Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 227

 

 

 

 

 

 

                   2018          01           19  

                                               210/МА2018/00227

 

 

 

“К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

                       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02234 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ЭЭБ” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 682 126 502 төгрөг гаргуулах үндсэн, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18-01 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бүжидлхам, Э.Дүүрэнбилэг, хариуцагчийн төлөөлөгч  Д.Баярчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбарт: Тус банк нь “ЭЭБ” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №18 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 480 000 000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай сарын 0.67 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ү-2206023217 улсын бүртгэлийн дугаартай, 000230016 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Маршал таун хотхон /17012/ Их монгол улсын гудамж 108/А тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьектыг доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт, Ү-2101001686 улсын бүртгэлийн дугаар, 000207849 гэрчилгээний дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум “Бүрэнбуст” баг 5 дугаар хороолол 11 дүгээр байрны 79 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, гэр ахуйн тавилга хэрэгслийн хамт, компанийн эргэлтийн хөрөнгө, тавилга эд хогшил, төслийн зээлийн санхүүжилтээр худалдан авах эмнэлгийн хэрэгслүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаалсан. Тус компанитай байгуулсан №18 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөнтэй холбоотойгоор 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №18-1 тоот нөхцөл өөрчлөх гэрээгээр /2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №18 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болгон нөхцлийг өөрчлөн байгуулж/ 58 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй олгосон. 18 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 18-1 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дуусна.

“ЭЭБ” ХХК нь №18 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 76 877 486.78 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт  67 962 146.05 төгрөг, нийт 144 839 632.83 төгрөг төлсөн. № 698-2 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 5 159 353.41 төгрөг, зээлийн төлбөрт 1 000 112.34 төгрөг, нийт 6 159 465.75 төгрөг төлсөн байна. Нийт 2 зээлийн төлөлтөд 150 999 098.58 төгрөг төлсөн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн № 18 тоот зээл болон барьцааны гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 18-1 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж байна. Манай тал банкинд барьцаалсан барьцааны зүйлийг албадан борлуулсан үнийн дүн болон бусад орлогоос нийт 518 261 878 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт  682 126 502 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн сөрөг болон үндсэн нэхэмжлэлд гаргасан тайлбарт: 2013 онд байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээл төлөх хугацааг 18 сараар сунгаж өгнө үү гэсэн хүсэлтийг 2014 оны 06 сарын 11-ний өдөр банкинд гаргасан юм. Тус банкны эдийн засагч Б.Эржан 2013 оны 01 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр танай авсан 480 000 000 төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү, алданги 2014 оны 11 сарын 04-ний өдрийн байдлаар 58 000 000 төгрөг болж байна. Чи үүнийг төлж чадахгүй учир манай банкнаас чамд зээл хэлбэрээр төлүүлье гэж шийдвэрлэлээ. Чи энэ зээлийн гэрээнд гарын үсэг зур гэсэн. Би 2014 оны 11 сарын 04-ний өдрийн № 18-1 дугаартай зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд гарын үсэг зурахгүй гэсэн боловч Б.Эржан зурахгүй бол болохгүй гэж тулгасаар байгаад гэрээнд гарын үсэг зуруулж, хүсэлт бичүүлж авсан. Гэрээний зүйлийн талаар харилцан тохиролцоогүй, банкны журмын дагуу гэж тулгалт хийсэн. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т  зааснаар уг зээлийн гэрээний дагуу 58 000 000 төгрөгийг хүлээн аваагүй, надад олгоогүй мөнгийг банк нэхэмжилж байна. 2014 онд № 18-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ зурагдсаны дараа Кбанк 2014 оны 11 сарын 05-ны өдөр 2000028149 данснаас манай компанийн 2000024014 тоот данс руу 58 000 000 шилжүүлээд мөн тухайн өдрөө банк манай данснаас 58 000 000 төгрөгийг буцааж шилжүүлж авсан юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар № 18-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ нь хүчин төгөлдөр бус тул уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Үндсэн зээлийн тухайд маргаан байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭЭБ” ХХК /РД:5214181/-аас 494 260 063 /дөрвөн зуун ерэн дөрвөн сая хоёр зуун жаран мянга жаран гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К банк” ХХК /РД:2556375/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 187 866 439 /нэг зуун наян долоон сая найман зуун жаран зургаан мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5-д заасныг баримтлан “К банк” ХХК болон “ЭЭБ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 сарын 04-ний өдрийн 18-1 тоот зээлийн нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч “ЭЭБ” ХХК-аас 51 840 531 /тавин нэгэн сая найман зуун дөчин мянга таван зуун гучин нэгэн/ төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Кбанк” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Ү-2206023217 улсын бүртгэлийн дугаартай, 000230016 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 11-р хороо Маршал таун хотхон /17012/ Их монгол улсын гудамж 108/А тоот хаягт байрлах 210 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай обьектыг доторх тавилга, тоног төхөрөөмж, эд хогшлын хамт, Ү-2101001686 улсын бүртгэлийн дугаар, 000207849 гэрчилгээний дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум “Бүрэнбуст” баг 5-р хороолол 11-р байрны 79 тоот хаягт байрлах 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг гэр ахуйн тавилга хэрэгслийн хамт, компаний эргэлтийн хөрөнгө, тавилга эд хогшил, төслийн зээлийн санхүүжилтээр худалдан авсан  эмнэлэгийн хэрэгслүүд, тоног төхөөрөмж зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 072 431 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭЭБ” ХХК-аас 2 629 250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К банк” ХХК-д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч “К банк” ХХК-аас 400 000 төгрөг гаргуулж хариуцагч “ЭЭБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: К банкны зүгээс хариуцагч "ЭЭБ" ХХК-аас зээлийн  гэрээний төлбөрт нийт 682 126 502 /зургаан зуун наян хоёр сая нэг зуун хорин зургаан мянга таван зуун хоёр төгрөг/ төгрөгийг гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж байсан. Хариуцагчийн төлөх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2015 оны 09 сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл буюу 2017 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэл тооцсон байх бөгөөд үүнээс өмнөх хугацааны хүү буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хуримтлагдсан зээлийн хүү 19 866 511.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 973 302.23 төгрөг, нийт 23 839 813.36 төгрөгийг тооцолгүй, шууд орхигдуулан шийдвэрлэсэн байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн гаргасан гэх сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь тухайн 58 000 000 төгрөгийг зээлдэгч өөрөө хүсэлт гарган зохих журмын дагуу зээлийн гэрээг байгуулан зээлдэн авсан байгаа нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хэлцлийн шинжийг агуулсан, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талуудын тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд бүрэн нийцэж байна. Түүнчлэн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч талд гардуулаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх талаар ямар нэгэн захирамж гаргаагүй байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болохыг дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн байх тул шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 болон 2 дахь заалтыг тус тус өөрчилж Кбанкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “К банк” ХХК нь хариуцагч “ЭЭБ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 682 126 502 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 18-01 тоот нөхцөл өөрчлөх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Хариуцагч “ЭЭБ” ХХК нь нэхэмжлэгч “К банк” ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 480 000 000 төгрөгийг 8 жилийн хугацаатай, сарын 0.67 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон /17012/ Их монгол улсын гудамж 108/А тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай обьектыг доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлын хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сум, “Бүрэнбуст” баг, 5 дугаар хороолол 11 дүгээр байрны 79 тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, гэр ахуйн тавилга хэрэгслийн хамт, компанийн эргэлтийн хөрөнгө, тавилга эд хогшил, төслийн зээлийн санхүүжилтээр худалдан авах эмнэлгийн хэрэгслүүд, тоног төхөөрөмж зэргийг барьцаалжээ.

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийсэн, уг хэлцэл хүчин  төгөлдөр байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан зээл, барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь зөв байна.

 

Хариуцагч тал гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 67 962 146 төгрөг, зээлийн хүүд 76 877 486 төгрөг, нийт 144 839 632 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа дээрх зээлийн гэрээг цуцалж, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 412 037 853 төгрөг, зээлийн хүү 19 866 511 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 973 302 төгрөг, нийт 435 877 667 төгрөг гаргуулахаах нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

Талуудын хооронд урт хугацааны буюу 8 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэргээг цуцалсан гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас  2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалснаар энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүснэ. Тодруулбал, нэхэмжлэгч тал зээлийн гэрээнээс татгалзаж байгаа бол хариуцагчид гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх  үүрэг үүсэхгүй. Шүүх энэ талаар үндэслэл муутай дүгнэлт хийж, хариуцагчаас гэрээ цуцлагдсанаас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон нийт 494 260 063 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүх зохигчдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч нь хариуцагчид 58 000 000 төгрөгийг өмнөх зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг төлөх зориулалтаар зээлдүүлж, мөн өдрөө суутгаж авсан байх тул уг зээлийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2017/02234 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 097 283 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                А.МӨНХЗУЛ