Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн  тэдгээрийн өмгөөлөгч П.Отгонбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:     

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дүгээр  зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мухагчин овогт Энх-Амарын Анхбаяр, Боржигон овогт Мөнхтулгын Билгүүн нарт холбогдох эрүүгийн 201601000193 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын    17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

1. Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Монголын үндэсний их сургуулийн, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын ангийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 5-351 тоотод оршин суух гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Мухагчин овогт Энх-Амарын Анхбаяр /РД:СФ95040116/,   

2. Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хүнсний технилогийн политехникийн коллежийн хоол үйлдвэрлэлийн 1а ангийн оюутан,  ам бүл 3, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 5-353 тоотод оршин суух гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхтулгын Билгүүн /РД: УХ97112711/,

Холбогдсон хэргийн талаар:

            Э.Анхбаяр, М.Билгүүн нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан /дельта 9 тетрагидроканнабинол/ гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал 1706 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 09 дүгээр сарын       11-ний өдрийг хүртэл Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 468 тоотод хадгалсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Э.Анхбаяр мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр ярьсан учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

1.2. Шүүгдэгч  М.Билгүүн мэдүүлэхдээ:.. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн,  нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Шүүгдэгч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Д.Баярмагнайгийн:..Миний хүү Билгүүн нь 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, дээрээ нэг эгчтэй, бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 7 настайдаа Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуульд элсэн орж суралцаад 2015 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Хүнсний технилогийн коллежийн тогоочийн ангид элсэн орж суралцаж байгаа. Ээж, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, 5-353 тоотод амьдардаг. Миний хүү даруухан, яагаад ийм хэрэгт холбогдсонг гайхаад олохгүй байна, чөлөө цагаа найзуутайгаа сагс байнга тоглодог, Билгүүний шаардлагатай мөнгө хөрөнгийг би өгдөг, их хэмжээгээр мөнгө өгч байгаагүй, тийм боломж ч байхгүй, хүүхдийнхээ нийлдэг найз нөхдийг нь сайн мэдэхгүй гэх мэдүүлэг. /хх 108-110/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Наранмижидийн:..Э.Анхбаяр нь 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, айлын том доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй, бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 6 настайдаа Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуульд элсэн орж суралцаж байгаад 4 дүгээр анги төгсөөд Хэнтий аймгийн Бэрх сумын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцсан. Тэр үед би нөхрийнхөө хамт Солонгос улсруу   хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар болоод хүүгээ ээж дээрээ үлдээгээд явсан. Миний хүү 9 дүгээр анги төгсөөд 10, 11 дүгээр ангиа Хэнтий аймгийн Өндөрхаан сумын ерөнхиий боловсролын 1 дүгээр сургуульд шилжин суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Монголын Үндэсний их сургуулийн Хан-Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн инженерийн ангид элсэн орж одоог хүртэл суралцаж байгаа. Миний хүү үг дуу цөөнтэй, номхон хүнд итгэмтгий хүүхэд Анхбаярын шаардлагатай мөнгө хөрөнгийг би өгдөг, гэхдээ их хэмжээгээр мөнгө өгч байгаагүй, тийм боломж ч байхгүй, би хүүхдийнхээ найз нөхдийн сайн танина, их сургуулийнхаа Анхбаяр, Билгүүн гээд 2 даруухан хүүхэдтэй найзалдаг гэх мэдүүлэг. /хх 111-113/, 

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 7948, 7949, 795, 7951 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо Булаг 9-468 тоотод өвс татсан гэх эд мөрийн баримтаар хураан авсан хуйлж ороосон мөнгөн дэвсгэрт Билгүүн 2016.09.11 гэж хаягалсан цаасан мөнгөн дэвсгэрт, тугалган цаасанд ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо Булаг 9-468 тоотод өвс татсан гэх эд мөрийн баримтаар аяга тугалган цаас хураан авав  Билгүүн 2016.9.11 гэж хаягалсан цаасан ууттай шаазан аяга, Э.Анхбаяр 2016.9.12 00.35 гэж хаягалсан хуванцар савтай шээс 100 мл, Билгүүн 2016.09.23 гэж хаягалсан хуванцар савтай шээс 70 мл, хөх өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 1706 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

3. Шинжилгээнд ирүүлсэн шаазан аяганд бохирлогдсон ногоон зүйл болон хөх өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал  мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

4. Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын  сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн Э.Анхбаяр, М.Билгүүн нарын гэх шээсэнд   тетрагидроканнабилнолын агууламж /ТНС/ илэрсэн.

6. Тетрагидроканнабинол нь ТНС 1971 оны Нэгдсэн Үндэсний Байгууллагын  сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн гялгар ууттай ургамал нь ямар төрлийн ургамал болох, хаана ямар тогтоц бүхий газарт ямар тархацтайгаар ургадаг болох гэсэн асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй тул хариулах боломжгүй байна.

            Химийн лабораторийн эрхлэгч, Цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэсэн дүгнэлт. /хх 120-122/.

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 8040 тоот актын:

-1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн “fanta” гэсэн шошготой хоосон хуванцар савнаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна. “Мульти Витамин” гэсэн шошготой хуванцар савнаас дэльта-9 тетрагидоканнабинол  /delta-9 tetrahydrocannabinol/ -ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтанд багтдаг болно. Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн  дүгнэлт. /хх 126-127/,  

2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 8042  тоот актын:

-1.2.3.4 Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ЧД-ийн 12-р хороо Булаг 9-468 тоотод өвс татсан гэх эд мөрийн баримтаар хурааж авсан татсан өвсний үнс мэт зүйл ш/ч д/ч Б.Билгүүн 2016.09.11” гэсэн хаягтай саарал өнгийн үнс мэт зүйлээс дельта-9  тетрагидоканнабинол / delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенци”-ийн жагсаалтанд багтдаг болно.

Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт.          /хх 131-132/,

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 5725 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Э.Анхбаяр, М.Билгүүн гарын дардас шинжилгээнд             тэнцсэн. 

2. Э.Анхбаяр, М.Билгүүн нарын гарын дардас гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй. Урьд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдээгүй.

Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Сүхболд гэсэн  дүгнэлт. /хх 136-137/,

2.7.  Шүүх сэтгэц эмгэг судлалын 959 тоот дүгнэлтэд:

1. Э.Анхбаяр нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоо Э.Анхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3.  Э.Анхбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Э.Анхбаяр нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Э.Анхбаяр нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Э.Анхбаярт нь мансууруулах дон болон, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Мансуурах донтой эсвэл мансууруулах сэтгэцэд нөлөөтэй бодисын хамаарал нь Монголд эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ-нь энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

8. Э.Анхбаярт сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлаггүй байна.

9. Мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын хамаарал болон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисын донтолт хоёр нь нэгэн ижил ойлголт тул энэ хоёрын ялгааг тодруулан тогтоох шаардлаггүй юм.

Комиссын дарга, тэргүүлэх их эмч Д.Дэжидмаа, гишүүн С.Одонгэрэл, илтгэгч Б.Энхчимэг гэсэн  дүгнэлт./хх 142-144/.   

2.8. Шүүх сэтгэц эмгэг судлалын 961 тоот дүгнэлтэд:

1. М.Билгүүн нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Одоо М.Билгүүн нь  сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. М.Билгүүн нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. М.Билгүүн нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.  М.Билгүүн нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. М.Билгүүнд нь мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Мансуурах дон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал Монгол улсад эмчлэгдэх боломжтой, СЭМҮТ-нь энэ төрлийн эмчилгээг хийж гүйцэтгэх боломжтой.

8. М.Билгүүнд сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлаггүй байна.

9.  Мансуурах сэтгэцэд нөлөөт бодисын хамаарал, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын донтолт хоёр нь нэг ижил ойлголт тул энэ хоёрын ялгааг тодруулан тогтоох шаардлаггүй юм.

Комиссын дарга тэргүүлэх зэрэгтэй их эмч Д.Дэжидмаа гишүүн С.Одонгэрэл, илтгэгч Б.Энхчимэг гэсэн дүгнэлт./хх 147-148/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Нэгдүгээр хавтаснаас 18-20 дугаар хуудас яллагдагч Э.Анхбаярын биед үзлэг хийсэн тэмдэглэл, 21-26 дугаар хуудас яллагдагч М.Билгүүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 106-107 дугаар хуудас эд мөрийн баримт 120-123 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 126-127 дугаар хуудас эд мөрийн баримтанд шинжилгээ хийсэн дүгнэлт, 14 дүгээр хуудас Э.Анхбаярын тайлбар, 15 дугаар хуудас М.Билгүүний тайлбар, 56-69 дүгээр хуудас мэдээлэл авч байсан гэх баримтууд, 108-109 дүгээр хуудас гэрч Д.Баярмагнайгийн мэдүүлэг, 112 дугаар хуудас гэрч Наранмижидийн мэдүүлэг, 153 дугаар хуудас сэжигтэн Э.Анхбаярын мэдүүлэг, 169-170 дугаар хуудас яллагдагч Э.Анхбаярын мэдүүлэг, 177 дугаар хуудас сэжигтэн М.Билгүүний мэдүүлэг, 182 дугаар  хуудас яллагдагч М.Билгүүний мэдүүлэг, 203 дугаар хуудас Э.Анхбаярын сургуулийн тодорхойлолт, 205 дугаар хуудас М.Билгүүний гэмт хэрэгт бүргэгдэж байгаагүй гэсэн баримт, 206 дугаар хуудас М.Билгүүний ял шалгах хуудас, 207 дугаар хуудас , 211 дүгээр хуудас Э.Анхбаярын ял шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Дээрхи хуульд заасан журмын  дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нар бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцийн жагсаалтанд багтсан /дельта 9 тетрагидроканнабинол/ гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж бүхий өвс гэх нэршилтэй ургамал 1706 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 09 дүгээр сарын        11-ний өдрийг хүртэл Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 468 тоотод хадгалсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд / хх 7-13/, Э.Анхбаяр,  М.Билгүүн нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд / хх 17-26/,  М.Билгүүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх 54-67/, Э.Анхбаярын мэдүүлгийг газар дээр нь  шалгасан тэмдэглэл / хх 71-84/, 89-94/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэлүүд, фото зураг / хх 95-107/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нар нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нарт холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нарыг бүлэглэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан,  хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1.,55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан баривчлах ялыг оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай, хөгцөрч муудсан байдалтай, ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 кг 350 грамм, цагаан өнгийн цаасанд боосон үнс мэт зүйл 7.9 грамм жинтэй, шаазан аяга 1 ширхэг, 1.5 литрийн  багтаамжтай Фанта гэсэн бичиглэлтэй ундааны сав 1 ширхэг, 0,5 литрийн Мульти витамин гэсэн бичигтэй ундааны сав 1 ширхэг зэрэг эд зүйлийг устгах, хуйлж соруулт мэт болгосон, хоёр үзүүр нь түлэгдсэн шаралсан байдалтай Монгол Улсын /АН3292084/ дугаартай  10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг  Монгол Улсын банкинд  тогтоол хүчин төгөлдөр болмогц  хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Мухагчин овогт Энх-Амарын Анхбаяр, Боржигон овогт Мөнхтулгын Билгүүн нарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  бэлтгэсэн, олж авсан,  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нарт тус бүр 4 /дөрөв/ сарын  хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Э.Анхбаяр, М.Билгүүн нарт оногдуулсан 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн  88.1.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдаж ирсэн цэнхэр өнгийн гялгар ууттай, хөгцөрч муудсан байдалтай, ногоон өнгийн ургамал мэт зүйл 1 кг 350 грамм, цагаан өнгийн цаасанд боосон үнс мэт зүйл 7.9 грамм жинтэй, шаазан аяга 1 ширхэг, 1.5 литрийн  багтаамжтай Фанта гэсэн бичиглэлтэй ундааны сав 1 ширхэг, 0,5 литрийн Мульти витамин гэсэн бичигтэй ундааны сав 1 ширхэг зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн  хуйлж соруул мэт болгосон, хоёр үзүүр нь түлэгдсэн шаралсан байдалтай Монгол Улсын /АН3292084/ дугаартай  10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг  Монгол Улсын банкинд  тогтоол хүчин төгөлдөр болмогц хүргүүлсүгэй.

6. Шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Э.Анхбаяр, М.Билгүүн  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Анхбаяр, М.Билгүүн  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАТЖАРГАЛ