахь газарт ажиллаж байна. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Замын-Үүд авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр гарах чиглэлд бичиг баримт шалгах 4 дүгээр цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр Өлзийсайхан гэх иргэн нь өөрийн төрсөн ихэр болох Т.Өлзий-Оршихын E1125055 дугаартай гадаад паспортыг ашиглан хууль бусаар улсын хил нэвтрэх гэж байхад нь бичиг баримтад нь шалгалт хийж зөрчлийг илрүүлсэн. Өлзийсайханы ашиглаж байсан E1125055 дугаартай гадаад паспортонд шалгалт хийхэд ICM программд уншуулахад Ихэр болох нь тогтоогдсон. Тэгээд Т.Өлзийсайханы авч явсан гадаад паспорт нь ихэр нь болох Т.Өлзий-Оршихын гадаад паспорт байсан. Тэгээд Borex программ дээр Т.Өлзий-Оршихын эхнэрийн мэдээлэл байсан учир регистрийн дугаарыг хэлэхийг хүсэхэд хариулт өгөөгүй. Паспорт дээрх зураг болон Өлзийсайханы зургийг тулгаж харахад 2 ондоо байдал нь илт мэдэгдэж байсан. Чих, үсний хэлбэр гэх мэт...Тэгээд ахлах руу шилжүүлсэн. " гэсэн мэдүүлэг  /хх-ийн 75 /

Гэрч Ж.Батхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Би Т.Өлзийсайхантай 1997 онд гэр бүл болж, одоог хүртэл хамтдаа амьдарч байна. Бид хоёр 2 хүүхэдтэй. Том нь охин Т.Бүрэнжаргал 1992 онд төрсөн. Том охин Т.Бүрэнжаргал 1992 онд төрсөн. Хүнтэй суусан, тусдаа амьдардаг. Бага нь хүү Т.Энхжаргал 1999 оны 2 сарын 8-нд төрсөн. Т.Өлзий-Орших, Т.Өлзийсайхан нь ихрүүд юм. Т.Өлзий-Орших нь Өмнөговь-Улаанбаатар чиглэлд машинаараа хүн тээвэрлэдэг ажилтай. Т.Өлзий-Орших нь 2 хүүхэдтэй, эхнэр нь өөд болсон юм. Улаанбаатар хотод ирэхдээ манайд байрладаг. Элдэв муу зангүй хүн байгаа. Би тэр өдөр нь хөдөө байсан. 8-н жилийн ангийнхантайгаа явж байсан. Хөдөөнөөс ирээд юу болсон талаар мэдсэн. Нөхөр маань гэмт хэрэг хийх санаа бодолгүй. Хурдан бараагаа үзүүлчихээд л ирэх санаатай байсан байх. Хүний паспорт авч гарсан нь буруутай зүйл" гэсэн мэдүүлэг /хх-ийн 76

Гэрч Т.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Тухайн өдөр Т.Өлзийсайханы E1380513 дугаартай гадаад паспортыг хураан авсан ажилтан Г.Баярмаа нь декрит /хүүхэд асрах чөлөө/ авсан байгаа, мөн Ховд аймгийн Булган суманд байгаа. Тус иргэний гадаад паспортыг хураан авах болсон шалтгаан нь Улсын хил нэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн байсан юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Т.Өлзийсайхан /E1380513 дугаартай гадаад паспорт/-ыг улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн байсан. Ямар учраас тус иргэнийг улсын хилээр нэвтрэхийг түдгэлзүүлсэн нь манайд тодорхойгүй байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас манайд тухайн иргэнийг улсын хил нэвтрүүлэхгүй, саатуулж өгөхийг хүссэн албан бичиг ирүүлдэг юм" гэсэн мэдүүлэг /хх-ийн 78/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн "Төмөрбаатар овогтой Өлзий-Оршихын нэр дээрх E1125055 сери дугаартай Монгол улсын иргэний "үндэсний энгийн" гадаад паспорт нь ямар нэгэн засвар хийгдээгүй, жинхэнэ паспорт байна" гэсэн 4913 тоот шинжээчийн дүгнэлт /хx-ийн 84/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн " 1. Шинжилгээнд ирүүлсэн E1380513 дугаартай гадаад паспортын 1 дүгээр хуудасны 2 дугаар талд "ПАСПОРТ PASSPORT" гэсний доод хэсэгт байрлах шинжилж буй цээж зураг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.Өлзийсайханы цээж зурагтай тохирч байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн E1125055 дугаартай гадаад паспортын 1 дүгээр хуудасны 2 дугаар талд "ПАСПОРТ PASSPORT" гэсний доод хэсэгт байрлах шинжилж буй цээж зураг нь Т.Өлзийсайханы цээж зурагтай тохирохгүй." гэсэн 5151 тоот шинжээчийн дүгнэлт /хx-ийн 91/

Шүүгдэгч Т.Өлзийсайхан нь ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т.Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспорт, Т.Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспорт, зуучлалын гэрээ 2 хуудас, Сибиргеалогия гэсэн бичиг бүхий 1 хуудас баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.Өлзийсайхан нь өөрийн ихэр болох Төмөрбаатарын Өлзий-Оршихийн Е1125055 тоот үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоор гэрээсээ авч яван 2016 оны 07 сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор тухайн паспортыг ашиглан хууль бусаар хил нэвтэрсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Дагийнамжил нь шүүгдэгчийн дээрх үйлдлийг гэмт хэрэг биш, харин зөрчил гаргасан, түүнчлэн гэрч Бадамлянхуагийн мэдүүлгээс харахад шүүгдэгч нь ихрийнхээ паспортоор зорчиж байгаа талаараа үнэнээ хэлсэн тул гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзсан гэж үзэх тул  цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй юм. Учир нь гэмт хэрэг үйлдэхээс сайн дураар татгалзахад гадны ямар нэгэн нөлөөгүйгээр үйлдлээ туйлд нь хүргэхгүй байхыг ойлгох юм. Гэтэл шүүгдэгч нь иргэн Т.Өлзий-Оршихийн паспортыг анхнаасаа хилээр хууль бусаар нэвтрэх санаа зорилгоор биедээ авч явж, хил дээр ирж шалгалтаар тухайн үйлдэл илэрсэн байдаг бөгөөд уг хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, бусдын бичиг баримтыг ашиглан улсын хилээр гарах үйлдлийг идэвхитэй хийсэн байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг  хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Өлзийсайханы уг гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Төмөрбаатарын Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспортод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15-20/, Төмөрбаатарын Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспортод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 22-23/ гэрч Т.Өлзий-Оршихын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хx-ийн 72-73/, гэрч Г.Бадамлянхуагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  /хх-ийн 75 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн " 1. Шинжилгээнд ирүүлсэн E1380513 дугаартай гадаад паспортын 1 дүгээр хуудасны 2 дугаар талд "ПАСПОРТ PASSPORT" гэсний доод хэсэгт байрлах шинжилж буй цээж зураг нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.Өлзийсайханы цээж зурагтай тохирч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн E1125055 дугаартай гадаад паспортын 1 дүгээр хуудасны 2 дугаар талд "ПАСПОРТ PASSPORT" гэсний доод хэсэгт байрлах шинжилж буй цээж зураг нь Т.Өлзийсайханы цээж зурагтай тохирохгүй." гэсэн 5151 тоот шинжээчийн дүгнэлт /хx-ийн 91/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т.Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспорт, Т.Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспорт, зуучлалын гэрээ 2 хуудас, Сибиргеалогия гэсэн бичиг бүхий 1 хуудас баримт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Иймд Замын-Үүд дэх Сум дундуны Прокурорын газраас шүүгдэгч Т.Өлзийсаханы үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгчийн гэм буруу хэрэгт тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Өлзийсайхан нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн  хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Т.Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспорт, Т.Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспорт, зуучлалын гэрээ 2 хуудас, Сибиргеалогия гэсэн бичиг бүхий 1 хуудас баримт зэргийг шүүгдэгч өөрөө авах хүсэлт гаргасан бөгөөд дээрх энгийн гадаад паспортууд нь ямар нэг засвар хийгдээгүй, жинхэнэ паспорт болох нь хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шүүгдэгч Т.Өлзийсайханд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бат-Очир овогт Төмөрбаатарын Өлзийсайханыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Төмөрбаатарын Өлзийсайханыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1-т зааснаар  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15,360,000 /арван таван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Т.Өлзий-Оршихийн Е1125055 тоот гадаад паспорт, Т.Өлзийсайханы  Е1380513 тоот гадаад паспорт, зуучлалын гэрээ 2 хуудас, Сибиргеалогия гэсэн бичиг бүхий 1 хуудас баримт зэргийг шүүгдэгч Т.Өлзийсайханд олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч Т.Өлзийсайхан нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл  шүүх уг ялын хэмжээнээс хамаарч 3 жил хүртэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгчид урьд авсан гадагш явахгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД