Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/00196

 

 

2019 оны 01 сарын 15 өдөр                   Дугаар 184/ШШ2019/00196                              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, БГД, 0 дүгээр хороо, Т 00-00 тоот хаягт байрлах “Ф с” ХХК /регистрийн дугаар: 0000000, утасны дугаар: 0000-0000, 0000-0000, 0000-0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, СХД, 00 дугаар хороо, М г, 00 дугаар байр, 000 тоот хаягт оршин суух Б овогт Ж. Э, /регистрийн дугаар: УХ000000, утасны дугаар: 0000-0000/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 4 861 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Ж.Э тус компанитай 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр №0000/00/00/ЗГ дугаартай зээлийн гэрээ, №0000/00/00/ФГ дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г тус тус байгуулж, 00-00 УУУ улсын дугаартай, Cadillgc Esclade маркийн автомашиныг барьцаалан, 6 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар зээлж, авсан.

Улмаар дээрх автомашиныг барьцаалсан байгааг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр №0000/00/00/ЗГ дугаартай зээлийн гэрээг байгуулж, нэмж 1 500 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэйгээр, 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар зээлж авсан. Ж.Э нь эдгээр зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлэлгүй хугацаа хэтрүүлж зээлийн төлөлтүүдийг хийсэн боловч гэрээнд заасан хүү алданги болон үндсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна.

Тодруулбал анх зээл авснаас хойш 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 8 455 750 төгрөг төлсөн. Барьцаа хөрөнгө болох 00-00 УУУ улсын дугаартай, Cadillgc Esclade маркийн автомашинтай холбоотой зардал болох зам ашигласны татвар 40 000, уг автомашин дээр тавигдсан торгууль 9 500, автомашины татвар 196 000, оношилгооны төлбөр 42 000, хураан авч тээвэрлэсэн зардал 50 000, гаражид хадгалуулсны төлбөр 186 000 төгрөг зэргийг манай компанийн зүгээс төлсөн бөгөөд төлбөр барагдуулахтай холбоотой гаргасан өмгөөлөгчид 400 000 төгрөгийн хөлс төлсөн болно.

Ж.Э-ын зүгээс манай компанид дахин хүсэлт гаргаж, дээрх зардлуудыг төлөхийг болон зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхээ илэрхийлж, эдгээр гэрээнүүдийг нэгтгэж, зээлийн гэрээ байгуулах санал тавьсны дагуу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №/0000/00/00/3Г дугаартай зээлийн гэрээг байгуулж, 5 857 500 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцсон боловч  мөн дээрх зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зайлсхийсээр өдийг хүрсэн. Энэ гэрээгээр  зээл олгоогүй, өмнөх зээлийн гэрээг баталгаажуулж сунгалт хийсэн. Ж.Э нь 8 455 750 төгрөгийг цувуулан 2 жилийн хугацаанд төлсөн боловч гэрээний үндсэн төлбөрүүд болох нийт 7 500 000 төгрөг, тэдгээрийн хүү 375 000 төгрөг нийт 7 875 000 төгрөгт тооцож, зөрүү 580 750 төгрөгийг хугацаа хэтрүүлсний алдангид тооцсон ч хугацаа хэтрүүлсний алдангийг гэрээний 2.7-д заасны дагуу өдрийн 0.5 хувиар тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн 50 хувиас хэтрүүлээгүй алданги болох 3 937 500 төгрөгөөс хассан ч дээрх гэрээнүүдээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг зохих ёсоор биелүүлээгүй болох нь харагдаж байна.

Нэхэмжлэгч байгууллага буяны байгууллага биш. Хариуцагч гэрээний үүргийг 2 жилийн хугацаанд буюу 2016 оны 5  дугаар сарын 18-наас 2017 оны 12 сар хүртэл хэтрүүлж зээлээ төлсөн. Хоёр удаа хийсэн зээлийн гэрээ аль аль нь 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дараалал байгаа. Үндсэн зээлийг хасаад хүүг хасдаг дарааллаар шаардсан. Нийт дүнгийн 50 хувийн алданги нь 3 937 500 төгрөг, үүнд машинд  гарсан зардлаа нэмсэн. Цааш нь хүү бодоогүй зогсоосон. Машин нь өөрөө үүргийн гүйцэтгэл хангуулах хөрөнгө юм. Нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн алданги болон бусад зардал нийт 4 861 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний дагуу хариуцагч зээлээ хугацаанд нь төлөөгүй ч нийт 7 500 000 төгрөг зээлсэн. Зээлийг 2016 оны 4 сараас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүртэл 8 455 750 төгрөгийг төлсөн. 580 570 төгрөгийг алдангид тооцсон гэдэг.

Нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувь гэж тооцсон нь шаардлагын хувьд тодорхойгүй байна. Үүргийн гүйцэтгэл хангуулахаар автомашин ачааны төлбөрийг нэхээд байна. Манайх үүргээ биелүүлсэн. Өмгөөллийн хөлс нэхэмжилсэн байна. Монгол улсын иргэн өмгөөлүүлэх эрхтэй болохоос заавал өмгөөлөгч авна гэсэн эрх байхгүй. Машины торгууль ачлага зэргийг нэхээд байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасны дагуу хийсэн гэрээ биш энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Нэхэмжлэгч гэрээний дагуу хүү, алданги тооцсон гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 700 хоног хэтрүүлсэн гэдэг нь ойлгомжгүй байна. Хоёр удаа хийсэн гэрээний үүрэг нийт 7 875 000 төгрөг төлсөн болно. 580 705 төгрөгийг илүү төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагад заасан тооцоо тодорхойгүй байна. Машинд гарсан зардал нэхээд байна. Гэрээнд энэ талаарх ямар ч заалт байхгүй. Машины зардал нэхсэн нь үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ

“Ф с” ХХК нь хариуцагч Ж.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алданги 3 937 500 төгрөг, барьцааны хөрөнгө болох машинд гарсан зардал 923 500 төгрөг нийт 4 861 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй нийт 8 455 750 төгрөгийг төлсөн гэж маргаж байна.

Хэрэгт ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас үзвэл: Зохигчид нь 2016 оны 04 сарын 07-ны өдрөөс 2016 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл 1 /нэг/ сарын хугацаатайгаар №2016/04/66/ЗГ дугаар зээлийн гэрээ, №2016/04/66/БГ дугаар барьцааны гэрээ тус тус байгуулж 6 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй зээлж авахаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 00-00 УУУ улсын дугаартай, Cadillgc Esclade маркийн автомашин буюу эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцон барьцаалсан байна.

2016 оны 11 сарын 21-ний өдөр барьцааны хөрөнгийг үндэслэн мөн №2016/04/66/ЗГ дугаар зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 1 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй нэмж зээлж нийт 7 500 000 төгрөгийг авсан болох нь зохигчдын тайлбарууд болон хэрэгт ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /хх 6-13 дахь тал/

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүргийг 2016 оны 4 сарын 7-оос 2017 оны 12 сарын 8 хүртэлх хугацаанд биелүүлж үндсэн зээл болон хүүнд нийт 8 455 750 төгрөгийг төлсөн,

2017 оны 12 сарын 11-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр 2017/12/06/ЗГ дугаартай зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлийн гэрээгээр мөнгө шилжүүлээгүй өмнө байгуулсан хоёр зээлийн гэрээгээр хүлээх үүргийг сунгаж нийт 8 857 500 төгрөгийн зээл төлөх хуваарийг тохиролцсон гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт талууд маргахгүй байна. /хх 14-18/

Харин хариуцагч тал зээлийн гэрээний үүргийг биелүүлсан гэж, нэхэмжлэгч тал гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй 700 гаруй хоногийн хугацаагаар хэтрүүлж үүргээ зөрчсөнд алданги тооцсон, төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлбөрт суутгасан гэж маргаж байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба хуагцаа хэтрүүлсэн үеийн хүүг мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар  нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Гэвч нэхэмжлэлийн шардлагаас зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон талуудын хооронд  байгуулсан № /2016/04/66/ЗГ дугаар бүхий 2016 оны 4 сарын 7, 2016 оны 11 сарын 21-ний өдрүүдийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.7-д “...хуваарийн дагуу төлөгдөх шатлалтай зээлийн төлбөрийг зээлдэгч нь графикт хугацаанаас нь хожимдуулсан тохиолдолд тухайн зээлийн төлбөрийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги бодож төлүүлнэ” гэж заажээ.

Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулсан байна. Дээрх гэрээнүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлагад нийцсэн нотариатчаар гэрчлүүлсэн нотлох баримт бөгөөд хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үнэлэв.

Нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж гэрээгээр тохирсоны дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги 3 937 500 төгрөг тооцсон байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д зааснаар хугацаа хэтрүүлсэн үеийн хүүгээс алданги тооцоогүй байх тул хуульд нийцсэн гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний барьцаанд байгаа машинтай холбоотой зардал төлөх ёстой гэсэн тайлбар нь:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.4-д “...тодорхой ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд ...үйл ажиллагааныхаа хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу эрхгүй“ гэж заасныг зөрчсөн ба гэрээгээр тохироогүй байна.

Иймд барьцааны хөрөнгө болох авто машинтай холбоотой зардал зам ашигласан татвар 40 000, машинд тавигдсан торгууль 9 500 төгрөг, машины татвар 196 000 төгрөг, оношилгооны төлбөр 42 000 төгрөг, хураан авч тээвэрлэсэн зардал 50 000 төгрөг, гаражид хадгалсан зардал 186 000 төгрөг, өмгөөллийн хөлс зэрэг нийт 923 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчаас “гэрээний үүргийн биелэлтэд нийт 8 455 750 төгрөг төлсөн гэж мэтгэлцэж байгаа боловч нэхэмжлэгч талын “гэрээний дагуу төлбөрт ирсэн мөнгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэх дарааллаар тооцсон, гэрээний хугацааг удаа дараа сунгасан, уг төлбөр 2016 оны 5 сарын 18-наас 2018 он хүртэл хугацаанд цувуулж зээлээ төлсөн нь үүргээ зөрчөөгүй гэж үзэх боломжгүй“ гэсэн тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байна гэж үзлээ.

Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, хүндэтгэн үзэх ямар шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн гэдгээ баримтаар няцааж нотолж чадахгүй байх тул хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирлоос чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэрэгт нотлох баримтаар банкны дансны дэлгэрэнгүй хуулга ирүүлсэн ба энэ нь хуульд заасан шаардлагад нийцээгүй тул хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үнэлэв. /хх19-62 дахь тал/

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 062 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж үлдэх хэсэг 1 798 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан Ж.Э-оос зээлийн гэрээний үүрэгт 3 062 500 төгрөгийг гаргуулж “Ф с” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 798 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 63 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОЮУНЦЭЦЭГ