Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Мөнхтүвшин, шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02830 1602 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн М.М , 2004 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэлийн график дизайн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, ээжийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.М нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн тээш хадгалах газрын үүдэнд хохирогч Н.Б-ыг “шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэн ам гаргаж маргаан хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт бороохойгоор цохиж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал /нэвчдэс/ бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, *** овгийн М.М  нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн тээш хадгалах газрын үүдэнд хохирогч Н.Б-ыг “шаардлага тавихад өөдөөс эсэргүүцэн ам гаргаж маргаан хийлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт бороохойгоор цохиж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал /нэвчдэс/ бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Н.Б-ы  “...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн урд зогсоол дээр Б найзтайгаа явж байсан. Тэгээд Онцгой гэсэн бичигтэй ногоон хувцастай 2 хамгаалагч нар согтуу хүмүүсийг хөөгөөд яваад байхаар нь би шаардлага тавьсан. Тэгсэн чинь тэр хоёр хамгаалагч надтай хэрүүл маргаан хийгээд хэл амаар доромжлоод бороохойгоор цохих ээд байхаар нь би барилцаж аваад байж байсан чинь Н ирж салгасан ба тэгээд тэр хоёр хамгаалагч яваад өгсөн. Би цаашаа яваад сандал дээр сууж байсан чинь тэр хоёр хамгаалагч хажууд ирчихсэн зогсож байсан. Гэнэт бороохойгоор миний нүүр хэсэг рүү цохисон..цагдаа нар ирсэн чинь намайг цохисон хамгаалагч залуу “ахаа гуйж байна, хоорондоо асуудлаа шийдчихье” гээд байхаар нь би дуудлагаа буцаасан. Тэгээд тэр залууд хонох газар байхгүй гээд хэлсэн чинь намайг зочид буудалд оруулчхаад нэг шил архи бас авч өгсөн. ...Онцгой гэсэн бичигтэй ногоон өнгийн хамгаалалтын хувцастай хоёр хамгаалагч хажууд ирчихсэн гэнэт л миний нүүр рүү бороохойгоор... нэг нь миний нүүр рүү цохисон. Нөгөө залуу нь хажууд зогсож байсан.Тэгээд Н ирж салгасан...өнөөдөр надад 900,000 төгрөг хүлээлгэн өглөө. Мөн эмнэлэгт хэвтэж байх үед 200,000 төгрөг өгсөн нь үнэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 15-16 дахь тал),  

- Гэрч О.Хүслэнгийн “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Драгон төвийн зогсоол дээр харуул хамгаалалтын ажлаа хийгээд явж байсан чинь 7-8 хүн зогсоод дээр архи уугаад байхаар нь бид хоёр очоод “энд архи уухгүй” гэж шаардлага тавихад тухайн цохиулсан гээд байгаа эрэгтэй хүн нь “бид нарын хаана сууж архи уухыг минь заадаг болоо юу” гээд босож ирээд М.М-ыг хоолойноос нь заамдаж аваад цээжин тус газар руу гараараа нэг удаа цохиж, зүүн хөл хүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд М.М нь зөрүүлээд нүүрэн тус газар нь нэг удаа цохихоор нь би дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

- Гэрч Ц.Н н “...Н.Б ах бид хоёр ...хоёр шил архи уучхаад Намуун зоогийн газрын гадна сууж байсан чинь хамгаалагч ирээд “олон нийтийн газар архи ууж болохгүй” гэж хэлэхээр нь бид хэд Драгоны урд зогсоол дээр ирсэн. Тэгээд Н.Б ах “би мөнгө хүнээс асууя” гээд Ховдын тээшний хажуу руу явсан...би урд зогсоолын сандал дээр сууж байсан чинь нэг хамгаалагч нь миний хажууд зогсож байсан. Тэгээд нэг хамгаалагч нь Н.Б ахтай маргалдаад байхаар нь би очоод Н.Б ах, хамгаалагч хоёрыг салгасан. Тэгэхэд Н.Б ахын амнаас цус гарсан байсан...юугаар цохисон эсэхийг хараагүй...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11491 дугаартай шинжээчийн “...Н.Б-ы  биед эрүү ясны хоёрлосон далд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал /нэвчдэс/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 21-30 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би Н.Б гэж ахыг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа л цохисон. Хэсэг хугацааны дараа амнаас нь цус гараад эхэлсэн. Тэр хүн өөрөө надаас салахгүй зууралдаад байсан. ...Хохирогч ах тухайн үед нэлээд согтуу байсан бөгөөд би түүнийг бороохойгоор цохиогүй, зүүн гараараа нэг удаа цохисон. Тухайн үед би биедээ резин бороохой авч явсан бөгөөд бүснээс зүүлттэй гаргаж хэрэглээгүй. Гэхдээ би түүнийг цохиж эрүүний ясыг хугалсан нь үнэн. Анхнаасаа би түүний биед гэмтэл учруулъя гэж бодоогүй. Хүний эрүү ингээд хугарчихдаг гэж бодоогүй. Намайг согтуу ах янз бүрээр хараагаад миний цээж рүү гараараа цохиж хөл рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд цохисон...” гэж (хавтаст хэргийн 63-64 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. ...Драгон төвд хамгаалагч хийдэг. Ажилд анх ороход л бороохой, гав өгсөн ... цэргийн алба хаагаагүй, тусгай хэрэгсэл хэрэглэх, ашиглах талаарх сургалтад суугаагүй, арван найман настай ... хохирогчийн толгой руу нэг удаа цохисон...” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгов.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.М нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 11491 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Б-ы  биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч М.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч М.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Н.Б нь өөрт учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.М-аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүгдэгч : “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ялын талаар хэлэх зүйлгүй...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 107 дахь тал), төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 108 дахь тал), Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 109 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 110 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 113-129 дэх тал), суурь боловсролын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 130 дахь тал), мэргэжлийн боловсролын үнэмлэх  (хавтаст хэргийн 131-132 дахь тал), хувийн хэрэг (хавтаст хэргийн 133-136 дахь тал), өргөмжлөл (хавтаст хэргийн 137-138 дахь тал), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 139 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 144 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Цант цагаан уул овгийн М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.М-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-т оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-т сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Батсайханд хохирлын талаарх хуулийн шаардлага хангасан баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.М нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА