Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00401

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “А” ХХК/РД: /-д холбогдох,

 

98 385 300 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь 2018 оны 06-р сарын 03-ны өдөр “А” ХХК-тэй №18/04 дугаартай “Машин механизм түрээслэх гэрээ” байгуулан талууд гарын үсэг тамга тэмдэг даран албан ёсоор баталгаажуулсан боловч түрээслэгч гэрээнд тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй учраас түрээслүүлэгч түрээслэх техникийн тоог багасган гэрээнд тохирсон хугацааг хойшлуулан 7 хоногийн дараа төлбөрөө авахаар түрээслэгчтэй тохиролцож дараахь машин техникүүдийг доорхи нөхцөлөөр түрээсээр явуулсан. Үүнд:

1. Түрээсийн зүйл, Түрээсийн үнэ:

-Самсовал машин /30тн/ -3 ширхэг, 1 бүрийг 1 сард 7 000 000 төгрөгөөр,

-Грэйдер-1ш, 1 сард 14 500 000 төгрөгөөр,

-Түлшний запорож -1ш, 1 сард 4 500 000 төгрөгөөр,

-Гэр /ор, зуухтай/ Зш, 1 гэрийг 1 сард 350 000 төгрөгөөр,

-Түлшний ёмкость-1ш, 1 сард 800 000 төгрөгөөр,

2. Тээврийн хөлс: 1 рэйс нь 4 000 000 төгрөгөөр, ирэх буцах 2 талын тээвэрлэлтийн зардлыг түрээслэгч бүрэн хариуцахаар,

3. Төлбөр: Гэрээ баталгаажсан өдөр 30%-ийг, үлдэх төлбөрийг гэрээ байгуулсанаас хойш 30-35 хоногт багтаан бүрэн төлж дуусгах,

4 Гэрээний хугацаа ба сунгалт: Гэрээг 1 сарын хугацаатай, хугацааг сунгуулаагүй нөхцөлд төлбөрийг гэрээний нөхцөлөөр тооцохоор,

5. Хариуцлага: Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,4%-иар алданги тооцохоор талууд тохирч гэрээ байгуулсан.

Гэрээг байгуулсанаас хойш түрээсийн машин техникүүд түрээслэгчийн Дорноговь аймгийн Алтанбулаг сумын нутагт УБ хотоос 800 км-ийн зайд байрлах жоншны уурхайн замын ажлын талбайд нүүн очиход түрээслэгчийн ажил эхэлж жигдрээгүй шалтгаанаар ажлаа эхлүүлэлгүй хэд хоног хүлээлгэж байгаад түрээслэгч тал болон “А” ХХК нь түрээслүүлэгчээс түрээслэсэн 3 ширхэг самсовалын 1ш самсовалыг шороо тээвэрт, 2ш самсовалыг хог тээврийн ажилд шилжүүлэн тэндээ 2018.08.01-ныг хүртэл ажиллуулсан.

Грэйдер, түлшний ёмкость, гэрүүдийг түрээслүүлэгч өөрийн зардлаар тээвэрлэн аваачсан байдаг ба грэйдер нь түрээслэгчийн ажлын талбайд ажиллаж байгаад эвдрэл гарсан тул түрээслүүлэгч тал өөрийн зардлаар буцаан тээвэрлэн 2018.07.10-ны өдөр Улаанбаатар хотод авчирсан.

Түлшний запорож түрээслэгчийн ажлын талбайд 2018.07.04-нийг хүртэл түрээслүүлэгч талын жолоочтой ажилласан ба түүнээс хойш түрээслэгч талын жолооч барин ажиллуулсан байдаг

Түрээслэгч нь гэрээний үүргээ анхнаасаа ноцтой зөрчин гэрээний 3.2.1-д заасан хугацаанд огт төлбөр төлөөгүй, талууд уг хугацааг тохиролцон 7 хоногоор сунгасан боловч уг хугацаанд мөн төлбөр хийгээгүй, гэрээний 3.2.2-т заасан хугацаанд төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй. Гэрээний 5.8-д заасан “Түрээсийн машин механизмыг объект дээр ажиллуулах хугацаанд жолооч нарыг байр хоолоор хангана” гэсэн үүргээ ноцтой зөрчиж жолооч нарыг хоол ундаар дутаан өлсгөж, цангаасан, муудсан махаар хоол хийж өгсөн зэрэг олон зөрчлийн улмаас талууд маргалдан гэрээний хугацаа дуусан цаашид сунгахад түрээслэгчйн санхүүгийн байдал хүндрэлтэй нь илтэд тодорхой болсон тул түрээсийн зарим техникүүдийг зогсоосон боловч мөн түрээслэгч гэрээний 5.3-т заасан буцах зардлын асуудлын шийдэж өгөхгүй байсаар 2018.09.04-ний өдөр түрээсийн машин техникүүдийг түрээслүүлэгч өөрийн зардлаар буцаан татсан.

“А” ХХК нь Түрээсийн гэрээ байгуулагдсанаас хойш 2018.06.22-ны өдөр Грэйдер болон бусад зүйлсийн Тээврийн хөлсний үнэ болох 5 000 000 төгрөгийг, шилжүүлснээс өөрөөр өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй байна.

Иймд Талуудын хооронд хийгдсэн “Машин механизм түрээслэх гэрээ”, ИХ-ийн 318-р зүйл болон холбогдох бусад хуулийн зүйл заалтыг үндэслэн түрээслэгч “А” ХХК-иас дараахь төлбөрүүдийг нэхэмжилж байна. Үүнд:

1. Самсовал түрээсийн төлбөрт гэрээний хугацааны төлбөр 3ш*7 000 000=21 000 000 төгрөг, 2ш самсовал 2018.08.01 хүртэлх хог зөөсөн түрээсийн төлбөр 29х*466 600=13 500 000 төгрөг, 2018.07.03-наас 2018.11.14-ныг хүртэлх алданги 17 250 000 төгрөг, /Самсовалуудын сүүлийн 1 сарын сул зогсолтын төлбөрийг нэхэмжлээгүй/,

2. Грэйдер түрээсийн төлбөрт 24 хоног*483.340=11 600 000 төгрөг, 2018.07.03-наас 2018.11.14-ныг хүртэлх 134 хоногийн алданги 5 800 000төгрөг, /Грэйдерт эвдрэл гарсан тул буцаан тээвэрлэлтийн зардлыг нэхэмжлээгүй/

3. Запорож түрээсийн төлбөр 3 сар*4 500 000=13 500 000-2 000 000 жолоочын цалин =11 500 000 төгрөг, 2018.07.03-наас 2018.11.14-ныг хүртэлх алданги 5 500 000 төгрөг, /Түрээсийн хугацаанд түрээслэгч талын жолооч барихдаа запорожинд их хэмжээний эвдрэл гэмтэл гаргасан байсныг нэхэмжлээгүй/

4. Гэрүүд, ор, зуух, түлшний ёмкостийн түрээсийн төлбөрт (3ш*350 000+800 000)*3 сар=5 550 000 төгрөг, 2018.07.03-наас 2018.11.14-ныг хүртэлх алданги 2 775 000 төгрөг,

5. Машин техникүүдийн буцаан татах түлшний зардал 1,32т*2 300=3 036 000 төгрөг, 2018.09.04-нөөс 2018.11.14-нийг хүртэлх алданги 72х*12 144=874 300 төгрөг /Жолооч нарын цалингийн зардлыг нэхэмжлээгүй/

“А” ХХК-аас бүгд 98 385.300/Ерэн найман сая гурван зуун наян таван мянга гурван зуу/ төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 649 900 төгрөгийн төлбөрийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Манай “А” ХХК нь 2018 оны 06 сараас эхлэн Дорноговь аймгийн Алтанбулаг сумаас 20 км зайд жоншны уурхайн замын суурь далангийн ажил гүйцэтгэхээр № 4 гэрээ байгуулан ажилласан. Уг гэрээг гүйцэтгэхэд зориулж нэр бүхий машин, механизмийг түрээслэн ажилуулахаар нэхэмжлэгч “Бэст рөүд” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр №18/04 дугаартай “Машин, механизм түрээслэх гэрээ”-г байгуулан, гэрээнд заасан машин, механизмуудыг ажиллуулахаар тохиролцсон.

Нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасны дагуу 10 нэр төрөл бүхий машин, механизмыг манай компанид нийлүүлж, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, техникийн сааталгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.

Өөрөөр хэлбэл гэрээний 2.1.4-д заасан грейдер-1ш, 2.1.5-д заасан самсовал 3ш, 2.1.6-д заасан запораж-1ш, 2.1.7-д заасан гэр-3ш зэрэг тоног төхөөрөмж ирсэн боловч грейдер, запораж эвдрэлтэй байснаас ашиглах боломжгүй, 2ш гэрийг ашиглах боломжгүй байсан ба өөр машин, механизм ирүүлээгүй, гэрээний 2.1-д заасан гол үүргээ нэхэмжлэгч зохих ёсоор биелүүлээгүй.

Мөн нэхэмжпэгч компанийн жолооч нар ажилдаа хариуцлагагүй хандаж архи согтууруулах ундаа хэрэглэж хоорондоо муудалцах, түлш алга болгох /хулгайлах/, манай компаниас тавьсан шаардлагыг биелүүпэхгүй байх зэргээр зөрчил гаргаж байснаас гадна нэхэмжлэгч гэрээний 2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй бидний ажлыг олон хоногоор удаашруулж, улмаар бид өөрсдийн төлөвлөсөн хугацаанд гэрээт ажлаа хийж чадахгүйд хүрч, компанид хүндрэл учруулж эхэлсэн. Нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан машин, механизм, бусад хэрэгсэлээ яаралтай нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч бидэнд хариу ирүүлэхгүй байсан учраас арга буюу өөр этгээдтэй гэрээ байгуулан гэрээгээр гүйцэтгэх ажлаа хийж ашиглалтанд өгсөн юм.

Үүнтэй холбоотой манай компанид төлөвлөөгүй олон зардал гарч, цаг хугацаа алдсан. Харин ч нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөнөөс манай компани алдагдалд орж хохирсон.

Нэхэмжлэгч компанийг гэрээнд заасан машин, механизм, бусад хэрэгсэлээ яаралтай нийлүүлэхийг удаа дараа шаардсан боловч бидэнд хариу ирүүлэхгүй байсан учраас арга буюу өөр этгээдтэй гэрээ байгуулан гэрээгээр гүйцэтгэх ажлаа хийж ашиглалтанд өгсөн юм.

Үүнтэй холбоотой манай компанид төлөвлөөгүй олон зардал гарч, цаг хугацаа алдсан. Харин ч нэхэмжлэгчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөнөөс манай компани алдагдалд орж хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулсан юм байна лээ. Гэрээ нь хэлцэлд тавигдах шаардлагад нийцээгүй.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т заасан шаардлагыг биелүүлээгүй. Нэг талын хүсэл зоригоор байгуулсан. Жишээ нь: Гэрээний 1-ийн 1.7-д зааснаар 15 хоногийн дотор цуцлахгүй гэж оролцогчдын эрхийг зөрчсөн. Эхний ээлжинд нийлүүлээгүй, ирүүлсэн гэж худлаа.

Гэрээ нь чөлөөт байдлыг хангаагүй гэрээ. Гэрээний 1-ийн 1.1-т заасан зарчмыг мөрдөөгүй. Эрх, тэгш байдлыг зөрчсөн. Жолооч нар нь хугацаандаа очоогүй. “Авзага Роуд” ХХК-иас теникүүдийг хугацаандаа жолоочгүй явуулсан. Албан бичиг явуулсан. Автогрейдер жолоочгүй ирсэн. Техникүүд нь эвдрэлтэй байсан, ашиглагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 3/гурав/ ширхэг самсовал түрээсийн төлбөрт 21 000 000/хорин нэгэн сая/ төгрөгийг, 2/хоёр/ ширхэг самсовал түрээсийн төлбөрт 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийг, алдангид 17 250 000/арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, грэйдер түрээсийн төлбөрт 11 600 000/арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг, алдангид 5 800 000/таван сая найман зуун мянга/ төгрөгийг, запорож түрээсийн төлбөрт 11 500 000/арван нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг, алдангид 5 500 000/таван сая таван зуун мянга/ төгрөгийг, гэр, ор, зуух, түлшний ёмкостийн түрээсийн төлбөрт 5 550 000/таван сая таван зуун тавин мянга/ төгрөгийг, алдангид 2 775 000/хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийг, түлшний зардал 3 036 000/гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийг, алдангид 874 300/найман зуун далан дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг, бүгд 98 385 300/ерэн найман сая гурван зуун наян таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “А” ХХК нь самсовал 3/гурав/ ширхэг, запораж 1/нэг/ ширхэг, гэр 3/гурав/ ширхэг ирсэн боловч грейдер, запораж эвдрэлтэй байснаас ашиглах боломжгүй, 2/хоёр/ ширхэг гэрийг ашиглах боломжгүй байсан ба өөр машин, механизм ирүүлээгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

2019 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюуннямд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюуннямын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 18/04 дугаар Машин, механизм түрээслэх гэрээ/цаашид “Гэрээ”/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.1, 3-ын 3.2, 3.2.1, 3.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 3/гурав/ ширхэг самсовал, 1/нэг/ ширхэг грэйдер, 1/нэг/ ширхэг запорож, 4/дөрөв/ ширхэг иж бүрэн гэр, 1/нэг/ ширхэг ёмкостийг 1/нэг/ сарын хугацаатай шилжүүлэх, хариуцагч нь Гэрээ баталгаажсан өдөр Гэрээнд заасан түрээсийн төлбөрийн урьдчилгаанд нийт үнийн дүнгийн 30/гуч/ хувийг, үлдэгдэл 70/дал/ хувийг Гэрээ байгуулснаас хойш 30-35 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэх, хариуцагч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжтэй байх ба Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг ... шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

                                                                                                                                   

Нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид 3/гурав/ ширхэг самсовал, 1/нэг/ ширхэг грэйдер, 1/нэг/ ширхэг запорож, 3/гурав/ ширхэг иж бүрэн гэр, 1/нэг/ ширхэг ёмкостийг 1/нэг/ сарын хугацаатай шилжүүлэн өгсөн болох нь Гэрээний хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Техник хүлээлгэн өгсөн акт, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин хүлээлцэх актаар нотлогдож байна.

 

Грейдер, запораж эвдрэлтэй байснаас ашиглах боломжгүй, 2/хоёр/ ширхэг гэрийг ашиглах боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн 3/гурав/ ширхэг самсовал, 1/нэг/ ширхэг грэйдер, 1/нэг/ ширхэг запорож, 3/гурав/ ширхэг иж бүрэн гэр, 1/нэг/ ширхэг ёмкостийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл эзэмшиж, ашигласан болох нь Гэрээний хуулбар, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Техник хүлээлгэн өгсөн акт, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин хүлээлцэх актаар нотлогдож байна.

 

Гэрээний 3-ын 3.2, 3.2.1, 3.2.2-т зааснаар хариуцагч нь Гэрээ байгуулсан өдөр болон Гэрээ байгуулснаас хойш 30-35 хоногийн дотор түрээсийн хөлсийг төлж барагдуулаагүй байх ба 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн хөлсөд 5 000 000/таван сая/ төгрөгийг төлсөн болох нь Хаан банкин дахь 5026094030 дугаар төгрөгийн дансны хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагчаас 3/гурав/ ширхэг самсовал, 1/нэг/ ширхэг грэйдер, 1/нэг/ ширхэг запорож, 3/гурав/ ширхэг иж бүрэн гэр, 1/нэг/ ширхэг ёмкостийг 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ашигласан хөлсийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2-т “Хөлслүүлэгч дараахь эрхтэй:”, 288.2.5-д “... гэрээнд заасан бусад эрх.”, 289 дүгээр зүйлийн 289.1-т “Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 289.1.2-т “эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2, 288.2.5, 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас 3/гурав/ ширхэг самсовал ашигласан хөлсөд 21 000 000/3х7000000=21000000/ /хорин нэгэн сая/ төгрөгийг, 1/нэг/ ширхэг грэйдер ашигласан хөлсөд 11 600 000/24x483334=11600016/ /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг, 1/нэг/ ширхэг запорож ашигласан хөлсөд 4 500 000/1x4500000=4500000/ /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг, 3/гурав/ ширхэг иж бүрэн гэр ашигласан хөлсөд 1 050 000/3x350000=1050000/ /нэг сая тавин мянга/ төгрөгийг, 1/нэг/ ширхэг ёмкост ашигласан хөлсөд 800 000/1x800000=800000/ /найман зуун мянга/ төгрөгийг, бүгд 38 950 000/гучин найман сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, эд хөрөнгө ашигласан хөлсөд шаардсан үлдсэн 10 700 000/11500000-4500000=7000000, 5550000-1050000-800000=3700000, 7000000+3700000=10700000/ /арван сая долоон зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2/хоёр/ ширхэг самсовал 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ашигласан хөлсөд 13 500 000/арван гурван сая таван зуун мянга/ гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-т “... гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 3/хоёр/ ширхэг самсовалыг 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр буцаан авсан болох нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Автомашин хүлээлцэх актаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2/хоёр/ ширхэг самсовалыг ашигласан хөлсөд 3 840 000/гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 9 660 000/13500000-3840000=9660000/ /есөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлэн өгсөн техникийг буцаан авсан түлшний зардалд 3 036 000/гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Гэрээний 5-ын 5.3-т зааснаар хариуцагч нь техникийн тээвэрлэлтийн зардлыг хариуцах үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч техникүүдийг өөрийн зардлаар буцаан авсан талаар маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх заалтад зааснаар хариуцагчаас 3 036 000/гурван сая гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 3/гурав/ ширхэг самсовал түрээсийн төлбөрийн алдангид 17 250 000/арван долоон сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг, 1/нэг/ ширхэг грэйдер түрээсийн төлбөрийн алдангид 5 800 000/таван сая найман зуун мянга/ төгрөгийг, 1/нэг/ ширхэг запорож түрээсийн төлбөрийн алдангид 5 500 000/таван сая таван зуун мянга/ төгрөгийг, гэр, ор, зуух, түлшний ёмкостийн түрээсийн төлбөрийн алдангид 2 775 000/хоёр сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийг, түлшний зардлын төлбөрийн алдангид 874 300/найман зуун далан дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “... хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.

 

Гэрээний 3-ын 3.4-т түрээсийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног 0.4/тэг аравны дөрөв/ хувийн алданги тооцох тухай заасан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь эд хөрөнгө ашигласан хөлсийг төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас самсовал, запорожийг буцаан авсан 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх алдангийг тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 11 466 000/21000000x0.4%=84000, 84000x65хоног=5460000, 11600000x0.4%=46400, 46400x65=3016000, 11500000x0.4%=46000, 46000x65=2990000, 5460000+3016000+2990000=11466000/ /арван нэгэн сая дөрвөн зуун жаран зургаан мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 20 733 300/32199300-11466000=20733300/ /хорин сая долоон зуун гучин гурван мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэр, ор, зуух, түлшний ёмкостийн түрээсийн төлбөрийн алдангид тус бүр хэдэн төгрөгийг гаргуулахыг тодруулаагүй тул тус эд хөрөнгийг ашигласан хөлстэй холбоотой алданги гаргуулах үндэслэлгүй байна.

 

Түлшний зардал нь эд хөрөнгө ашигласан хөлсөд хамаарахгүй байх тул түлшний зардлаас алданги тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас эд хөрөнгө ашигласан хөлсөд 45 826 000/41986000+3840000=45826000/ /дөчин таван сая найман зуун хорин зургаан мянга/ төгрөгийг, алдангид 11 466 000/арван нэгэн сая дөрвөн зуун жаран зургаан мянга/ төгрөгийг, бүгд 57 292 000/45826000+11466000=57292000/ /тавин долоон сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэжлэгчид олгож, үлдсэн 41 093 300/98385300-57292000=41093300/ /дөчин нэгэн сая ерэн гурван мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас бүгд 57 292 000/тавин долоон сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдсэн 41 093 300/дөчин нэгэн сая ерэн гурван мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

          1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 287 дугаар зүйлийн 287.1, 288 дугаар зүйлийн 288.2.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас бүгд 57 292 000/тавин долоон сая хоёр зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, үлдсэн 41 093 300/дөчин нэгэн сая ерэн гурван мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 649 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 444 410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ