| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2018/03443/И |
| Дугаар | 295 |
| Огноо | 2019-02-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 295
| 2019 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 183/ШШ2019/00295 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Грийн вилла хотхон З СӨХолбооны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Грийн вилла хотхон ... байрны ... тоотод оршин суух, Б овогт П.У холбогдох,
дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 17.133.881 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Тухайн сууц өмчлөгчдийн холбоонд хамаардаг орон сууцнуудын цэвэр бохирын системийн бие даасан байдлаар шийдэгдсэн, оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс харуул хамгаалалтын алба гэрээгээр ажиллах зэргээр ихээхэн хэмжээний зардлууд гардаг тул айл өрх бүр сард 200.000 төгрөгийг тогтмол сууц өмчлөгчдийн холбоонд төлдөг. Гэвч 204 дүгээр байрны 201 тоот хаягт оршин суух хариуцагч нь СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байгаагаас холбооны санхүүгийн байдал хүндэрч мөн татвар, нийгмийн даатгал, харуул хамгаалалтын алба гэх тухайн СӨХ-нь цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Нийтийн оршин суугчдад сууц өмчлөгчдийн холбооны зүгээс үзүүлэх үйлчилгээний ногдох зардлыг Иргэний хууль болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлыг зохицуулсан хуульд холбооны гишүүд ижил тэнцүү төлөхөөр хуульчилсан байдаг. Үүнийхээ дагуу тухайн айлууд төлөх нь зүй ёсны асуудал. СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа нь бусад төлбөрөө төлсөн үйлчилгээ авч байгаа айлуудын үйлчилгээний асуудалд сөргөөр нөлөөлж байгаа асуудал гарч байгаа учраас хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 17.133.881 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ СӨХолбоо 2018 онд байгуулагдсан гэж байгаа, өмнөх СӨХолбоо нь хэдэн айлын саналаар 5 давхар байрны нэг давхарт үргэлжилсэн урт тагт барьснаас болж цонхоо онгойлгож чадахгүйд хүрч, гэр бүлээрээ харшилтай болсон, тэр тагтаа угааж цэвэрлэддгүй, айл амьтан янз бүрийн юм шидээд, тоос тортогтой дийлдэхгүй болсон. Би болон дээд давхрын айлууд эсэргүүцээд СӨХ-д бичиг өгөхөд хүлээн авчихаад уучлалт гуйгаад угааж өгнө гэчихээд ерөөсөө угааж өгөөгүй. Би СӨХ-ны мөнгөө тогтмол төлж байсан, энэ 17.133.881 төгрөгийг надаас худлаа нэхэмжилж байгаа. Би баримтуудаа аваад нягтлантай нь тулгаж үзэх гээд орохоор би мэдэхгүй гэж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бид СӨХ-ны үйлчилгээ аваагүй, ийм хохиролтой шийдвэр гаргаж тагт бариулчихаад бид нараас мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би СӨХолбоог хамгийн их дэмжиж төлбөрөө төлдөг байсан. Шинээр сонгогдсон сууц өмчлөгчдийн холбооны дарга нь миний баримтыг харчихаад энэ чинь баримт мөн шүү дээ баримтуудыг нь гаргаж өг гэж нягтландаа хэлж байсан. Энэ сууц өмчлөгчдийн холбоо 2018 онд байгуулагдсан байж эрх хэмжээнийхээ хүрээнд мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй байна. Өмнөх сууц өмчлөгчдийн холбооны алдаатай шийдвэрийн талаар ярихгүй байж яагаад мөнгө мөнгө гээд байгааг ойлгохгүй байна. Энэ нэхэмжлээд байгаа мөнгөн дүн тодорхойгүй, нягтлан дээр нь хүртэл орж шалгуулах гэхээр гаргаж чадахгүй байгаа. Нэхэмжлэлийн 17.133.881 төгрөгийг сар, сараар нь тодорхой болгож өгөөч гэхээр өгөхгүй байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Зсууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч П.У холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 17.133.881 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.
Нэхэмжлэгч Зсууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх бүрэн эрхийг Б.Б 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18\78 дугаартай итгэмжлэлээр хоёр жилийн хугацаатай олгосон байна /хх-4/.
Хариуцагч П.У нь нэхэмжилж байгаа 17.133.881 төгрөгийн талаарх баримтыг гаргаж өгөөгүй, юуны зардалд нэхэмжилж байгаа нь тодорхой бус, нэг давхарын хэдэн айлын зөвшөөрлөөр 5 давхар байрны нэг давхарт урт тагт барьсан түүнийгээ цэвэрлэхгүй байдлаас болж тоос тоосонцор үүсэж, эвгүй үнэр гарч гэртээ цонхоо онгойлгож тухтай амьдрах боломжгүй болсон, энэ сууц өмчлөгчдийн холбоо 2018 онд шинээр байгуулагдсан, төлбөр төлсөн баримтаа бариад шалгуулахаар сууц өмчлөгчдийн холбоонд орохоор нягтлан бодогч нь мэдэхгүй, хуримтлагдсан төлбөр гэж хэлээд баримтаа гаргаж үзүүлдэггүй, ямар хугацааны зардал нэхэмжилж байгаа нь тодорхой бус учраас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна” гэж, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан.
Түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д “дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ” гэж, хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заасан бөгөөд ЗСӨХ-ны удирдах зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18/06 дугаартай тогтоолоор Ц.Д гүйцэтгэх захиралаар томилсон байх тул тус сууц өмчлөгчдийн холбоог төлөөлөх бүрэн эрхтэй байна /хх-6/.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргаас тус холбоог бүртгэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс нэг жилийн хугацаатай 18/76 дугаартай гэрчилгээ олгожээ /хх-5/.
Гэтэл хэрэгт бүх гишүүдийн хурлаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцсэн талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгч Зсууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаар тус холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцэх эрхийг Зсууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлд шилжүүлсэн гэх байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Харин хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан “Грийн вилла” хотхоны бүх гишүүдийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 18/01 дугаартай нотариатаар баталгаажуулсан тогтоолд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг хэлэлцээгүй, сууц өмчлөгчдийн холбооны сарын тогтмол төлбөр 200.000 төгрөг байхыг батламжилсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “харилцагчийн гүйлгээ” гэх баримтаар нотлогдож байгаа, манай сууц өмчлөгчдийн холбоо бусад үйлчилгээ үзүүлдэг байгууллагад өртэй байгаа талаар тайлбарлаж Бүрэн дуулга ХХК-ний нэхэмжлэлтэй 2017 оны харуул хамгаалалтын тухай гэрээний төлбөр шаардсан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2018/01028 дугаартай захирамжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, ЗСӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэх баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг нотлох баримтаар гаргасан боловч тухайн харилцагчийн гүйлгээний тайлант үе 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 17.133.881 төгрөгт ямар цаг хугацааны төлбөр хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, 2016 оны 5 дугаар сарын төлбөр 11.369.769 төгрөг гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй, харуул хамгаалалт бусад зардлыг хариуцагч дангаар хариуцан төлөхөөр үүрэг хүлээсэн болох нь тодорхойгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах хэдий ч зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан /хх-26, 9, 10, 11/.
Түүнчлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т “орон сууцны цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууц хоорондын талбай болон тагт, сууцны доторх дундын ашиглалтын талбай, орцны хаалга, довжоо, цонх, хог зайлуулах хоолойн засвар үйлчилгээтэй холбогдсон, түүнчлэн өөр нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчдийн оролцох хэмжээг тодорхойлохдоо уг зардлыг тухайн орон сууцны нийт сууцны тоонд хуваана” гэж, мөн хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж зааснаар П.У нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй байх боловч зардлын хэмжээ тогтоосон байх нь шаардах эрхийн нэг нөхцөл болно.
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох нь орон сууц өмчлөгчийн үүрэг боловч зардлын хэмжээг тогтоосон байдал, ямар цаг хугацааны зардал нэхэмжилж байгаа үйл баримт нотлогдон тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.5-д заасныг тус тус баримтлан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 17.133.881 төгрөгийг хариуцагч П.У гаргуулахыг хүссэн Зсууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Я