Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2019/0566

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр                   Дугаар 184/ШШ2019/0566                                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СХД, 00 дугаар хороо х 00 гудамж 00 тоот хаягт оршин суух Т х овогт Н-ийн Н /регистрийн дугаар: АА00000000/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СХД, 00 дугаар хороо 00 байранд байрлах “М м г” ХХК /А ломбард, регистрийн дугаар: 0000000/-д холбогдох,

Барьцаанд байсан зурагт худалдсан хохирол 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:”...Миний бие 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр HISENSE маркийн 42 инчийн телевизорыг 150 000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатай тавьсан. Хүлээлгийн 7 хоног байсан ба 11 дүгээр сарын 16-19-ний өдрийн хооронд ирэхэд цоожтой байсан. Утас руу нь залгахад дуудаад аваагүй, баримтан дээр бүртгэлтэй хоёр дугаар луу нэг ч удаа залгаж яриагүй. Журам дээрээ залгаж ярихаар заасан байхад журмаа зөрчин нэг ч удаа залгаж яриагүй. Баримтан дээрээ хугацаа хэтэрснээс хойш хүү бодно гэж байна. Гэтэл манайх хүү бодоогүй гэж журмаа зөрчиж 800 000 төгрөгийн үнэтэй эд зүйлийг зарж борлуулсан. Иймд хохирол болох 300 000 төгрөг гаргуулж өгнө үү. Надад мэдэгдэхгүйгээр  “А” ломбард нь миний зурагтыг зарж журмаа зөрчсөн гэв.

Хариуцагч “М г м” ХХК /А л/-ийн захирал Г.А шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Н.Н нь манайд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 10 хоногын хугацаатай 42 инч HISENSE телевизорыг 150 000 төгрөгөөр тавьсан болно. Хугацаа дууссанаас хойш манайх 7 хоног эд зүйлийг хадгалдаг. Анхааруулах мессеж явуулсан боловч дэлгэц нь хагархай утас руу явуулахаар яадаг юм гэж загнасан. Би тэр хүний утасны дэлгэц хагархайг мэдэхгүй.

Санамжид заагдсаны дагуу 7 хоног хүлээх ёстой боловч манайх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл 8 хоног хүлээгээд ломбардыг хохиролгүй болгосон. Н.Н нь тус ломбардны гэрээтэй танилцан хүлээн зөвшөөрсний улмаас гарын үсэг зурсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19 цаг 00 минутад хаалттай байсан гэх боловч манайх огт амардаггүй ба 11 цаг 00 минутаас 23 цаг 00 минут хүртэл ажилладаг.

Нэхэмжлэгчийн ярьж байсан хугацаанд манай ломбард ажиллаж байсан гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Манай ломбардны утас байнга холбоотой байдаг. Нэхэмжлэгчийн ломбарданд ирэхэд хаалттай байсан гэсэн мэдүүлэг нь худлаа яриж байгаа нь бичлэгээр сд-нд буулгаж шүүхэд нотлох баримтаар гаргуулж өгсөн. Би хугацаа нь дуусаад 2 хоногийн дараа хариу ирэхгүй, утсаар ч ярихгүй, ирж уулзахгүй байсан болохоор тэр орой нь зах дээр очиж 220 000 төгрөгөөр зарсан ломбардны дотоод журманд заасан журамтай танилцаж гарын үсэг зурсан тул “А” ломбарданд буруу байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч “М г м” ХХК буюу А ломбарданд холбогдуулан барьцааны эд зүйл худалдах журам зөрчсөн гэж зурагтын үнэ 300 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 2-нд өөрийн өмчийн Hisense-42 маркийн телевизорыг А ломбарданд барьцаанд тавьж 150 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлжээ.

Хавтаст хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 000128521 дугаартай “М г м” ХХК-ийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн агуулга хэсгээс үзвэл 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг шинээр бүртгэсэн нь тус хуулийн этгээдийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй гэж үзэхээр байна.

Иргэний эрх зүйн гэрээ нь сайн дурын үндсэн дээр саналаа чөлөөтэй илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл байдаг.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан барьцаат зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар болон тэдний хооронд “А ломбард” нэртэй бичгийн баримт дээр 11 сарын 2-ны өдрөөс 11 сарын 11 хүртэлх хугацаанд 150 000 төгрөг зээлсэн тухай харилцан гарын үсэг зурсан баримтаар тогтоогдож байгаа ба талууд хүсэл зоригийг илэрхийлсэн энэ талаар маргаагүй байна. /хх-13/

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 сарын 16, 19-ний өдрүүдэд ирэхэд тус Ломбард цоожтой байсан, мөнгө авсан баримт дээр утасны дугаар байсаар байхад нэг удаа ч залгаж мэдэгдээгүй зарсан нь журмаа зөрчсөн гэж тайлбарласан байна.

Хариуцагч нь санамжид заасны дагуу 7 хоног хүлээх байсан манайх 8 хоног буюу 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хүлээгээд ломбардыг хохиролгүй болгосон, 220 000 төгрөгөөр зарсан, 40 000 төгрөг өгч болно, манайх хохирсон гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчаас нотлох баримтаар мессеж бичсэн гар утасны бичлэг, сиди бичлэг зэргийг гаргаж өгсөн нь хариуцагчийг гэм буруугүй гэдгийг нотолж чадахгүй байх тул ач холбогдолгүй нотлох баримт гэж үзэв.

Учир нь зээл авсан тал буюу нэхэмжлэгч Н.Н үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул бичгийн хэлцэлд тохирсон хугацааг хариуцагч нь хуульд нийцүүлж 2018 оны 11 сарын 17-ны өдөр бичгээр мэдэгдээд үүнээс хойш 2018 оны 11 сарын 27-ны өдрийг хүртэл 10 хоног хүлээгээд үүргээ биелүүлэхгүй бол худалдан борлуулаад үнийн дүнгээс үүргийг хангуулж зөрүүг буцаан олгох байжээ.

Энэ тухай хуульд доорх байдлаар зохицуулсан байна. Үүнд:

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-д “зээлдэгч зээлсэн мөнгө болон хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж, 286 дугаар зүйлийн 286.4-д “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтыг хариуцагч биелүүлээгүйгээс барьцааны эд зүйл худалдах журам зөрчсөн нь тогтоогдож байна.

Талууд зурагтын үнийн талаар маргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар мэргэжлийн  байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан болно.

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн дугаар 36 дүгнэлтэд ...“Hisense” брендийн 4-5 жил хэрэглэж байсан ажиллагаа хэвийн 42 инчийн LCD зурагтын өнөөгийн зах зээлийн үнэлгээ 350 000 төгрөг“ гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч Н.Н барьцаалан зээлдэх газраас зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь буруутай байна.

Иймд анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан 300 000 төгрөгөөс тооцох нь зүйтэй тул үндсэн төлбөл зохих 150 000 төгрөг, хүү 30 000 төгрөгийг суутгаж зөрүү 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч “М г м” ХХК-ийн А ломбард /итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И/-наас 120 000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлч Н.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагаас 4 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.ОЮУНЦЭЦЭГ