Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1430

 

                              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч Р.Очирсүрэн,

хохирогч Г.У..............н,

шүүгдэгч А.О.....................х, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2208 0302 01649 дугаартай 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бэсүд овогт А.....................хгүйгийн О.....................х, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Алтай суманд 1989 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа ........................................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ...........................

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.О.....................х нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн автобусны буудлын арын автомашины зогсоол дээр Г.У..............нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан Г.У..............нг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний гэдэс болон зүүн нүдэн тус газар гараараа цохиж, үснээс нь зулгааж газар унаган, дээр нь гарч суун гэдсэн дээр нь өвдөглөж, цохиж зодон эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, дагзанд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч А.О.....................х нь 2022 оны 9 дүгээр сарын 11-ний орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн автобусны буудлын арын автомашины зогсоол дээр Г.У..............нтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдан Г.У..............нг жирэмсэн гэдгийг мэдсээр байж түүний гэдэс болон зүүн нүдэн тус газар гараараа цохиж, үснээс нь зулгааж газар унаган, дээр нь гарч суун гэдсэн дээр нь өвдөглөж, цохиж зодон эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, дагзанд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Г.У..............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр болох Н.............бо нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Сүлжмэлийн орон нутгийн зогсоол дээр орон нутаг руу таксинд явдаг бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний бие тухайн зогсоол дээр нь байсан бөгөөд тухай үед орон  нутгаас дайвар ирсэн байсан тул тухайн дайврыг хүнд өгөх гээд хүлээж байсан юм. Тэр Отгоо гэх эмэгтэй согтуу маягтай тэр хавиар хүмүүстэй чанга орилоод яваад байсан тэгтэл манай нөхрийг дуудаад байсан тэгтэл манай нөхөр дээр ирээд манай нөхрийг заамдаад авсан ба өмнөх хэргийн талаар яриад маргалдаад байсан. Тухайн үед миний бие тэр хоёрыг маргалдаж байхад нь бичлэг хийсэн ба тухай үед би болиоч гэж хэлсэн боловч огт тоохгүй байсан тэгээд маргалдахаа болиод Отгоо нь буцаж явснаа төд удалгүй эргэж над руу ирэхээр нь би Отгоод хандаж миний биед хүрэхгүй шүү зайтай бай гэж сануулсан... Тэгтэл Отгоо гэх эмэгтэй нь нүүр рүү 2-3 удаа цохисон ба үргэлжлүүлээд миний үснээс маш хүчтэй зулгаагаад миний гэдэс рүү өвдгөөрөө өшиглөсөн ба намайг унасан хойно миний дээр гарч суусан ба хүмүүс салгах үед Отгоо нь босох үедээ миний толгой, цээж рүү өшиглөсөн ба Отгоогийн гарт миний үснүүд харагдаж байсан...миний биед гэмтэл учирсан тул гомдолтой байна. Би тухайн үед жирэмсэн байсан урагтаа санаа зовж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

-Гэрч Н.Н.............бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн үед эхнэр У..............нгийн хамт Драгон дээр ирж зогсоол дээр машинаа байршуулаад зогсож байхад Отгоо гэж эмэгтэй над дээр ирээд чи надын фудволк төл гэж цагдаад гомдол гаргасан байна лээ. Би чиний фудволкыг төлнө гээд над руу үг хаяад дайраад байхаар нь би холдоод явсан. Dи цаана зогсож байхад Отгоо манай эхнэр дээр очоод уулзаад байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эргэж харахад Отгоо манай эхнэрийг газар унагаагаад өөрөө дээр нь гарсан зодож байхаар нь би гүйгээд ирэхэд эхнэрийн толгойтой үснээс хоёр гараараа базаад толгойг нь сэгсрээд чи жирэмсэн гэл үү чамайг ална гээд гэдэс рүү нь өвдөглөж цохиж байсан. Би тэгээд Отгоог эхнэрээсээ салгаж холдуулсан. Би эхнэрийг харахад үс нь сэгсийсэн үснүүд нь газар унасан байдалтай, нүдэнд нь цус хураад нүдний доогуур нь улайгаад хөхөрсөн байсан. Мөн өрөөсөн ээмэг нь унаад алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12554 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Дагзны гол хэсэгт 2.5х2см, талбайд үс халцарч унасан. Баруун нүдний доод зовхинд 4х2.5см хүрэн ягаан, дээд зовхинд 2х1см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэхэд эмзэглэлтэй. Зүүн бугалганы гадна дунд хэсэгт 6х5 см хөхөлбөр ягаан, шууны гадна дунд хэсэгт 2.5х2см, баруун шууны урд дунд хэсэгт 2х2см хэмжээтэй шарлаж шимэгдэж буй хүрэн бор өнгийн цус хуралттай. Үтрээгээр ямар нэгэн зүйл гараагүй байв...ДҮГНЭЛТ

1.2.Г.У..............нгийн биед хоёр нүдний зовхи, зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, дагзанд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Хоёр нүдний зовхины цус хуралт, дагзны зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бусад гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна.

6.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч А.О.....................хын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр миний бие архи уусан байсан ба тухай зогсоол дээр Н.............бо зогсож байхаар нь өмнө нь цамцыг нь ураад муудалцаж байсан ба тухайн асуудлынхаа талаар ярьж маргалдсан. Н.............боог заамдаад муудалцаж байхад эхнэр нь хажууд нь байж байсан ба эхнэр дээр нь очоод намайг муулсан муугаар хэлсэн талаар нь хэлж маргалдаж байгаад толгойтой үснээс нь зулгаагаад авсан тухайн Н.............бын эхнэр У..............н нь бас намайг үсдэж зууралдсан ба миний бие У..............нгийн нүүр рүү 1-2 удаа цохисон мөн зууралдаад унах үедээ нүүрэн дээр нь дарсан байж магадгүй. Тэгээд У..............нгийн дээр нь давхарлаад унатал Н.............бо, Нэмэхээ хоёр ирээд босгосон босох үедээ У..............н рүү өшиглөсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12554 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.О.....................х нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хувийн таарамжгүй харилцааны улмаас” хохирогч Г.У..............нгийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч А.О.....................х нь хохирогч Г.У..............нгийн  биед хоёр нүдний зовхи, зүүн бугалга, хоёр шуунд цус хуралт, дагзанд зулгаралт, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.О.....................х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Г.У..............н нь нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч А.О.....................хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж өгнө үү гэж тус тус мэтгэлцсэн болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч А.О.....................х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, байнга болон түр оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 40, 41 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42, 43 дахь тал), хувийн байдалтай холбоотой баримт (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч А.О.....................х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал болон хувиараа хөдөө орон нутагт хувиараа такси үйлчилгээнд явдаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч А.О.....................х торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0302 01649 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт А.....................хгүйгийн О.....................хыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.....................хыг  1000 (мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.....................хад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.....................х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.МӨНХЗУЛ