Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/871

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

иргэдийн төлөөлөгч ***,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч *** түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй шүүх хуралдаанаар *** овогт *** ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002660277 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа зураглаач ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт *** дүүрэг *** хороо *** байр *** оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт *** ***. /РД:УШ***/

 

Шүүгдэгч *** нь Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр илгээж 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн SKA00023497 дугаартай ачаанд багтсан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай тус бүр нь савны хамт 18,2 грамм жинтэй нийт 30 ширхэг шингэн бодис,

Prime гэсэн бичиглэлтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай ногоон өнгөтэй 7 ширхэг, нийт 2,6301 грамм жинтэй эм мэт зүйл,

Prime гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй 8 ширхэг, нийт 3,0772 грамм жинтэй Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 1 дүгээр жагсаалтад багтсан тенамфетамины агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж Ази пропертийн байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалын газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд хүлээн авч хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: ***эй Америкт байхдаа танилцсан. Надад хэрэгтэй камерын хэрэгслийг ***-гээр асуулгахад наадах чинь гайгүй үнэтэй юм байна, миний 3 цагийн ажлын хөлс гээд бэлэглэчихье гэж хэлсэн. Тэгээд өөр хүний нэр дээр явууллаа, авчхаарай гэсэн” гэв.

 

Эд зүйлд үзлэг хийсэн “ ... Шаргал өнгийн металл гэртэй шилэн сав бүхий шингэн бодис 30 ширхэг, ... Гялгар ууттай ягаан өнгийн Prime бичигтэй 8 ширхэг, ногоон өнгийн 7 ширхэг биет зүйл нэг хэсэг ногоон эд зүйл нь хагарч 2 хэсэг болсон. ... эд зүйл байгааг тус тус тогтоов. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 70-76 дахь тал/

 

***ын iPhone XR маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай “ ... айдгаа авдартаа хийсэн, одоо татвар бодуулж байна, үнэхээр аймаар аймаар мэдрэмж авсаан, ярьж өгч чихийг чинь алт болгоноо, одоо намайг орхиод гарчихсан хүлээж байна, ха ха, Монгол Улсад над шиг ийм юм хийсэн хүн байдаггүй байх аа, гаалийн байцаагч нарт ЛСД, Экстаси, cartridge-ийг нүдэн дээр нь харуулж байгаад, ха ха ха, кино цаашаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 87-114 дэх тал/

 

*** нь Америкийн Нэгдсэн улсаас илгээмж явуулсан “*** ” нэртэй этгээдтэй 4 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн “ ... Авсан уу”, “Но гааль дээр саатсан байна гэж шаажийн”, “яадын бол”, 4 сарын 20-ны өдөр бичсэн “танидаг танил гаалийн хүн олдож өгдөггүй ээ, тал талаас янз бүрээр асуулгасан, ер нь нэг л эвгүй эвгүй юмнууд сонсогдоод байх юм”, “тэр газар нь байгаа хүнээр асуулгаж сураглаад мэдсэн”, “агуулахад нь болохгүй бүтэхгүй ачаа бараа гэдэг дотор нь байгаа юм байна аа”, “үнэхээр сайн бат арааны танил тал байхгүй бол очоод дэмий гээд байгаан”, “2.3 гаалийн хүн тэгж хэлсэн” гэсэн бичвэрүүд. /хэргийн 1 дэх хавтас, 105, 107 дугаар тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “...1. ... шаргал өнгийн металл гэртэй шилэн сав бүхий тус бүр нь 18,2 грамм жинтэй 30 ширхэг 491,4 грамм жинтэй /3 ширхэг бодисыг шинжилгээ хийхэд дээж болгон ашигласан 27 ширхэг бүтэн, шингэн бодисын цэвэр жинг нарийвчлан тогтоох боломжгүй/, Prime гэх бичигтэй ягаан өнгийн 8 ширхэг /тал 1ширхэг/ 3,0772 грамм жинтэй, ногоон өнгийн Prime гэх бичигтэй 7 ширхэг /тал 1 ширхэг/ 2,6301 грамм жинтэй бодисыг тус тус эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 137 дахь тал/

 

Гаалийн Ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 01/127 дугаартай албан бичиг. /1 дэх хавтаст хэргийн 139 дэх тал/

 

Гэрч ***   “... Надад Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг хамаатан, садан, найз нөхөд байхгүй. Надад энэ илгээмжтэй холбоотой асуудлаар мэдэх зүйл огт алгаа. ... гадаадаас надтай харьцдаг нэг ч хүн байхгүй. Энэ илгээмжийг яагаад миний нэр дээр ирснийг ерөөсөө ойлгохгүй байна. Өмнө нь гадаад улсаас ямар ч илгээмж хүлээн авч байгаагүй.

Энэ хүмүүсийг огт харж байгаагүй. Манай хамаатан садан дотор тийм нэртэй хүмүүс байхгүй. Би ийм нэртэй хүн ерөөсөө таньж мэдэхгүй. Надад гадаад улсад ажиллаж амьдардаг таньдаг *** гэж хүн байхгүй.

... Би өмнө нь иргэний үнэмлэхээ гээгдүүлж байгаагүй. Би оны өмнө буюу 2021 оны 6 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэл байрны ипотекын 6 хувьд хамрагдахаар бичиг баримт, бүрдүүлж, иргэний үнэмлэхээ хуулбарлуулж банкинд өгч байсан. Үүнээс өөрөөр баримт бичгийг гээгдүүлж шинээр авч байсан тохиолдол байхгүй. Энэ илгээмж ямар учраас миний нэр дээр ирснийг би өөрөө ойлгохгүй байна” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 250 дахь тал, 2 дах хавтаст хэргийн 1-2 дахь тал/

 

Гэрч ***  “... би зөвшөөрөөд маргааш өглөө нь 08 цагийн үед Улсын их дэлгүүрийн өмнө уулзаад Моносын ойролцоо байгаа гааль дээр очоод *** машинаас буугаад би ороод ирсэн. Ачаагаа аваад ирье, та түр хүлээж байгаарай гэсэн. Тэгээд нэлээд хүлээж байгаад гарч ирэхгүй удаад байхаар нь утсаар ярьсан чинь гарч ирээд татвар бодож байна, удахгүй дуусах байх татвар нь 200,000 төгрөг болох юм байна, та надад түр 200,000 төгрөг зээлээч гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад буцаад орсон. Тэр үед би машиндаа сууж байсан. Тэгээд бүр таг болчихоор нь утас руу нь залгасан чинь утсаа авахгүй байсан.

Тэгээд сууж байтал Гаалийн хоёр ажилтан гарч ирээд намайг ***ын байгаа өрөөнд авч ороход нэлээн олон хүмүүс өрөөнд нь ороод ирчихсэн байхаар нь би ***аас юу болсон бэ гэж асуусан чинь та хоёр хоорондоо ярихгүй гээд юу ч яриулаагүй. Намайг орсны дараа надад гаалийн ажилтан ширээн дээр өрчихсөн байсан эд зүйлсээс нэг шар өнгөтэй голдоо шилэн хэсэгтэй зүйлийг харуулаад энэ юу вэ мэдэх үү гэж асуусан. Би мэдэхгүй гэсэн. Тэгээд гаалийн байцаагчаас нь юу болоод байгаа юм бэ гэсэн чинь чи битгий юм дуугар, дуугүй суугаад байж бай гэж хэлсэн. Би түүнээс хойш юу ч дуугараагүй.

Миний ямар ч эд зүйл тэр илгээмжид байгаагүй. Энэ илгээмж хэнээс ирсэн гэдгийг хэн хүлээн авах ёстой гэдгийг нь ч би мэдэхгүй байна. *** зүгээр намайг гуйхаар нь л би явж өгсөн. Өөр зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 9-10 дахь тал/

 

Гэрч ***  “... 2021 оноос одоог хүртэл Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна.

Манай байгууллагад гадаад улсаас ирж байгаа илгээмжийг дахин нягтлан шалгах шаардлагатай бол саатуулах төлөвт оруулах бөгөөд тухайн саатсан ачаануудыг шалгах гаалийн байцаагчаар нар нь автоматаар хувиарлагддаг.

Хэрэгт холбоотой илгээмж нь надад шалгуулах хуваарьт орсон байсан. Тэгээд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улсын хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт албан үүргээ гүйцэтгэж байхад цагаа тодорхой санахгүй байна, өдрийн 10-11 цагийн хооронд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Америкын Нэгдсэн улсаас ирсэн тус илгээмж хүлээн авагчийн хамтаар гаалийн хяналт шалгалт хийсэн.

Тус илгээмж нь Америкийн Нэгдсэн улсаас ирэхдээ ***  гэх хүний нэр дээр ирсэн бөгөөд хүлээн авах этгээд *** гэх этгээд байсан. Бид нар ямар учиртай талаар нь асуухад манай найз хөдөө орон нутагт амьдардаг, ирсэн илгээмжийг намайг очоод авчих гэж хэлсэн гээд авах хүсэлтээ бичгээр бичиж өгсөн.

Тус илгээмжийг хүлээн авахаар хүсэлт гаргасан ***аар өөрөөр нь илгээмжийг задлуулж юу, юу байгааг тайлбарлуулсан. Тухайн илгээмжээс дараах зүйлс гарч ирсэн. Хар өнгийн жижиг цүнх дотроос

1. Ямар нэгэн хаяг шошго байхгүй шаргал өнгийн металл гэртэй, шилэн сав бүхий шингэн бодис 30 ширхэг байсан үүнийг *** тайлбарлахдаа камер ойл гэж байдаг түүний тосолгооны шингэн байгаа юм гэж тайлбарласан.

2. Дараа нь Altoids гэх бичигтэй жижиг төмөр хайрцагтай сэнгэнэсэн үнэртэй 73 ширхэг бодисыг тайлбарлахдаа энэ аманд хийдэг гаа байгаа юм гэсэн.

3. Prime гэх бичиглэлтэй ягаан өнгийн 8 ширхэг, ногоон өнгийн 7 ширхэг бодисыг өөрөө гаргаж ирээд тайлбарлахдаа амандаа хийдэг гаа байгаа юм гэж хэлсэн.

4. Нил ягаан өнгийн талстлаг биет зүйл 1 ширхэг байсан үүнийг тайлбарлахдаа камерын чип гэж тайлбарласан. Энэ зүйлийг би хараад нэлээд сэжигтэй эд зүйл байна гэж ойлгосон.

5. Цагаан өнгийн ууттай наалт хэлбэртэй эд зүйлийг камерын тогтоогч гэж тайлбарласан.

6. Бусад зүйл камерын хөл, тогтоогч, хөвөгч, зүүдэг бүс зэрэг эд зүйлүүд байсан. Тухайн үед бид нар ***аас хаяг, шошго байхгүй, дээрх эд зүйлсийнхээ оноосон нэршил, нэрийг нь олоод ир гэсэн шаардлага тавихад *** утсаараа оролдож байгаад камер ойл гэх бичигтэй шилтэй зүйлийн зураг харуулаад нөгөөх 30 ширхэг шаргал өнгийн металл гэртэй, шилэн сав бүхий шингэнээ заагаад камерын тос ийм янз бүрийн савлагаатай байдаг юм гэж хэлсэн.

Түүнийг нь ажиглаад харахад бүгдээрээ хаяг шошго нь тодорхой харагдаж байсан. Тэгээд нөгөө илгээмжээр ирсэн шингэний шошго нь хаана байгаа юм бэ гэхэд юу ч хэлж чадаагүй. Тэгэхээр нь бид нарт нэлээд сэжигтэй байна гээд хууль, хяналтын байгууллагад мэдэгдсэн.

Тухайн үед *** ачаа үзүүлж байх явцдаа хүний нүд рүү эгцэлж харж чадахгүй. Өөр тийшээ байнга юм хараад нэг л тогтворгүй байгаад байсан. Өөрөөр хэлбэл сандарч байгаа нь мэдэгдэж байсан. Энэхүү байдал бид нарт нэлээд сэжигтэй санагдаж хууль хяналтын хүмүүс ирэхийг хүлээгээд ачаа барааг чинь олгоно гээд байлгаж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 13-15 дахь тал/

 

 

Гэрч ***  “... Мөн ***д хүлээн авч байгаа илгээмжээ задлаад юу юу байгааг бичиж, үнэн зөвөөр мэдүүл гэсэн шаардлага тавьж бараа мэдүүлэх өргөдлийн маягт дээр бичүүлж авахад 3 төрлийн бараа мэдүүлсэн. Үүнд

1. Камерын тос 10 ам доллар

2. Камерын хөл 100 ам доллар

3. Камер тогтоогч хэрэгсэл гэсэн 3 төрлийн эд зүйл байгаа талаар мэдүүлсэн. Үүний дараагаар тухайн илгээмжийг өөрөөр нь задлуулж хяналт шалгалтын ажиллагаа явуулаад дотор байсан эд зүйлсийг гаргаж эд зүйл тус бүрээр өөрөөр нь тайлбарлуулсан.

... *** илгээмж авахаар ирэхдээ өөрийн иргэний үнэмлэхээ авч ирээгүй байсан бөгөөд барааныхаа холбогдох баримт, итгэмжлэх зэргийг бүрдүүлж ир гээд өрөөнөөс гаргасны дараа бид нар тухайн барааны мэдээллүүдийг олж тогтоосон. Бид нарын олж мэдсэнээр дээрх бодисууд нь ер нь бол сэтгэцэд нөлөөт бодис болзошгүй сэжигтэй зүйл байсан. Тийм учраас хуулийн байгууллагад мэдэгдэж шалгуулахаар шийдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 18-20 дахь тал/

“ ... ***ын хувьд Америкийн Нэгдсэн улсаас ирсэн дээрх ачааг авахаар ирж хяналт шалгалт хийлгэж байгаа нь өөрөө Гаалийн тухай хуульд зааснаар мэдүүлэг болно.

Гаалийн тухай хуулийн 3.1.8-д зааснаар мэдүүлэгч гэдэг Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг мэдүүлэгч гэж үзнэ гэж заасан. *** нь тухайн илгээмжийг авахаар өөрөө хүсэлтээ гаргаж өгсөн. Мөн барааныхаа мэдээлэл буюу тоо ширхэг нэр төрлийг бичиж өгсөн. Өргөдлийн хүснэгтийг маягт дээр барааны мэдээллийг бичиж өгч байгаа нь мэдүүлж байна гэж үздэг.

... ***ын хувьд дээрх илгээмж нь Улсын хилээр нэвтэрч орж ирсний дараа металл илрүүлэгч, эрэлч нохой ашиглан шалгалт хийж саатуулагдсан ачаа байсан юм. ***ын дээрх ачаа нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачаа байсан. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 23-25 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн №2424 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн *** ТЕГ IV/22 гэж хаягласан цус, *** 27/эр 2022.04.22 14:20 гэж хаягласан шээс тус бүрээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илрэв.

2. Шинжилгээнд ирүүлсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцид багтдаг болно.

3. Химийн шинжилгээний лабораторийн үр дүн нь тухайн хүнээс биологийн дээж авсан үеийн нөхцөл байдлыг илэрхийлнэ” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 64-66 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №2421 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай шингэн бодис, 2 гэж дугаарласан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай шингэн бодис, 3 гэж дугаарласан шаргал өнгийн металл гэртэй шилэн савтай шингэн бодис тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

Prime гэсэн бичиглэлтэй ногоон өнгөтэй эм мэт зүйл, Prime гэсэн бичиглэлтэй ягаан өнгөтэй эм мэт зүйл тус бүрээс тенамфетамин /tenamphetamine MDA/ илрэв.

... 2. Шинжилгээнд ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад, тенамфетамин /tenamphetamine MDA/ нь 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /2 дахь хавтаст хэргийн 72-78 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Банзрагчийн ***  нэр дээр 1,9 киллограмм жинтэй SKA00023497 дугаартай илгээмжид Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 1, 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Гаалийн үзлэгээс шууд далдлах зорилгоор камерын хэрэгслийн хамт Монгол Улс руу илгээжээ.

Улмаар уг илгээмж нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Чингис хаан олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн гудамж Ази пропертийн байранд байрлах Улсын хооронд шуудан илгээмжийн гаалын газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд иржээ.

Шүүгдэгч *** нь 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бусдын нэрээр илгээгдсэн илгээмжийг хүлээн авах зорилгоор илгээмжийн бичиг буюу эдийн тодорхойлолт, мөн тээврийн баримт, хүлээн авагч буюу ***   иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ашиглан бараа мэдүүлэх өргөдлийн маягтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж мэдүүлж хууран мэхлэх бодитой оролдлого хийх явцад түүнийг Гаалийн эрх бүхий албан тушаалтан саатуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хэрэгт Улс хоорондын шуудан илгээмжийн газрын ажилтнаас ирүүлсэн мэдээллийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгчийн хойшлуулшгүй журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хойшлуулшгүй ажиллагааны үр дүнд бэхжүүлэгдсэн буюу Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 87-114 дэх тал/ болон шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.

Хэрэгт дээрх үйл баримтыг няцаасан нотлох баримтууд авагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, З.Хүрэлсүх нараас “... Шүүгдэгч *** илгээмжид хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байсныг мэдээгүй” гэсэн агуулга бүхий гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

    1.  Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй юм.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулдагаас гадна, нийгмийн хор аюул, уршиг их тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар хорих ял оногдуулж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг наалдамхай нийт 24 ширхэг 22,6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “иргэн *** Америкийн Нэгдсэн улсаас ирсэн илгээмж ачаа авах үед түүний ачаанд хориотой бодис байгааг мэдээгүй  хэрэгт шалгагдаж байгаа. Уг ачаа өөр хүний нэрээр илгээгдсэн. Шүүгдэгч гэм буруугүй гэж бодож байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд түүний дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шүүхээс уг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар ***ыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар ***д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа бор өнгийн цаасанд боодолтой хүрэн шаргал өнгийн тунгалаг наалдамхай нийт 24 ширхэг 22,6821 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

                        ШҮҮГЧ                                              Ц.ДАЙРИЙЖАВ