Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Шүүгдэгч М.Батболд

Хохирогч Б.Алтанцэцэг, Т.Мандах

Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Батболдод холбогдох 201614000479 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн Баруун задгай 9-9 тоотод оршин суудаг, урьд нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн сум дундын 14 дүгээр шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1, 223 дугаар зүйлийн 223.1-д тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Бэсүүд овогт Мөнхбаатарын Батболд /РД: ИН92060318/

Шүүгдэгч М.Батболд нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын голын 3 дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Алтанцэцэгтэй таагүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 16-03 тоотод хамтран амьдрагч Б.Алтанцэцэгийг хардсаны улмаас хадам ээж Т.Мандахынхаа монгол гэрийн бүрээсийг устгаж, бүслүүр, ханын хөшиг, дээврийн гялгар уут зэргийг шилээр зүсээж гэмтээсэн нийт 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: -Шүүгдэгч М.Батболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Алтанцэцэгийг хардаад, жаахан архи уучихсан байсан болохоор цохисон нь үнэн. Мөн монгол гэрийн бүрээс, дээврийн гялгар уут, бүслүүр зэргийг архины шилний хагархайгаар зүссэн. Би уг Алтанцэцэгээс уучлалт гуйх гэж очсон боловч хуучин нөхөр Бороо нь ирчихсэн байсныг цонхоор хараад уур хүрсэн. Алтанцэцэгийг зодож цохисон нь үнэн. Ар гэрийнхэнтэйгээ холбогдож чадаагүй, хоригдож байсан болохоор хохирол төлж чадаагүй. Хохирлыг төлнө. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

. -Хохирогч Б.Алтанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 07 дугаар сарын 21-нд гэртээ байж байтал Батболд машинтай ирсэн. Тэгээд би гарахад намайг машинд суулгаад авч явсан. Замдаа Чөдөрөө, Сэлэнгэ хоёрыг аваад хороололд гэрийнхээ гадаа ирсэн. Намайг машинаас буу гэхээр нь би буухгүй гэсэн чинь тархи, толгой, нүүр, гэдэс рүү өшиглөсөн. Сэлэнгэ, Чөдөрөө хоёр салгах гэтэл Батболд бидний амьдрал чамд хамаагүй гэсэн. Тэр хоёр ч яваад өгсөн. Тэгээд эмээгийнхээ гэрт дагуулж ороод ална, хядна гээд байсан. Бид хоёр 2015 оны 12 дугаар сараас танилцаад 2016 оны 02 дугаар сарын эхээр нэг гэрт орсон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Т.Мандахын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдрийн өмнө нь охиныг минь зодсоноос бие нь муудсан байсан. Тэгээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Би бас Батболдыг буруугаа ойлгож байгаа болов уу гээд юм хэлээгүй. Тэгээд хөдөө явчихсан хойгуур дахин ирж охиныг зодсон байсан. Миний хувьд биднийг заналхийлэх болсон. Одоо айж эхэлж байна. Манай гэрийн бүрээс, гялгар уут, бүслүүр зэргийг зай завсаргүй зүсээд сэглээд хаясан байсан. Миний хувьд гомдолтой. Миний нүдэн дээр охиныг минь унагааж дэвсэж байсан. Хохирлын хувьд нэхэмжлэхгүй. Өөрөө сайн бодно биз гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.Сэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Батболд шууд машинаас бууж эхнэрээ татаж буулгаад нүүр, гэдэс, гуя руу нь өшиглөж гараараа цохисон энэ үед нөхөр маань Батболдод хандаж чи болиоч наадах чинь эмэгтэй хүн, жирэмсэн хүнийг ингэж болохгүй гэхэд миний амьдрал чамд хамаагүй гээд нөхрийг зодох гэсэн. Тэрнээс хойш таараагүй гэсэн мэдүүлэг /хх 35-36 ху/

-Гэрч Д.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...хадам эх Мандах над руу залгаж чи манайд ирсэн үү гэхэд нь очоогүй гэж хэлтэл хүүхэд чинь ганцаараа уйлчихсан Алтанцэцэг байдаггүй гэсэн. Тэгтэл шөнө над руу дахин Мандах залгаж цаад Алтанцэцэг чинь хүнд зодуулчихсан хорооллын цагдаагийн хэсэг дээр байна чи өмд гутал аваад очихыг бодоорой гэж хэлсэн. ...Цагдаагийн хэсэг дээр очиход Алтанцэцэг зодуулсан байдалтай хувцас нь шороо болчихсон байсан гэсэн мэдүүлэг /хх 37-38 ху/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 561 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Б.Алтанцэцгийн биед тархи доргилт, нүүр, цээж, баруун гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. 2. Дээрхи гэмтэл нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. 3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 54 ху/

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11 ху/

-Хохирлын үнэлгээ /хх 47-50 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64 ху/

-М.Батболдыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 57-62 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч М.Батболд нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын голын 3 дугаар гудамжинд хамтран амьдрагч Б.Алтанцэцэгтэй таагүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 09 дүгээр сарын 3. 22-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 16-03 тоотод хамтран амьдрагч Б.Алтанцэцэгийг хардсаны улмаас хадам ээж Т.Мандахынхаа монгол гэрийн бүрээсийг устгаж, бүслүүр, ханын хөшиг, дээврийн гялгар уут зэргийг шилээр зүсээж гэмтээсэн нийт 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хохирогч Б.Алтанцэцэгийн “...2016 оны 07 дугаар сарын 21-нд гэртээ байж байтал Батболд машинтай ирсэн. Тэгээд би гарахад намайг машинд суулгаад авч явсан. Замдаа Чөдөрөө, Сэлэнгэ хоёрыг аваад хороололд гэрийнхээ гадаа ирсэн. Намайг машинаас буу гэхээр нь би буухгүй гэсэн чинь тархи, толгой, нүүр, гэдэс рүү өшиглөсөн” гэсэн, хохирогч Т.Мандахын “...хөдөө явчихсан хойгуур дахин ирж охиныг зодсон байсан. Манай гэрийн бүрээс, гялгар уут, бүслүүр зэргийг зай завсаргүй зүсээд сэглээд хаясан байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Сэлэнгэ / хх 35-36 ху/, Д.Энхтүвшин /хх 37-38 ху/ нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээ /хх 47-50 ху/, хохирогчийн биед тархи доргилт, нүүр, цээж, баруун гуянд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүссэнийг тогтоосон шинжээчийн 561 дугаартай дүгнэлт зэрэг болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Батболдод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч М.Батболд урьд нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн сум дундын 14 дүгээр шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1, 223 дугаар зүйлийн 223.1-д тус тус зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 130/66 тоот шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 27 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч үлдэх 27 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон байх тул ялтай байдал арилаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Батболдын согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол, төлбөргүй байна.

Шүүгдэгч нь 45 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн монгол гэрийн бүрээсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүүд овогт Мөнхбаатарын Батболдыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 /гурав/ сарын баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч М.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Батболдод оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Батболдын цагдан хоригдсон 45 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн монгол гэрийн бүрээсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА