| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2022/0859/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/887 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/887
2022 11 28 2022/ШЦТ/887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,
улсын яллагч Б.Энхбат /нийслэл/,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч А.Сэлэнгэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “********” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *******дүүргийн ***-р хороо, *-р хэсэг “********” хотхоны ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***** овогт ********-ийн А /РД: ********/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь ****** дүүргийн **-р хороо, *-р хороолол, **-1*6 тоотод үйл ажиллагаа явуулах “********” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “******** констракшн”, “***** майнинг”, “******** констракшн” ХХК-удаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 728,999,090.91 /долоон зуун хорин найман сая, есөн зуун ерэн есөн мянга, ерэн төгрөг, ерэн нэгэн мөнгө/ төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 31 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 72,899,909.09 /Далан хоёр сая, найман зуун ерэн есөн мянга есөн зуун есөн төгрөг, есөн мөнгө/ төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Б.Э:
“...“********” ХХК-ийн хувьд 2016-2018 оныг дуустал хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 179,708,909.11 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “********” ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байна. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 179,708,909.11 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “*****” ХХК нь илгээсэн байдаг. “********” ХХК нийт 7 аж ахуйн нэгжээс 47 падаанаар 179,708,909.11 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Татварын ерөнхий газраас ирүүлсэн:
“********” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 1,797,089,090.89 /Нэг тэрбум, долоон зуун ерэн долоон сая, наян есөн мянга, ерэн төгрөг, наян есөн мөнгө/ төгрөгийн үнэ бүхий 47 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “***** майнинг”, “********”, “******** констракшн”, “*********”, “******- Эндорфин”, “********”, “********” гэсэн нэр бүхий 7 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 07 дугаар сарын 17, 2019 оны 01 дүгээр сарын 31, 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн өр төлбөрөө барагдуулсан талаарх баримт, /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
“Их наяд аудит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн:
“********” ХХК-ийн татварын нэгдсэн /etax, ebarimt/-ээр баталгаажсан НӨАТ-ын тайлан, төлбөрийн баримтыг тулган шалгахад “******** констракшн”, “***** майнинг”, “******** констракшн” ХХК-удаас 2017 онд 25 удаагийн 491,549,090.91 төгрөг, 2018 онд 6 удаагийн 237,450,000.00 төгрөг, нийт 31 ширхэг 728,999,090.91 төгрөгийн худалдан авалтын төлбөрийн баримт тайлагнасан байна...” гэсэн дүгнэлт, / 1 дүгээр хавтаст хэргийн 113-122 дахь тал/,
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Болор, Д.Сэлэнгэ нарын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын Н/108 тоот тушаалын хавсралт 1-д заасан /Татварын хяналтад шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт/-д үндэслэн иж бүрэн хяналт, шалгалт хийх 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын дагуу “********” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай /Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай/ улсын байцаагчийн дүгнэлт,
- “...Татварын хяналт шалгалтаар нийт 54,577,566,913.41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн.
- Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “********” ХХК юм.
- 2017 онд 27,849,892,034.45 /хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерэн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө/ төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж, ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох, орлогыг хуурамчаар тусгасан...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 131-134 дэх тал/,
“********” ХХК-аас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, /1 дүгээр хавтаст хэргийн 242-250, 2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/,
Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Нармандах, Н.Мөнхтуяа нарын /Татварын хяналт, шалгалт хийх томилолт/, /Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж/-ийн дагуу “******** майнинг” ХХК-ийн 2013.01.01-2017.12.31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай /Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай/ улсын байцаагчийн дүгнэлт,
- Дүгнэлтээр: Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52,642,576,428.3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэгт бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.
- Хавсралтаар: Татварын хяналт шалгалтаар нийт 52,642,576,428.3 (тавин хоёр тэрбум, зургаан зуун дөчин хоёр сая, таван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун хорин найман төгрөг) төгрөгийн зөрчил илэрсэн.
- 2017 онд 26,335,816,350.81 /хорин зургаан тэрбум, гурван зуун гучин таван сая, найман зуун арван зургаан мянга, гурван зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж, бусдад НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 177-180 дахь тал/,
“******** майнинг” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, /1 дүгээр хавтаст хэргийн 185-196 дахь тал/,
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Мянганжаргал, Д.Хатанбаатар нарын /Татварын хяналт шалгалт хийх томилолт/, /Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж/-ийн дагуу “******** констракшн” ХХК-ийн 2018.1.01-2018.12.31-нийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340000501 дугаартай /Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай/ улсын байцаагчийн дүгнэлт,
- Дүгнэлтээр: Татварын хяналт шалгалтаар нийт 13,336,780,042.4 /арван гурван тэрбум, гурван зуун гучин зургаан сая, долоон зуун наян мянга, дөрвөн хоёр/ төгрөгийн зөрчил илэрсэн.
- Хавсралтаар: “******** констракшн” ХХК нь ААН-ын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2013-2016 онуудад (X),
- НӨАТ төлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 05-нас 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд 13,336,780,042.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 354,751,746.00 төгрөгийн худалдан авалттайгаар тайлагнасан байна. 2018 онд 13,336,780,042.00 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-удтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа ААН-ийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр тайлагнасан,
- 2018 онд 13,336,780,042.00 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-удтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 492 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж бусдад НӨАТ-аас зайлсхийх боломж олгосон...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 212-216 дахь тал/,
“******** констракшн’’ ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 492 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 149 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт, /1 дүгээр хавтаст хэргийн 217- 220 дахь тал/,
Гэрч Д.О-ийн /Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай/:
“..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан, Цахим татварын мэдээллийн сан, Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Etex.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем. Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно. Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ. Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал/,
Шүүгдэгч Г.А-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн:
“...“********” ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие юм. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай ээж Ц.Эрдэнэчимэг нь энэ компанийн өмчлөгч боловч 68 настай өндөр настан учир компанийн бүх үйл ажиллагааг би удирдан явуулдаг. Манай компани У.Алтанзаяа гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2017 онд тайлангаа залруулж зөвтгөсөн.. гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед манай компани 2017 онд үйл ажиллагаа явуулаад худалдан авалт надтай холбоотой миний үед хариуцан ажиллаж байсан...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/,
“********” ХХК-тай холбоотой баримт /1 дүгээр хавтаст хэргийн 52-69, 2 дугаар хавтаст хэргийн 34-48 дахь тал/,
Гэрч С.С********-ийн /“*****” ХХК-ийн нягтлан бодогч/:
“..“***** майнинг” ХХК-ийн талаар мэдэхгүй, анх удаа сонсож байна. Энэ компани 369,711,925 төгрөгийн НӨАТ-ийн падааныг манай аж ахуйн нэгж дээр шивсэн байсан. Манайх уг компанитай гэрээ байгуулсан байсан. Бараа бүтээгдэхүүн аваагүй бөгөөд одоо бодоход хуурамч гэрээ байсан. “***** майнинг” ХХК-аас ямар нэгэн бараа материал аваагүй..” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Яллагдагч А.****-д холбогдох эрүүгийн 2202000000247 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр яллагдагч У.Алтанзаяа нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын 24 дугаартай тогтоол, /1 дүгээр хавтаст хэргийн 1-З дахь тал/,
Яллагдагч У.Алтанзаяа, Г.Болдбаатар, О.Отгонтуул, Б.Ануударь, Б.Пүрэвдолгор, Х.Чинтуяа нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 72-107 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч Г.А нь “Хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сэлэнгэ “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргаангүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Аийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.А нь:
Баянгол дүүргийн 15-р хороо, 3-р хороолол, 31-126 тоотод үйл ажиллагаа явуулдаг “********” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “******** констракшн”, “***** майнинг”, “******** констракшн” ХХК-удаас 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 728,999,090.91 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 31 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 72,899,909.09 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, гэрч Д.Очирпүрэв нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, аудитын дүгнэлт, Татварын Улсын байцаагч нарын дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байдаг.
“Татвар төлөхөөс зайлсхийх” гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эдийн засгийн гэмт хэрэг байх ба шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.А-ийг “Татвар татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас улсад нийт 72.899.909.09 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.А, иргэний хариуцагч “********” ХХК нь 5.988.712.80 төгрөгийн хохирлыг төлсөн бөгөөд үлдэх 66.911.197 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч Г.А, иргэний хариуцагч “********” ХХК-иас 66.911.197 төгрөг гаргуулж, Татварын Ерөнхий газарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Г.А нь эрүүгийн хариуцлагын талаар прокурортой тохиролцсон, прокуророос түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.А нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 81 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, түүнд эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулсан байна.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч Г.А-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн 2202000000238 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****** овогт ********-ийн А-ийг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, иргэний хариуцагч “********” ХХК-аас 66.911.197 / жаран зургаан сая есөн зуун арван нэгэн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, Татварын Ерөнхий газарт олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ