Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00353

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л. О/РД: /,

 

Нэхэмжлэгч: Э. Э/РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Эн/РД: /,

 

Хариуцагч: Б. Г/РД: / нарт холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 96 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зардалд 13 098 779 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, гэрч Ц.Мөнхбат, Д.Буян-Өлзий, Ч.Түдэвсүрэн, шүүх хуралдаанын нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.О, Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Г, Б. Эн, н.Батбилэг нар манай хьюндай маркийн дугуйт экскаваторыг 2016 оны 09 сарын 01-ний өдөр 45 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг экскаваторыг бүрэн бүтэн ажиллуулж, шалгаж үзээд асааж унаад авч явсан. 25 000 000 төгрөгийг цувуулж төлсөн боловч үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөхгүй хохироож байна.

Экскаваторыг хаана байгааг хэлэхгүй нууж, ажиллуулан ашиг олж, үр шимийг хүртэж байгаа.

Иймд Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1 дэх заалтыг үндэслэн гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлан, экскаваторыг биет байдлаар, техникийн хэвийн ажиллагаатай, шаардлага хангасан, бүрэн бүтнээр хүлээн авч, экскаваторыг ашиглаж олсон ашиг 96 000 000 төгрөг гаргуулахаар шаардлагын үнийн дүнг 76 000 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Экскаватор шалгаж үзээд бичиг баримт байхгүй учраас энэ техникийг хямд үнээр худалдан авсан. Ингээд хариуцагч Б.Г Б.Эн нар нь урьдчилгаанд 25,000,000 төгрөг өгч үлдэгдэл 20,000,000 төгрөгийг 10 сарын 01-ний дотор төлөхөөр хүсэлт зоригоо илэрхийлэн гэрээ байгуулан гарын үсэг зурсан байдаг. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийг бүрэн хангасан гэрээ байгуулагдсан байгаа. Ингээд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөхгүй байсаар байгаад 2017 онд мөнгөө төл, төлөхгүй бол барьцаа өг гэж шаардсанаар н.Лхагважав гэж хүний экскаваторыг түр өгсөн байдаг. Гэтэл барьцаалан өгсөн экскаватор нь гаалийн бүрдүүлэлт хийхэд Б.Гангамөрний нэр дээр орж ирсэн боловч өмчлөгч эзэмшигчийн гэрчилгээ нь н.Лхагважав гэж хүний нэр дээр байсан байна. Ийм учраас н.Лхагважав нь цагдаад гомдол гаргаснаар прокурорт хэрэг үүсгэсэн байдаг. Үүн дээр Б.Г болон гэрч н.Батбилэг нарын өгсөн мэдүүлгүүд хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан байдаг. Энэ мэдүүлэг дээр энэ экскаваторыг 2016 онд Л.Оаас авсан нь үнэн, мөнгийг нь дутуу өгсөн байсан учраас барьцаанд өгсөн гэдэг тайлбар өгсөн байдаг. Мөн өөр хүний гэрчилгээг цагдаагийн газар өгсөн гэсэн тайлбар байдаг. Гэрээний үүрэг биелүүлээгүй учраас бид анх шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл хариуцагч энэ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн экскаваторыг эвдэрхий байсан, шаардлага хангахгүй байсан гэдэг үндэслэлээр хариу тайлбар өгсөн байдаг. Энэ тайлбарыг үндэслэн бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа. Үүнээс хойш одоог хүртэл хугацаанд асуудал шийдэгдээгүй өнгөрсөн учраас бид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт заасныг үндэслэн гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаая гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тус заалтад зааснаар гэрээнээс учирсан хохирлоос гадна, өөрт учирсан хохирлыг  шаардаж болно гэснээр 96,000,000 төгрөгийг нэхэмжилсэн.” гэв.

 

Нэхэмжлэгч Л.О, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 9 сарын 01-ний өдөр экскаваторыг хүлээн авсан. Энэ экскаваторыг эвдэрсэн гээд байгаа боловч ийм үнэлгээ хийсэн оношлогоо хийсэн талаар ямар нэгэн баримт одоог хүртэл байхгүй байна. Тухайлбал гэрч н.Номин-Эрдэнэ гэж хүнд 2018 оны 7 сарын 18-ны өдөр засуулахаар авчирсан гэж байна. Энэ талаар худалдан авсан өдрөөс хойш 2 жилийн дараа засуулахаар авчирсан байна. Эвдэрхий байсан талаар оношлуулаад  засуулсан юм бол одоог хүртэл оношлогооны бичиг байдаггүй. Тэгэхээр энэ экскаватор эвдэрсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Тийм учраас эдний сөрөг нэхэмжлэл нотлогдохгүй байна. Өнөөдрийг хүртэл эвдэрсэн гэж амаар хэлж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй байгаа учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Эн, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж 2 шаардлага гаргасан байгаа. 2016 оны 9 сарын 01-ний өдөр экскаватор худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан байдаг. Энэхүү гэрээний дагуу анх 55,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд анх худалдан авахад 2 ширхэг дугуй, аккуммуляторыг шинээр авч тавьж байсан. Ингэхэд Л.О ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гэсэн боловч замдаа 500 метр орчим явахад үрүүл нь чангарч болохгүй болсноор буцааж аваачиж Л.Оаас асуухад нүүр улайх юм байхгүй, жижигхэн цахилгааны гэмтэл байгаа. Үүнд нь 10,000,000 төгрөгийг нь хасаж тооцоё гээд 45,000,000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Гэрээнд худалдан авсан тал техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж тусгасан байдаг. Гэтэл энэ экскаваторыг ашиглаж үзээгүй байхад гэрээнд ийм заалт оруулсан байгаа нь худалдан авагчийн эрхийг хязгаарлан хууль зөрчсөн заалт болсон учраас Л.О нь өөрт ашигтай байдлыг оруулсан байгаа юм. Мөн  эвдрэл гэмтэлтэй байсан гэдгээ нотолж байгаа юм. Яагаад гэхээр энэ экскаваторыг өгч явуулсны дараа эвдрэл гэмтлийг нөгөө тал хариуцна, надад хамаагүй гэдэг хуулийн заалт оруулсан байгаа юм. Иймд Л.О нь эвдрэл гэмтэл байсан гэдийг мэдэж байсан бөгөөд энэ талаар анхнаасаа хууран мэхэлсэн нь харагдаж байна. Худалдах худалдан авах гэрээгээр Л.О хүлээлгэн өгсөн, нөгөө талаас хүлээн авсан Б.Эн нар байна. Хавтаст  хэргийн 11 дүгээр талд авагдсан нотлох баримтаас үзэхэд ГЕГ-н бичгээр бол Ц.Дэлгэрмөрөн гэдэг хүн экскаваторын бичиг баримтыг өмнө нь авч байгаагүй нь үнэн гэсэн тодорхойлолт гаргаж өгч байсан баримт нотлох баримтаар авагдсан байгаа. Энэ  баримтаар харвал Ц.Дэлгэрмөрөн гэж хүн Л.Оад экскаваторыг зарж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн байж болох байдал үүнээс харагдаж байна. Нотлох баримтуудыг харахад ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтын хуулийн шаардлага хангагдаагүй. Тийм учраас ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дэх хэсэгт зааснаар төлөөлөх эрхгүй этгээд төлөөлж байгаа харагдаж байна. Нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Эн, Б.Г нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий дугуйт экскаваторыг худалдан авснаас хойш нэг ч ажилд гараагүй бөгөөд авсан үеэсээ хойш байнгын засвар үйлчилгээ хийлгэсээр ирсэн.

Тодруулбал “ФАУ” ХХК-иас 865 000 төгрөгийн сэлбэг авсан, насосны нэг талын эд ангийг солиулахад нийт 1 640 000 төгрөг, моторын бүтэн засварт 3 150 000 төгрөг, насос засвар сэлбэгт 3 300 000 төгрөг, гээд 8 955 000 төгрөг, мөн БНХАУ-аас сэлбэг 4 143 779 төгрөг, нийт 13 098 779 төгрөгийн зардал гарч хохирсон тул харицагч нараас гаргуулж өгнө үү.

Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх эрхтэй гэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан бөгөөд үүнийг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзэж байна. Худалдах худалдан авах гэрээний дагуу экскаваторыг Л.О, Э.Э нараас худалдан авсан бөгөөд эрхийн доголдолтой гэдгийг мэдсэнээс хойш буцааж ав гэхэд аваагүй. Тухайн үед засвар үйлчилгээний талаар орхигдсон байдаг. Гэвч гэнэт цагдаагийн байгууллагаас өөр эзэд гарч ирсэн. Э.Э болон н.Дэлгэрмөрөн гэх эздүүд гарч ирсэн учраас тухайн экскаваторыг буцааж өгөх боломжгүй учраас харин засвар үйлчилгээнд гарсан зардлыг үлдэгдэл төлбөртөө тооцож зөрүү төлбөрийг гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Л.О, Э.Э нар хариуцагч Б.Г, Б.Эн нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж,                                                                96 000 000/ерэн зургаан сая/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Г, Б.Эн нар нэхэмжлэгч Л.О, Э.Э нарт холбогдуулан зардалд 13 098 779/арван гурван сая ерэн найман мянга долоон зуун далан ес/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Г, Б.Эн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир нь засвар үйлчилгээнд гарсан зардлыг үлдэгдэл төлбөртөө тооцож, зөрүү төлбөрийг гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Л.О, Э.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх нь сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд нотлогдохгүй байгаа гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.Эн нар нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр “Экскаватор худалдах тухай гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч Л.О нь Эйч Ди/HD/-210 Даблю/W/5 маркын дугуйт экскаватор/цаашид “Экскаватор” гэх/-ыг худалдах, хариуцагч Б.Эн нь хүлээн авч төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Л.О нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээг нэхэмжлэгч Л.О, хариуцагч Б.Эн нар байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээнд зааснаар нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Б.Энд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 45 000 000/дөчин таван сая/ төгрөгийн үнэ бүхий Экскаваторыг шилжүүлж, хариуцагч Б.Эн нь нэхэмжлэгч Л.Оад урьдчилгаа төлбөрт 15 000 000/арван таван сая/ төгрөгийг шижлүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчид Экскаватор нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй байсан тул 45 000 000/дөчин таван сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Экскаваторын үлдэгдэл төлбөрт 20 000 000/хорин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

 

Хариуцагч Л.О нь Экскаваторт эвдрэл илэрч, засвар хийсэн гэж маргаж байна.

 

2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Экскаваторт биет байдлын доголдол буюу хөдөлгүүр болон насос зэрэг эд ангид эвдрэл илэрсэн болох нь гэрч Д.Буян-Өлзий, гэрч Ц.Мөнхбат, гэрч Н.Номин-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Хариуцагч Б.Эн нь Экскаваторт илэрсэн доголдол буюу эвдрэлийг арилгах засварын хөлсөд Д.Буян-Өлзийд 1 500 000/нэг сая таван зуун мянга/ төгрөгийг, Ц.Мөнхбатад 500 000/таван зуун мянга/ төгрөгийг, сэлбэгийн үнэд нийт 2 314 000/1650000+664000=2314000/ /хоёр сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг төлсөн болох нь гэрч Д.Буян-Өлзий, гэрч Ц.Мөнхбат, гэрч Н.Номин-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Л.О нь Экскаваторт илэрсэн доголдлыг арилгаагүй байх ба хариуцагч Б.Эн нь Экскаваторт илэрсэн доголдлыг арилгахад бүгд 4 314 000/1500000+500000+2314000=4314000/ /дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн зардал гаргасан болох нь гэрч Д.Буян-Өлзий, гэрч Ц.Мөнхбат, гэрч Н.Номин-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь ... доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх ... гаргах эрхтэй.”, 254.2-т “Худалдан авагч нь баталгаат болон гомдлын шаардлага гаргах хугацаанд энэ хуулийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй бол тэрээр доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардаж болно ...” гэж заасан.

 

Хариуцагч Б.Энгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Экскаваторт илэрсэн доголдлыг арилгахад гарсан зардлын хэмжээгээр Экскаваторын үнийг багасгаж, зөрүүг шийдвэрлэх боломжтой гэх тайлбар гаргаж байна.

 

Хариуцагч Б.Эн нь Экскаваторын үнэд 28 300 000/хорин найман сая гурван зуун мянга/ төгрөгийг төлсөн гэж маргаж байх боловч 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ, Хаан банкны Мөнгөн шилжүүлгийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар Экскаваторын үнийг 4 314 000/дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгөөр бууруулж, хариуцагч Б.Энгээс Экскаваторын үнэд нийт 15 686 000/20000000-4314000=15686000/ /арван таван сая зургаан зуун наян зургаа мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оад олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т “Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй:”, 225.4.4-т “... үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзсаны дараа хариу шаардлага нэн даруй гаргах боломжтой бол.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225.4.4 дэх заалтад зааснаар хариуцагч Б.Эн нь нэхэмжлэгч Л.Оад Экскаваторын доголдолтой холбоотой хариу шаардлага гаргасан байх тул нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзах боломжгүй байх ба Гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгчид 96 000 000/ерэн зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Б.Эн нь нэхэмжлэгчээс засвар үйлчилгээний зардалд 13 098 779/арван гурван сая ерэн найман мянга долоон зуун далан ес/ төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Эн нь Экскаваторт илэрсэн доголдлыг арилгахад бүгд 4 314 000/1500000+500000+2314000=4314000/ /дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийн зардал гаргасан болох нь гэрч Д.Буян-Өлзий, гэрч Ц.Мөнхбат, гэрч Н.Номин-Эрдэнэ нарын гэрчийн мэдүүлэг, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зарлагын баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Оаас нийт 4 314 000/дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Энд олгож, үлдсэн 8 784 779/найман сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

 Шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Б.Г, Б.Эн нараас 96 000 000/ерэн зургаан сая/ төгрөгийг гаргуулах, гэрээнээс татгалзах нэхэмжлэгч Л.О, Э.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Оаас нийт 4 314 000/дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Энд олгож, хариуцагч Б.Энгээс 15 686 000/арван таван сая зургаан зуун наян зургаа мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн нэхэмжлэгч Э.Эт холбогдох хэсэг, 8 784 779/найман сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4, 225 дугаар зүйлийн 225.4.4 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Б.Г, Б.Эн нараас 96 000 000/ерэн зургаан сая/ төгрөгийг гаргуулах, гэрээнээс татгалзах нэхэмжлэгч Л.О, Э.Э нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Оаас нийт 4 314 000/дөрвөн сая гурван зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Энд олгож, хариуцагч Б.Энгээс 15 686 000/арван таван сая зургаан зуун наян зургаа мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оад олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн нэхэмжлэгч Э.Эт холбогдох хэсэг, 8 784 779/найман сая долоон зуун наян дөрвөн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Л.О, Э.Э нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 913 950 төгрөгөөс 637 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 276 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О, Э.Э нарт олгож, хариуцагч Б.Г, Б.Эн нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 83 974 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Энд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ