Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 110/ШШ2021/0051

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Ж.Х нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн  Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Х.Б, Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Б гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Би Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжаар тус сумын 7 дугаар багийн нутаг дахь “Ц”-ны 700 м2 газрыг хууль ёсоор эзэмшдэг. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нь гэнэтийн байдлаар 2020 оны 10 дугаар 13-ны өдөр А/822 дугаар захирамж гарган Ж.Х надад газар эзэмших эрх олгосон Цэнгэл сумын Засаг даргын 71 дүгээр захирамжийг хүчингүй болгожээ. Гэнэтийн байдлаар гэхийн учир нь хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй нэхэмжлэгч надад урьдчилан мэдэгдэж, тайлбар, нотлох баримт гаргах эрхээр нь хангаагүй болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимд нийцэхгүй. Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны  ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д тодорхой заасан. Баян-Өлгий аймгийн Засаг дарга  нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч атлаа хуулийн дээрх тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй. Маргаан бүхий захиргааны актад зөвшөөрөлгүй газрын хэвлий ашиглах үйл ажиллагаа явуулсан, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн,  зориулалтын бусаар ашигласан гэж дурдсан нь бодит байдалд нийцэхгүй, худал зүйл юм. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, захиргааны акт гаргах нөхцөл үүсээгүй байхад хариуцагчаас миний  газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Х.Х надад газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт болох Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга 17 жилийн дараа хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг зөрчиж байна. Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох захиргаа талын  хугацааг 5 жил байхаар тогтоосон хуульд заасан хугацааг маргаан бүхий захиргааны акт зөрчиж гарчээ.

Мөн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн  эргэлтэд  хяналт тавих тухай хууль нь 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдсөн. Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг  гаргахдаа уг хуулийн заалтыг баримталж, нэхэмжлэгч Ж.Х надад газар эзэмших эрх олгосон Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь хуулийг буцаан хэрэглэсэн илэрхий алдаатай байна. Түүнчлэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн  хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж байгууллагад  газар олгохгүй байх зохицуулалт нь уг аюулгүйн бүс тогтоохоос өмнөх газар олголтод хамаарахгүй. Гэтэл аймгийн Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа уг хуулийн заалтыг баримталж Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгосон нь илэрхий хууль хэрэглээний алдаатай болсон. Хариуцагчийн хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгч миний Үндсэн хуулиар баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрх зөрчигдөж байна. Тухайн газарт нэхэмжлэгч би малаа өвөлжүүлэхээс гадна уг газар миний өмчлөлийн хувийн сууц, агуулах байгаа бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас миний бие өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрлээ. Би өөрөө малчин хүн. Мал малчин хоёрын амьдралын гол тулгуур нь газар байдаг. Тэр дундаа бэлчээрийн газар. Миний өвөлжөөний газар эзэмших эрхийг аймгийн Засаг дарга хүчингүй болгосноор цаашид миний малын бэлчээр сүйтгэх, цаашид амьдрах нөхцөл боломжийг алдахад хүргэж байгаа.

Засаг даргын захирамжид “...Ж.Х гэдэг хүн хууль бусаар алт ухаж, хууль бусаар газрын хэвлий ашигласан” гэж бичсэн. Би тухайн газрыг 10 гаруй жил ашигласан.

Энэ хугацаанд Цэнгэл сум засаг захиргаатай байсан. Нэг ч эрх бүхий албан тушаалтан над дээр очиж, та хууль бус юм хийж байна гэж анхааруулж, арга хэмжээ авч байгаагүй.  Хууль хяналтын байгууллагад “Э” ХХК-ийн удирдлагууд шалгуулсан, дүгнэлт гарсан. Шүүхээс бас очиж газар дээр нь үзлэг хийсэн.  Би тэнд ямар нэгэн хууль бус юм хийгээгүй. Илүү эд хогшлоо хадгалахын тулд гэр бүлийн хэрэгцээний эзэмшил газарт гэр бүлийн хэрэгцээнд зориулж  агуулах хийсэн. Ямар ч техник тоног төхөөрөмж оруулаагүй. Би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдрах сонирхолтой хүн. Засаг даргын хүчингүй болгосон 0.7 га газар Ховд голын эргээс 2-3 км-ийн зайтай байдаг.  Тухайн газарт би насаараа амьдарсан. Ховд голоос айлууд уух усаа авдаг учраас Ховд голыг цэвэр байлгах ёстой.

Би газар нутгаа хамгаалах үүрэг хүлээсэн, газар нутгаа хамгаалах эрхтэй гэж хууль хяналтын байгууллагад хандаж байгаа. Үүний хүрээнд намайг хууль бусаар алт ухсан байна гэж хүн болгонд тарааж байгаа. “Э” ХХК-ийн захирал н.Содномпил гэдэг хүн “...Ж.Х гэдэг хүн маш баян хүн байна шалгах хэрэгтэй” гэж янз бүрийн хүсэлт гаргасан. Би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр амьдарч байгаа хүн. Иймд аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаар захирамжид дурдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.  Ж.Хын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1 дэх заалтыг баримталсан. Энэ нь  эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа ноцтой зөрчсөн бол гэрчилгээг хүчингүй болгуулах зохицуулалт байгаа. Аймгийн Засаг дарга хуулийн дээрх зохицуулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй боловч нэхэмжлэгч буюу газар эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж болон газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг хэрхэн зөрчсөн болохыг шалгаж тогтоосон байх ёстой. Хэрэгт энэ талаар авагдсан холбогдох нотлох баримт байхгүй. 700 м2 газрыг иргэн Ж.Хт гэр бүлийн хэрэгцээний  өвөлжөөний доорх газрын зориулалтаар олгосон байгаа. Энэ газарт газрын хэвлий ашиглах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй ашигласан, газрын хууль тогтоомж, гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн, зориулалтын бусаар ашигласан талаар захирамжид тодорхой дурдсан.

Гэхдээ Ж.Х тухайн газарт газрын хэвлий ашиглах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй хэрхэн явуулсан бэ, газрыг зориулалтын бусаар ашигласан ямар үйл ажиллагаа явуулсан  талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тухайн газарт гарааж байгаа. Гарааж дотор зоорь байгаа. Зоорийг  зуслан, намаржаа, хаваржаанд гарах үед гэрийн эд хогшлыг хадгалах зорилгоор тухайн үед зоорь ухсан гэдгээ Ж.Х тайлбарлаж байгаа. Гэхдээ тухайн газарт зоорь ухсаныг зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан байна гэдэг байдлаар үзэх үндэслэл байхгүй. Нэгэнт газар эзэмшиж байгаа бол тухайн хүн хэрэгцээнд зориулж тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулах үндэслэл байгаа.

“Э” ХХК-иас Ж.Х болон түүний хамаатан дүү нь хууль бусаар алт ухаж байна гэдэг байдлаар Цагдаагийн газарт гомдол гаргасан. Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан шалгасан. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/74 дүгээр  тогтоолоор хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй. Уг шийдвэрийг компани эс зөвшөөрч аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорт гомдол гаргасныг ерөнхий прокурор хүлээн авч хянаад, 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 5/54 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байгаа. Уг шийдвэрийг өргөдөл гаргагч мөн эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан.

Улсын ерөнхий прокурор мөн гомдлыг татаж хянаад, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/288 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж, өмнөх прокурорын 5/74 дүгээр тогтоолыг хэвээр үлдээсэн байгаа. Дараа нь компани дахиж гомдол гаргаад, цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасныг аймгийн прокурор 2020 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн 5/79 дүгээр тогтоолоор мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байгаа. Нэгэнт эрх бүхий байгууллагаас шалгаж, хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдоогүй талаар прокурорын байгууллагаас удаа дараа тогтоол гарсан байхад Ж.Хыг буруутгах үндэслэл байхгүй. Мэргэжлийн хяналтын газраас шалгасан гэдэг байдлаар гуравдагч этгээд талаас тайлбар гаргаж байна. Гэхдээ Мэргэжлийн хяналтын газар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/73 дугаар албан бичгээр манайх шалгаагүй, Цагдаагийн байгууллага шалгасан гэсэн хариуг шүүхэд  хүргүүлсэн байгаа.

Засаг дарга захирамж гаргахдаа  Газрын тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэл болгосон, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй бол хүчингүй болох тухай заалт байгаа.  Энэ талаар хэрэг дотор ямар нэгэн нотлох баримт байхгүй. Ж.Х тухайн газрыг эрт дээр үеэс ашиглаж байсан. Албан ёсоор Цэнгэл сумын Засаг даргын захирамж 2003 онд гарсан. Ийм байхад тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна гэж эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй. Аймгийн Засаг дарга захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг баримталсан. Үүнд  Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан.  Ж.Х гэдэг хүнд газар эзэмшүүлсэн шийдвэр 2003 онд гарсан. Үүнийг 2020 онд хууль тогтоомжид нийцээгүй байна гэдэг байдлаар 2003 оны захирамжийг хүчингүй болгож байгаа нь хууль бус. Мөн захирамжид Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтыг баримталсан байгаа. Үүнд газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох гэж заасан.  Ж.Хын өвөг дээдсээс эхлээд тухайн газрыг ашиглаж байсан. Тэнд өвөлжөө байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  Хэрэв 2019 онд гуравдагч этгээдэд газар ашиглах шийдвэр гарсны дараа Ж.Х тухайн газарт өвөлжөө барьж, зориулалтын бус барилга байгууламж барьж, үйл ажиллагаа явуулсан бол энэ заалтыг баримтлах боломжтой байсан.

Гэхдээ өмнө нь барьсан өвөлжөөг захирамжийн үндэслэл болгож байгаа нь үндэслэлгүй. Тэсэрч дэлбэрэх бодис хамгаалалтын байршлыг тогтоох тухай аймгийн Засаг даргын захирамж 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гарсан. Энэ заалтыг тодорхой хэмжээгээр зөрчсөн байна гэдэг байдлаар захирамждаа дурдсан. Гэхдээ Ж.Х гэдэг хүн 2003 оноос газар эзэмшээд тэнд  өвөлжөө бариад явж байгаа.  Тухайн газарт үзлэг хийхэд, Ж.Хын өвөлжөөнөөс  агууах хүртэл 610.1 метрийн зайтай байгаа нь тогтоогдсон байна. Засгийн газрын 2019 оны 313 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тэсэлгээний аюулгүйн ажиллагааны дүрэм гэж байгаа. Энэ дүрэмд тухайн газрын зохион байгуулалт, радиус, барилга байгууламжийн зайнаас шалтгаалаад 200-2000 метр хүртэл радиус байхаар зохицуулсан. Гэхдээ Ж.Хын өвөлжөө тэнд байхад Засаг дарга өөрөө зөвшөөрч 600 метрийн зайтай агуулах барих зөвшөөрөл олгочхоод, дараа нь тэнд Ж.Хыг буруутгаад захирамж гаргаж байгаа нь хууль бус юм.

Ж.Хын эрх ашиг зөрчигдөж байгаа дараагийн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд  байгаа.  “Э” ХХК нь тухайн газарт газар эзэмших лицензтэй байж болно. Тэнд байгаа эд хөрөнгийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулах явцад тэрийг зайлшгүй өөр газарт нүүлгэх шаардлага гарвал тухайн газарт үйл ажиллагаа явуулах компани бүх зардлыг хариуцах ёстой. Холбогдох журмаар яваад өвөлжөөнд байгаа газрыг ашиглах шаардлага гарвал Ж.Хтай харилцан тохиролцож, асуудлыг шийдэх  ёстой.

Аймгийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосноор тухайн Ж.Хаас гарах зардлыг гаргуулан авах боломжгүй болсон нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргын хууль нийцээгүй захирамжийг хүчингүй болгоно гэж заасны дагуу Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т заасан шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэсний дагуу иргэн Ж.Хыг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр утсаар дуудан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт биечлэн ирүүлж, Газрын удирдлагын хэлтсийн дарга Ж.Ен өрөөнд сонсох үйл ажиллагаа хийж, зарим материалыг хуулбарлан өгч танилцуулсан. Иргэн Ж.Хыг захиргааны шийдвэр гаргахад оролцоог хангуулсан.

Ж.Х гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг газрыг ашигладаг болохоос газрын хэвлийг ухах, янз бүрийн ашигт малтмалыг эрж хайх эрх байхгүй. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах ёстой газрыг зориулалтын бус ашигласан гэж үзээд хууль тогтоомжийг дагуу захирамжийг хүчингүй болгосон гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:

Манай компани нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт дэвсгэрт байрлах газарт ашигт малтмалын ашиглалтын М\/-***** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тус тусгай зөвшөөрлийн талбайд иргэн Ж.Х нь ****** дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэйгээр 0.07 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг юм .

Ж.Х нь газар эзэмших хугацаандаа Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх", Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасан 'Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн  үндсэн дээр эрхэлнэ.", Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тодруулбал, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай геологич Ш.Ш, Я.Р.А нар компанийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажлын төлөвлөгөө, маршрутын дагуу хайгуулын ажил хийж яваад Цэнгэл сумын 7 дугаар багийн иргэн Ж.Хын

 

 хамаатны дүү Д.Айдыкы нүх малтаж хууль бус аргаар алт олборлож байхтай таарч фото зураг авч баталгаажуулсан, мөн Цэнгэл суманд байрлах Хилийн цэргийн заставын хил хамгаалах байгууллагын ажилчид Ж.Хыг хууль бусаар алт олборлосон болохыг нь тогтоож баримтжуулсан байдаг. Энэхүү үйлдэл нь Ж.Хыг зөвшөөрөлгүйгээр газрын хэвлий ашиглаж, манай компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон бүрэн эрхэд ноцтой халдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Манай компанийн зүгээс дээрх хууль бус үйлдэлтэй холбоотой гомдлыг холбогдох эрх бүхий байгууллагад удаа дараа гаргасан болно.

 

Гэтэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаар захирамжаар Ж.Хыг газрын хэвлий ашиглах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг зөрчиж, газрыг зориулалтын бусаар ашигласан болохыг тогтоож, ****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Энэхүү Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамж нь манай компанид эерэг нөлөөлөл үзүүлж буй захиргааны акт юм.

Түүнчлэн Ж.Х нь өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн хашаа барьж, зөвшөөрөлгүй газрын хэвлийд нүх суваг ухаж, манай компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон бүрэн эрхэд ноцтой халдаж байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн манай компани нь Ашигт малтмалын ашиглалтын МУ-***** тоот тусгай зөвшөөрлийн талбайд гүнийн уурхайн ТЭЗҮ-ийг боловсруулж, гүнийн уурхайн үйл ажиллагаа явуулах ТЭЗҮ-ийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар батлуулсан. Батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн үйл ажиллагаанд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хэрэглэх юм.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлд 8.1.3-т "Аймгийн Засаг дарга нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж,  байгууллагад газар олгохгүй байхаар заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 313 дугаар тогтоолоор батлагдсанТэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм“-д тэсэлгээ хийх газраас хамгаалах аюулгүй бүсийн радиусыг 1200 метр хүртэл зайтай байхаар тогтоосон байдаг.

 Түүнчлэн тус компани нь 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 19/30 дугаартай “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэр агуулахыг байнгын ашиглалтад хүлээн авах, аюулгүйн бүс тогтоосон акт"-аар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Цагаан овоот уул далд уурхайн бүсэд 10 тоннын тэсрэх материалын агуулахыг ашиглалтад оруулсан. Гэтэл тус компанийн уурхайн 1 дүгээр ам буюу тэсэлгээний үйл ажиллагаа явуулах цэгийн аюулгүйн бүс дотор иргэн Ж.Хт гэр бүлийн хэрэгцээнд зориулж 700 м2 талбай бүхий газар эзэмших эрх олгогдсон нь Тэсэрч дэлбэрэх бодис: тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт:

 “Э” ХХК-иас Ж.Х гуайд хэд хэдэн удаа санал тавьсан. Ашигт малтмалын хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн давхацсан талбайд байгаа айлын өвөлжөөний газрыг нүүлгэн шилжүүлэх, холбогдох зардлыг даах, Ж.Х гуайд тодорхой  хэмжээний нөхөн олговор олгох, шинээр газар олгох асуудлыг аймгийн Засаг даргатай хамтарч хэлэлцэх гэх мэт асуудлыг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хэлцэл байгуулснаас хойш манай компани уг ажлыг хөөцөлдөж, холбогдох газруудаас шинээр газар эзэмших боломжийг бүрдүүлж өгсөн. Бид нар тухайн үед мэдээгүй явж байхад тухайн газарт Ж.Х гарааж  гэдэг байдлаар байшин барьж, доор нь нүх ухсан байна лээ. Бид нар үүнийг олж мэдээд хууль хяналтын байгууллагад хандсан асуудал байгаа. Тэрнээс болж Ж.Х гуай нүүхгүй байгаа асуудал байгаа юм байна.

Манай компанид гаргасан хүсэлтэд тодорхой байгаа. Ж.Х гуай бидэнд ямар шаардлага тавьж байгаа вэ гэхээр манай тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэгт бичил уурхай ажиллуулах зөвшөөрөл өгөхгүй бол би энэ газраас нүүхгүй гэж байгаа. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд “бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор бичил уурхай ажиллуулдаг. Гэтэл манай Ашигт малтмалын хуулийн дагуу нөөц  тогтоосон талбайд Ж.Х гуай бичил уурхай ажиллуулна.  Хэрэв надад зөвшөөрөл өгөхгүй бол би нүүхгүй гэж байгаа. Ер нь энэ асуудлыг бид нар хоорондоо зөвшилцөөд шийдчих асуудал. Гэтэл Ж.Х гуайн тавьж байгаа шаардлага нь хууль бус. 

Үйлдвэрүүд өөрсдөө  хариуцлагатай, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нарийвчлан хийсэн байдаг. Маш олон хяналт шалгалтаар үйлдвэрлэл явуулдаг учраас байгаль орчинд ээлтэй. Ж.Х гуай бидэнд хуулиас давсан шаардлагыг тулган шаардаж байна. Бид нар таны энэ саналыг хүлээн авч, тэнд  бичил уурхай ажиллуулж яагаад ч болохгүй. Манайх тийм эрх олгодог компани биш. Бид нар хоорондоо ярилцаад Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу танд тодорхой хэмжээний нүүлгэн шилжүүлэх, өөр газраас газар эзэмшүүлэх, нөхөн олговор олгох зэргээр ажил төрлөө явуулж болно.  Ж.Х гуай манай компанитай тува иргэдийг төлөөлөөд 2019 онд өөрөө гэрээ байгуулсан. Тэр гэрээний дагуу бид нар тухайн газар нутгийн дурсгалт газруудыг хамгаалах ажлыг хийж байгаа. Энэ манай ажил эхэлчих юм бол орон нутгийн иргэд тодорхой хэмжээгээр цалинтай ажиллах боломж ч байгаа. Ийм боломжууд байхад Ж.Х гуай ганц хүний эрх ашгийн үүднээс үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа чинь хууль зүйн үндэслэлгүй.

Аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Ж.Х нь газар эзэмших гэрээ гэдэг зүйлийг огт байгуулаагүй. Газрын тухай хуульд газар эзэмших гэрээ, гэрчилгээгүй хүнд газар эзэмшүүлэхийг хориглодог. Гэтэл Ж.Х гуай газар эзэмшүүлэх захирамж гарснаас хойш гэрээ, гэрчилгээ авсан зүйл байхгүй. Гэрээ гэрчилгээ байхгүй учраас Ж.Х газраа зориулалтын дагуу ашиглаж байна уу, үгүй юу гэдгийг яаж нотлох юм бэ. Шүүхээс үзлэг хийхэд ч тодорхой харагдсан байх. Тухайн газарт гарааж нэртэй саравч барчхаад далд нүх ухсан нь хүн болгонд тодорхой байгаа. Хэрэгт тодорхой хэмжээний нотлох баримтууд авагдсан байгаа. Ж.Х гуайн тухайн үйлдэл гэмт хэргийн шинжийг агуулаагүй ч газрыг зохих ёсоор  эзэмших, ашиглах зөрчлийн шинжийг бүрэн агуулсан үйлдэл байсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газрын хэвлийг ухаж ашиглаж байна гэдэг чинь зориулалтын бус ашиглаж байна гэсэн үг. Нөгөөтээгүүр газрын хэвлийг хууль бусаар ашиглаж байгаа үйлдэл. Газрын хэвлийг ашиглахын тулд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлт, төлөвлөгөө зэрэг янз бүрийн ажил хийсний үндсэн дээр газрын хэвлийг ухаж ашиглах ёстой. Гэтэл Ж.Х гуай ямар ч зөвшөөрөлгүйгээр 5-6 метр газрыг ухчихсан.

Энэ үйлдлийн гэмт хэргийн шинж нь нотлогдоогүй байсан ч зөрчлийн шинж нь хангалттай нотлогдсон байна гэж үзэж байна. Аймгийн Засаг даргын гаргасан захирамж хууль зүйн үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар Ж.Х гуай хууль бусаар газрын хэвлийн ухсан нь хангалттай нотлогдож байна. Нэхэмжлэгч зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг  сонирхол зөрчигдөхгүй байна. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг үндэслэн нэхэмжлэгч Ж.Хт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарах “Цагаан чулуутын бууц” хэмээх газраас 700 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, ****** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”, 30 дугаар зүйлийн 30.1-д  “Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар  эзэмшүүлж болно.”, 27 дугаар зүйлийн  27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.” гэж тус тус заасантай нийцсэн байх ба нэхэмжлэгчийн уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг болон Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 71 дугаартай захирамжийн холбогдох хэсгийг  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаартай захирамжаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Дээд шатны Засаг даргаас А/822 дугаартай захирамжийг гаргахдаа “...Цэнгэл сумын 7 дугаар багийн “Цагаан Чулуутын бууц” гэх газарт байрлах 700 м2 газрыг иргэн Ж.Хт гэр бүлийн хэрэгцээний зориулалттай олгосон боловч, уг газартаа газрын хэвлийг ашиглах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулж, газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг зөрчиж газрыг зориулалтын бусаар ашигласан гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр  зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар 2 дахь хэсгийн 5-д “газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох;”,мөн  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх;”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх.” гэж заасан төрөөс газрын талаар баримтлах зарчим, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.”, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т  “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх.”, 8.1.4-т “харьяа нутаг дэвсгэр дэх энэ хуулийн 9.2-т заасан бүсийн дэглэмийг зөрчихөөс сэргийлэх арга хэмжээг иргэдийн дунд зохион байгуулах” гэж заасныг тус тус баримталсан байна.

Уг захирамжийн үндэслэлийн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд тайлбарлахдаа “...Ж.Х нь өвөлжөөний зориулалттай газартаа барьсан амбаарын доорх газрыг дотор талаас нь  ухаж ашигт малтмалын олборлолт хийсэн байна.

Уг газар нь байршлаараа ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй  “Э” ХХК-ийн  ашиглалтын талбайд багтаж байгаа. Тус компани нь энэ асуудлаар гомдол гаргаснаар Ж.Хын дээрх үйлдлийг зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал ашиглах зорилготой байсан гэж үзсэн. Түүний барьсан амбаар нь бусдын ашиглалтын талбайд байгаатай холбогдуулж, нэхэмжлэгч Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасныг зөрчсөн. Ж.Хын гаргасан газрын хэвлий ашигласан үйлдэл нь Газрын тухай хуулийн 4.1.5-д заасан хориглосон үйл ажиллагаанд хамаарна. Нэхэмжлэгч дээрх байдлаар Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн нь Засаг даргаас түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэл болно. Ж.Х нь тухайн газраа өвөлжөөний зориулалтаар ашигладаггүй гэх мэдээлэл байсан учраас газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг захирамжид баримталсан. Аймгийн Засаг даргаас 2009 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/523 дугаартай тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалах, байнгын байршлыг тогтоох тухай захирамж гаргаснаар тухайн бүсэд газар олголт хийхгүй байхыг сумын Засаг даргад үүрэг болгосон.  Уг байршилд Ж.Х нь өвөлжөөний зориулалтаар газар эзэмшиж байгааг буруу гэж үзсэн.  Хуулийн байгууллагаас эрүүгийн журмаар Ж.Хын үйлдлийг шалгасан боловч эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны байгууллагаас Ж.Х нь газрын хэвлий ашигласан, ашигт малтмалын хайгуул хийсэн гэх үйлдлийг тогтоогоогүй.”[1] гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Э” ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс 2003.63 га талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг /Дугаар MV-*****/  2048 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хугацаагаар олгосны дараа тус компанийн гаргасан газрын тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх тухай өргөдлийн дагуу 2003.63 га талбайгаас 201.7 га талбайг буцаасныг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр холбогдох бүртгэлд бүртгэж, “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний  хавсралтад энэ талаарх тэмдэглэл хийхээр шийдвэрлэжээ. Ингэснээр тус компани нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс 1802.56 га газарт ашигт малтмал ашиглах  эрхтэй болжээ.

“Э” ХХК нь дээрх байдлаар 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс тодорхой хэмжээний газарт ашигт малтмал ашиглах зөвшөөрөл авснаар тус сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 26-ны  өдрийн А/43 дугаартай “Газар ашиглуулах тухай” захирамжаар Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байршилтай 299.13 га газрыг уурхайн барилга байгууламж барих зориулалтаар, 1 га газрыг  тэсрэх бодис хадгалах агуулах барих зориулалтаар тус тус 15 жилийн хугацаагаар компанид ашиглуулахаар шийдвэрлэж,  газар ашиглах эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/523 дугаартай захирамжаар “Э” ХХК-ийн Цэнгэл сум дахь ашиглалтын талбайд тус компанийн тэсрэх дэлбэрэх бодис хадгалах агуулахын байнгын байршлыг тогтоож, тус бүсэд газар олголт хийхгүй байхыг Цэнгэл сумын Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 116 дугаар албан бичгийн хавсралтаар тодорхойлсноор  нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 700 м2 газар нь гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрлөөр ашиглах эрхтэй 1802.56 га газарт багтсан байх ба маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийхэд  тус газарт нэхэмжлэгчийн эзэмшлийнх гэх өвөлжөөний байшин, гараж, малын  хашаа зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд баригдсан, гараж гэх байгууламжийн дотор талын гол хэсгийн газрыг доошоо ухсан, ухагдсан нүхний  дээд талыг нь модоор хаасан нь үзлэгийн явцад тогтоогдсон, энэ талаар нэхэмжлэгчээс гаражид  өвс хадгалж, машин оруулж тавьдаг, ухсан нүх нь зоорийн зориулалттай гэж тайлбарласан.

“Э” ХХК-иас  нэхэмжлэгчийг тус гаражид  хууль бусаар алттай хүдэр олборлосон гэж маргасан байх ба цагдаагийн байгууллагад гаргасан энэ талаарх  гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ж.Хыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэм хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5\74 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Хөрснөөс доош газрын гүн руу үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.” гэж заасан ба нэхэмжлэгч Ж.Х  нь эзэмшлийн  газартаа барьсан гаражын доорх  газрыг  зоорийн зориулалттайгаар ашиглахаар ухсан гэх нөхцөл байдал нь газрын хэвлийг ашиглах зорилготой байсан нь эрүүгийн журмаар шалгах явцад тогтоогдоогүй,  хариуцагч талын тайлбарласнаар захиргааны байгууллагаас шийдвэр гаргахын өмнө уг нөхцөл байдлыг мөн  тогтоогоогүй байна.

 Түүнчлэн  нэхэмжлэгч маргаан бүхий  газарт гэр бүлийн хамтын хэрэгцээнд  хувийн сууц, гараж, малын хашаа зэрэг эд хөрөнгөө барьж, 2003 оноос хойш буюу гуравдагч этгээдээс өмнө  эрх бүхий этгээдийн шийдвэрээр өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, ашиглаж ирсэн, “Э” ХХК-д эрх бүхий этгээдээс Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс 1802.56 га газрыг ашигт малтмал ашиглах зориулалтаар ашиглуулахаар 2018 онд тусгай зөвшөөрөл олгох үед  уг газрын 700 м2 газар нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай давхацсан байхад нэхэмжлэгч Х.Хыг ашигт малтмал бүхий талбайд гараж барьсан, зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг ашиглах үйл ажиллагаа явуулсан гэж үзэж, Засаг даргаас Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д заасан “газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох” бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэх тайлбар болон А|822 дугаар захирамжийн энэ талаарх үндэслэл нь хууль  бус байна.

А\822 дугаар захирамжид баримталсан  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлүүд нь хариуцагч талын тайлбарласнаар нэхэмжлэгч  газрын хэвлийг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэх маргаантай холбоотой байх ба уг үйл баримт нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийг гэр бүлийн зориулалтаар газар эзэмших явцад газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших  гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж үзэх Газрын тухай хуулийн 40.1.1-д заасан үндэслэл үгүй байна.

Маргаан бүхий захиргааны актад баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлтэй холбогдуулж хариуцагч талаас нэхэмжлэгч тухайн газраа өвөлжөөний зориулалтаар ашигладаггүй гэх мэдээлэл авсан гэж тайлбарласныг мөн зүйлд зааснаар нэхэмжлэгч тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхгүй. Газрын тухай хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд энэ нь  газар эзэмшигчийн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болно. Хариуцагч талын нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх маргаан нь  нэхэмжлэгчийн тайлбар болон Цэнгэл сумын 7 дугаар багийн Засаг дарга гэрч Х.Алтангүлийн “Намайг тус багийн Засаг даргаар 2017 онд томилогдсоноос хойш тус багт иргэн Ж.Х нь өвөлжөөний зориулалттай газар эзэмшиж өвөлжиж ирсэн. Ж.Х нь малчин хүн бөгөөд таван хошуу малтай, жил жилийн мал тооллогоор 300 толгойгоос дээш, 2020 оны хувьд 500 толгойгоос дээш мал тоолуулсан.” гэх мэдүүлэг, Ж.Хын өрх нь сумын 7 дугаар багт харьяалагдан  2020 онд малаа тоолуулсан нь энэ талаарх “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого” бүхий  баримтаар үгүйсгэгдэж байна.

Ийнхүү захиргааны албан тушаалтан болох Баян-Өлгий аймгийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэр болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож  шийдвэрлэсэн нь   Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан захиргааны актыг цуцлах нөхцөлийг тогтоох, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд “Э” ХХК-д дээрх байдлаар  Цэнгэл сумын нутаг дэвсгэрээс ашигт малтмал ашиглах зорилгоор газар ашиглах тусгай зөвшөөрөл 2018 онд олгогдсон, үүнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2019 онд тус компанийн явуулах үйл ажиллагаанд ашиглагдах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахын газрын байнгын байршлыг тогтоосон.

Нэхэмжлэгч үүнээс өмнө буюу газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдийн 2003 оны шийдвэрээр маргаан бүхий  газрыг эзэмшсэн байхад Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 –т “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрийн болон хадгалах байр, агуулахад тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх.” гэж заасныг баримтлан тухайн бүсээс нэхэмжлэгчид газар олгосон нь буруу гэж үзсэн нь үндэслэлгүй байх ба уг зохицуулалт нь ...аюулгүйн бүсийг тогтоосны дараах тухайн бүсийн хил хязгаарт газар олгохыг хязгаарласан зохицуулалт тул гуравдагч этгээд газар ашиглахаас, мөн ....аюулгүйн бус тогтоохоос өмнө олгогдсон газарт хамаарахгүй гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

Дээрх  байдлаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 71 дүгээр захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Баян-Өлгий аймгийн Засаг даргын А\822 дугаар захирамжийн үндэслэл нь хууль бус, захирамжид дурдсан нэхэмжлэгч газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 29.1-д зааснаар эзэмшсэн газраа хуулийн 35.1.1-д зааснаар зориулалтын дагуу эзэмших эрхтэй.

Нэхэмжлэгчийн эзэмшдэг газрын байршлаас гуравдагч этгээд ашигт малтмал ашиглах зорилгоор газар ашиглах болсон нь өмнөх газар эзэмшигчид газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд  энэ тохиолдолд Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авахаар заасан байна.

         Нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай гуравдагч этгээдийн ашиглах эрхтэй газрын зарим хэсэг давхацсанаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдээс ашиглах зайлшгүй шаардлага гарвал газар эзэмшигч Ж.Хтай харилцан тохиролцох бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд маргаан бүхий газраас  эд хөрөнгөө нүүлгэн шилжүүлэхэд гарах зардлыг “Э” компаниас гаргуулан авах нөхцөл боломжгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Ж.Хын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Ж.Х нь маргаан бүхий газрыг Цэнгэл сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 71 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн ****** дугаартай гэрчилгээгээр эзэмшдэг болох нь тогтоогдсон ба Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.Хтай хуульд зааснаар сумын газрын даамлаас Засаг даргын 71 дүгээр захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй нөхцөл байдал нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл биш бөгөөд энэ нь захиргааны албан тушаалтны хүлээх үүрэг юм. Иймд нэхэмжлэгчтэй маргаан бүхий газрыг эзэмшүүлэх гэрээг сумын газрын даамлаас байгуулаагүй асуудал нь нэхэмжлэгчийг тухайн газрын эзэмшигч биш гэж үзэх, түүнд газар эзэмшүүлсэн эрх бүхий этгээдийн шийдвэрүүдийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул энэ талаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн маргаан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, Газрын тухай хуулийн холбогдох заалттай нийцээгүй хууль бус шийдвэр болох нь тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны А/822 дугаартай захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 38 дугаар зүйлийн 38.2.3-т  заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/822 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.РИЗА

 

 

           

 

 

 

 

 

[1] Хэргийн  хуудас 132-133 дугаар хуудас