Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1367

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Оргилбат, хохирогч Д.О, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1609 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** овгийн С.Б , 1990 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 дугаар байрны автобусны буудал дээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж, түүний эрүүл мэндэд үүдэн зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун завжинд язралт, хамар ясны сэлтэрсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч *** овгийн С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32 дугаар байрны автобусны буудал дээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, баруун завжинд язралт, хамар ясны сэлтэрсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

​​​​​​​1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Д.О-ын “...Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар автобусны буудал дээр харих гээд автобус хүлээгээд зогсож байсан. Тэгээд *** ХХК-ийн *** гэсэн дугаартай нийтийн тээврийн автобус ирсэн жолооч нь автобуснаасаа буугаад ТҮЦ орох хооронд нь би тухайн автобусны жолоочоос н.Б  жолооч байгаа юу, автобусаа барьж байна уу гээд асуусан чинь тэр жолооч уурлаад тийм хүн танихгүй гээд хэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд муу бацаан минь гээд хэлсэн чинь миний баруун шанаа руу нэг удаа гараа атгаж байгаад цохиод, цээж рүү өшиглөж унагаагаад миний зүүн шанаа руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд тэр жолооч яваад өгсөн. Тэнд байсан хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж анхны тусламж авсан...тухайн үедээ эм тариа авахад баримт авч байсан боловч цуглуулсангүй хаяж үрэгдүүлсэн байна. Одоо надад байгаа ганц баримт нь 120,000 төгрөгөөр томографын зураг авхуулсан баримт байна. Өөр баримт байхгүй байна. Би хэрэгт хавсаргуулахаар өөрийн ажлын газраас тодорхойлолт авч ирсэн. Учир нь би 21 хоног ажил хийгээгүй, акттай байсан учраас энэ хугацааны миний цалин хөлсийг нэхэмжилнэ. Энэ нь 1,009,000 төгрөг үүн дээр 120,000 төгрөгөө нэмээд нийт 1,129,000 төгрөгийг нэхэмжилж байна. Би тухайн үед ганцаараа явж байсан ба ажлынхаа хүнтэй нэг шил 0,5 граммын архи хувааж уугаад гэртээ харихаар явж байсан нь тэр юм. Би уг залууг огт танихгүй, бидэнд өс хонзон, эд хөрөнгийн маргаан байхгүй... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 24-25 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12354 дугаартай шинжээчийн “...Д.О-ын биед үүдэн зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, баруун завжинд язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 36-37 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 800 дугаартай “...Д.О-ын биед нэмэлтээр хамар ясны сэлтэрсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл бүхий гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх Мөнгөн гүүр эмнэлгийн толгойн КТГ шинжилгээний хариунд хамар ясны хугарал зөрөөтэй гарсан байна...” гэсэн нэмэлт шинжилгээний дүгнэлт ( хавтаст хэргийн 40-41 дэх тал),

- Мөнгөн гүүр эмнэлгийн “...компьютер томографын оношилгоо”-ны хуудас ( хавтаст хэргийн 45 дахь тал),

- Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...би өмгөөлөгч авахгүй. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэн зөвөөр нь ярьсан байгаа. Би тухайн үед болчимгүй үйлдэл хийсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 56-57 дахь тал),

- Шүүгдэгч С.Б-ийн хувийн байдал, Голомт банкны 2105016766 дугаартай дансны хуулга ( хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн нь улсын яллагчийн шинжлэн судалсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 12354 дугаартай дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 800 дугаартай нэмэлт дүгнэлтээр тус тус хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.О-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч С.Б нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч Д.О-ын эрүүл мэндэд нь “зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхи, эрүүнд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус хуралт, баруун завжинд язралт...нэмэлтээр хамар ясны сэлтэрсэн хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.О нь хэрэгт баримтаар 1,129,000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч С.Б 629,000 төгрөгийг төлсөн, үлдэх 500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх тул хохирогч Д.О  эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, төлүүлэх саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Хохирогч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч С.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 64-65 дахь тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 66-68 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 69-73 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал), эд хөрөнгөгүй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 77 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), *** ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дэх тал), Голомт банкны дансны хуулга (хавтаст хэргийн 80-95 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч С.Б-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компьютер томографын оношилгооны нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хавтаст хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.*** овгийн С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Б-д сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан компьютерт томографын оношилгооны нэг ширхэг компакт дискийг эрүүгийн хэргийг хадгалах хугацаанд хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА