Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/891

 

 

 

 

 

 

 

2022           11          29                                    2022/ШЦТ/891

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч С.Го нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ******-ийн Го-д холбогдох эрүүгийн 2205025212341 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ********** дүүргийн **-р хороо, **-* тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ****** дүүргийн *-р хороо, **-** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ****** овогт ******-ийн Го, /РД: **********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Го нь 2022 оны 07 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” караокед хохирогч С.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар мөргөх, гараар цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний зовхи, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 6-р шүдний хугарал, хоёр тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Го мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөх болно...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч С.Н-гийн:

“...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр найз Төсөөгийн гэрт машиныг янзалж өгөөд хамт пиво уугаад Төгсөө намайг “Нисэх” рүү явах замдаа Баянгол дүүргийн *-р хороо “**” караокены ойролцоо намайг буулгасан. ”***” караокед ажилладаг бололтой сахалтай, саарал өнгийн футболктой, 40-45 орчим насны залуу надад хандаж ”би энийг ажиллуулдаг юм. Манайд орж 3 дуу дуулаач” гэсэн. Тэгэхээр нь би “***” караоке руу дээр очоод 4 ширхэг авч явсан пивоо тавиад “гарахдаа авъя” гэж хэлсэн чинь сахалтай залуу намайг “ганц юм авчхаач” гэхээр нь би “за тэгье” гээд 0.5 “Соёрхол” нэртэй архи 35.000 төгрөгөөр авсан чинь нийтийн караокед сахалтай залуу надад ширээ бэлдэж өгөхөөр нь тэр ширээн дээр суутал тэр сахалтай залуутай хамт би авсан архиа хувааж уугаад 3 дуугаа хийгээд ганцаараа дуугаа дуулаад босоод “пивоо авъя” гэж сахалтай залууд хэлтэл тэр залуу “юун пиво, зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “4 шилтэй пиво тавиулаа биз дээ” гэтэл сахалтай залуу “чиний юм энд байхгүй” гэж хэлээд цаашаагаа явах гэж байхаар нь би цамцнаас нь таттал эргэж хараад нөгөө залуу миний нүүр лүү мөргөсөн. Тэгээд би ухаан алдаад унасан ба нэг сэртэл нойлын өрөөнд нь сэрсэн. Тэгээд би ухаан ороод хартал миний цамц тайлагдсан байдалтай байсан ба тэр үед сахалтай залуу орж ирээд “сэргэчихсэн үү, гарах уу” гэхээр нь би юм дуугаралгүй толгой дохиод намайг гаргаад өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-24 дэх тал/,

Гэрч Ж.Д-гийн:

“...Тухай өдөр би “**” караокены барменаар ажиллаж байсан. Манай караокены эзний нөхөр болох Го нэг эрэгтэй хүнтэй орж ирээд “Экс” нэртэй 0,5 литр архи нэг ширхгийг аваад манай караокены нийтийн зааланд суугаад хэсэг дуулсан тухайн үед шөнийн 03 цаг болж байсан манай караоке хаах дөхсөн байсан удалгүй Го нь нөгөө гаднаас орж ирсэн үл таних хүнтэйгээ маргалдаад байсан. Юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй тэр 2 маргалдаад тэкен дээр ирээд нэгнийгээ цохиод байсан хэн хэнийгээ яг хаана нь цохиж байсныг би харж амжаагүй. Удалгүй Гогийн хүү болох Д 5 номерын өрөөнөөс “аав яав, юу болов” гээд гарч ирсэн. Гончигоо ах “зүгээр чи цаашаа ор” гээд хүүдээ хэлж байгаа харагдсан. Д ороогүй, нөгөө аавтай нь маргалдаж байгаа ах дээр очоод ах дээр очоод барьцалдаад байж байсан би тоогоогүй агуулахынхаа гэрлийг унтраагаад эргээд хартал тэр үл таних ахыг газарт унагачихсан байсан би Д тэр ахтай зууралдаж байсан болохоор Дыг тэр ахыг газарт унагасан байх гэж бодож байна. Д тэр ахыг цохиж байхыг би хараагүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Гэрч Б.Б-ын:

“...Удалгүй зааланд Го ах хүнтэй маргалдаад байсан. Д бид 2 салгах санаатай очиход Го ах “та хоёрт хамаагүй, цаашаагаа яваад өрөөндөө ороод байж бай” гэсэн. Бид хоёр өрөөндөө орсон. Тэр хоёр салах шинжгүй маргалдаад байсан. Д гарч очоод “аавыг яаж байна” гээд Гончигоо ахтай маргалдаж байсан хүнийг унагасан дээр нь дараад хэвтэж байсан. Гончигоо ах “цаашаа бай та хоёрт хамаагүй” гээд Дыг босгоод нөгөө ахын нүүрэн тус газар цохисон. Нөгөө ах газарт суучхаад босохгүй байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Гэрч Б.Д-ын:

 “...аав тэр эрэгтэй хүний цээжин тус газарт 1 удаа цохиж байсан. Би тухайн хүнийг ганц ч цохиогүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 34, 37-38 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10070 дугаартай:

“...С.Н-гийн биед эрүү ясны хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний зовхи, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 6-р шүдний хугарал, хоёр тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Го нь хохирогч С.Н-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний биед нь халдаж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч С.Го нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч С.Го нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Гогийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч С.Го нь:

2022 оны 07 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” караокед хохирогч С.Н-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар мөргөх, гараар цохих зэргээр зодож биеийн эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, хамар ясны зөрүүгүй хугарал, баруун нүдний зовхи, дээд уруулын салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 6-р шүдний хугарал, хоёр тохой, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Н-, гэрч Ж.Д, Б.Б, Б.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч С.Го нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Го-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч С.Го нь хохирогч С.Н-гийн баримтаар нэхэмжилсэн 371.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Харин хохирогч С.Н- нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч С.Го-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч С.Го нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч С.Го-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205025212341 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Го нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ****** овогт ******-ийн Го-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гог 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Год оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Го нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Н-нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Го нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Го-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Го-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ