Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 963

 

2019            9             26                                             2019/ДШМ/963

     Х.С Г.Б нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг

,

хохирогч С.Ц өмгөөлөгч Х.Шинэцэцэг,

шүүгдэгч Х.Содмандах,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.С гаргасан давж заалдах гомдлоор Х.С Г.Б нарт холбогдох эрүүгийн 1811029260412 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайжууд овгийн Г.Б, 1995 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, 2 хүүхдийн хамт ............................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/,

Боржигон овгийн Х.С 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Мандал сум, ............................ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./,

Г.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Ц маргалдаж улмаар зодолдож, түүний хамрыг хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Г.Б Х.С нар бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, “Чинүгэн” караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Ц маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Х.Сүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэж үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Х.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Х.С нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б хохирлын 2.000.000 төгрөгийг, шүүгдэгч Х.С хохирлын 306.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч С.Ц, хохирогч С.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б Х.С нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж  шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Х.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би уг гэмт хэргийг хамтран үйлдсэн, бусдын биед хөнгөн хохирол учруулсан зүйл байхгүй. Харин ч хохирогч, холбогдогч нарын болж байсан нөхцөл байдлыг саармагжуулж, эрсдлийг бууруулсан. Намайг эрүүгийн хэрэгт татан оруулж, ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэрч болохоос яллагдагч биш юм. Хохирогч С.Цөмгөөлөгч нь шүүх хуралдаан эхэлсний дараа, дундаас нь орж ирэн шүүхийг үл хүндэтгэн, процесс алдаа гаргасан. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ХХХХ ...” гэв.

Хохирогч С.Ц Х.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Х.С тухайн зодоонд оролцоогүй, салгасан гэдэг боловч хохирогчийг зодож, түүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь тухайн зодоон болох үед байсан гэрч П, С, Х, хохирогчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн хамрын угалзны хэсэг эдийн дутагдалд орж хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд бусад гэмтлүүд хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна гэх дүгнэлт гарсан. Гэрч С, Х, П,хохирогчийн өөрийн мэдүүлэг зэргээр Г.Б хохирогчийн хамрыг хазсан гэдэг нь тогтоогдсон. Мөн хохирогчийг Г.Бцохих үед Х.С салгах нэрийдлээр зодсон гэдгийг мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг тал бүрээс нь хэлэлцэж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шийтгэх тогтоол гарсан бөгөөд уг шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж заасан.

Х.С Г.Бнарт холбогдох хэрэгт шүүгдэгч Х.С нь Г.Б бүлэглэн хохирогч С.Ц зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн маргаж байсан бөгөөд харин шүүгдэгч Г.Б нь хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Х.С Г.Бнарыг харилцан эсрэг ашиг сонирхолтой гэж үзэхээр байх ба анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Бнь өмгөөлөгчтэй оролцсон байхад шүүгдэгч Х.С өмгөөлөгчөөр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол ...” гэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Шүүгдэгч Г.Б Х.С нарын хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн “Чинүгэн” караокед хохирогч С.Ц маргалдаж улмаар түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинж байгаа эсэхэд прокуророос дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Х.С гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ. 

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Х.С гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:     

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.С Г.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Х.С Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ  

ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН