| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амаржаргалын Алтанхуяг |
| Хэргийн индекс | 106/2022/0755/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/808 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/808
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтансувд,
шүүгдэгч Ч.Унаганболд түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Боржигон овогт Чулууны Унаганболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202004810326 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Wash box авто угаалгын газарт тогооч ажилтай, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Ерөө сум 3 дугаар баг Бугант төв 2 дугаар гудамж 71 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо 113 дугаар байр 31 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Чулууны Унаганболд. /РД:ТК98121510/
Шүүгдэгч Ч.Унаганболд нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 30а байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан 0,0942 грамм цэвэр жинтэй делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Унаганболд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 26-27 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 4060 дугаартай:
“... 1. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн гялгар ууттай 2,6001 грамм, цэвэр жин нь 0,0942 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,0191 грамм болов.
3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrоcannabinol/ илрэв.
4. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrоcannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хавтаст хэргийн 42-44 дэх тал/
Гэрч Н.Цэрэндовдонгийн “... Би найз Ч.Унаганболдтой хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголын Үндэсний их сургуулийн орчим 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим явж байтал 2 цагдаа ирээд шалгаж байна гээд миний биед үзлэг хийгээд манай найз Унаганболдын халаасанд байсан цагаан өнгийн ууттай зүйлийг хурааж аваад бид хоёрыг цагдаагийн байгууллага дээр аваачсан. Би тэр уутан дотор юу байсан талаар сайн мэдэхгүй. Манай найз Унаганболд мэдэж байгаа. Би мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 31 дэх тал/
Ч.Унаганболдын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 03 дугаар сард Дархан суманд очсон байх хугацаандаа Дархан сумын Шинэ хороолол гэх орон сууц хороолол дунд каннабис өвс ургасан байхаар нь 1 атга орчим хэмжээтэйг түүж аваад гялгар уутанд хийж Улаанбаатар хотод авчирсан. Түүнээс хойш маш бага багаар ойролцоогоор 3 удаа тамхи шиг цаасанд ороож татаж хэрэглэсэн. Тэгээд үлдэгдэл гялгар ууттай өвсөө өмдний халаасандаа хийгээд мартчихсан байсан. Тэгтэл 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нөгөө өмдөө мартаад өмсчихсөн найз Цэрэндондовтой уулзаж борооны шүхрээ аваад хамт гудамжаар алхаж байтал цагдаа ирээд шалгасан. Тэгэхэд миний өмссөн өмдний халааснаас жижигхэн гялгар ууттай каннабис өвсний үлдэгдэл гарч ирсэн.
Дээрх өвснөөсөө би хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт байхдаа ганцаараа тамхи шиг цаасанд ороож татсан. Өөрөөр бол хэрэглээгүй.
Би зүгээр л сонирхож тамхи шиг цаасанд ороож татаж хэрэглэсэн. Хэрэглэхэд тайван болох л мэдрэмж төрсөн. Өөрөөр мансуурах, манарах мэдрэмж төрөөгүй. Би байнга өдөр болгон хэрэглэдэггүй, сонирхож хэрэглэсэн нь миний буруу.
Би ер нь каннабис гэх өвсийг интернэтээс олж мэдсэн. Тэгээд таван салаа навчаар таньж түүсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 59-60 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Ч.Унаганболд нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 30а байрны гадаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан 0,0942 грамм цэвэр жинтэй делта 9 тетрагидроканнабинолын агууламжтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.
1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
1.4 Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ч.Унаганболд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “шүүгдэгч Ч.Унаганболдын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих” гэсэн хуулийн 2 дахь хэсэг “Мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис ... : 2.4. “хадгалах” гэсэн заалтад хамаарч байх тул түүн холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Дээрх хуулийн заалт нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг зөрчсөн этгээдэд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис ... хууль бусаар хадгалсан ... “ гэмт хэрэгт хамааралгүй юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй бөгөөд шүүгдэгч Ч.Унаганболд нь гэмт хэргийн улмаас учруулсан, хор уршигт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Унаганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Унаганболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтуудад зааснаар Ч.Унаганболд тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 0,0191 грамм өвсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Унаганболд баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Чулууны Унаганболдыг “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Ч.Унаганболдыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад зааснаар Ч.Унаганболдод тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Унаганболд нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ч.Унаганболд нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа 0,0191 грамм өвсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Унаганболдод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.АЛТАНХУЯГ