Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1385

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02617 1487 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн Л.Б, 1990 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, яс үндэс халх, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл хоёр,  ээжийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Л.Б  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хүргэн дүү Х.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас “эхнэрээ өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд хатгагдсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн Л.Б  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хүргэн дүү Х.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас “эхнэрээ өмөөрлөө” гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “зүүн чамархайн хуйханд хатгагдсан шарх”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Э-ий “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...гэртээ байж байтал хажуу талын Л-ын гэрт 16 цаг өнгөрч байхад хадам ах Л.Б , н.Э, н.Л нар 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууцгаасан. ...Тэр хэд архиа дуусгаад нэмж дэлгүүрээс архи авч ирээд эхнэр н.А бид хоёрыг дуудсан юм. Бид хэд нийлээд юм ярингаа архиа уугаад сууж байхад эхнэр н.А тэр хэдэд хандаж “Одоо хоёулаа гэртээ орж амаръя” гэхэд хадам ах Л.Б эхнэр н.А-д хандаж “чи мэддэг юм уу” гэж хэлээд хэрүүл маргаан болоод байхаар нь хадам ах Л.Б-д хандаж “Би эхнэрээ өмөөрнө ш дээ. Зүгээр байгаарай” гэж хэлсэн чинь ...намайг заамдаад гал тогооны шүүгээний тийшээ түлхээд унагаачихсан. Тэгснээ гал тогооны шүүгээнд байсан шар өнгийн иштэй, жижиг хутга аваад толгойн зүүн талын хэсэгт нэг удаа зүсчихсэн. ...Би эхнэрээ өмөөрсөн чинь л Л.Б  ах над руу дайраад бид хоёр маргалдаж муудалцсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 17-18 дахь тал),

- Гэрч Ч.Мөнхбаярын “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...хадам ах Л.Б, н.А, Х.Эн, н.Э, эхнэр н.Л бид хэд манайд 1 шил архи ууцгаасан. Архиа дуусчхаад нэмж дэлгүүрээс нэг шил архи аваад манайд ууж байтал Х.Э-ий эхнэр н.А согтсондоо агсраад орилоод байхаар нь хадам ах Л.Б  уурлаад нэг удаа алгадчихсан юм. Тэгсэн чинь хажуу талаас нь Х.Э эхнэрээ өмөөрч босож ирээд хэрүүл маргаан хийж байгаад Х.Э гал тогооны шургуулгад байсан бахь аваад Л.Б г цохих гэж байхад Л.Б ах булааж аваад Х.Э-ийг гал тогооны шургуулгын ирмэг, буланд мөргүүлчихсэн юм. Х.Э-ий толгойн зүүн талын хэсгээс цус урсаад байна. ..” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 29-31 дэх тал),

- Гэрч Д.Энхтуулын “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “...20цагийн үед төрсөн хүү Л.Б , төрсөн охин н.А, хүргэн Х.Э, хүргэн Ч.М, төрсөн охин н.Л бид хэд ...нэг шил архи ууцгаасан. Архиа дуусчхаад нэмж дэлгүүрээс нэг шил архи аваад ууж байтал төрсөн охин н.А согтсондоо агсраад орилоод байхаар нь төсөн хүү Л.Б уурлаад төрсөн дүү н.А-аа нэг удаа алгадчихсан юм. Тэгсэн чинь хажуу талаас нь хүргэн Х.Э эхнэрээ өмөөрч босож ирээд хэрүүл маргаан хийж байгаад Х.Э гал тогооны шургуулгад байсан бахь аваад Л.Б-г цохих гэж байхад нь миний төрсөн хүү Л.Б  бахийг нь булааж аваад Х.Э-ийг гал тогооны ирмэг, буланд мөргүүлчихсэн юм. Тэгсэн чинь хүргэн Х.Э-ий толгойн зүүн талын хэсгээс цус нэлээн урсаж байсан. ...Гал тогооны шүүгээн дээр хутга байсан. Би сүүлд сонсоход энэ хоёр маргалдаж муудалцаад миний төрсөн хүү Л.Б, хүргэн Х.Э-ийг хутгаар зүссэн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 34-36, 39-40 дэх тал),

- Гэрч Д.Алтантуяагийн “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...гэртээ байж байтал хажуу талын н.Лхамхандын гэрт ...төрсөн ах Л.Б, ээж Д.Э, төрсөн дүү н.Л-ын хамт 0,75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууцгаагаад, нэмж дэлгүүрээс 2 шил архи аваад ууцгаасан юм. Бид хэд юм ярингаа ууцгаагаад сууж байхдаа би төрсөн ах Л.Б-д хандаж “Одоо манай нөхөрт битгий өгөө, бид хоёр гэртээ орлоо” гэж хэлсэн чинь Л.Б  ах “...яасан сүртэй юм бэ, танай нөхөр чинь угаасаа уудаг” гэж хэлээд уурлаад намайг алгадаад авсан чинь хамтран амьдрагч Х.Э маань намайг өмөөрөөд Л.Б  ахтай маргалдаж, муудалцсан. Л.Б  гал тогооны шургуулгаас шар өнгийн иштэй хутга аваад Х.Э-ий толгойн зүүн талын хэсэгт нэг удаа зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 43-44 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн “...Х.Э-ий биед зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 46-47 дахь тал),

- Шинжээч эмч Н.Энхцолмонгийн “...Х.Э-ий биед ...зүүн чамархай хуйханд 2 см урттай, 2 ширхэг зангилаат оёдол тавьсан шархтай байжээ. Шархны хэмжээ болон шархны хэв маягаас үзэхэд жижиг гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Өөрөөр хэлбэл ир үзүүртэй зүйлээр нэг удаа хатгасан байх боломжтой...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 58 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

- Шүүгдэгч Л.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...дүү Л.Л-ын гэрт ...намайг ирэхэд Д.Э, Х.Э, Л.Л, Л.А нар архи уугаад сууж байхад нь би гэр рүү нь яваад орсон чинь надад архинаасаа 2 удаа хийж өгөхөөр нь татчихаад би төрсөн дүү Л.А-д хандаж “...архи авч байхаар хүүхдүүддээ хоол аваад өгчихөд яадаг юм, хүүхдүүд чинь өлсчихсөн байна” гэж хэлсэн чинь өөдөөс “миний амьдрал танд ямар хамаатай юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурласандаа Л.А-г нэг удаа алгадчихсан чинь хажуу талаас хүргэн дүү Х.Э эхнэрээ өмөөрч босож ирээд надтай маргалдаж, муудалцаад барьцалдаж аваад байж байхдаа би уур хүрээд гал тогооны шургуулгад байсан шар өнгийн иштэй хутга аваад хүргэн дүү Х.Э-ий толгойны зүүн талын хэсэгт нэг удаа зүсчихсэн юм...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 99-101 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Л.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх санал болгосныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын талаар харилцан тохиролцсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгээс шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11709 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Б-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Х.Э-ий эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Л.Б-гийн хохирогч Х.Э-ий баруун чамархайг хутгаар зүссэн үйлдлийн улмаас хохирогчийн биед “зүүн чамархайн хуйханд хатгагдсан шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх тул хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Х.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, хүсэлтийг бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Л.Б-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын дотор төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...хохирогч гомдол саналгүй гэж гараар бичиж өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан бөгөөд прокурорын санал болгосон ялын төрөл хэмжээг миний үйлчлүүлэгч хүлээн зөвшөөрсөн, ухамсарлан ойлгосон учир улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв. ​​​​​​​

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Л.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 77-80 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 81-82 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 83-85 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч У.Ариунтунгалаг нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Б-д сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б  нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА