Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 292

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00292

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Я даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, ..., К ХХК-ний нэхэмжлэлтэй,

хариуцагч- Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, ... байрны ... тоотод оршин суух, Э.О / /-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 23.862.122 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.О нь банктай 2017-11-09-ний өдөр 3000-2017/204 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 21.000.000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж  авсан. Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, *******,*******,******* тоот дахь 146,6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 630.000 төгрөг, үндсэн хүүнээс 1.591.002,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 707,83 төгрөг буюу нийт 2.221.710,12 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Зээлийн эргэн төлөлтөд үүсгэсэн хариуцагчийн зөрчил нь зээлийн гэрэний 2.1.10, 10.2 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлийг бүрдүүлж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөлийг үүсгэж байгаа талаар мэдэгдсэн боловч үр дүнд хүрээгүй болно. Зээлийн шимтгэл нь зээлдэгч нь өөрийнхөө зээлнээс эсхүл бэлнээр төлж болно. Гэрээний дагуу бол 21.000.000 төгрөгнөөс тооцооллууд явж байгаа. Зээлдэгч харин тэр шимтгэлээ хаанаасаа төлөх нь өөрийнх нь эрхийн асуудал. Ямар ч байсан 0,6 хувийн шимтгэл банк авсан гэж ярьсан болохоос зээл авсны өмнө болон дараа гэж яриагүй. Хариуцагч нэгэнт авсан 21000000 төгрөг дээр маргахгүй, зээлийн гэрээ байгуулсан төлбөр төлөх үүргээ биелүүлэх ёстой. Тийм болохоорЭ.Отэй байгуулсан 2017-11-09-ний өдрийн 3000-2017/204 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, үндсэн зээлийн төлбөрт 20.370.000 төгрөг, хуримтлуулсан үндсэн хүүнд 3.409.479 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 82.642 төгрөг нийт 23.862.122 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2017-11-09-ний өдрийн 3000-2017/204 тоот зээлийн гэрээг байгуулахдаа 21.000.000 төгрөг хүссэн бөгөөд зээл олгосны шимтгэл гэх 0,6 хувийг банк үндэслэлгүйгээр суутгаж авсан байдаг. Мөн банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан зээлийн явцын хяналт тавиагүй, шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлүүд байна. Дээрх зээлийн гэрээгээр 21000000 төгрөгийн хариуцагч Э.О бэлэн болон бэлэн бусаар авсан юм байхгүй. Үүнээс 0,6 хувийн шимтгэлийг хасаж ******* авсан байдаг. Тэр тухай баримтыг албан ёсоор гаргаж өгөхийг шүүхэд тавьсан боловч дэмжиж өгсөнгүй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан дүнгүүд бүгд 21 000 000 төгрөгөөс тооцогдоод явсан байгаа. Магадгүй 21 000 000 төгрөгийн 0,6 хувь нь хасагдсан бол ямар хэмжээний дүнгийн бууралттай нэхэмжлэлийн шаардлага орж ирэхийг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр яг энэ нэхэмжилсэн үнийн дүнг хариуцагч төлөх боломжгүй. Зээлийн гэрээн дээрх гарын үсэг Э.Огийнх мөн бишийг би хэлж мэдэхгүй. Би итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бол биш гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. *******тай бид 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр уулзахад тусгай активын хүмүүстэй уулзаж үнэхээр эвлэрэх саналтай байгаа бол зээл олголтын шимтгэл гэсэн дүнгээ хасчихаад байж асуудлаа ярь гэсэн. Зөрүүлээд зээлдэгч Э.О-далбан мэдэгдэл хүргүүлэх тухай 2476 дугаартай албан бичиг гаргаж өгч байсан. Тэгэхээр үүнтэй холбоотой маргаан тухайн үед гарч байсан гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХКнь хариуцагч Э.О-дхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23.862.122 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн шаардлага гаргажээ /хх-1-2/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-нийг бүрэн төлөөлөх эрхийг тус банкны тусгай активын хэлтсийн ажилтан *******од 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэлээр олгосон байна /хх-6/.

 

Хариуцагч Э.О нь *******ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өөрийгөө төлөөлөн оролцох бүрэн эрхийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр П.Эрхэмбаярт олгосон байна /хх-25/.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч К ХХКнь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3000-2017/204 дугаартай зээлийн гэрээг Э.Отэй байгуулж, зээлдэгч нь 21.000.000 төгрөгний зээлийг иргэдийн хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, зээл олгосны шимтгэлийг зээлийн үнийн дүнгээс 0,60 хувиар тохирч зээлсэн байх бөгөөд 3000-2017/204 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулж, *******,*******,******* тоот дахь 146,6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг 2017 оны 11-р сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна /хх-16-19, 20-23/.

 

Дээрх 3000-2017/204 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох *******,*******,******* тоот дахь 146,6 м.кв талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Э.Огийн өөрийнх нь өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд тухайн эд хөрөнгийг барьцаалуулах, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан байна /хх-7, 22-23/.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг өөрсдөө гаргаж өгөх боломжтой, зээлийн гэрээнд шимтгэл төлөхөөр гэрээний талууд тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Хэрвээ зээлийн гэрээ байгуулаагүй бол бидний хооронд эвлэрэх хугацаа тохирох асуудал гарахгүй, яригдахгүй. Зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар батлуулахад зээлдэгч өөрөө биечлэн очиж гарын үсэг зурдаг тул энэ хүн зээл аваагүй байсан бол манай албаны мэдэгдлийг хүлээж авахгүй байх, өөрийнхөө эрхийг зөрчигдөж байна гээд сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй байсан гэж тайлбарласан/хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 21.000.000 төгрөгийн зээл хүсээд үүнээс нь 0,6 хувийн шимтгэл хасаж тооцсон учир 21.000.000 төгрөгийн зээлийн гэрээний асуудал мөн үү гэдэг асуудал буюу шимтгэл суутгасан учир гэрээ хүчин төгөлдөр мөн эсэх асуудал харагдаж байна. Зээлийн гэрээнд зурсан гарын үсэг Э.Огийнх биш гэж үзэж байгаа тул шинжээч томилуулах, нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх санал гаргасан бөгөөд 4 сарын хугацааг хүлээн зөвшөөрч үнийн дүнгээс хасуулах санал гаргасан. Зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэхгүй байгаа, Э.О-дхүссэн 21.000.000 төгрөгийн зээлийг дутуу шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан буюу хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл гэж тайлбарлан маргасан /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэлд 3000-2017/204 дугаартай зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, *******ны 2018.12.03-ны өдрийн 2476 дугаартай албан мэдэгдэл гэх баримтыг нотлох баримтаар гаргасан тохиолдолд хариуцагч гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн үүрэг хүлээгээгүй болохыг тухайн албан мэдэгдэлд зурсан гарын үсэг өөрийнх нь биш болохыг буюу татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа шүүхэд гаргаагүй болно /хх-16-19, 20-23, 8/.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул хариуцагчийн зүгээс зээл аваагүй болохоо, зээлийн гэрээнд зурсан гарын үсэг өөрийнх нь биш болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан 3000-2017/204 дугаартай зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан шаардлагыг тус тус хангасан тэдгээрийн хооронд энэ төрлийн гэрээ байгуулагдаж, зээлийн харилцаа үүссэн байна.

 

Харин зээлдэгчид гэрээний зүйл болох 21.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэх үйл баримтын талаар хариуцагч тал маргаж, шимтгэл хасаж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа багасгавал 6 сарын хугацаагаар эвлэрэх боломжтой, зээлийн гэрээнд зурсан Э.Огийн гарын үсэг биш, зээлдэгчийн хүссэн зээлийг хүссэн хэмжээгээр нь зээлдэгчид шилжүүлээгүй гэж,

нэхэмжлэгч тал 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний зүйл болох 21.000.000 төгрөгийг зээлдэгч буюу Э.Огийн дансанд шилжүүлсэн, зээлийн гэрээнд тохиролцсоноор зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгээ хийсэн өдөр төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч Э.О зээл олголтын шимтгэлийг өөр хэлбэрээр төлөх талаар санал гаргаагүй тул 0,6 хувийн шимтгэлийг банк авсан гэж тус тус тайлбарласан /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрхээ алдах болзолтойгоор гэрээ байгуулсан бол уг болзол бий болсон тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзах эрхтэй” гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.5-д зээлийн гэрээний хугацаа 36 сар байх ба зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, төлбөр төлөх үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 22.7-д “зээлийн гэрээнд авсан зээлээ бүхэлд нь буюу хэсэгчлэн эргүүлэн төлөх нөхцөлийг зааж болно” гэж заасан ба 3000-2017/204 дугаартай зээлийн гэрээний 2.1.10-д “...зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бол ноцтой зөрчилд тооцохоор, гэрээний 10.2.8, 10.2.9-д банк зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах үндэслэлийг тус тус заасан байна.

Нэхэмжлэгч тал зээлдэгч буюу хариуцагчийг зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 630.000 төгрөг, үндсэн хүүнээс 1.591.002,29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 707,83 төгрөг, нийт 2.221.710,12 төгрөгийг төлсөн талаар тайлбарлаж зээл, зээлийн хүүний тооцоолол гэх баримт гаргасныг хариуцагч тал үгүйсгэж маргаагүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлдэгчийн хүссэн зээлээс шимтгэл 0,6 хувийг хасаж тооцсон учир гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олгосон зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан, хариуцагч тухайн өдөр зээлийн гэрээг байгуулахдаа зээл олгосны шимтгэлийг зээл олгох гүйлгээ хийх өдөр зээлдэгч төлөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байх тул шүүх Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан “ ...иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, ...гэрээний эрх чөлөө, ...шүүхээр хамгаалуулах...” зарчмыг хөндөх эрхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч тал хүссэн зээлийн төлбөрөөс тусад нь зээл олгосны шимтгэл төлөхөөр эсхүл угаас зээл олгосны шимтгэлийг төлөхгүй байхаар, шимтгэл хасагдсан дүнгээр үндсэн зээлийн төлбөр, хүүг тооцохоор зээлийн гэрээнд тохиролцсон болохоо нотлоогүй байхад гэрээний эрх чөлөөг зөрчих нь хуульд үл нийцнэ.

 

Хариуцагч Э.О-д2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний дагуу доор дурдсан үүрэг үүссэн байна.

Үүнд:

1.    Үндсэн зээлд – 20.370.000 төгрөг,

а/ 2.221.710 төгрөг /төлсөн үнийн дүн/ - 1.591.002,29 төгрөг /үндсэн хүү/, - 707,83 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/ = 630.000 төгрөг /үндсэн зээл/,

 б/ 21.000.000 – 630.000 = 20.370.000 төгрөг,

 

2.    Зээлийн хүү – 3.015.588 төгрөг ,

           а/ 20.370.000 х 22,8% /жилийн хүү/ = 4.644.360 төгрөг,

                           б/ 4.644.360 : 365 /хоног/ = 12.724 төгрөг /1 өдрийн хүү/,

                           в/ 12.724 х 237 хоног /нэхэмжлэгчээс гаргасан зээл, хүүний тооцоололд зөрчлийн хоногийг 237 гэж гаргасан/ = 3.015.588 төгрөг /хх-12/,

 

3.    Нэмэгдүүлсэн хүүгийн тухайд - 82.642 төгрөг,

                           а/ 2018.04.21 – 2018.12.14 хүртэл нийт 237 хоног,

                           б/ 4.644.360 /жилийн хүү/ х 4,56% /зээл, зээлийн хүүний тооцоололд/  = 211.783 төгрөг /жилийн нэмэгдүүлсэн хүү/,

                           в/ 211.783 : 365 хоног = 580,2 /1 өдрийн нэмэгдүүлсэн хүү/,

                           г/ 580,2 х 237 хоног = 137.507,4 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүүнд 82.642 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 82.642 төгрөгөөр хангав.

 

            Нэхэмжлэгч К ХХКнь зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн үлдэгдэл 20.370.000 төгрөг, зээлийн хүүд 3.015.588 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 82.642 төгрөг, нийт 23.468.230 төгрөгийг хариуцагч Э.Огээс шаардах эрхтэй байна.

 

            Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж, мөн хуулийн 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаас гадна Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, хуулийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх...” гэж тус тус заасан.

 

Зохигчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан барьцааны гэрээг байгуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3000-2017/204 дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгүүлсэн байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй болно /хх-21-23/.

 

Мөн барьцааны зүйл болох улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, *******,*******, ... тоот дахь 146,6 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь хариуцагч Э.О болохыг тодорхойлсон 000507468 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ нотлох баримтууд хэрэгт авагджээ /хх-7/.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй” гэж зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иймд Э.О-дхолбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 23.468.230 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж,  нэхэмжлэлийн шаардлагаас 393.892 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчаас 415.691 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 204 дүгээр зүйлийн 204.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Э.О-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 23.468.230 /хорин гурван сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун гучин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 393.892 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Э.О үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 417.661 /дөрвөн зуун арван долоон мянга зургаан зуун жаран нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 415.691 /дөрвөн зуун арван таван мянга зургаан зуун ерэн нэгэн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай /хх-3-5/.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч наршүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ                                      Д.Я