Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/813

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас*******толгойт овогт**************т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205013582135 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр******* аймаг Эрдэнэцогт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороонд байрлах Монгол кузов засварын газарт засварчин ажилтай,******* аймаг******* сум 6 дугаар баг******* 11 дүгээр гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр, хадам эх нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 35 дугаар хороо************** дүгээр гудамж 9 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,************** овогт**************. /РД:ВТ01210110/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч “найз охинтой хамт гэрт нь хоносон байна” гэсэн шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч ... Миний бие хэрэг гардаг өдөр 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хамт ажилладаг найз нар болох Сувд-Эрдэнэ, Ариун-Эрдэнэ нартай хамт жаахан суухаар болсон бөгөөд бид нар хамт өөрсдийн ажлын долоон давхрын караоке орсон юм.Тэндээсээ би нар гараад замаараа CU сүлжээ дэлгүүр ороод пиво аваад Ариун-Эрдэнэ, Сувд-Эрдэнэ нарын амьдардаг гэх гэрт нь очоод нөгөөхөө уусан бөгөөд бид нар гарах үедээ манай байгууллагын тогооч хамт явсан юм. Нэлээд сууцгаагаад шөнө дунд өнгөрч үүр цайх болсон бөгөөд бид нар унаа байхгүй юм чинь гээд тэндээ хонохоор болсон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэг сэрсэн чинь үл таних хоёр залуу ороод ирсэн. Миний өгзөг рүү өшиглөөд наанаа юу хийж байгаа юм гээд нэлээд ууртай байсан. Би босож иртэл пизда минь гутлаа өмс гээд хэлсэн. Би гадуураа хувцастайгаа байсан учир гутлаа өмссөн чинь намайг гараад ир энэ тэр гэх зүйл хэлээд байхаар нь дагаад гарсан.

Манай ажлын найз болох Занаа мөн сэрсэн. Намайг түрүүлээд Ариун-Эрдэнэ гэх хүний найз залуу нь дагуулаад гарсан бөгөөд намайг орцонд хэд хэдэн удаа гараараа цохиод нүдээд байсан. Гадаа гарч байхад орцонд зодоод байсан. Би айлд өөрийг нь байхгүй байхад найз охинтой нь байсан юм чинь гээд би нэлээд хүлээцтэй байсан тул гадаа гараад байж байхад Занааг нөгөө нэг эрэгтэй нь дагуулаад гараад ирсэн. Ингээд бид хоёрыг машиндаа суу гэхээр суух гэтэл арын суудал битүү ачаатай байсан тул бид хоёрыг чихэж суулгаад хөдөлсөн. Нэг мэдсэн чинь нэг уулан дээр гараад ирсэн байсан бөгөөд бид хоёрыг буулгаж байгаад та нар юу хийсэн гээд суугаад Ариун-Эрдэнэ гэх эмэгтэйн найз залуу нь зодоод байсан учир бид хоёр юу ч болоогүй хамт ажилладаг хүмүүс ууж байгаад оройтохоор нь нэг доороо хоносон юм гээд хэлсэн чинь итгэхгүй зодоод байсан юм. Хамт байсан залуу нь Занаа гэх найзыг маань зодоод байсан. Тэгээд буцаад хөдлөөд хотын төвд гэрийнхээ гадаа авч очсон бөгөөд замаараа нэг шил архи аваад тэрийгээ Занаа бид хоёрыг уу эсвэл толгой дээр чинь хагална гэж хэлээд байсан тул бид хоёр арга буюу нөгөө архийг нь уусан. Тэгээд тэр хоёр хоёр найз охиноосоо асуугаад бид хоёрыг зодоод байсан бөгөөд нэлээд зодож байгаад бид хоёрыг зайл гэх мэт хараалын үг хэлээд явуулсан. Тэгээд би гэмтэл орж үзүүлсэн бөгөөд хэвтэх шаардлагагүй гэсэн тул шууд цагдаагийн байгууллагад ирж гомдол гаргаж өгсөн.

... Нэхэмжлэх зүйл гэвэл би толгойн компьютерт томографи зураг авхуулсан өдөр толгойгоо бариулсан зэрэг зардал мөнгө гарсан ч одоо надад компьютерт томографийн зураг авхуулсан 120,000 төгрөгийн баримт л байна. Би энэ зардлаа нөхөн төлүүлнэ. ... гэсэн мэдүүлэг. /хэргийн 47-49 дахь тал/

“... Энэ үед хамт байсан найз нь болох Доржнамжин нь намайг чиний зөв гэж юу байсан юм гэж хэлээд хэдэн удаа алгадсан ч тэр нь бол гэмтэж бэртэхээр зүйл болоогүй. Намайг******* нь зодож эдгээр гэмтэл бэртэл учруулсан.

...Надад энэ хэрэгтэй холбоотой ямар нэг санал гомдол гээд байхаар зүйл байхгүй. Миний хохирол нэхэмжлэлийг барагдуулсан байгаа. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дахь тал/

 

Гэрч “... 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шөнө гараад замд нойр хүрээд байхаар нь унтаж байгаад сэрж наашаа Улаанбаатар хотод 07 цаг өнгөрч байхад ирсэн юм. Бид хоёр ирээд шууд харьсан бөгөөд хаалга хаалттай онгойлгож өгөхгүй нэлээд удсан юм. Тэгээд арай гэж Ариун-Эрдэнэ хаалга тайлсан бөгөөд гэрт яваад орсон чинь үл таних хоёр эрэгтэй хүн манай гэрт унтаж байсан. Тэгээд бид хоёр юун хүмүүс юм гээд хоёр эрэгтэйг сэрээсэн бөгөөд******* шар үстэй эрэгтэйг дагуулаад гарсан.

Харин нөгөө нэг нь болох нэлээд олон шивээстэй эрэгтэй намхан залуу байсан бөгөөд тэр залуу гадуураа хувцсаа өмсөөд надтай цуг гарсан юм. Бид гадаа гараад юу хийж байсан талаар асуусан чинь нөгөө хоёр залуу нээх юм ярихгүй байхаар нь суучих жаахан холдож байгаад ярилцмаар байна гээд нөгөө хоёр эрэгтэйг машинд суулгаад хөдөлсөн бөгөөд бид нар гудамжаар явсаар байгаад Ханын материал орчим нэг газар зогссон.

Бид нар юу хийж байсан талаар асуухад шөнө ажлын хүмүүсээрээ ууж байгаад тэндээсээ гарч манай гэрт архи уугаад тэгээд өглөө 6 цагийн үед дууссан гээд хэлсэн. Энэ үед******* нэлээд уурлаад хараалын үг хэлээд байсан. Харин энэ үед би хоёр найз охинтойгоо утсаар яриад юу болсон талаар тодруулаад байж байсан юм. Бид нар тэндээсээ хөдлөөд гэрийн гадаа ирсэн бөгөөд тэр дөрөв хамт юу хийсэн талаар асуухаар ирсэн юм. Бид нар гэрийн гадаа ирээд нэг шил 0,75 литрийн архи аваад юу болсон талаар ахин асуусан бөгөөд архи уувал халамцаад гайгүй үнэн зүйл хэлэх байх гэж бодоод тэр хоёрыг хамт уух уу гээд асуусан чинь үгүй гээд хэлсэн.

Тэгсэн чинь******* та хоёр эмэгтэй хүнтэй бол уугаад байдаг эрэгтэй хүнтэй уудаггүй юм уу гээд айлгаж байгаад тэр хоёрыг архи уулгасан. Би авсан байсан архи маань дуусахаар нь найз охидуудаа дуудаад хооронд нь юм яриулсан бөгөөд яриа нь нээх зөрөөд байгаа зүйл байхгүй болохоор нь нөгөө хоёр залууг одоо яв харь гэж хэлээд гаргаад явуулсан.

... Намайг гэрээс Занаа гэх залуутай гарч ирэхэд******* тэр хоёр түрүүлээд 10 орчим минут гаран болсон байсан. Зодуулсан юм болов уу гэмээр царай зүстэй байж байсан. Би цохиж байхыг нь бол огт хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-28 дахь тал/

 

Гэрч М.Занабазарын ... Нэг сэрсэн чинь тухайн айлд үл таних хоёр эрэгтэй хүн ороод ирсэн миний гэрт юу хийж байгаа юм гэх зүйл хэлээд байсан бөгөөд энэ үед манай найз Болор-Эрдэнэ унтаж байхад яагаад байгаа юм бэ гээд хэлсэн чинь нөгөө хоёр залуугийн өндөр туранхай залуу нь Болор-Эрдэнийг дагуулаад наанаас нь зуураад гараараа цохиод аваад явсан. Харин би гутал өмсөөд дууссан чинь өөр нэг үлдсэн залуу нь чи ч гэсэн гараад ир гээд дагуулаад гарсан бөгөөд намайг шатаар бууж байхад араас хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн.

Тэгээд бид хоёр гадаа гараад ирсэн чинь гадаа Болор-Эрдэнэ нэлээд зодуулсан бололтой байсан бөгөөд нөгөө хоёр эрэгтэй өөрсдийн машин гэх машиндаа суу гээд суулгасан. Бид хоёрыг авч яваад нэг уулархаг газар гэр хорооллын дунд буулгасан бөгөөд тэндээ та нар юу хийсэн бэ гээд асуугаад байсан. Намайг дагуулж гарч ирсэн эрэгтэй хажуугаас нь хараад байсан бөгөөд эхлээд гарч ирсэн эрэгтэй Болор-Эрдэнийг цохиж аваад байсан ч Болор-Эрдэнэ тэр залууд хандаад бид хоёр яагаа ч үгүй шүү дээ та нар найз охидуудаасаа асуугаад мэдээч гээд хэлсэн чинь намайг дагуулаад гарсан залуу Болор-Эрдэнэийг чамд биеэ өмөөрөөд байх зүйл байгаа гэж үү гэж хэлээд хацар дээр нь 3 юм уу 4 удаа гарын алгаараа хацар дээр нь алгадах мэт үйлдэл хийгээд байсан. Тэгээд нөгөө хоёр эрэгтэй буцаагаад бид хоёрыг машиндаа суулгаад гэрийнхээ хажууд ирээд ахин бид хоёрыг буулгаж ирээд Болор-Эрдэнийг зодоод байсан.

... Тухайн үед Ариун-Эрдэнэ гэх эмэгтэйн найз залуу нь Болор-Эрдэнийг зодоод байсан. Харин хамт байсан залуу нь зодсон зүйл байхгүй. Болор-Эрдэнийг чамд биеэ өмөөрөөд байх зүйл байхгүй шүү гээд хацар дээр нь алгадах мэт хөдөлгөөн хийгээд байсан. Өөрөөр бол гар хүрсэн гэх зүйл байхгүй. ... гэсэн мэдүүлэг. /хэргийн 31-33 дахь тал/

 

Гэрч ... Би гараад ирсэн дэлгүүр ороод ундаа ус аваад гэрт ороод байж байхад манай хаалгыг нэг хүн нүдээд байсан бөгөөд хаалга Ариун-Эрдэнэ босоод тайлсан чинь манай найз залуу Доржнамжин, Ариун-Эрдэнийн найз залуу******* нар ороод ирсэн. Манай хоёр эрэгтэй найз орж ирээд Занаа болон эрэгтэй Болороог хараад нэлээд ууртай болсон бөгөөд нөгөө хоёрыг хөнжлийг нь татсан чинь сэрсэн. Энэ үед******* Болороо гэх залууг дагуулаад гарсан бөгөөд араас нь Доржнамжин Занааг гутлыг нь өмсүүлээд дагуулаад гарсан.

... Миний харснаар Болороо жаахан зодуулсан болов уу гэмээр хацар шанаа зэрэг нь улайсан байсан бөгөөд Занаа зодуулсан гэхээр зүйл харагдаагүй. ... гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-40 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5145 дугаартай:

“1. биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, шанаа, зүүн чих, баруун, зүүн шуу, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтооглоо тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт. /хэргийн 55-59 дахь тал/

 

*******ийн яллагдагчаар өгсөн “... Би наад талд нь байсан залууг татахад Занаа гэх нэртэй залуу байсан бөгөөд надад хандаад хүн унтаж байхад ингэж болдог юмуу хөгшөөн гэхээр нь би уур хүрч эхэлсэн. Тэгээд хажууд нь өөр нэг залуу байхаар нь татсан чинь Болор-Эрдэнэ гэх залуу нь байсан бөгөөд Болор-Эрдэнэ нь миний гудсан дээр хэвтэж байхаар нь би түүнд маш их уур хүрсэн.

Тэгээд би сүүлд сэрээсэн залуугаа гараад ир гэж хэлээд хувцсыг нь өмсүүлсэн бөгөөд гэрээс гараад коридорт хэд хэдэн удаа гараараа цохиж хувцаснаас нь доош дарж байгаад хэд хэдэн удаа өвдөглөсөн боловч нөгөө залуу гараараа хаагаад байсан. Байрнаас гараад гадаа гараад чи миний найз охинтой юу хийсэн бэ гээд асуугаад байж байхад Доржнамжин нөгөө дотор байсан залууг дагуулаад гараад ирсэн.

... Би энэ үед нэлээд уур хүрсэн байсан тул Болор-Эрдэнэ гэх залууг ахин хэд хэдэн удаа цохисон чинь би яагаа ч үгүй байхад яагаад намайг зодоод байгаа юм гэж хэлсэн чинь Доржнамжин Болор-Эрдэнэд хандаад чамд өөрийгөө өмөөрөөд байх зүйл юу байхав дээ гэж хэлээд гарын алгаараа шанаа хэсэгт нь алгадах мэт үйлдэл хийгээд тоншиж байсан.

... Болор-Эрдэнэ надаас нэхэмжилсэн мөнгийг би бүрэн барагдуулсан байгаа бөгөөд одоо надад ямар нэг санал гомдол байхгүй гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 72-75 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

          Хохирогч эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5145 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогч нь “... Миний хохирол нэхэмжлэлийг барагдуулсан байгаа. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 51-52 дахь тал/ мөн “... гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 100 дахь тал/ зэрэг баримтууд авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 45 хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах эрүүгийн хариуцлагыг “ ... нэг сараас таван жил хүртэл ... “ гэж заасан тул улсын яллагчийн 45 хоногийг гэснийг 1 сар 15 хоног гэж залруулав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч************** овогт**************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 1 сар 15 хоногийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ