| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Доржсүрэн |
| Хэргийн индекс | 187/2022/0693/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/674 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/674
2022 10 11 2022/ШЦТ/674
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210015401036 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК *** ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
*** (РД:***)
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:
Яллагдагч *** нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Соёмботой хөшөөний урд талын зам дээр иргэн ***ын эзэмшлийн “Тоёота Ланд круйзер 300” маркийн тээврийн хэрэгслийн копуд хэсэгт түлхүүрээр хэд хэдэн удаа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч ***-т *** төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй. гэсэн болно.
Хоёр. Эрүүгийн 2210015401036 дугаартай хэргээс:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 10 дахь тал),
2. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Наадам центрээс Home plaza орохоор ганцаараа өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад Соёмботой хөшөөний урд зам дээр гэнэт согтуу гарч ирээд машин дундуур сүлжиж гарч ирээд миний машины копуд дээр түлхүүртэй гараараа хэд хэдэн цохиж байгаад баруун талаар гараад Наадам центр тал руу гүйгээд яваад өгсөн тэгээд зам дээр тус залуу унадаг дугуйгаа үлдээгээд яваад өгсөн. Урд талын 2 машины жолооч бас зам дээр гараад ирсэн байхаар нь хамт явж байгаа юм болов уу гэж ойлгоод машинаас буугаад копудыг хартал хонхойсон машин дээр гэрийн түлхүүрээ үлдээгээд явсан байсан бөгөөд тус залуугаас асуухад хамт яваагүй миний машины толийг зохиод машины урдуур орж хэвтээд зугтчихлаа гэж хэлээд эргүүлийн цагдаа ирсэн тэгээд болсон зүйлийн талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
3. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 10-ны орой “Наадам” центрээс Энхтайваны гүүр лүү унадаг дугуйгаа түрээд алхаад явж байсан. Тухайн үедээ би ганцаараа согтууруулах, ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор замаар явж байгаа машины жолооч нартай маргалдаад байсан. Би согтоод урсгал сөрөөд байна гэж андуураад маргалдсан. Тэгээд *** маркийн машины жолоочтой маргалдаж машины копудыг гараараа нэг удаа цохисон чинь хонхойсон байсан, би цагдаа ирэхээр нь яваад өгсөн. Би өөрийн бурууг бол хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед ганцаараа явж байсан. Наадам центр дээр ажлын хамт олонтойгоо уусан, тэгээд согтсон байсан. Би гартаа юу барьснаа санахгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал),
4. “Дамно” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №ХУ1-22-35с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 82-86 дахь тал), хохирогч *** 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон бичгээр ирүүлсэн хүсэлт (хавтаст хэргийн 71 дэх тал),
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 246 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 75-77 дахь тал),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтаар:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 49 дэх тал), авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад яллагдагч зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ шүүгдэгч ***ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, хохирогч Б.Одбаярт 2,626,088 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “Соёмбо”-той хөшөөний урд талын зам дээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн *** эзэмшлийн “***” маркийн тээврийн хэрэгслийн копуд хэсэгт түлхүүрээр хэд, хэдэн удаа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж хохирогч *** *** төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 10 дахь тал),
- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед Наадам центрээс Home plaza орохоор ганцаараа өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад Соёмботой хөшөөний урд зам дээр гэнэт согтуу хүн гарч ирээд ...миний машины копуд дээр түлхүүртэй гараараа хэд хэдэн цохиж байгаад баруун талаар гараад Наадам центр тал руу гүйгээд явсан. ...машинаас буугаад копудыг хартал хонхойсон ...байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- “Дамно” ХХК-ны 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №ХУ1-22-35с дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 82-86 дахь тал)
-***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн яллагдагчаар өгсөн: “...*** маркийн машины жолоочтой маргалдаж машины копудыг гараараа нэг удаа цохисон чинь хонхойсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд тухайн нөхцөлд учирсан гэмтэл нь засвар үйлчилгээгээр сэргээгдэж, анхны байдалдаа орж нөхөн сэргээгдэх боломжтой байдаг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч *** нь ***” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахад шүүгдэгч ***аас хохирогчийн автомашиныг түлхүүрээр цохиж гэмтээсэн байх ба тус эвдэрсэн эд хөрөнгийн гэмтлийг “Дамно” ХХК-ны тайлангийн дүгнэлтээр *** төгрөгөөр тогтоосон, уг хохирол, шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Түүнчлэн шүүгдэгч *** өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч ***ын гэмтээсэн эд хөрөнгийн үнийг хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр *** төгрөгөөр тогтоосон нь хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээнд хамаарч байх тул Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ***ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.
Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж өөрийгөө өмгөөлөх шүүгдэгчийн хуулиар олгогдсон эрхийг хангасан болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр хохирогч *** автомашины эвдрэлийг 2,626,088 төгрөгөөр тогтоосон ба хохирогч *** 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр огноолсон бичгийн хүсэлтэд автомашины копудын засварын үнэ 2,626,000 төгрөгийг хүлээн авсан тухай (хавтаст хэргийн 71 дэх тал) бичсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрч байгааг илэрхийлсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ***ыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
3.Бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тус хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч ***т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогч Б.Одбаярт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН