Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00572

 

                             

 

 

 

 

 

 

    2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2019/00572

                   Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч:, С ХХК-д холбогдох

 

 Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.737.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхмандал, Н.Алтантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Т ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхмандал, Н.Алтантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн хүсэлтээр нэг бүр нь 9.800 төгрөгний үнэтэй, 500 ширхэг авто замын хашлага /бордюр/ нийлүүлэх бартерын гэрээ байгуулсан бөгөөд С ХХК нь гэрээний дагуу 12 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлэх байсан. Ингэхдээ манай компани дан ганц авто замын бордюр авахаас гадна хашааны блок авах байсан тул гэрээний хугацааг дээрх байдлаар байгуулсан. Авто замын бордюрыг 6 сарын хугацаанд багтаан нийлүүлэх байсан. Улмаар гэрээ хийгдсэнээс хойш 3 хоногийн дараа гэрээнд заасны дагуу А.Т ХХК-ийн зүгээс С ХХК-д 4.900.600 төгрөгний үнэ бүхий гахайн мах болон гурил, гурилан бүтгээгдэхүүнээр төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч компани нь бордюрыг хугацаандаа нийлүүлж чадаагүй явсаар 11 сарын хугацаа өнгөрөөсөн. Энэ хугацаанд манай компаниас хэд хэдэн удаа албан бичгээр бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг шаардсан боловч тодорхой шалтаг тоочиж хойшлуулж байсан. Сүүлдээ утсаа авахаа больж, огт холбогдохоо больсон. Иймд хариуцагч С ХХК-иас үндсэн төлбөр 4.900.000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 837.900 төгрөг нийт 5.737.900 төгрөг гаргуулж өгнө үү. С ХХК нь тухайн үед бетон зуурмагийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд бетон зуурмаг өгөх санал тавихад нь бордюроо өгөх боломжгүй бол бетон зуурмагийг авъя гэдгийг зөвшөөрсөн боловч бас л өгөөгүй. Тухайн үед манайд бетон зуурмаг, бордюр аль аль нь хэрэгтэй байсан боловч нийлээгүй, арга буюу өөр компаниас худалдаж авсан, одоо манайд дээрх материалуудыг хэрэглэх ямар ч боломжгүй болсон. Иймд мөнгөө нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Миний бие С.Өнөрзаяа нь А.Т ХХК-ийн нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог билээ. Миний бие 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15.00 цагт товлогдсон шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 Нэхэмжлэгч А.Т ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.737.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. 

 

          А.Т ХХК нь С ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр бартераар бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 100*15*12*30h хэмжээтэй, нэг бүр нь 9.800 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг авто замын хашлага /бордюр/-ыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор А.Т ХХК-д нийлүүлж, А.Т ХХК нь гэрээний үнийн дүнгийн хэмжээний гурил нийлүүлэхээр харилцан тохиролцсон нь болох зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн АГТ-34/18 дугаар бартераар бараа худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байна.

 

     Нэхэмжлэгч нь С ХХК-ийг гэрээнд заасан хугацаанд бараагаа нийлүүлээгүй, 2018 оны 11 дүгээр сараас хойш гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан, бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 4.900.000 төгрөг, алданги 837.900 төгрөг, нийт 5.737.900 төгрөгийг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

            Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “...хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг...” хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

    Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах үед эрх үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх, мөн зүйлийн 243.2-т худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй байхаар хуульчилсан байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ нь 7 сар 6 хоногийн хугацаатай байгуулагдаж, гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусах боловч хариуцагч С ХХК нь тохирсон бараа бүтээгдэхүүнийг цаг тухайд нь нийлүүлээгүй болох нь А.Т ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 572 дугаар “Төлбөр барагдуулах тухай” албан бичиг болон С ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 18/29 тоот албан бичигт... хугацаандаа бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүйгээ мэдэгдэж, барааны үнийг гэрээний хүчинтэй хугацаанд төлөхөө мэдэгдсэн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч С ХХК-иас үндсэн төлбөр 4.900.000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т зааснаар алданги нэхэмжлэх эрхтэй байх тул алданги 837.900 төгрөг нийт 5.737.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Т ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Өнөрзаяа хувийн ажлаас шалтгаалан шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 5.737.900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Т ХХК-д олгосугай.

 

  2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106.756 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 106.756 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Т ХХК-д олгосугай.

 

             3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                  Д.ДАВААСҮРЭН