Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/861

 

 

 

 

 

 

 

 

   2022         11           15                                    2022/ШЦТ/861

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Э.Би, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205018582118 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, БНХАУ-ын Фудан их сургуулийн Эрүү нүүр мэс заслын эмчийн 6 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 эгчийн хамт ********* аймгийн ********** сум, *-р баг, *-р гудамж, * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***** овогт ****** Би, регистрийн дугаар /**********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Би нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Г.Ж эзэмшлийн “Делл Инспирон 3501 АЙ 3” загварын нөүтбүүкийг Л.Энэрэлтээр дамжуулан “шалгалтад бэлдээд өгий, түр хэрэглүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 89-р байрны гаднаас авч явсан, улмаар тухайн өдөр Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Би Эс Би Ди” барьцаалан зээлдүүлэх газарт 900.000 төгрөгийн барьцаанд тавьсан байх ба гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар тухайн эд зүйл зарагдаж хохирогч Г.Жд 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Би  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Г.Ж:

 “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр багын найз Энэрэлт над руу чат бичээд “нөүтбүүк хэрэгтэй байна, чи нөүтбүүкээ манай найзад түр хэрэглүүлээч 2 хоног хэрэглээд өгнө” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2022 оны 4-р сарын 17-ны өдөр Энэрэлт “нөүтбүүкийг чинь манай найз очоод авъя гэнээ” гэхээр нь би найз охин Сүрэнжавлхамын дугаарыг өгөөд “холбогдож байгаад авчхаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Энэрэлт найз Бидаа манай найз охины дугаарыг өгөөд тэр 2 холбогдож байгаад Баянгол дүүргийн 7-р хороо 89-р байрны үүдэнд манай найз охин миний нөүтбүүкийг Би гэх эмэгтэйд гаргаж өгсөн байсан. Тэгээд 2 хоног өнгөрсний дараа би Энэрэлтээс Би гэх эмэгтэй дугаарыг авч холбогдоод “нөүтбүүкээ авъя” гэтэл “за аваачаад өгий” гэчхээд алга болчхоод “за маргааш аваачаад егье, нөгөөдөр хүргээд өгье, амжсангүй” гэх шалтгаан хэлээд огт уулзаагүй, нөүтбүүк буцааж өгөөгүй. Тэгээд найз Энэрэлтээс асуухад “би Битай холбогдсон нөүтбүүкийг чинь хүргээд өгье гэсэн” гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сард “Пи Си Молл”-оос 2.100.000 төгрөгөөр лизингээр авч байсан. “Делл” загварын нөүтбүүк байсан бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

Хохирогчоор дахин мэдүүлэг өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 15-ны тухайн үед манай ээж Сэрээтэрийн Энх-Амгалан хэрэглээний лизингийн “Барьцаат зээлийн гэрээ” хийж надад уг нөүтбүүкийг PC mall-aac 2.100.000 төгрөгөөр авч өгч байсан. ...Бат-Амгалан гэх хүнийг огт танихгүй, ...хар өнгөтэй “Дэлл Ай 3” загварын нөүтбүүк байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Гэрч Л.Э:

 “...2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өмнө нь хамт 10 жилд сурч байсан Би гэх охин над руу фейсбүүкээр чат бичиж “1 өдөр нөүтбүүкээ хэрэглүүлээч” гэж хэлсэн. “Ажлын хөлс 100.000 төгрөг өгнө” гэхээр нь Жд хэлэхэд “за за” гэж хэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Би Жагийн найз охин Сүрэнжавлхамаас Баянгол дүүргийн 7-р хороо, 89-р байрны гадаа очиж авсан байсан. Түүнээс хойш Би миний гар утсыг авахаа больж сураггүй алга болохоор нь Ж Цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Гэрч Г.Г:

 “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай ломбардад Э.Би гэх иргэн КЮ99100202 бичиг баримтаар бүртгүүлэн 8818-1005 дугаарын утас бүртгүүлж, хар өнгийн “Делл” загварын нөүтбүүкийг 900.000 төгрөгт барьцаанд тавьсан байна. 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан тул 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн хугацаа дуусаад Би гэх эмэгтэй ирээд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаа сунгаад 51.840 төгрөгийн хүү бодуулсан байна. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ирж авах байснаа ирж аваагүй хугацаа сунгалтаа хийгээгүй, мөнгөө төлөөгүй 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авах байснаас нөүтбүүкээ ирж аваагүй тул манай ломбардаас барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журамд заасны дагуу уг “Делл” загварын нөүтбүүкийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зарсан байна. Иргэн Би нь 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Делл” загварын нөүтбүүкээ барьцаанд тавьснаас хойш 1 ч удаа сунгалт хийж хүүгээ төлөөгүй ба эд зүйл нь хураагдсан байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дахь тал/,

“Дамно” Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.599.920 төгрөгөөр үнэлэгдсэн тайлан /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

“Би Эс Би Ди” барьцаалан зээлдүүлэх ломбардаас хураан авсан барьцаалан зээлдүүлэх хуудас, /хавтаст хэргийн 45-47 дахь тал/,

“Хэрэглээний лизинг XXК” 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №М- 53Г/2021-19695 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 49-51 дахь тал/,

Цахим орчинд Э.Би, Л.Э нарын харилцсан талаарх зурвасын хуулбар /хавтаст хэргийн 52-55 дахь тал /,

Шүүгдэгч Э.Би-гийн ял шалгах хуудас, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.  

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Би нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргахгүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Би-гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Би нь:

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Г.Ж эзэмшлийн “Делл Инспирон 3501 АЙ 3” загварын нөүтбүүкийг Л.Энэрэлтээр дамжуулан “шалгалтад бэлдээд өгий, түр хэрэглүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 89-р байрны гаднаас авч явсан, улмаар тухайн өдөр Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Би Эс Би Ди” барьцаалан зээлдүүлэх газарт 900.000 төгрөгийн барьцаанд тавьсан байх ба гэрээний үүргээ биелүүлээгүй шалтгаанаар тухайн эд зүйл зарагдаж хохирогч Г.Жд 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, “Би Эс Би Ди” барьцаалан зээлдүүлэх ломбардаас хураан авсан хуудас болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах ба ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

“Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг ойлгоно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.Би нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.Биг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ж-д 1.599.920 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.Би нь хохирогч Г.Ж төрсөн эх С.Энх-Амгаланд “Dell” брэндийн зөөврийн компьютер болон 250.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн. Хохирогчийн төрсөн эх “миний хүү Г.Ж нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсад суралцахаар явсан. Хохирлоо авсан, гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Би-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Э.Би-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч орчуулгын товчоонд хятад хэлний орчуулагчаар ажилдаг. Сард 850.000 төгрөгийн цалин хөлс авдаг. Иймд торгох ялыг төлж барагдуулах боломжтой тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Би нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Би-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Э.Би-гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205018582118 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Би нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ****** Би-г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Би-г 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бид оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Би нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Э.Би цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Э.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Би-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ