Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/884

 


 

 

 

 

 

 

     2022         11          23                                     2022/ШЦТ/884

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч М.Анхбаяр,  

шүүгдэгч С.Б,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт *******-ийн Б, ******** овогт *******-ийн Д нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205021362183 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, зээ нарын хамт ***** дүүргийн *-р хороо, *-р хороолол, **а байрны * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** овогт *******-ийн Б, /РД: *********/,

2. Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ****** дүүргийн **-р хороо, *-*** тоотод оршин суух,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1015 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн  хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн төргөх ял тус тус шийтгүүлсэн, ******** овогт *******-ийн Д, /РД: *********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын 403 тоот өрөөнд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.Д-тэй төлбөр, тооцоотой холбоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун чамархайд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Д нь С.Б нь Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын 403 тоот өрөөнд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хохирогч С.Б-тэй төлбөр, тооцоотой холбоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь цээж, хэвлий, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв, мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв, мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор мэдүүлэхдээ: “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Г.Д-гийн хохирогчоор өгсөн:

“...Миний бие Б ахтай танилууд бөгөөд одоо танилууд болоод нэг жил болж байна. Хэрэг учрал болохын урд өдөр нь Б ах бид 2 “Кастелла” буудлын эсрэг талын буудалд би пиво ууж, Б ах архи ууж хоносон, маргааш нь бид 2 гэр гэртээ харилгүй замын эсрэг талын “Кастелла” буудалд өрөө авч хамт байсан ба Цэцэгмаа гэх Б ахын найз ирсэн, араас нь Гантулга гэх бас найз нь ажлын цаг дууссаны дараа ирсэн. Үүний дараа нэлээн орой болж байхад Лхамаа болон нэрийг нь мэдэхгүй 2 ахимаг насны эмэгтэй, сүүлд Мөнхбаатар ах ирсэн. Ингээд бид нар бүгдээрээ нийлж архи ууж байгаад буудлын караоке руу Мөнхбаатар ах Цэцэгмаа нар орсон. Харин би караокены тек дээр утсаа цэнэглэж байтал Цэцэгмаа нь буудлын өрөө рүү орсон байсан. Мөнхбаатар ах ганцаараа караокены өрөөнөөс гарч иртэл тооцоогоо нэхсэн. Ингээд Цэцэгмаагаас мөнгө авчих гэж надад хэлсэн учир би дээшээ буудлын өрөө рүү орж, Б Цэцэгмаа нарын байсан өрөө рүү орох гэтэл хаалга түгжээтэй байсан. Тэгээд би хаалгыг нүдэж байгаад орж караокены мөнгө өгөх хэрэгтэй гэж хэлтэл Б “чи яасан даварсан пацаан бэ” гэж хэлж над руу дайрсан, тэгэхээр нь би Бтэй харилцан түлхэлцсэн. Гэтэл намайг ширээн дээр байсан “Эвок” архины шилээр миний баруун чамархайд цохисон, тэгэхээр нь би толгойгоо бариад буйдан дээр суутал дээр суучхаад миний цээж руу цохиж “алаад хаячихъя” гэж хэлсэн. Энэ үед Мөнхбаатар ах намайг салгаж би гарч зугтсан. Намайг зодуулж байхыг Цэцэгмаа харсан. Гантулга ах харсан гэж дараа нь надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 48 дахь тал/,

С.Б-ийн хохирогчоор өгсөн:

 “...Д ирж миний машиныг ирж аваад бид хоёр хоол идээд, хэдэн пиво авч Баянгол дүүргийн “Модны-2” ойролцоо байдаг буудалд орж, Дтэй хамт хоносон. Маргааш нь бид 2 буудлаасаа гарч ойролцоо байсан “Кастелла” нэртэй буудалд орж өрөө захиалж хажуу талын дэлгүүрээс нэг шил виски авсан. Дараа нь өрөөндөө орж найз Цэцэгмаа, Гантулга нарыг дуудаж, Ц-ийн найз Лхамаа, Оогий гэх хүүхнүүд нэмэгдэж ирж, 2 шил 0.75 хэмжээтэй “Эвок” архи, 10 лааз пиво нэмж аваад хамт сууж байгаад Лхамаа, Оогий нар явсан. Үүний дараа Мөнхбаатар гэх танил дүү бид нар дээр ирж хамт архи ууж байгаад би хувцастай тасраад орон дээр унтаад өгсөн. Удалгүй хаалга нүдэх чимээ гарч би сэрхэд Гантулга, Цэцэгмаа нар нөгөө орон дээр унтаж байсан ба би босож өрөөний хаалга онгойлгож өгөхөд Д, Мөнхбаатар нар буудлын ресейпшнтэй хамт орж ирж Д “та энэ тооцоог хийчих” гэж хэлж караокед дуулсан тооцоог харуулахаар нь би “та нар ууж идсэн бол өөрсдөө тооцоогоо хий” гэж хэлтэл Д “та одоо юун сүртэй юм. 24.000 төгрөгийн тооцоо хийчих” гэж хэлхээр нь би “чи давраад байгаарай” гэж хариу хэлээд хэсэг байж байгаад 24.000 төгрөгийн тооцоог нь хийж буудлын 2 ресейпшн гараад явчихсан. Би Дд “Чи даварсан мангар пацаан бэ, одоо давраад бай” гэтэл Д “сүртэй юм бэ” гэж уурлаж миний хүзүүнд байсан гинжээр намайг боосон, тэгэхээр нь би “чи наад гинж тасаллаа” гэж хэлээд барьцалдаж өнхөрч унасан ба би дээрээс нь дараад унатал миний зүүн гарын бугуй хэсгээр хазсан. Би хазуулсан гараа угз татаж автал Д миний цээж руу цохисон ба бид 2 газраас босож Д пивоны шилээр миний баруун дал хэсэгт 1 удаа цохисон, би зөрүүлж намайг цохисон пивоны шилийг нь гараас нь булааж авч байгаад Дгийн толгойн чамархай хэсэгт цохитол тухайн газраас цус гарч зодоон дууссан. Дараа нь Д цусаа гоожуулаад гарч гүйж, удалгүй цагдаагийн байгууллагын алба хаагчид ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 45 дэх тал/,

 Гэрч Б.Ц-ийн:

 “...Удалгүй хаалга дугарч Б, Дтэй тооцооноос болж маргаж байгаа сонсогдсон ба би босоод иртэл Д миний хажуугаар толгой нь цус болчихсон өрөөнөөс гүйж гарсан. Ингээд хэн нь ямар үйлдэл хийснийг мэдэхгүй цагдаагийн байгууллагын алба хаагчид ирж бид нар хэлтэс рүү явсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Гэрч Б.Г-ийн:

 “...Ингээд би архи ууж байгаад муудаж уг өрөөндөө унтчихсан. Нэг сэртэл Цэцэгмаа миний хажууд унтаж байсан ба Б энгэр нь цус болчихсон байж байхаар нь би юу болсон бэ? гэж асуутал “Д намайг архины шилээр цохихоор нь би зөрүүлээд цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 56 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 8760 дугаартай:

“...Г.Д-гийн баруун чамархайд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 8892 дугаартай:

“...С.Б-ийн биед цээж, хэвлий, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт, /хавтаст хэргийн 34-35 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч С.Б нь хохирогч Г.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Г.Д нь хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч С.Б, Г.Д нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Б, Г.Д нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь:

Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын 403 тоот өрөөнд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Г.Дтэй төлбөр, тооцоотой холбоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь баруун чамархайд няцарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Д нь:

Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кастелла” зочид буудлын 403 тоот өрөөнд 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хохирогч С.Бтэй төлбөр, тооцоотой холбоотой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож эрүүл мэндэд нь цээж, хэвлий, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Б, Г.Д нар нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б, Г.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д, С.Б нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч С.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч Г.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Б, Г.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Д нарт тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарт тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205021362183 дугаартай хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** овогт *******-ийн Б, ******** овогт *******-ийн Д нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Д нарыг тус бүр 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Д нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Б, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Б, Г.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ