Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2021/0050

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Х.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэст тус тус  холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Татварыг нөхөн төлүүлэх тухай” 01/46 дугаар актын Х.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгох, Х.Нийн Х банкин дахь ****** дугаартай харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн албан татварт 540 000 төгрөг суутгасан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, Татварын хэлтсээс 540 000 төгрөг гаргуулан Х.Нт олгох тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч Х.Алтангүл, хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт байрлалтай миний өмчлөлийн газарт Х.Х нь үйлчилгээний зориулалттай авто угаалгын газрыг ажиллуулж, үйл ажиллагаа явуулдаг байсан.  Аймгийн улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Х.Хийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Гэтэл иргэн Х.Н надад аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/46 дугаар актаар үйлчилгээний зориулалттай Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгөд ногдох татвар нөхөн төлүүлэхээр болж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний Х банкин дахь ****** тоот данснаас 540 000 төгрөгийн татварыг илт үндэслэлгүйгээр суутган авсан байна.

Аймгийн аудитын газрын татвар нөхөн төлүүлэхээр тогтоосон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь миний нэр дээр бүртгэлгүй бөгөөд тус үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгч биш этгээдийг татвар төлөгчөөр тогтоож, татвар суутган авсан үйлдэл нь хууль бус болжээ. Миний бие Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгөд аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  01/46 тоот актаар татвар нөхөн төлүүлэхээр болж, миний Х банкны данснаас 540 000 төгрөг суутгасныг мэдээгүй. Өөрөөр хэлбэл аймгийн аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн актыг гардан аваагүй, танилцаагүй, ямар үндэслэлээр мөнгө суутгасныг мэдээгүй байсан болно. Иймээс Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/46 тоот актаар Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулсныг мэдсэнээс хойш Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу дээд шатны байгууллагад хандсан. Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Татварыг нөхөн төлүүлэх тухай” 01/46 дугаар актын Х.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний Х банкин дахь ****** дугаартай харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн татварт 540 000 төгрөг суутгасан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож, Татварын хэлтсээс 540 000 төгрөг гаргуулан Х.Н надад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Х.Нийн данснаас 540 000 төгрөгийг 2015, 2016, 2017 онуудад үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулж суутгаж авсан Татварын хэлтсийн  үйлдэл нь  хууль бус юм. Аудитын байгууллага  хяналт шалгалт хийхдээ бүх талаас нь хяналт шалгалт хийж, журамд заасны дагуу татвар төлөх үүрэгтэй эсэхийг зохистой  талаас нь нотолж чадаагүй. Цахим баримтыг цуглуулсны үндсэн дээр нотолж акт тогтоох ёстой. Энэ зарчим алдагдсан учраас аудитын байгууллагын актын үндсэн дээр татварын системд бүртгэгдэж татвар суутгасан үйлдэл хууль бус болсон гэж үзэж байна. Иймээс  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Энэ асуудлын хүрээнд иргэн Х.Нийн хэлтсийн даргад хандаж татварын улсын байцаагч Х.А нь миний эрх ашгийг хохироож хууль бусаар албан татвар суутгаж авсан гэх гомдлын дагуу шалгалт хийж үзэхэд татварын улсын байцаагч Х.А нь аймгийн Аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/46 дугаар актыг үндэслэн иргэн Х.Нийн нэр дээр бүртгэлтэй Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгөд  албан татвар ногдуулж, татварын удирдлагын нэгдсэн системд үүссэн татварын өргийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-т заасны дагуу татварын өрийг үл маргах журмаар гаргуулан авч төсөвт төвлөрүүлсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийг дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийг дүнгээр тус тус тодорхойлно гэж заасан байна. Харин Ү-****** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө Х.Нийн дүү болох Х.Хийн нэр дээр давхар бүртгэлтэй байгаа асуудлаар Улсын бүртгэлийн хэлтэст хандах нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Аудитын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2015 онд үл хөдлөх хөрөнгийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал, үр дүнд нийцлийн аудит хийсэн.

Нийцлийн аудитын явцад Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2013, 2014 онд ашиглалтад орж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2014 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөлтийн жагсаалттай тулгаж үзэхэд 33 аж ахуйн нэгж, байгууллага иргэний үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2014 онд татварын албанд бүртгэгдээгүй, тухайн жилд ногдох нийтдээ 3832.1 мянган төгрөгийн татвар төлөгдөөгүй байна.

Энэ нь Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн  5 дугаар зүйлийн 5.2-т орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж буюу эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн  хэрэг нээн бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчиж байгаа тул дээрх 33 иргэн, хуулийн этгээдээс  3832.1 мянган төгрөгийн албан татварыг  Татварын хэлтэст хариуцуулан нөхөн төлүүлэхээр акт тогтоосон. Тухайн үед Хайрат овогтой Нурбекийн өмчлөлийн  Ү-****** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн татварт 60 000 төгрөгийн акт тогтоож байсан. Хэргийн материалаас үзэхэд Х.Нийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр ирүүлсэн Улсын бүртгэлийн хэлтсийн судалгаа алдаатай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн аудитын газраас үл хөдлөх эд хөрөнгийн 2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд нийцлийн аудит хийж, тухайн оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдуулалт хийгдээгүйн улмаас нийтдээ татвар ногдох  3832.1 төгрөгийг орон нутгийн орлогод төвлөрүүлээгүй орхигдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 18.1.1, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6.1, 8.2, 8.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх” гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 01/46 дугаартай акт тогтоож, нэр бүхий 33 иргэн, аж ахуйн нэгжээр үл хөдлөх хөрөнгийн албан  татварт 3832.1 төгрөгийг нөхөн төлүүлэхээр, уг татварын мөнгийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны дотор төсвийн орлого болгож оруулахыг Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга, Татвар хураалтын тасгийн дарга нарт хариуцуулж шийдвэрлэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.”  гэж заасан ба  01/46 дугаартай актын хавсралтын 24 дэх хэсгээс үзэхэд нөхөн төлүүлэх 3832.1 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварын 60 000 төгрөгийн татвар нь нэхэмжлэгч Х.Нт холбогдолтой байх ба энэ нь түүний өмчлөлийнх гэх улсын бүртгэлийн Ү-****** дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд ногдуулсан албан татвар байна.

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн Ү-****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш гэж маргасан бол хариуцагч талаас 01/46 дугаар актын талаар  шүүхэд тайлбарлахдаа “Уг актыг тогтоохоос өмнө Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 69 иргэн, аж ахуйн нэгжид холбогдох 2013-2014 онд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  судалгааны холбогдох хэсэгт  Өлгий сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай 30 00 000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Н нь  2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-****** дугаарт  бүртгүүлсэн  гэж тусгасныг үндэслэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д  “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс ...0.6-1.0 хувиар тооцож ногдуулна.” гэж зааснаар нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдсэн 30 000 000 төгрөгийн үнэлгээнээс 0.6 хувиар тооцож, 2014 оны 9, 10, 11,12 дугаар сард ногдох 60 000  төгрөгийн татварыг  нөхөн төлүүлэхээр тогтоосон гэжээ.

Х.Нийг  актаар тогтоосон албан татвараа сайн дураар төлөөгүй гэж үзэж,  аудитын байгууллагын 01/46 дугаар актыг үндэслэн хуульд зааснаар татварын өрийг барагдуулах, татвар хураах бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувьд  Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс  нэхэмжлэгчийн Х банкин дахь ****** тоот харилцах данснаас 540 000 төгрөгийн татварын өрийг үл маргах журмаар гаргуулахаар 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 224 дугаартай мэдэгдэх хуудсыг тус банкинд хүргүүлснээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 540 000 төгрөгийг татварт суутгасан гүйлгээ хийгдсэн  нь хэрэгт авагдсан энэ талаарх нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтын талаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс “ ... Х.Нийн 30 000 000 төгрөгийн  үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгөд ногдох 2015, 2016, 2017 оны татварт 540 000  төгрөгийн татварын удирдлагын нэгдсэн системд үүссэн өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжид татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа,шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна.” заасны дагуу үл маргах журмаар нэхэмжлэгчийн банкин дахь данснаас гаргуулан авч төсөвт төвлөрүүлсэн. ” гэж тайлбарлажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Н нь Өлгий сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 100 м2 талбайтай авто угаалгын зориулалттай гаражийг анх иргэн Х.Бтэй хамтран өмчилдөг хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлснээр Баян-Өлгий аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 000237787 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.  Үүний дараа уг хөрөнгөө Х.Н, Х.Б нараас иргэн Х.Хэд 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэрээний дагуу бэлэглэснээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/  дагуу Х.Хийг  улсын бүртгэлийн Ү-****** дугаартай тухайн үл хөдлөх хөрөнгийн шинэ өмчлөгчөөр 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр бүртгэж, 000237789 дугаартай гэрчилгээг улсын бүртгэгчээс олгосон байжээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар  нэхэмжлэгч Х.Нийн дээрх үл хөдлөх  эд хөрөнгийг өмчлөх эрх нь 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болж, мөн үеэс иргэн Х.Хэд тухайн хөрөнгийг өмчлөх эрх шинээр үүссэн байжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3.-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга байгууламж болон бусад зүйл нь газрын бүрдэл хэсэг байна.” гэж тус тус заасан. 

Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:” гэж, үүний 4.1.4-т “ Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;” гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:”, гэж үүний 7.1.1-д “ улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;” 7.1.2-т ”орон сууц;”, 7.1.3-т “нийтийн эзэмшлийн барилга байгууламж”, 7.1.4-т “үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.”, 7.1.5-т “чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.” гэж тус тус заасан.

 Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэгдсэн авто угаалгын буюу үйлчилгээний зориулалттай дээрх гараж нь Иргэний хуулийн 84.3,  85.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байгаагийн хувьд  Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар уг хөрөнгө нь  албан татвар ногдох зүйл  мөн бөгөөд  уг эд хөрөнгөд ногдох татварыг  төлөгч нь хуулийн 4.1.4-т зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа иргэн байна.

Улсын бүртгэлийн Ү-****** дугаартай авто угаалгын зориулалттай гаражийг 2014 онд бүртгүүлэх үеийн үнэлгээ нь  30 000 000 төгрөг байх ба хариуцагч нарын тайлбарласнаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар уг үнэлгээнээс 0.6 хувиар тооцож, Баян-Өлгий аймгийн аудитын газраас нэхэмжлэгчийн төлөх 2014 оны 9,10,11,12 дугаар сард ногдох татварыг 60 000 төгрөгөөр тодорхойлсон, Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс 2015, 2016, 2017 онуудад ногдох 3 жилийн албан татварт нийт 540 000 төгрөг ногдуулж, нэхэмжлэгчийн банкин дахь харилцах данснаас суутгасан  байх боловч нэхэмжлэгч Х.Н нь 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан, 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн иргэн Х.Х нь уг хөрөнгийн шинэ өмчлөгч болсон байх тул захиргааны байгууллагаас  албан татвар төлүүлэхээр тогтоосон хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын байдлаар, мөн 2015, 2016, 2017 онуудад нэхэмжлэгч Х.Н нь дээрх үл хөдлөх эд хөрөнгөд ногдох татварыг төлөх Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан татвар төлөгч этгээд биш байна.

Баян-Өлгий аймгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн /2003 он/ 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нийцлийн аудит хийж,  15 дугаар зүйлийн 15.1.12-т “Аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх” гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 01/46 дугаар акт тогтоохдоо нэхэмжлэгч Х.Нийг улсын бүртгэлийн Ү-****** дугаартай авто угаалгын зориулалттай гаражийн өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба  татвар төлөх үүрэг хүлээгээгүй этгээдээр уг үл хөдлөх хөрөнгийн 2014 оны 9,10,11,12 дугаар саруудад ногдох албан татварт 60 000 төгрөг тогтоож,  нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байх” төрийн аудитын үндсэн зарчимтай нийцээгүй хууль бус шийдвэр байна. Иймд 01/46 дугаар актын Х.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Х.Нт үл хөдлөх хөрөнгийн албан татварт 540 000 төгрөгийг төлөхийг танилцуулж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн үед тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болохоо мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн тайлбар болон мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэрч тус хэлтсийн татварын байцаагч Х.Аын “...2017 оны байдлаар тухайн татвараа төлөөгүй байсан учраас Татварын ерөнхий хуульд заасны дагуу Х.Нт татвар төлөх талаарх мэдэгдлийг гардуулж, танилцуулсан. Энэ үед Х.Н нь надад үл хөдлөх хөрөнгө байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Х.Н нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш болохоо татварын улсын байцаагчид мэдэгдсэн байхад  Баян-Өлгий аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч нь татвар  ногдуулалттай холбоотой үйл ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлэхгүйгээр улсын бүртгэлийн Ү-****** дугаартай авто угаалгын зориулалттай гаражийн өмчлөгч биш иргэнийг татвар төлөгчөөр тодорхойлж тухайн хөрөнгөд ногдох 2015, 2016, 2017 оны албан татварын 540 000 төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн  банкин дахь харилцах данснаас үл маргах журмаар татварын өрд суутгасан үйлдэл нь хууль бус байснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  байна.

Ийнхүү хариуцагч Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэгч Х.Нийн Х банкин дахь ****** дугаартай харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлийн Ү-****** дугаартай үл хөдлөх хөрөнгөд ногдох  татварт 540 000 төгрөг суутгасан нь хэрэгжсэн үйл ажиллагаа байх тул уг үйлдэл нь дээрх үндэслэлүүдээр хууль бус байсан болохыг тогтоолгох талаарх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг үндэслэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актууд хууль бус болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгчид хууль бусаар төлүүлсэн үл хөдлөх хөрөнгийн албан татвар болох 540 000 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс 540 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нт олгохоор нэхэмжлэлийн энэ талаарх шаардлагыг мө хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн /2003 он/ 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.12, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн аудитын газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Татварыг нөхөн төлүүлэх тухай” 01/46 дугаар актын Х.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Нийн Х банкин дахь ****** дугаартай харилцах данснаас 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн албан татварт 540 000 төгрөг суутгасан Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн үйлдэл хууль бус байсан болохыг тогтоож,  Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс 540 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          М.РИЗА