Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/675

 

 

 

 

 

    2022            10           11                                   2022/ШЦТ/675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,  

улсын яллагч С.Ууганбаяр (томилолтоор), 

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210000001021 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, бялдаржуулах урлагийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, дүү нарын хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** (РД:***).

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***ийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. гэсэн мэдүүлгийг гаргасан.

 

Хоёр. Эрүүгийн 221000000 1021 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

2. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нөхөр Дамчаасүрэн шөнө нойрны эм уугаагүй байсан болохоор унтаж чадаагүй гээд өдөржин орондоо хэвтсэн. 14 цагийн үед би хоол хийгээд хоолоо идээрэй өдөржингөө юм идсэнгүй босоорой гэхэд чимээгүй өрөөндөө хэвтээд үлдсэн. Тэгээд араас гарч ирээд миний шилэн хүзүүнээс базаж аваад шөнөжин унтаж чадахгүй байхад тавлаад байна уу гэхээр нь би цааш нь түлхээд чи яагаад байгаа юм гэхэд намайг шууд цохихоор нь өөрийнх нь нүүр лүү алгадахад хамар хэсгээр нь жижиг шалбархай болсон чинь намайг зодлоо гээд дахиад 2-3 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал),

 

            -Хохирогчоор дахин 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Би эмчилгээний төлбөрөө хугацаанд нь төлүүлсэн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11619 дугаартай дүгнэлтэд:

-***ийн биед тархи доргилт, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

-Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

-Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой....” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

 

3. Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр эхнэр бид хоёр унтахаар хэвтэж байгаад хоолоо идсэнгүй гэх шалтгаанаас болж бид  маргалдсан. Тэгээд эхнэр маань буруу хараад хэвтээд өгөхөөр нь би эхнэрийнхээ ард шилэн хүзүүнээс нь базаад авсан чинь манай эхнэр өөрийнх нь хоолойг багалзуурдлаа гэж уурлаад миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би түүнийг цохихоор хариу үйлдэл үзүүлж түүний нүүр лүү нь мөн эргүүлэн цохисон. Миний хамраас цус гарсан байсан болохоор тэр үед сэтгэл их хөдөлсөн байдалтай, өөрийгөө удирдаж чадаагүй байдлаас болж эхнэрийнхээ цохих үед уур хүрч нүүр лүү нь гараараа хариу цохиж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

4. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 5 дахь тал),

5.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 246 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 44-47 дахь тал),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 131 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчийн эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг прокурор хүлээн авч, ялын санал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад  зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: шүүгдэгч *** нь хамтран амьдрагч ***ийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал байна.” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй болно.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байх Буянт-Ухаа-2 хорооллын 1055 дугаар байрны 39 тоот гэртээ 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч ***ийг үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт  цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, нүдний дээд, доод зовхи. хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хөмсөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт нь:

 

 -Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 08 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал),

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөхрөө хоолоо идээрэй өдөржингөө юм идсэнгүй босоорой гэхэд чимээгүй өрөөндөө хэвтээд үлдсэн. Тэгээд араас гарч ирээд миний шилэн хүзүүнээс базаж аваад хүн шөнөжин унтаж чадахгүй байхад тавлаад байна уу гэхээр нь би цааш нь түлхээд чи яагаад байгаа юм гэхэд намайг шууд цохисон. Тэгээд намайг цохихоор нь би өөрийнх нь нүүр лүү алгадахад хамар хэсгээр нь жижиг шалбархай болсон чинь чи намайг зодлоо гээд намайг дахиад 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9 дэх тал) болон дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

 

-Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...би эхнэрийнхээ ард шилэн хүзүүнээс нь базаад авсан чинь эхнэр өөрийнх нь хоолойг багалзуурдлаа гэж уурлаад миний нүүр лүү цохисон. Тэгэхээр нь би түүнийг цохихоор хариу үйлдэл үзүүлж, түүний нүүр лүү нь мөн эргүүлэн цохисон. Миний хамраас цус гарсан болохоор ...эхнэрийнхээ цохих үед уур хүрч нүүр лүү нь гараараа хариу цохиж авсан. ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

 

-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 5 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Тогтоогдсон үйл баримт болон нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** хохирогч ***ийн биед халдсан, улмаар хөнгөн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байх ба мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч *** хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсч үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх шинжээр тодорхойлогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томъёо, ойлголтыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, хамтран амьдрагч ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, ..., 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

            Шүүгдэгч ***, хохирогч *** нар гэрлэлтээ батлуулаагүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч, хохирогчтой шалтгаангүйгээр маргаан үүсгэсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.  

            Прокуророос шүүгдэгчтэй ял тохиролцон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. 

Иймд шүүгдэгч ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

- мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох ба хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах ...сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч энэ тогтоолоор төлөх төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч санал, хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох тухай санал танилцуулсныг зөвшөөрсөн тул уг саналаа дэмжиж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч улсын яллагчийн санал, дүгнэлтийг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид заасан хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ ялын төрөл хэмжээний дотор гэмт хэргийн шинж чанар, үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзаж хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон,  прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

              Шүүгдэгч ***г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

              Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг байдлыг харгалзан улсын яллагчтай тохиролцсон ялын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар хязгаарлах ял шийтгэж, ялын хугацаанд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх эрхийг нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

              Шүүгдэгч торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

 

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч *** “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч ***д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй,  хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

              6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ***гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ДОРЖСҮРЭН