| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Махайн Риза |
| Хэргийн индекс | 110/2021/0014/З |
| Дугаар | 110/ШШ2021/0014 |
| Огноо | 2021-02-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 110/ШШ2021/0014
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч:Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0149964 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0169547, 0149960, 0149959, 0149961, 0149963, 0149956, 0149958, 0149962 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгох тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч талаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Д, хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын улсын байцаагч С.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд хүргүүлсэн дүгнэлтийн үндэслэлийн талаарх тайлбартаа:
Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч нь зөрчлийн М-150 дугаартай гомдол, мэдээлэлд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дуусган материалыг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр прокурорын хяналтад ирүүлснийг хүлээн авч хянахад тус аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга Е.Ж нь эмнэлгийн ажилтнуудаар 2019 оны 11, 12 дугаар сард даатгуулагчдын нэр дээр өдрийн эмчилгээний өвчний түүхийг хуурамчаар бичүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 16 204 700 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж авсан гэх зөрчилд Е.Ж 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 0149964 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 000 000 төгрөгөөр, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ш.М 0169547, Т.Ат 01499960, Б._Н 0149959, Д.А 0149961, Д.Б 0148863, С.С 0149956, И.Т 0149958, Х.И 0149962 дугаартай шийтгэлийн хуудсаар тус бүрт нь 200 нэгж буюу 200 000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулжээ.
Материалд авагдсан холбогдох Е.Ж, Ш.М, Т.А, Б.Н, Д.Б, Д.А, С.С, И.Т Х.И О.А, О.Ж нарын мэдүүлэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Е.Ж нь эмнэлгийн ажилтнуудаар 2019 оны 11, 13 дугаар сард даатгуулагчдын нэр дээр өдрийн эмчилгээний өвчний түүхийг хуурамчаар бичүүлж эрүүл мэндийн сангаас тус сумын Эрүүл мэндийн төвд 16 204 700 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж авсан болох нь тогтоогдож байх боловч Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Нийт есөн холбогдогчийн гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн шинжтэй. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэргийн материалыг харьяаллын дагуу прокурорын байгууллагад шилжүүлэх талаарх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.
Эхний ээлжид эрүүгийн журмаар шалгуулсны дараа гэмт хэрэг, зөрчлийн алинд нь хамаарах эсэхийг тогтооно. Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0149664, 0169547, 0149960, 0149959, 0149961 , 0149963, 0149958, 0149962 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагчаас гаргасан тайлбартаа:
Баяннуур сумын иргэн Б.Мын ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 04/441 дугаар удирдамжийн хүрээнд Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанаас эрүүл мэндийн даатгалын сангаас 2019 оны олгосон санхүүжилт, даатгуулагчийн холбогдох мэдээлэл болох өвчний түүх бичилт, түүний эм олголт, нэхэмжлэл, нэрсийн жагсаалт, илгээх бичиг, оношилгоо шинжилгээний баримт, бүтэц орон тоо, цалингийн зардлын төлөвлөлт, зарцуулалт зэрэг баримтуудыг хамруулан өдрийн эмчилгээ хийлгэсэн зарим даатгуулагчаас түүвэрчлэн асуух замаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч С.Р, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Н, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Х.А, О.А нар тус төвийн дарга Е.Ж, их эмч Ш.М, С.С, ахлах сувилагч, сувилагч, лаборант эмийн санч нарыг байлцуулан холбогдох баримтад 2020 оны 12 дугаар сарын 16-18-ны өдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн.
2019 оны 11, 12 дугаар саруудын даатгуулагчдад өдрийн эмчилгээ, үйлчилгээг эмнэлзүйн удирдамжийн дагуу үзүүлээгүй, эм, эмчилгээний захиалга хийгдэж, зардал гараагүй, байхад өдрийн эмчилгээний өвчний түүхийг хуурамчаар нээж, үг түүхэнд эмч, сувилагч нар гарын үсэг зурж, лаборант шинжилгээний бичиг гаргаж, эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардал нэхэмжилж авсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн М-150 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан 16.204.760 төгрөгийг Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс нөхөн төлүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04-01-001/51 тоот улсын ахлах байцаагчийн эрхээр нөхөн төлбөрийн акт тогтоож, Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга, нягтлан бодогчийн гарын үсгийг зуруулсан.
Түүнчлэн холбогдогч нарын үйлдсэн зөрчил нь даатгуулагчид өдрийн эмчилгээний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй чанартай түргэн шуурхай үзүүлээгүй даатгуулагчийг мэдээллээр хангаагүй, эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн байгууллагад ирүүлээгүй, өдрийн эмчилгээний тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн төвийн дарга хяналт тавих эрхээ хэрэгжүүлээгүй, 2019 оны өдрийн эмчилгээ, үйлчилгээнд хамрагдсан даатгуулагч иргэдийн мэдээллийг Эрүүл мэндийн төвийн дарга өөрийн кодоор илгээсэн илгээх бичиг үйлдсэн, эмч өөрөө хариуцан үзэж, өвчний түүхийг хөтлөх журам хэрэгжээгүй, сувилагч нар сувилахуйн тусламж үйлчилгээг өдрийг эмчилгээ сувилгааны хэсэгт үзүүлэх удирдамжийн дагуу ажиллаагүй, эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой хууль журмыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалтыг үндэслэн холбогдогч нарт шийтгэл оногдуулсан.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүйг мэдээгүй, энэ тохиолдолд хуулийн дагуу гомдол, мэдээллийг прокурорын байгууллагад шилжүүлэх талаарх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэж үзсэн прокурорын дүгнэлтийн үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд 0149964, 0169547, 0149960, 0149959, 0149961, 0149963, 0149956, 0149958, 0149962 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгохоор гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Хэргийн материалаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга болон холбогдох ажилтнууд нь 2019 оны 11,12 дугаар саруудад даатгуулагчдад өдрийн эмчилгээ, үйлчилгээг холбогдох удирдамжийн дагуу үзүүлээгүй, эм, эмчилгээний захиалга хийгдэж, зардал гараагүй байхад эмчилгээний өвчний түүхийг хуурамчаар нээж, эмч, сувилагч нар гарын үсэг зурж, лаборант шинжилгээний бичиг гаргаж, эрүүл мэндийн даатгалын сангаас 16 204 700 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж авсан гэх үйл баримтыг тогтоож, холбогдогч нарыг Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй ..” зөрчил гаргасан гэж үзэж, мөн зүйлд зааснаар эмнэлгийн дарга Е.Жыг хуулийн этгээдийн хувиар 2 000 000 төгрөгөөр, их эмч Ж.М, сувилагч Т.А, Б.Н, Т.Б, Т.А, И.Т, лаборант Х.И, урьд нь тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан гэх Өлгий сумын 13 дугаар багийн оршин суугч С.С нарыг тус тус 200 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байх ба энэ талаарх 2020 оны 0149964, 0169547, 0149960, 0149959, 0149961, 0149963, 0149956, 0149958, 0149962 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 1.2 гэх заалтыг баримталжээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8-д эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл прокурор дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ гэж зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос дараах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд дүгнэлт гаргаж, үндэслэлээ “...зөрчилд холбогдогч нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 23.2 дугаар зүйл заасан “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргүүдийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд заасныг зөрчиж, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэхгүйгээр шийтгэлийн хуудсаар торгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяалал зөрчсөн.” гэжээ.
Хариуцагчаас прокурорын дүгнэлтийн үндэслэлийн талаар шүүхэд “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүйг мэдээгүй, энэ тохиолдолд хуулийн дагуу гомдол, мэдээллийг прокурорын байгууллагад шилжүүлэх талаарх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна.” гэж тайлбарласан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.”, гэж, Авлигын эсрэг хуулийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэж заасан.
Хуулийн уг зохицуулалтаар Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь нийтийн албан тушаалтанд хамаардаг байх ба Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, гэж, мөн зүйлийн 2-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1-д “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
Зөрчилд холбогдогч Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга, бусад ажилтнуудын гаргасан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1, 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба энэ тохиолдолд улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хянан шалгах явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол холбогдох баримтыг харьяаллын дагуу шалгуулахаар прокурорт даруй шилжүүлнэ.” гэж зааснаар ...өдрийн эмчилгээний өвчний түүхийг хуурамчаар бичиж эрүүл мэндийн даатгалын сангаас 16 204 700 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилж авсан гэх үйлдэлтэй холбогдох баримтыг прокурорт шилжүүлэх үүрэгтэй байна.
Ийнхүү эрх бүхий албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэх үндэслэл болох ба улсын байцаагчийн гаргасан маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.” гэж заасан хууль ёсны зарчимтай нийцсэн гэх үзэхээргүй байна
Тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх талаар захиргааны хэргийн шүүх дүгнэхгүй бөгөөд холбогдогч нарын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхийг эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар эхэлж шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Иймд энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул эрх бүхий албан тушаалтны Баяннуур сумын Эрүүл мэндийн төвийн дарга, ажилтнууд болох 9 хүнд шийтгэл оногдуулсан маргаан бүхий шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийн шаардлагыг хангаж, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0149964 дугаартай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0169547, 0149960, 0149959, 0149961, 0149963, 0149956, 0149958, 0149962 дугаартай “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан прокурор нь нэхэмжлэгчийн хувьд улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлөх 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу прокурор, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА