Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1446

 

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Б.Б...........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 01570 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Б...........хын Б...........р, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1993 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, төмөр замын замчин мэргэжилтэй, “................... ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт .................................... суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .......................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............” буудалд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн У.О...............лтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Б.Б...........р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “..............” буудалд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн У.О...............лтой маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-Хохирогч Ц.О...............лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .............. буудалд 03 цагийн орчимд согтуу орж унтаад маргааш өглөө нь 13 цагийн орчимд сэрээд бие засах гээд буудлын коридорт явж байсан чинь хэд хоногийн өмнө уг буудалд архи ууж байгаад танилцсан Б...........р гэх залуутай бие засах өрөөнд тааралдсан тэгээд намайг энд байгааг мэдээд өрөөндөө ороод ирээрэй гэхээр нь би Б...........рын байгаа өрөөнд ороход өрөөнд нь Тамир гэх зүс таних залуу эхнэртэйгээ болон үл таних эрэгтэй, эмэгтэй 2 нийт 5 хүн уг өрөөнд архи уугаад сууж байхаар нь би тэд нарт хоол авч өгөөд дэлгүүрээс 1 шил 0.75-т Элекс нэртэй архи аваад бид зургаараа хувааж уусан тэгсэн чинь архи ууж байхад Б...........р согтуудаа миний ам руу нэг удаа цохих шиг болоод миний үүдэн 1 шүд тэр дороо унаад амнаас цус гараад байхаар нь би яваад өгсөн бөгөөд түүнээс хойш 2 хоногийн дараа дахиад нөгөө буудалдаа очиход Б...........р Тамираа болон эхнэртэй нь гурвуулаа сууж байсан бөгөөд би чи миний шүдийг янзлаад өг тэгвэл цагдаа шүүх гэхгүй гээд салъя гэсэн чинь тодорхой шийд гаргахгүй удаад байхаар нь би цагдаад гомдол гаргасан юм. ...одоо миний биед үүдэн нэгдүгээр шүд хугарсан байна өөр гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

-“...Намайг Б...........роос өөр цохиж зодсон хүн байхгүй...Би Б...........роос хохирлын мөнгө төгрөг нэхэмжлэхгүй бид хоёр хоорондоо учир зүгээ олсон. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13852 дугаартай дүгнэлтэд:

“Хэсэг газрын үзлэгт:... Дээд зүүн 1 дүгээр шүд цөгцний дунд хэсгээр хугарсан, үзүүр хэсэг хурц, зүүн 22-р шүд хөх туяатай, хүрэхэд эмзэглэлтэй, баруун дээд 2-р шүд баруун 1-р шүдний харалдаа талдаа цоорсон.

2022.10-10-ны Цагаан хясаа эмнэлгийн магадлагаа:  Гэмтэл авсны улмаас 21-р шүд цөгцөөр хугарсан, 22-р шүд гэмтлийн улмаас өнгө хувирсан байгаа. 21,22-р шүд сувгийн эмчилгээнд орж, бүрээс хийх шаардлагатай...ДҮГНЭЛТ

1.Ц.О...............л-н биед зүүн дээд 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдуулахгүй.

5.Учирсан гэмтлийг өөрийн гараар үүсгэх боломжгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Б.Б...........рын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Архи уугаад сууж байхад О...............л хараалын үг хэлээд байхаар нь миний уур хүрээд чи хүн хараагаад байгаа юм уу гээд нэг удаа ам руу нь гараараа цохисон. Тэгтэл О...............л шүд шүд гээд амаа дараад суугаад байсан...би ..............-нд борлуулагч ажил хийдэг. Би сардаа 500.000 төгрөгийн цалин авдаг...О...............л надаас ямар нэгэн эд зүйл нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн...” гэж (хавтаст хэргийн 57-26-27 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б...........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13852 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б...........р нь хууль зүйн хувьд  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр “хараал хэллээ гэх шалтгааны” улмаас хохирогч Ц.О...............лын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Б.Б...........р нь хохирогч Ц.О...............лын зүүн дээд 1-р шүдний хугарал хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч Ц.О...............лын буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б...........рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ц.О...............л нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б...........рыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Б.Б...........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.Б...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч болон хохирогч нарын хэргийн хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 52 53 дахь тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 54 дэх тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 34, 32 дахь тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 29 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 40 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), ..............-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б...........р, хохирогч Ц.О...............л нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

 Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг болох нь түүний мэдүүлэг “ХААН” банкны депозит дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б...........рт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 01750 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Б...........хын Б...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...........рыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б...........рт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б...........р                                 нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.МӨНХЗУЛ