Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1358

 

 

 

 

 

 

 

 

       2022         10          31                                        2022/ШЦТ/1358

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.П, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч Н-А, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н-Ад холбогдох 2203004130399 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 15-ны  өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн Их” ХХК-д туслах ажилтан хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн ............... тоотод оршин суух, урд

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 8,300,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Боржигон овогт Н-ийн А (регистрийн дугаар: ЙФ9007.....................).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Н-А нь 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн  21 цаг 48 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, Эмээлтийн зам, “Эрдэнэ” ХХК-ний зүүн замд “Nissan Advan” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 1.1.” Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;” 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:” 5.3. “...гэрэл нь ...бүдэг асдаг болсон;”, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж явган гарцаар гарч явсан явган зорчигч Д.Ямөргөж  эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 414 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хохирлын тооцооны баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.П, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нараас хохирол, хор уршиг нэхэмжилж, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

6. Шүүгдэгч Н-А нь “Nissan Advan” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Д.Я мөргөж  эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

6.1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-15 хуудас),

6.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг Төв аймгийн Өндөр ширээт сумын нутагт мал маллаж байх үед манай аавыг зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод ээж, эхнэрийн хамт ирэхэд манай аав Д.Я ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Одоо манай аав ухаан ороогүй байгаа бөгөөд баруун хөл  дунд чөмгөөр хугарсан, баруун талын 4 хавирга хугарсан, тархинд хүнд гэмтэлтэй байгаа гэж эмч нар хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас),

 

6.3. Шүүгдэгч Н-А ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний орой 22 цаг 00 минутын үед Ниссан Эдван маркийн .........  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод Батсүмбэр сумаас Эмээлт рүү гэртээ харихаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байх үед гэрлийн гялбаанд гэнэт урдуур хүн гарч ирээд би тоормос гишгэсэн боловч тухайн хүнийг мөргөж осол гаргасан...”, “... Би осол гарах үед ойролцоогоор 60 км/цагийн хурдтай явж байсан..., хохирлыг төлөхийг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

 

6.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 10154 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Д.Д.Ягийн биед тархины баруун хажуу ховдлын няцрал, цус хуралт, баруун уушгины няцрал, цээжний баруун хөндийн шингэн хуралт, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, нүүрний баруун хажуу хэсгийн зулгаралт, баруун шанаа, зүүн чихний язарсан шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.12-д заасаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 88-90 хуудас),

 

6.5. ”Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 999380  дугаартай “...Хариулт 1. Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна. Хариулт 2. Урд салхины шил, урд их гэрэл, хойд гэрэл хагарсан, их бие/кузов/ хонхойсон байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Мөн урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан, 1 дүгээр тэнхлэгийн тоормосны хүчний зөрүү 47% байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Дугуйн хээний гүн 1 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 97-101 хуудас),

 

6.6. Мөрдөгчийн 811 дугаартай Магадалгаа “ ... Жолооч Н-А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралт: 1.1.” Ажлын тоормосны идэвхжил нь MNS4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх;” 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ доор дурдсан хэмжээнээс бага болсон буюу үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн:” 5.3. “...гэрэл нь ... бүдэг асдаг болсон;”, 16.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн (хавтаст хэргийн 167 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

7. Мөрдөгчийн 811 дугаартай магадалгаанд дурдсан “техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй, тоормос стандартад заасан үзүүлэлт хангаагүй, гэрэл бүдэг асдаг, явган хүний гарц дээр зогсоох арга хэмжээ аваагүй” зэрэг зөрчлүүд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, уг гэмт хэрэг гарах суурь шалтгаан болсон бөгөөд жолооч нь явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан.

8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

9. Хохирол, хор уршгийн талаар:

9.1. Хохирогч талаас мөрдөн байцаалтын явцад баримтаар 3,034,618 төгрөг нэхэмжилснээс 1,338,100 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1,696,618 төгрөг төлөгдөөгүй байгаа.

 

9.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн талаас эмчилгээний зардалд 4,395,712 төгрөг, охин Я.С-нь ажлаасаа чөлөө авч 3 сар эцгээ асарсан хугацааны цалин 3,600,000 төгрөг, мөрдөн байцаалтад гаргаж өгсөн баримттай зардлаас төлөгдөөгүй 1,696,618 төгрөг нийт 9,692,230 төгрөг нэхэмжилсэн.

 

9.3. Хохирогч талаас баримтаар нэхэмжилсэн төлбөрөөс “Гандан туул”, “Инга” хүнсний дэлгүүрүүдээс авсан хүнсний барааны 31,300 төгрөг нь эмчилгээ, сувилгаанд хамааралгүй тул хохирлоос хасч тооцох, Я.С-нь эцэг болох Д.Я г 3 сар асарсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч ажил олгогчийн чөлөө олгосон тушаал болон 01 сард гарт олгодог цалингийн тооцоолол зэрэг нотлох баримтууд байхгүй тул энэ удаагийн хурлаар шийдвэрлэх боломжгүй.

 

9.4. Хохирогч талаас нэхэмжилсэн 9,692,230 нэхэмжилсэн мөнгөн дүн  – 3,600,000 т 3 сарын цалин – 31,300 т хүнсний бараа = 6,061,230 төгрөгийг шүүгдэгч Б.А-гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа, сувилгаа, өвчтөн асарсан хугацааны цалин болон зайлшгүй шаардлагатай бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд нээлттэй тусгаж өгөх.

 

9.5. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 04/3784 дугаартай албан бичгээр хохирогчийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,119,000 төгрөг зарцуулсан (хавтаст хэргийн 165-166 хуудас)  болох нь тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгох нь зүйтэй.

            9.6. Шүүгдэгч Н-Аын унаж явсан автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ н.Пгэх хүний нэр дээр бүртгэлтэй баримт хэрэгт авагдсан ба 2017 онд иргэн О.Ц-д худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан (хавтаст хэргийн 187 хуудас) боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлээгүй.

            9.7. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “уг автомашиныг О.Ц гэх хамаатны эгч худалдаж аваад 2 жил орчим өөрийн өмчлөлд ашиглаж байгаад сүүлийн 2 жил орчим манай ах Н.П эзэмшиж ашиглаж байсан. Би мөн өөрийн хэрэгцээнд унаж ашигладаг” гэх тайлбар гаргасан.

 

9.8. Иргэний хуулийн Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалтаар буюу мөн хуулийн 499.1.Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

499.4.Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.гэж заасан.

 

9.9. Уг тээврийн хэрэгсэл нь хэрэгт авагдсан баримтаар Ш.Пунцаг гэх хүний нэр дээр бүртгэлтэй (хавтаст хэргийн 188 хуудас),  Иргэний хуулийн дээрх зохицуулалтаар уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Ш.П хохирлыг хариуцахаар нөхцөл байдал үүсч байгаа боловч Ш.П нь 2017 онд бусдад худалдсан (хавтаст хэргийн 187 хуудас) баримттай.

 

9.10. Эрүүгийн хэрэгт О.Ц-ыг иргэний хариуцагчаар татсан боловч 2019 онд Н-А ын ах Н.П гэх хүнд уг авто машиныг худалдсан талаар мэдүүлсэн (хавтаст хэргийн 186 дугаар хуудасны ар тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н-А “уг автомашиныг миний ах Н.П худалдаж авсан боловч бид хоёр эзэмшиж, ашигладаг” гэж  мэдүүлсэн, дээрх гурван хүний хэн алины нэр дээр өмчлөгч, эзэмшигчийн бүртгэл хийгдээгүй, эрүүгийн хариуцлага, учруулсан хохирлын асуудал нь гэм буруутай хамааралтай ойлголт тул хохирол, хор уршгийг шүүхээс гэм буруутайд тооцсон этгээд болох шүүгдэгч Н-Ааас гаргуулах нь зүйтэй  гэж шүүх үзсэн.

 

10. Эрүүгийн хариуцлагын талаар:

            10.1. Улсын яллагчаас шүүгдэгч Н-А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар Зорчин эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан.

 

            10.2. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч: Шүүгдэгчийн гэр Сонгинохайрхан дүүрэгт, ажил нь Чингэлтэй дүүрэгт байдаг, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа тул Хүчит шонхор зах явж ажил хийх бололцоог олгосон маршрут тогтоож ял өгнө үү? гэсэн.

           

            10.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч: Улсын яллагч ямар маршрутаар Зорчих эрх хязгаарлах ял оноохыг тодорхой хэлсэнгүй, шүүгдэгч хохирол төлөх талаар санаачилга гаргахгүй байгаа тул хохирол, хор уршгийг төлөх талаар хугацаа тогтоосон албадлагын арга хэмжээ давхар авч өгнө үү? гэсэн.

 

            10.4. Шүүгдэгч Н-А ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хохирол хор уршиг бүрэн арилаагүй, хохирлын зарим болох 1,338,100 төгрөгийн хохирол төлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчийн өмгөөлөгчийн албадлага хэрэглэж өгнө гэсэн санал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 жилийн хугацаагаар хүлээлгэх Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            11. Шүүгдэгч Н-А ын урьдчилан цагдан хоригдсон 07 хоногийн 1 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

            12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний болон жолооны үнэмлэх, бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Н-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Н-А-ын тээврийн хэрэгсэл жол                                                                           оодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 жилийн хугацаагаар хүлээлгэх Зорчих эрх хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

3. Н.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Н-А-ын цагдан хоригдсон нийт 07 хоногийн 01 хоногийг Зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй  бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын  эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Адьяажаргалд мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н-Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан Эрх хасах ялын хугацааг Зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4 дэх хэсэгт зааснаар Н-Ааас 6,061,230 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Пид “...рд:йг9303........, Төв аймаг, Дэлгэрхаан сум Дуут хуримт 2 дугаар баг Дөхмийн гол”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Н-Ааас 2,119,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) тус тус олгосугай.

 

8. Шүүгдэгчийн иргэний болон жолооны үнэмлэх, бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч цаашид гарах эмчилгээ, асаргаа, сувилгаа, өвчтөн асарсан хугацааны цалин болон зайлшгүй шаардлагатай бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ