Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2021/0064

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Тендер шалгаруулалтын БШУЯ/202102022 дугаартай, цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  үнэлгээний хороо,

Хариуцагч:Баян-Өлгий аймгийн  Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1164, 1-01/1165 дугаартай мэдэгдлүүд,  тендер шалгаруулалтын БШУЯ/202102022 дугаартай, цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  үнэлгээний хорооны  2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт болон зөвлөмж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “К” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БШУЯ/202102022 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгох, уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ч” ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х Ш.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагч захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.А, хариуцагч үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Бакен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбарт:

Нэхэмжлэгч “Чандмань- Уушир” ХХК нь Баян- Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас зарлагдсан БШУЯ/202102022 дугаартай цэцэрлэгийн барилга,  100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон ба төсөвт өртөгт багтаасан үнийн санал болон тендерийн баримт бичигт заасан бусад шаардлагыг бүрэн хангасан тендерийг хүргүүлсэн.

Гэтэл хариуцагч  болох захиалагч болон үнэлгээний хороо нь 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэт нэг талыг барьж, Баян- Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас зарлагдсан БШУЯ/202102022 дугаартай цэцэрлэгийн барилга,  100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр “К” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт, шийдвэр гаргаж, харин аймгийн Засаг даргын  2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/1050 тоот албан бичгээр манай тендерээс татгалзах үнэлгээний хорооны дүгнэлт гарсан  болохыг мэдэгдсэн.

 Манай компанийн зүгээс уг тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргаж шалгуулахад Сангийн яамнаас уг төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр “К” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагч Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ”, “27.1.1-д энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага;”, 27.1.2-т “техникийн тодорхойлолт;”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага ” гэж тус тус заасан.

  Гэтэл хариуцагч талаас хуулийн дээрх заалт, холбогдох журмуудыг дахиад зөрчиж, Сангийн яамнаас өгсөн үүрэг чиглэлүүдийг үл тоомсорлон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангаагүй тендер ирүүлсэн “К” ХХК-ийг төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр дахин шалгаруулсан нь хууль бус юм.

Захиалагчийн манай компанийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж, татгалзсан мэдэгдэл, манай компанийн тендерийг үндэслэлгүйгээр буруу үнэлсэн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийн нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйлийн 28.7.4-т “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг <<хамгийн сайн>> үнэлэгдсэн тендер гэж үзнэ.” гэж тус тус заасныг зөрчиж байна.

Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд техникийн нөхцөл олгох журмын тухай, мөн хуулийн 37 дугаар зүйлд захиалагчийн  чиг үүргийг тус тус зохицуулсан байна. Хуулийн уг зохицуулалтаас үзвэл тендерт оролцогч гагцхүү тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр сонгогдон шалгарсан тохиолдолд захиалагчийн  чиг үүрэг үүсэх, мөн тухайн төсөл арга хэмжээний хувьд хуулийн 22.1-д заасан барилга байгууламжийн техникийн нөхцөл авахаар заасан.

Түүнчлэн, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн Гуравдугаар хэсгийн 3.1-д “Захиалагч нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан чиг үүргээс гадна дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:”, 3.1.1-д “Барилгын тухай хуулийн 22, 23, 25, 26 дугаар зүйлд заасан барилга, байгууламжийн техникийн нөхцөл авах, зураг төсөл боловсруулах ажлын захиалга өгөх, зураг төсөлд магадлал хийлгэх, барилгын ажлын зөвшөөрөл авах;” гэж заасан байна.

Техникийн нөхцөл авах нь тодорхой хэмжээний үнэ төлбөртэй, хэрэв тендерт оролцогч этгээд төлбөр төлж техникийн нөхцөл авсны дараа тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр шалгараагүй буюу хасагдсан тохиолдолд эд материалаар хохирох учраас холбогдох хууль, журамд зааснаар тендерт оролцогч гагцхүү тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр сонгогдон шалгарсан тохиолдолд захиалагчийн  хувьд техникийн нөхцөл авахаар байна. Бид тухайн үед  техникийн нөхцөлийг авах гэж холбогдох байгууллага болох Цахилгаан шугам сүлжээний газар хандахад, “ тендерт орох компани болгонд техникийн нөхцөл олгохгүй” гэсэн, хуульд зааснаар техникийн нөхцөлийг захиалагч авч өгөх  ёстой.

Холбогдох хууль журамд зааснаар тендерт оролцогч тухайн төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр сонгогдон шалгарсан тохиолдолд барилга байгууламжийн төсвийн тооцоог хийх, зарим ажлын төсвийг барилгын төсөв зохиох дүрэмд заасны дагуу магадалшгүй ажлын зардлаас шийдвэрлэж болдог. Гэтэл тендерийн үнэлгээний хороо дүгнэлт, шийдвэр гаргахдаа, мөн аймгийн Засаг даргын 2021 оны 8 сарын 02-ны өдрийн 1-01/1164 тоот мэдэгдэл үйлдэхдээ хуулийн эдгээр зохицуулалтуудыг анхаараагүй байна. Манай компанийг зураг төсөвтөө гүний худаг болон зуухны барилгын төсвийг тусгаагүй гэх асуудлын хувьд тендерийн өгөгдлийн хүснэгтэд ч зааж өгсөн,  орхигдуулсан, мартагдсан, арифметикийн алдаанаас болж дутуу тооцсон ажил байвал үүнийг магадалшгүй ажлын зардлаар нөхөн хийж гүйцэтгэж болно гэсэн.

Бид гүний худаг болон зуухны барилгын ажлыг магадлашгүй ажлын зардлаар хийх бүрэн боломжтой. Энэ хоёр ажлын тооцоог гаргасан байгаа. Зуухны барилга 18 000 000 төгрөгт багтааж барина, зуух тус бүр нь 18 000 000  төгрөгөөр нийт  2  зуухны үнийг 36 000 000 төгрөгөөр тооцоолж ажлын төсөвт байгаа. Энэ нь зуухны барилгад хамаарах тоног төхөөрөмж юм. Гүнийн худгийг 5 000 000 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой гэж мэргэжлийн компаниас манайд тодорхойлолт ирүүлсэн. Иймд эдгээр нь манай компанийн тендерээс татгалзах үндэслэл биш юм. Үүнээс үзвэл Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газраас зарлагдсан БШУЯ/202102022 дугаартай цэцэрлэгийн барилга,  100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болсон гэж дүгнэж байна.

 Баян- Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 8 сарын 02-ны өдрийн 1-01/1164 тоот мэдэгдлийн дагуу манай компанийг тендерт шалгараагүй, “К” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн. Үнэлгээний хорооны дүгнэлт, шийдвэр,  Засаг даргын 2021 оны 8 сарын 02-ны өдрийн мэдэгдлүүд, “К” ХХК-тай байгуулсан гэрээ нь хууль тогтоомж зөрчиж гарснаар манай компанийн барилгын ажлыг гүйцэтгэх, ашиг орлого олох, төрийн өмчийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх эрхийг зөрчсөн  хууль бус шийдвэр юм.

 “К” ХХК-ийн тендер нь шаардлага хангахгүй буюу шалгарах үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд,

1.“К” ХХК-ийн инженер техникийн ажилтнуудаас сантехник, дулааны инженер А.Мурат, цахилгааны инженер К нар нь нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын НД-8 маягтад  даатгуулагчийн “40” кодоор бүртгэгдсэн байгаа нь үндсэн ажилтан биш байна. Сангийн сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт  хөтлөх журам”-ын 2.26.9-д “Үндсэн ажлаас гадуур давхар  ажил эрхэлж байгаа ажилтан /даатгуулагч/: 40 код” гэж заасан байна. Захиалагч тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.3(в)-д “Инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай тул  сүүлийн 6 сар буюу 2020 оны 12 сар 2021 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг ирүүлнэ. /НД-8 маягтаас тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзнэ./” гэж заасан тул сантехник, дулааны инженер А. Мурат, цахилгааны инженер К нь дээрх заалтад нийцээгүй байхад шаардлагад нийцсэн гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

2.“К” ХХК-ийн  тендерт хавсарган ирүүлсэн Баян- Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авсан байгаа нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 13.1(ж)-ийн 15-д “Тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.” гэж заасанд нийцээгүй байна.

3.Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 6.2(н)-ийн 3-т “Гэрээнд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын талаар болон төсөвт өртгийг тодорхой тусгасан байна.” гэж заасан тул “К” ХХК-аас “А” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан туслан гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч нь барилгын сантехник,  цахилгаан, холбоо дохиолол, гадна дотор засал, гадна болон дотор цэвэр бохир усны ажлыг 79 000 000 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээний 1.1, 3.2-т заасан байна. “А” ХХК нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн  ТОӨЗ 4.4(в)-д заасан тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэх холбогдох ажил тухайлбал дулаан, цахилгаан дамжуулах шугам сүлжээ зэрэг ажлыг гүйцэтгэх  талаар дээр дурдсан гэрээнд тусгаагүй байх тул туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн  гүйцэтгэх ажлын тоо хэмжээ нь  10 хувиас давсан байна.

4.Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим  системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7-д зааснаар захиалагч худалдан авах ажиллагааны цахим  системээс тендерт оролцогчийн  татварын өр төлбөрийг шалгахаар заасан байхад “К” ХХК-ийн татварын тодорхойлолтыг цахим системээс татаагүй  байх тул тус компанийн тендерт хавсарган ирүүлсэн 2582 БӨҮ дугаартай өөрөө буулгагч автотээврийн хэрэгсэл нь 2020 оны татвар төлөөгүй байна.

5. “А” ХХК нь 1571 дугаартай автокраны 2020 оны татвар төлөөгүй асуудлыг Автотээврийн үндэсний төвийн  авто үйлчилгээний  мэдээллийн нэгдсэн сангаас шалгахад 1571 дугаартай автокран нь 2016, 2020 оны агаарын бохирдлын төлбөрийг “төлөөгүй” гэсэн төлөвтэй байна.Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2(о)-д “туслан гүйцэтгэгч нь ТОӨЗ-ны 4.2-т заасан шаардлагуудыг хангасан байх, нийлүүлэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн хэрэгсэл, үзүүлэх үйлчилгээ нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан байна.” гэж заасан. “А” ХХК нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 4.2-т заасан “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй” бол эрх бүхий бус гэж үзнэ гэж заасан.

6. Захиалагчийн барилгын зураг төсөл боловсруулах даалгаврын 10-т “Барилга байгууламж: тухайн байршилд хийгдсэн инженер геологийн дүгнэлтийг үндэслэнэ.” гэж заасанд “К” ХХК-аас боловсруулан ирүүлсэн техникийн тодорхойлолт нийцээгүй байна.

7. “Тодпрогресс” ХХК-тай байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээ, “К” ХХК-ийн  ижил төстэй гэрээний туршлагын жагсаалтад дурдсан 2019 онд  байгуулсан “ХН.1.1.349. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/” ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гэрээг ирүүлээгүй байна.

Манай компанийн 2021 оны 6 дугаар сард гаргасан  Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу дээрх зөрчлүүдийг тогтоож, ун  төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр “К” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрүүдийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн атал захиалагч буюу тендерийн үнэлгээний хороо нь “К” ХХК-ийг ажлын гүйцэтгэгчээр дахин шалгаруулсан нь хууль бус болсон.

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.” гэж заасан. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар тогтоох дүрэм”-ийн хавсралт Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах  барилга байгууламжууд гэсэн хүснэгтийн 3 дахь мөр хэсгээс үзвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төрлүүд дунд зэргийн  төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарч байна. “К” ХХК-д олгогдсон  БА-2.1 тусгай зөвшөөрөл нь  Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр хавсралт “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын Хоёрын “Барилга байгууламжийн  угсралт, өргөтгөл , шинэчлэлийн ажлын хүрээнд” гэсэн хэсгийн 2-тзааснаар бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын төрөлд хамаарч байна.

Гэтэл дунд зэргийн  төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарах БШУЯ/202102022 дугаартай Цэцэрлэгийн барилга,  100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ төсөл арга хэмжээг БА-3.1 ба түүнээс дээш төрлийн тусгай зөвшөөрлүүдтэй манай компанийг бус харин зөвхөн БА-2.1 төрлийн тусгай зөвшөөрөлтэй “К” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шалгаруулсан байдлаас үзвэл хариуцагч  үнэлгээний хороо болон аймгийн Засаг дарга  нар тус тендер сонгон шалгаруулах ажиллагаанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан гэж дүгнэж байна.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1164, 01/1165 дугаартай мэдэгдлүүд,  Тендер шалгаруулалтын БШУЯ/202102022 дугаартай, цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  үнэлгээний хорооны  2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт болон зөвлөмж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “К” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БШУЯ/202102022 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгох, уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ч” ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбарт:

Тендерийн үнэлгээний хорооноос болон захиалагчаас “Ч” ХХК-ийг тус тендерт шалгаруулаагүй үндэслэлээ тайлбарлахдаа 2 үндэслэлийг заасан.

Нэгдүгээрт, техник нөхцөлийг авах ёстой шаардлага тавигдсан байхад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан шаардлагыг хангаагүй гэж, хоёрдугаарт, гүний худаг, зуухны ажлыг төсөвт оруулаагүй, дутуу байсан гэж үзжээ. Үүнийг нэхэмжлэгч талаас дараах байдлаар зөвшөөрөхгүй бөгөөд гуравдагч этгээд “К” ХХК-ийн зарим бичиг баримт нь хуулийн шаардлага хангахгүй материал ирүүлсэн байхад шалгаруулсан нь хууль бус гэж дүгнэж байгаа.

Тодруулбал, техникийн нөхцөлтэй холбоотой тайлбар хэлэхэд, Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан зохицуулалтаас үзэхэд,  захиалагч буюу аймгийн Засаг дарга тухайн техникийн нөхцөлийг өөрөө авч өгөхөөр хуульчлагдсан гэж бодож байгаа. Жишээ нь, тендерт 50 компани орлоо гэж бодоход, компани өөр өөрсдөө тухайн Цахилгаан шугам сүлжээний газарт хандаж 165 000 төгрөгийн хөлс төлж тус тусдаа техникийн нөхцөл авах боломжгүй.

Нэхэмжлэгч тайлбарлахдаа тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу  аймгийн Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер Х.Дармен гэдэг хүнтэй уулзаж асуухад, “...компани өөрсдөө тус тусдаа авахгүй. Тендер захиалагч буюу аймгийн Засаг дарга өөрөө хандсан тохиолдолд техникийн нөхцөл олгогдоно. Жишиг техникийн нөхцөлийн дагуу тендер шалгаруулалтын ажиллагаанд оролцоно. Эсхүл тендер шалгарсан тохиолдолд шалгарсан тухай нотлох баримтаа үзүүлэх юм бол бид техникийн нөхцөлийг олгох боломжтой.” гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч тал Цахилгаан шугам сүлжээний газарт хандаж байсан гэдгийг  хариуцагч  тал үгүйсгээгүй, энэ талаар мэдээлэлтэй байсан. Нэхэмжлэгч компаниас техникийн нөхцөлийг аймгийн Засаг дарга өөрөө авах юм байна гэж ойлгоод техникийн нөхцөлийг аваагүй. Дараа нь маргаан гарч шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явж байх үед нэхэмжлэгч тал хэргийн материалтай танилцах явцад “К” ХХК нь барилгын техникийн нөхцөлийг авсан гэх баримтуудтай танилцсан учраас Цахилгаан шугам сүлжээний газарт очиж, “...та нар техникийн нөхцөлийг захиалагч буюу аймгийн Засаг дарга өөрөө авах ёстой гэсэн, гэтэл “К” ХХК-д яагаад техникийн нөхцөлийг олгосон бэ” гэж асуухад, бидэнд аймгийн аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 2-1/962 дугаар албан бичгийг үзүүлсэн. Уг албан бичгээс үзэхэд, аймгийн Засаг дарга Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан чиг үүргээ ухамсарлаад өөрөө хандсан байна. Гэхдээ энэ бичгийн агуулгаас үзэхэд, зөвхөн нэг компанид зориулж, энэ компанид зөвшөөрөл олгож өгөөч гэж уламжлаагүй, нийтлэг байдлаар тендер захиалагчийн хувьд хүсэлт уламжилсан болох нь харагдаж байна. Тодруулбал, Өлгий сумын 12 дугаар багт байрлах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгад техникийн нөхцөл олгож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Үүнээс үзэхэд, “Ч” ХХК юм уу,  эсвэл “К” ХХК-д зориулагдсан зүйл биш. Ерөнхийдөө энэ тендерт зориулаад техникийн нөхцөл хүссэн , үүний дараа техникийн нөхцөл олгогдсон гэж үзэж байна. Энэ процесс явагдсаны дараа “К” ХХК албан бичгээр Цахилгаан шугам сүлжээний газарт хандсан байна. Нэгэнт  аймгийн Засаг даргын албан бичиг очсон байгаа учраас техникийн нөхцөл бэлэн болсон болохоор нь “К” ХХК-д олгосон юм шиг байна.

Гэхдээ тендер захиалагч аймгийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 16-ний өдрийн 2-1/962 дугаар албан бичгээр Цахилгаан шугам сүлжээний газарт хандсан гэдгээ хэлэх ёстой байсан. Бид нар шүүхээс хавтаст хэрэгтэй танилцах үед мэдсэн. “К” ХХК-д энэ албан бичгийн дагуу олгосон гэдгээ Цахилгаан шугам сүлжээний газар хэлж байгаа. Тухайн цэцэрлэгийн барилгад зориулагдсан техникийн нөхцөл байгаа. Энэ техникийн нөхцөл “К” ХХК, “Ч” ХХК байна уу, бусад ямар ч компанид олгогдохоор байсан. Энэ техникийн нөхцөл бүгдэд нь хамаатай. Энэ техникийн нөхцөлийн дагуу барилга баригдаж болохоор  байгаа. Тиймээс энэ нь  тендерээс хасагдах үндэслэл болохгүй  гэж үзэж байна.

Энэхүү цэцэрлэгийн барилга байгууламж нь өөрөө холбогдох хууль журамд зааснаар онцлог барилга байгаа. Цэцэрлэгийн барилгыг барихын тулд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1 дүгээр хавсралт “Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын Хоёрын “барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд” гэсэн хэсгийн 2-т зааснаар “К” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бага төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажлын төрөлд хамаарч байна. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 218 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-ийн хавсралт барилга байгууламжийн төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд гэсэн хүснэгтийн 3 дахь мөр хэсгээс үзвэл сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төрлүүд дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарч байна. Үүнээс үзэхэд, энэ ажлыг  БА-3.1 гэдэг тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэх боломжтой. Үүнээс дүгнэхэд, “К” ХХК нь  БА-2.1 зөвшөөрөлтэй компанийн хувьд энэ цэцэрлэгийн барилгыг барих боломжгүй. Өөрөөр хэлбэл ажил эхлүүлэх зөвшөөрлийг ч авах боломжгүй.

“К” ХХК нь  энэ барилгыг барьж гүйцэтгэлээ гэхэд улсын комисс энэ ажлын үр дүнг хүлээж авах боломжгүй нөхцөл байдал харагдаж байна. “К” ХХК-ийн шүүхэд хүргүүлсэн тайлбараас үзэхэд, бид нар зарим ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх, өөрөөр хэлбэл “А” ХХК-тай байгуулсан гэрээтэй. “А” ХХК БА-3.1 гэсэн зөвшөөрөлтэй, гэрээгээр энэ ажлыг гүйцэтгэж чадна гэдэг агуулгатай тайлбар ирүүлсэн. Гэтэл “К” ХХК болон “А” ХХК хоёрын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд, нийтлэг үндэслэл гэсэн хэсэгт 6 төрлийн ажлыг хоорондоо хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байна. “А” ХХК зөвхөн туслах чанартай ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Төсөвт өртгийн хувьд харахад сантехник, тохижилтын ажилд 79 000 000 төгрөгөөр тохирсон. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд тавигдсан шаардлагаас үзэхэд, туслан гүйцэтгэгч компани ажиллахыг  зөвшөөрсөн боловч гүйцэтгэх ажлын хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэдэг болзол шаардлага тавигдсан байгаа. Үүний дагуу тооцоо хийж үзэхэд, нэхэмжлэгч талаас 451 000 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр байгаа гэсэн тооцоо гаргаж, шүүхэд тайлбар ирүүлсэн.

“К” ХХК “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн доор энэ ажлыг хийж гүйцэтгэх гэж байгаа гэсэн дүгнэлттэй. Ихэнх ажлыг “А” ХХК-ийн зөвшөөрлөөр хийх гэж байгаа нь харагдаж байна. Ийм зөрчлийг хариуцагч талаас анхаараагүй. “А” ХХК болон “К” ХХК-ийн хоорондын ажил гүйцэтгэх гэрээнд ямар ямар ажил гүйцэтгэхээр байна гэдэгт анхаараагүй. Хэрэв тухайн гэрээнд барилгын гол ажлуудыг тохиролцсон байвал өөр хэрэг. Цаашид энэ ажил хийгдэнэ гэдэгт өмгөөлөгчийн хувьд эргэлзээ төрж байна.

Үнэлгээний хороо тайлбарлахдаа тухайн цэцэрлэгийг барих тусгай зөвшөөрөлтэй Баян-Өлгий аймагт 3 компани байгаа. Ганцхан тэдгээр компаниудад энэ тендерийг зарлах биш бусад компаниудад өрсөлдөх боломжийг олгох үүднээс тухайн шаардлагыг тавьсан гэж байгаа нь хууль бус. Яагаад гэвэл энэ цаана холбогдох хууль журам, шаардлагатай. Хүүхдүүдийн сурах, амьдрах орчин, бидний ирээдүй болсон хүүхдүүдийн амь настай шууд холбоотой учраас хариуцлага шаардсан. Бага төвөгшил, дунд төвөгшил хоёрын ялгаа их байгаа. Энэ шаардлагын дагуу баригдах ёстой байхад үнэлгээний хороо санаатайгаар бусдад давуу байдал олгож тендерийн бичиг баримт боловсруулсан. Тухайн тендерт оролцогчдод нэгэн адил хандаагүй.

“К” ХХК-ийн төсвийн шалгаж үзэхэд, зарим нэг бараа материалын үнийг зах зээлийн ханшаас өөр хуучин тарифаар хийлгэсэн байна. Цэцэрлэгийн барилгыг барихын тулд эхлээд цемент, арматур, тоосго, хавтан, хайрга гэх мэтчилэн томоохон үнийн дүнтэй хэсгүүдийг харьцуулан үзэхэд, бид нарын анхаарлыг хавтан татсан. Өнөөдөр 6 метртэй хавтангийн зах зээлийн үнэ 540 000 төгрөг. Энэ тарифыг хариуцагч болон гуравдагч этгээд үгүйсгээгүй. Гэтэл “К” ХХК-аас ирүүлсэн төсвөөс үзэхэд, хавтанг 275 000 төгрөг гэсэн. Энэ нь  3 жилийн өмнөх үнэ ханш. Түүнчлэн, энэ хавтанг хаанаас ямар зайнд тээвэрлэх вэ гэдгийг судалж үзэхэд, “К” ХХК нь  5 км-ийн зайнаас тээвэрлэх төсөвтэй байна.

Манай аймагт нэг л хавтангийн үйлдвэр байгаа. “А” ХХК-ийн үйлдвэрлэдэг төмөр бетон хавтангийн үйлдвэр. 5 км гэхээр тэндээс тээвэрлэх юм байна гэж ойлгож байгаа. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 /а/ хэсэгт сүүлийн онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байна гэж хүснэгтэд байгаа боловч үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа сонгон шалгаруулалтад оролцогчийн судалгааны баримтаар 888 000 000 төгрөг гэж оруулсан байна. Үүнээс үзэхэд, 2018, 2019, 2020 онуудыг гаргасан, энэ техникийн алдаа гэж байгаа боловч энэ  техникийн алдаа биш. Сонгон шалгаруулалтад оролцогчдын судалгаа гэдэг баримтыг нотлох баримтаар үнэлэх юм бол тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 /а/ хэсгийг хангахгүй.

Нэхэмжлэгч тал зуухны барилгын ажлыг төсөвт тусгаагүй гэсэн боловч зуухны барилгын гол тоног төхөөрөмжийн зардал ажлын төсөвт байгаа. Нэг ширхэг нь 18 сая төгрөг, 2 ширхэг нь 36 сая төгрөг бусад холбох хэрэгслийн хамт төсөв зохиогдсон байсан. Гагцхүү 5х5 хэмжээний зуухны барилгын ажлын төсөв нь  дутуу байсан. Төсөвчин үүнийг яагаад орхигдуулсан шалтгааныг асуухад, зуухны тогоо нь цэцэрлэгийн барилга дотор төлөвлөгдсөн гэж ойлгосон байна. Зураг төсөлд уг объект тусгагдсан  байгаа боловч төсөв зохиохдоо ийм байдлаар хийсэн. 5х5 харьцаатай барилгыг барихын тулд ямар үнэ ханштай байхыг  судалж үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үнэ гарч байгаа. Энэ үнийн дүнг хаанаас гаргах боломжтой вэ гэхээр магадалшгүй ажлын зардлаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Дээрээс нь гүний худгийн асуудлыг 5 сая төгрөг дотор хийж гүйцэтгэх боломжтой гэсэн мэргэжлийн байгууллагын тодорхойлолтыг авчирсан байгаа. Энэ хоёрын аль аль нь тухайн магадалшгүй ажлын зардалд багтаж байгаа. Зураг төсвийн дагуу боловсруулсан төсөв ирүүлэх асуудал байгаа. Гэхдээ нэхэмжлэгч компанийн зураг төсөв нь эскиз зураг дээр үндэслэгдэж хийгдсэн төсөв. Эскиз зураг гэдэг нь батлагдаагүй зураг төсөв. 100 хүүхдийн цэцэрлэгийг барихдаа урьдчилсан байдлаар иймэрхүү төсөв зардал гаргана гэдэг үүднээс төсөвлөсөн төсөв байгаа. “Ч” ХХК-ийн хүргүүлсэн эскиз зураг төсөвт зуухны барилгыг дотроосоо зохион байгуулна гэдэг үүднээс хүргүүлж байсан. Гэхдээ энэ эцсийн байдлаар батлагдсан зураг төсөв биш. Төсөв нь эскиз зураг дээр үндэслэгдэж байгаа учраас орхигдсон боловч магадалшгүй ажлын зардлаас гаргах бүрэн боломжтой  тул шүүхэд төсвөө гаргаж өгч тайлбарлаж байгаа. Барилгын төсөв зохиох дүрэмд “Барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл, төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын ажлын явцад үүсдэг зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэж нэрлэсэн.  Магадлашгүй ажлын зардлыг нэгдсэн төсвийн 2-7 дугаар бүлгийн нийлбэр дүнгээс /барилга угсралтын ажлын төсөвт өртөг/ орон сууц, иргэний зориулалттай объектод 2%, үйлдвэрийн зориулалттай объектод 3%-иар тус тус тооцно” гэж заагаад өгсөн. 2 давхар цэцэрлэгийн барилгыг халаахын тулд хамгийн багадаа халаалтын тогоо хоёр байх ёстой. Гэтэл “К” ХХК ганцхан халаалтын тогоог санал болгосон. Энэ нь хүүхдийг дулаан орчинд байлгаж чадахгүй.

Гүний худгийн ажил мөн адил магадалшгүй ажлын зардал дотор багтана. Нийтдээ 5 сая  төгрөгийн гүний худгийн асуудал байгаа. 5 сая төгрөг нь магадалшгүй ажлын доторх зардалд багтах учраас уг ажлыг “Ч” ХХК хийж гүйцэтгэхэд саад болохгүй, энэ тендерийг “Ч” ХХК хийж гүйцэтгэх боломжтой. Тусгай зөвшөөрөл байхгүй компанид ажил хийлгүүлэх нь залруулж болохгүй зөрчил.

            Иймд нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын (БШУЯ/202102022 дугаартай) цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  үнэлгээний хороо тухайн худалдан авах ажиллагаанд оролцсон компаниудаас “К” ХХК-ийг сонгон шалгаруулсны дараа  гэрээ байгуулсан болно. Магадлашгүй ажлын зардлыг барилгын ажлын явцад ямар нэгэн таах боломжгүй үүссэн ажил дээр төсөвлөдөг. Уг зардлыг захиалагч болон гүйцэтгэгчийн хамтарсан шийдвэрээр хэрэглэдэг. Барилгын ажлын төсвөө тооцоолохдоо албаар орхиод дараа нь магадлашгүй ажлын зардлаар хийнэ гэсэн зүйл байдаггүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч үнэлгээний хорооноос шүүхэд гаргасан тайлбарт:

Өлгий сумын 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын тендерийн үнэлгээний хороог 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын А/470 тоот захирамжаар байгуулсан. Үнэлгээний хороо нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тендерийг цахимаар зарлаж, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нээлт хийхэд нийт 2 компани тендерт оролцохоор үнийн санал ирүүлсэн. Үүнд, “К” ХХК нь 1 479 000 000 төгрөг,  “Чандмань- Уушир” ХХК нь 1 468 916 689 төгрөг, /үнийн хөнгөлөлт тооцсон дүнгээр оруулав/.

Үнэлгээний хороо нь үнэлгээ хийхэд  “Чандмань- Уушир” ХХК нь бага  үнийн саналтай боловч  барилгын зуухны  барилга болон худгийн ажлыг төсөвт оруулж ирүүлээгүй  тул тус компанийн тендерээс  татгалзаж “К” ХХК-ийг шалгаруулж, 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр компаниудад анх мэдэгдэл хүргүүлсэн.

Тендер шалгаруулалтын дараа “Чандмань- Уушир” ХХК нь захиалагчийн  шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 55.1-д заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан байна. Төсвийн асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага (Сангийн яам) нь дээрх гомдлыг хянан шалгаж дахин үнэлгээ хийх тухай 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4037 дугаар албан бичгийг ирүүлсний  дагуу үнэлгээний хороо нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дахин үнэлгээ хийж төсөвт  зуухны  барилга болон гүний худгийн ажлыг дутуу төлөвлөж ирүүлсэн компанийг шалгаруулах боломжгүй тул хоёр компанийг харьцуулан үзэж “К” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн  гэж үзэж тус тендерт шалгаруулсан. Сангийн яам зарим материалуудыг тодруулж дахин үнэлгээ хийх гэж ирүүлсэн ба  “К” ХХК-ийн тендерээс татгалзаж “Чандмань- Уушир” ХХК-ийг шалгаруулахыг даалгасан бичиг ирүүлээгүй болно.

“К” ХХК захиалагчийн шаардсан бүх шаардлагыг хангасан гэж үнэлгээний хороо үзэж байгаа. Үүнд:

1.“К” ХХК-ийн дулааны инженер А.Мурат, цахилгааны инженер К нарын цалинг 6 сарын туршид тогтмол төлж ирсэн байх ба аж ахуйн нэгж иргэний хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллаж байгаа юм байна. Тендерийн баримт бичигт нийгмийн даатгалын НД-8 маягтыг шаардсан шалтгаан нь тухайн компанийн чадварыг үнэлэх, мөн шаардлагатай үед өөрийн гэсэн инженер техникийн ажилтнуудтай эсэх, тухайн компанид ажилладаг нь үнэн эсэхийг шалгахын тулд шаардсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд үндсэн ажилтан гэсэн ойлголт байдаггүй ба давхар ажил эрхлэлтийг хориглосон заалт байхгүй.

2.Компаниудын тендерт ирүүлэх зарим тодорхойлолтууд хугацаатай байдаг. Жишээ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татварын газар болон нийгмийн даатгалын   тодорхойлолтууд 30 хоног хүчинтэй байхаар хугацаа зааж өгдөг. Зарим компаниуд банкны өр зээлгүй гэсэн тодорхойлолтыг тендер зарлагдахаас өмнө авч дараа нь зээл авч хугацаа хэтрүүлдэг тохиолдол байдаг тул тендерийн баримт бичигт “Тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.” гэсэн шалгуурыг тавьсан болно.  Харин Баян- Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын  2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03-02/364 тоот барилгын ажлыг гүйцэтгэсэн тухай тодорхойлолт ирүүлснээр тендерээс татгалзах боломжгүй.

3.“К” ХХК “А” ХХК-тай барилгын сантехник, цахилгаан, холбоо дохиолол, гадна дотор засал, гадна болон дотор цэвэр бохир усны ажлыг нийт  79 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулж ирүүлсэн байна. Хоёр компанийн хоорондоо ямар үнээр ажил гүйцэтгүүлэхээр  гэрээ хийж ирүүлэх нь тухайн компаниудын өөрсдийн бүрэн эрх тул үнэлгээний хороонд үүнд оролцох эрх байхгүй. Харин нийт ажлын хөлс нь төсөвт өртгийн 10 хувиас хэтрээгүй тул туслан гүйцэтгэгчийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

4.Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар баталсан “Худалдан авах ажиллагааны цахим  системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7 –д “Тендерт оролцогч нь тендертээ санхүүгийн тайлан, татварын албаны тодорхойлолт зэрэг цахим системтэй холбогдсон, түүнд мэдээлэл дамжуулдаг мэдээллийн баазын мэдээлэлтэй баримт бичгийг ирүүлэх шаардлагагүй бөгөөд үнэлгээний хорооноос тендерт оролцогчийн чадавхийн үнэлгээ хийхдээ (эсхүл холбогдох байгууллагаас бичгээр ирүүлсэн) зөвхөн холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан мэдээллийг үндэслэл болгоно.” гэж заасан байдаг ба “К” ХХК нь холбогдох байгууллагаас татварын өргүй талаар бичгээр  тодорхойлолт ирүүлсэн, энэ нь  хуурамчаар үйлдэгдээгүй нь QR кодоор цахим системээс  нь шалгахад нотлогдсон.

5.Сангийн яамнаас тодруулах шаардлагатай гэж ирүүлсний дагуу “А” ХХК болон “К” ХХК-иудын татварын өртэй эсэхийг шалгаж үзэхэд хоёр компани ямар нэгэн татварын өргүй байсан.

6.Мөн “К” ХХК-ийн тендерт ирүүлсэн тодорхойлолтыг 21.1003.57d3517b-1811-478e-a95c-3aa4d2089b34 QR кодоор нь http://auth.itc.gov.mn/ сайтаас шалгаж үзэхэд татварын өргүй байсан.

7.Зөвхөн “Тодпрогресс” ХХК-ийн “К” ХХК-тай хийсэн гэрээ биш тендерт оролцогч бүх компани тендерийн материалыг  эх хувиар ирүүлээгүй зөвхөн сканердсан цахим  тендер ирүүлсэн.

8.Тендерийн баримт бичигт үнэлгээний хороо Барилгын БА-2.1 төрлийн тусгай зөвшөөрөл шаардсан ба  тухайн шаардлагыг  “К” ХХК бүрэн хангаж байгаа. “Чандмань- Уушир” ХХК анх тендерийн баримт бичигт буруу шаардлага  тавигдсан эсвэл ямар нэгэн өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22.3-т заасны дагуу тендерийн баримт бичигтэй холбоотой  тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй  хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болох байсан. Тендерийн нээлт хийсний дараа үнэлгээний хороо “К” ХХК БА-3.1 төрлийн тусгай зөвшөөрөл ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзах ямар ч боломж байхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан байдаг. Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй тендерт компаниуд өөрийн санал болгосон зураг төсөвтэй тендерт оролцдог “Чандмань- Уушир” ХХК, К” ХХК-аас 10 сая төгрөг бага үнэ санал болгосон ч “Ч” ХХК нь гүний худаг болон зуухны барилгын ажлыг огт төсөвт тусгаагүй ирүүлсэн, мөн шаардлагатай байгууллагуудаас техникийн нөхцөл авч төсөв хийгээгүй.  “К” ХХК-ийн төсвөөс харахад зуухны барилгын ажил 12 сая төгрөг, зуухны тоног төхөөрөмж 20 сая төгрөг , худгийн төхөөрөмж гэж 20 сая төгрөг бүхий ажлын төсөв дутуу ирүүлсэн байна. Үр ашигтай хэмнэлттэй байдлаар нь “К” ХХК илүү байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэлийн талаар дараах тайлбарыг гаргаж байна.

            1. “К” ХХК-д сантехник, дулааны инженер А. Мурат, цахилгааны инженер К нар нь 2018 оноос хойш тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд компанийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг байнга төлж ирсэн.Компанийн үйл ажиллагаа тогтвортой  явдаггүй , цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор улирлын шинж чанартай ажилладаг, сул зогсолт их гардаг учир компанийн ажилтнууд зарим байгууллагуудад давхар ажил эрхэлдэг явдал байдаг. Давхар ажил эрхлэлтийг хөдөлмөрийн хуулиар хориглоогүй учир бидний зүгээс бусад байгууллагад ажиллахыг хориглох боломжгүй юм.

2. Манай компани нь зарлагдсан тендерүүдэд оролцохоор холбогдох материал  бүрдүүлэх явцад Баян- Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр тодорхойлолт авсан. Тухайн тодорхойлолтод хүчин төгөлдөр байх хугацаа заагаагүй учир тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт ТОӨЗ 13.1(ж)-ийн 15-д заасан тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна гэж заасантай нийцэж байна гэж үзэж байна. Тодорхойлолтын огноо нь тендер зарлагдахаас өмнө тавигдсан  нь тендерээс татгалзах, манай компанийг шалгаруулахгүй байх үндэслэл биш юм.

3. Манай компани нь “А” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан ба гэрээний 1.1-д барилгын сантехник,  цахилгаан, холбоо дохиолол, гадна дотор засал, гадна болон дотор цэвэр бохир усны ажлыг  хугацаанд гүйцэтгэж захиалагчид шилжүүлэхээр, 3.2-т барилгын ажлын нийт хөлс 79 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч талын дулаан, цахилгаан дамжуулах шугам сүлжээ зэрэг ажлыг гүйцэтгэх талаар дээр дурдсан гэрээнд тусгаагүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй.Гэрээнд хийж гүйцэтгэх ажлыг тусгай зөвшөөрлийн заалт бүрээр оруулах тухай ямар нэгэн зохицуулалт байхгүй.

БА-6.1 заалтын дагуу хийж гүйцэтгэх барилга байгууламжийн  дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын ажлыг туслан гүйцэтгэгчийн гэрээнд “гадна болон дотор цэвэр бохир усны ажил”  гэх ерөнхий нэршлээр, БА-6.2 заалтын дагуу хийж гүйцэтгэх барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралтын, , БА-3.4 заалтын дагуу хийж гүйцэтгэх дулааны гол /магистраль/  шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг гэрээнд “барилгын сантехник” ерөнхий нэршлээр, БА-6.3 заалтын дагуу хийж гүйцэтгэх барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралтын, БА-3.5 заалтын дагуу хийж гүйцэтгэх цахилгаан  дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “цахилгаан” гэх ерөнхий нэршлээр, БА-8.1 заалтын дагуу хийж гүйцэтгэх барилга байгууламжийг засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажлыг “гадна дотор засал” гэх ерөнхий нэршлээр тус тус оруулсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар хуульчилсан.  Манай хоёр компани хуулийн дээрх заалтын хүрээнд нийт хөлс 79 000 000 төгрөг байхаар тохиролцсон.

Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын тоо хэмжээг ажиллах хүчний зардлаар тооцох ёстой. Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоогоор ажиллах хүчний нийт зардлыг 343 829 429 төгрөгөөр тогтоосон. Үүний 252 360 263 төгрөг нь  манай компанийн БА-2.1 зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх  барилга угсралтын ажиллах хүчний зардал байгаа. Нийт зардал 343 829 429 төгрөгөөс барилга угсралтын ажиллах хүчний зардал 252 360 263 төгрөгийг хасахаар 91 469 166 төгрөг үлдэж байна. “А” ХХК нь халаалт салхивчийн ажлыг 12 888 970 төгрөгөөр, цэвэр, бохир усны ажлыг 8 667 598 төгрөгөөр, дотор цахилгааныг 10 273 641 төгрөгөөр, дотор холбоог 3 664 682 төгрөгөөр, зуухны барилгын цэвэр, бохир усны угсралтын ажлыг 1 170 263  төгрөгөөр, зуухны барилгын дотор цахилгааныг 1 495 996 төгрөгөөр, зуухны барилгын дулаан механикийн ажлыг 2 919 007 төгрөгөөр,  гадна шугам сүлжээний 40 м.куб-ын багтаамжтай  цоног, шугамын ажлыг 18 165 004 төгрөгөөр, гүний худгийн ажлыг 6 438 286 төгрөгөөр, гадна холбооны ажлыг 5 215 301 төгрөгөөр, гадна цахилгааны ажлыг 9 768 024 төгрөгөөр, гадна тохижилтын ажлыг 2 576 191 төгрөгөөр, бүгд 83 243 034 төгрөгийн төсөвт ажлыг хийж гүйцэтгэхээр байгаа. Энэ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьд хүрэхгүй болно.

4. Манай компани холбогдох бүх татваруудаа бүрэн төлж татварын албаны тодорхойлолтыг тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн.Татварын албаны тодорхойлолт гаргуулж авахад ямар нэгэн татварын өргүй талаар гарч ирсэн.Нэхэмжлэгч компани нь чухам ямар үндэслэлээр манай компанийн татвар төлөөгүй, агаарын бохирдлын төлбөр төлөөгүй гэж үзэж байгааг мэдэхгүй.Хэрэв танай компани нь ямар нэгэн өртэй байсан бол татварын албаны тодорхойлолтоор шууд гарч ирэх ёстой.

5. Захиалагчийн барилгын зураг төсөл боловсруулах даалгаврын 10-т “Барилга байгууламж тухайн байршилд хийгдсэн инженер геологийн дүгнэлтийг үндэслэнэ” гэж заасанд “К” ХХК-иас боловсруулан ирүүлсэн техникийн тодорхойлолт нийцээгүй гэх асуудлын тухайд Барилгын зураг төсөл боловсруулах даалгаврын 10-д тухайн байршилд хийгдсэн инженер геологийн дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан хэдий ч энэ нь тендер ирүүлэхдээ заавал хавсран ирүүлэхээр шаардсан материал биш юм.

Уг тендер шалгаруулалт нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр зарлагдсан ба тендер шалгаруулалтад оролцсон хоёр компаниас загвар зургууд хүргүүлсэн, өөрөөр хэлбэл эх загвар зураг, иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулагдаж баталгаажаагүй учир манай компани тендерт шалгарсан тохиолдолд инженер геологийн дүгнэлт гаргуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд захиалагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дараа 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Эл Эм Ланд” ХХК-тай инженер хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна. “Ч” ХХК-ийн хувьд “Эл Эм Ланд” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Инженер-геологи, геодезийн ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан боловч тухайн байршилд инженер геологийн дүгнэлт гаргуулж тендерийн бичиг баримтад хавсаргаж ирүүлээгүй учир инженер геологийн дүгнэлтийн дагуу зураг төсөл боловсруулсан гэж үзэх үндэслэлгүй. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 13.1./ж/-д тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ гэж, мөн хэсгийн 7- д тендерт оролцогч өгөгдсөн техникийн тодорхойлолтыг мөрдөнө гэж тус тус зааж өгсөн.

Манай компанийн тендерийн бичиг баримтад хавсаргаж хүргүүлсэн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй Цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ БШУЯ/2021020022 дугаартай барилга угсралтын ажлын техникийн тодорхойлолт” нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дээрх шаардлагын хүрээнд боловсруулсан баримт бичиг бөгөөд энэ нь инженер геологийн дүгнэлттэй ямар нэгэн хамааралгүй болно.

6. “Тодпрогресс” ХХК-тай зураг төсөл боловсруулах гэрээ байгуулахдаа тус компанитай цахимаар гэрээ байгуулж гэрээний хувийг тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн.Гэрээг цахимаар байгуулсан учир тус компанийн тамга, гарын үсэг нь эх хувиараа байгаагүй.Мөн манай компани нь “ХМ.1.1.349.Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2019 оны 08 дугаар сарын 01- ний өдөр байгуулж 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “ХМ.1.1.349.Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/ барилга угсралтын ажлын хугацааг сунгах гэрээг байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан хугацаа сунгах гэрээний 4-т энэхүү гэрээ нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТОӨЗ -2019/ XII.1.1.349 гэрээний үргэлжлэл хэсэг болох бөгөөд тус гэрээний бүх нөхцөл, болзол  хүчин төгөлдөр мөрдөгдөхийн хамт гэрээний баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг болно гэж заасан тул ажлын хугацаа сунгасан гэрээг хавсаргаж хүргүүлсэн.  “Ч” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргаж дахин үнэлгээ хийлгэхээр үнэлгээний хороонд буцааж ирүүлсний дараа үнэлгээний хорооноос “Тодпрогресс” ХХК-тай байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээ, 2019 онд байгуулсан “XI 1.1.1.349.Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/ ажил гүйцэтгэх гэрээний үндсэн гэрээг шаардсаны дагуу манай компани нь дээрх гэрээнүүдийн эх хувийг нотариатаар батлуулж үнэлгээний хороонд хүргүүлсэн.Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхдээ манай хүргүүлсэн гэрээнүүдийг харгалзан үзсэн.    

7. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/-ийн ТОӨЗ 4.4 в-д барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь БА-2.1, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-8.1.Б, БА-3.5, БА-3.4 -д заасан тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдсан бөгөөд БА-3.1 ба түүнээс дээш төрлийн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдаагүй.

Манай компани нь 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар БА-2.1 заалтын дагуу тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байсан ба 2021 оны 4 дүгээр сараас тусгай зөвшөөрөлд нэмэлт зөвшөөрөл авах материалаа хүргүүлсэн.

Манай хүсэлтийг барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлаар урьдчилсан дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцээд БА-6.2, БА-6.3, БА-6.4 заалтын дагуу нэмэлт оруулахаар шийдвэрлэж 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Барилга, хот байгуулалтын сайдын тушаал гарч тусгай зөвшөөрөл олгосон.

Энэ талаарх мэдээлэл Барилга, хот байгуулалтын яамны сайтад тавигдсан бөгөөд тендер шалгаруулалт явуулах үед үнэлгээний хороо тухайн сайтаас шалгаж үзсэн гэж үзэж байна. Ковид-19 өвчний нөхцөл байдал, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор манай компани тухайн үед Улаанбаатар хотод очиж зөвшөөрлөө авч чадаагүй байсан.

“Ч” ХХК нь энэ асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасныг тус яамнаас шалгаад 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6-1/4037 дугаартай албан бичгээр захиалагчид гомдол хянасан тухай хариу хүргүүлэхдээ тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4/в/-д нийцсэн байна гэж дүгнэсэн байдаг гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч талаас “К” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг гол маргаан болгож ярьж байна. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд БА-2.1 гэж заасан. Тухайн үед аль аль компани уг шаардлагыг хүлээн зөвшөөрч тендерт орсон.

Хэрэв нэхэмжлэгч тал цэцэрлэгийн барилга дунд төвөгшлийн барилга, техникийн нөхцөл шаардлага нь буруу байна гэж тухайн үед үнэлгээний хороо эсвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт гомдлоо гаргаад шийдүүлэх боломжтой байсан. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд БА-3.1 төрлийн тусгай зөвшөөрөлтэй байх шаардлага тавигдаагүй байхад өөрсдөө зөвшөөрч орсон учраас тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Тухайн үед Сангийн яамнаас гомдлыг хянасан. 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээр гомдлын хариу өгөхдөө тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 4.4 /в/-д заасанд нийцэж байна гэж дүгнэсэн байгаа.

Тусгай зөвшөөрөл заавал БА-3.1 байх ёстой БА-2.1 гэж өгсөн нь буруу гэж үзэж байгаа бол үүнд “К” ХХК-ийг буруутгах үндэслэл биш. Нэгэнт тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд байсан шаардлагын дагуу орж, шалгарсан. Тийм учраас уг заалт хуулийн хүрээнд хийгдсэн гэж үзэж байна. Мөн туслан гүйцэтгэгчийн ажил 10 хувиас давсан гэдэг асуудал ярьж байгаа. Өгөгдлийн хүснэгтэд 10 хувь гэж байгаа. Хоёр талын маргаж байгаа нь үндэслэл нь тухайлбал манайх ажиллах хүчний зардлаар тооцно гэж үзэж байгаа, ажиллах хүчний нийт зардал 343 929 429 төгрөг байсан. Үүнээс 252 360 263 төгрөг барилга угсралттай холбоотой ажил байгаа. Үлдсэн нь 90 гаруй сая төгрөг. Үүнийг яагаад ингэж үзэж байгаа вэ гэвэл бусад холбогдох хууль тогтоомжуудтай харьцуулан үзэх ёстой. Туслан гүйцэтгэгчийн гэрээ гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээ. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Туслан гүйцэтгэгчийн гэрээний 4.1-д захиалагчийн эрх үүрэг дээр заасан. Барилгын зураг төсөв бусад зайлшгүй шаардлагатай бичиг баримт, тоног төхөөрөмж, материал эд зүйлийг хугацаандаа гүйцэтгэгчид шилжүүлж өгнө. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар захиалагчийн материалаар гүйцэтгэж байгаа.

Энэ ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд энэ ажиллагаа  гүйцэтгэгдэх учраас 10 хувиас давсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн бараа материалтай холбоотой асуудал ярьж байна. Албан ёсоор нүхтэй хавтан 540000-600000 төгрөг гэж аль алинд ч тогтоосон материал байхгүй. Зөвхөн амаар тайлбарлаж байна. Материалын үнийн зөрүүтэй асуудал “Ч” ХХК-д ч байна. Жишээ нь цементийг 220000 төгрөгөөр үнэлж байгаа. 1 тонн цемент  50 уут болдог. Үүнийг хувааж үзэхээр 4400 төгрөг болж байгаа. “К” ХХК-ийн төсөв алдаатай байна, манайх төсвийн дагуу хийсэн гэдэг байдлаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 6.3 /а/-д нийт гүйцэтгэсэн ажлын 70 хувь хэтрэхгүй байна гэдэг заалт байгаа. Хэргээс холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан. Дундаж нь 1200 000 000 төгрөг гэдэгт аль аль тал маргаагүй учраас үүнд маргаан байхгүй гэж ойлгож байгаа.

Техникийн нөхцөлтэй холбоотой ярихад, Цахилгаан шугам сүлжээний газар, Мэдээлэл холбооны сүлжээний газруудаас техникийн нөхцөл авах ёстой. Нэхэмжлэгч тал техникийн нөхцөлийг захиалагч авч өгөх ёстой гэдэг байдлаар тайлбарласан. Тухайн техникийн нөхцөлийг авснаар ямар ажлыг яаж хийх вэ, хэдэн км-аас яаж шугам татах вэ гэдгийг төсөвт тодорхой тусгахын тулд техникийн нөхцөл шаардаж байгаа. Техникийн нөхцөл авахаар Цахилгаан шугам сүлжээний газарт очиход захиалагч авна гэж өгөөгүй байсан бол компани захиалагчид хандаад, тэрний хүрээнд техникийн нөхцөлөө авах ёстой. Тухайн үед техникийн нөхцөлөө аваагүй, төсвөө баримжаагаар зохиосон. Цахилгаан шугам сүлжээний газраас боловсруулсан техникийн нөхцөлийг харж байгаад төсөвт тусгасан бол ингэж маргаан гарахгүй байх байсан.

Техникийн нөхцөл ирүүлээгүй гэж тендерээс татгалзаж байгаа үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн зуухны барилга, гүний худаг гэсэн хоёр асуудал яригдаж байна. Энэ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт, архитектор төлөвлөлтийн даалгавар дээр байна. Үүнийг нэхэмжлэгч компани орхигдуулчхаад одоо магадлашгүй  ажлын зардлаар хийх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн зураг төсвийг зургийн даалгаврын дагуу боловсруулан ирүүлээгүй бол шууд татгалзана гэж заасан.

Нэгэнт энэ шаардлагын дагуу ирүүлээгүй бол татгалзахаас өөр арга байхгүй.

Барилга хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар зураг төсөв зохиох дүрмийг шинэчлэн баталсан байгаа.  Уг дүрмийн 8 дугаар зүйлийн 8.1-д  “Барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл, төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын ажлын явцад үүсдэг зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэж нэрлэнэ. Магадлашгүй ажлын зардлыг нэгдсэн төсвийн 2-7 дугаар бүлгийн нийлбэр дүнгээс   /барилга угсралтын ажлын төсөвт өртөг/ орон сууц, иргэний зориулалттай объектод 2 хувь, үйлдвэрийн зориулалттай объектод 3 хувь, онцгой төвөгшилтэй объект, усны барилга байгууламжийн I дүгээр ангийн үндсэн барилгад 10 хүртэл хувиар тус тус тооцно”, 8.3-т “Магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэгдэл зардлын нөхөн төлбөрт зарцуулна. Үүнд,зураг төсөл батлагдсаны дараа ажлын зургаар ажлын тоо хэмжээнд орсон өөрчлөлтийг санхүүжүүлэх,  зураг төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн тооцооны алдааг залруулахад, барилгын материал хийц хэсгийг зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчилсөн тохиолдолд гарах зардал, ажлын баримт бичгийн төслийн шийдлийн өөрчлөлтийн зөрүү, бусад зардал гэж тодорхой заасан байхад гүний худаг, зуухны барилгыг магадлашгүй зардлаар хийнэ гэж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “Ч” ХХК-аас үнэлгээний хорооны тэмдэглэл, зөвлөмж, Засаг даргад хүргүүлсэн мэдэгдэл, ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгож, “Чандмань- Уушир” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа.

“К” ХХК-д ганц хоёр алдаа байж болно, тэрийг үгүйсгэхгүй. Гэхдээ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 16-д заасан заалтыг шууд зөрчиж зураг төсвийг дутуу ирүүлчхээд манай компанийг шалгаруулж, гэрээ байгуул гэж нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа нь хэр үндэслэлтэй вэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “...хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Нэхэмжлэгч компанийн ямар эрх ашиг нь зөрчигдөж байгаа вэ. Өөрсдөө дутуу, шаардлага  хангахгүй материал ирүүлсэн учраас үнэлгээний хороо татгалзсан. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийн нотлох баримтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/470 дугаар захирамжаар тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт баригдах 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороо байгуулсан байх ба захиалагчаас  тендерийн урилгыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээр нийтэд зарлан мэдээлсэн, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тендерийг нээсэн, тендер шалгаруулалтад оролцохоор хоёр компани буюу “Ч” ХХК,  “К” ХХК-аас тус тус   тендер ирүүлсэн байжээ.  Үнэлгээний хорооноос анх  2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хоёр тендерийг хянан үзээд “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж,  татгалзаж,  “К” ХХК-ийн тендерийг шалгаруулжээ. Улмаар захиалагчаас “К” ХХК-д  2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/1049 дугаартай албан бичгээр тус компанийн ирүүлсэн тендерийг хүлээн зөвшөөрснийг болон гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлэхийг, 1-01/1050 дугаартай албан бичгээр “ТОӨЗ-ийн 13.1 (ж)-ийн 16-д “Захиалагчийн баталсан зураг төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативуудын дагуу зураг төсөв ирүүлнэ.”, ТОӨЗ-ийн 13.1 (ж)-ийн 17-д “Холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авсан байх;” шаардлагын дагуу тухайн ажилд шаардлагатай гүний худгийн ажил болон зуухны барилгын ажлыг төсөвт тусгаагүй, Цахилгаан шугам сүлжээний газар болон Мэдээлэл холбооны газраас цэцэрлэгийн барилгын техникийн нөхцөл аваагүй гэх үндэслэлээр үнэлгээний хорооноос “Ч” ХХК-ийн тендерээс татгалзсан болохыг тус тус мэдэгджээ. 

Тендерт оролцогч “Ч” ХХК-аас  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмаар гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 6-01/4037 дугаартай албан бичгээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1-01/1049 дугаартай “К” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлж дахин хийхийг захиалагч болон Баян-Өлгий аймгийн Орон нутгийн өмчийн газарт тус тус мэдэгджээ. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу үнэлгээний хорооноос 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр тендерийн үнэлгээг дахин хийж,  нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн тендерийг анхны үндэслэлээр   шаардлагад нийцээгүй гэж үзэж, “К” ХХК-ийг барилгын ажлын гүйцэтгэгчээр дахин сонгон шалгаруулсан дүгнэлт гаргаж, “К” ХХК-тай 1 479 000 000 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай мөн өдрийн зөвлөмжийг  захиалагчид хүргүүлжээ.

Захиалагчаас үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийж гаргасан дүгнэлтийг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1164 дугаартай мэдэгдэлээр «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэх оролцогч “К” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгож, 1-01/1165 дугаартай мэдэгдэлээр тендер шалгаруулалтаар шалгараагүйг үндэслэлийн хамт “Чандман-Уушир” ХХК-д мэдэгдэж, улмаар 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр захиалагчаас тендерт шалгарсан компанитай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1164, 1-01/1165 дугаартай мэдэгдлүүд,  үнэлгээний хорооны  2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт болон зөвлөмж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “К” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БШУЯ/202102022 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгох, уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ч” ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл, энэ талаарх талуудын  маргаанд дараах хууль зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч ”Ч” ХХК нь тухайн барилгад шаардлагатай гүнийн худгийн ажил болон зуухны барилгын ажлыг төсөвт тусгаагүй гэх маргааны тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ.”,

19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана.” гэж тус тус заасан.

Энэхүү тендер нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй байх ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.16-д зааснаар “ түлхүүр гардуулах гэрээ” гэж барилга байгууламжийн зураг төсөл, инженерийн тооцоо, тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулан, уг барилга байгууламжийг ашиглалтад бэлэн болгохтой холбогдсон хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн ажил, бараа, үйлчилгээг бүхэлд нь хамарсан нэг гэрээг ойлгохоор байна.

Иймд энэхүү тендерт оролцогч нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 16-д зааснаар ажлын даалгаврын дагуу  зураг төслөө боловсруулж, зураг төслийн дагуу ажлын төсвөө ирүүлэхээр байгаа ба Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.30-д  “зураг төсөл” гэдгийг барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдэл” гэж заасан.

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Гурвын 3.4-т “Барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэнэБатлагдсан зураг төслийг үндэслэн төсвийн тооцоог хийх ба тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрмийн дагуу тооцно.” гэж заасан байх тул тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 1-д “Ажлын даалгаврыг судалж тооцно.”, 16-д “Захиалагчийн баталсан зураг төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативуудын дагуу зураг төсөв ирүүлнэ. “ гэж заасан нь журмын дээрх заалтад нийцсэн байна.

Тендерийн баримт бичгийг бэлтгэх явцад  захиалагч талаас боловсруулсан 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/2021 дугаартай “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зураг төсөл боловсруулах даалгавар”-ын 5-д заасан “Инженерийн шугам сүлжээ, түүнийг хангах эх үүсвэр” гэсэн хэсэгт “өөрийн эх үүсвэрээр бичил халаалтын зуухны барилга, гүний худаг, бохир усны стандартын шаардлага хангасан цооног холбогдох байгууллагуудаар зөвшилцөн төлөвлөх,” гэж, 10-д заасан Онцгой нөхцөл” гэсэн хэсэгт зуухны барилгыг норм норматив, стандартын шаардлагын дагуу төлөвлөх” гэж,  2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 03/2021 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын 7-д заасан “Бусад” гэсэн хэсэгт  “...өөрийн бие даасан зуухны барилга, гүний худаг, бохир усны цооног төлөвлөх” гэх зэргээр тусгагдсан байна. Үүнээс үзэхэд халаалтын зуухны барилгыг  цэцэрлэгийн барилгаас тусдаа байрлалтай байхаар төлөвлөхийг ажлын даалгавраар шаардсан байх ба нэхэмжлэгч “Ч” ХХК нь барилгын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр зуухны барилгыг цэцэрлэгийн барилгаас тусдаа төлөвлөсөн байх боловч зуухны барилгын болон гүний худаг барихад шаардагдах ажлын төсвийг төсөвт өртөгтөө тодорхой төсөвлөөгүй байна.

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа “..гүний худгийн ажлын төсвийг төлөвлөөгүй, зуухны барилгын ажлын төсвийн хувьд нэг бүр нь 18 000 000 төгрөгийн үнэтэй халаалтын хоёр тогоог 36 000 000 төгрөгөөр нийлүүлэхээр ажлын төсөвт  төлөвлөсөн.  Манай компанийн төсөвчин тухайн үедээ халаалтын зуухыг цэцэрлэгийн барилга дотор байрлана гэж буруу ойлгож, зуухны барилга угсралтын ажлын зардлыг орхигдуулсан нь төсөвчний алдаа юм. Гэхдээ манай компани магадлашгүй ажлын  зардалд  24 386 387 төгрөг төлөвлөсөн. Барилгын төсөв зохиох дүрэмд зааснаар барилгын ажлын явцад үүсдэг, зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг магадлашгүй ажлын зардлаар санхүүжүүлж болно. Иймээс ажлын төсөвт тусгагдаагүй орхигдуулсан зуухны барилга угсралтын ажлын зардлыг 18 158 057 төгрөгөөр гүйцэтгэх боломжтой талаарх  төсвөө шинээр гаргаж шүүхэд хүргүүлсэн, мөн гүний худгийг усны барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй “Усны мөлдир су” ХХК нь 5 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгэх боломжтой талаарх тодорхойлолтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манай компанид ирүүлсэн.

Иймээс зуухны барилга угсралтын ажлын болон гүний худгийн ажлыг гүйцэтгэх төсөв нь магадлашгүй  ажлын зардлын дүнд багтана.” гэж тайлбарлаж, үнэлгээний хорооноос “Чандман-Уушир” ХХК нь тухайн ажилд шаардлагатай гүний худгийн ажил болон зуухны барилгын төсвийг  ажлын төсөвт тусгаагүй гэж үзсэнийг эс зөвшөөрч  маргасныг дараах байдлаар үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Гурвын 3.6-д “Зураг төсөлд тусгагдсаны дагуу барилга байгууламжийн төсөвт өртгийг тодорхойлохдоо нэг бүрчилсэн төсөв, объектын төсөв, зардлын төрлийн төсвийн тооцоо, барилга байгууламжийн нэгдсэн төсөв гэсэн бүрэлдэхүүнтэйгээр төсвийн баримт бичгийг зохионо.”, 3.15-д  “Барилга байгууламжийн объектын төсвийн баримт бичиг боловсруулахдаа тусдаа байрлах барилга түүнд хамаарагдах тоног төхөөрөмж, туслах болон үйлчилгээний байгууламж, инженерийн шугам, сүлжээ, нийт талбайн /талбайн өндөржилт, тохижилт, зүлэгжүүлэлт гэх мэт/ ажлуудыг хамааруулна.” гэж заажээ.

Мөн уг дүрмийн Гурвын 3.2-т  барилгын төсөвт өртөг гэдгийг барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг ойлгохоор тодорхойлсон байна.

“К” ХХК-ийн барилгын ажлын төсвийн “Барилга угсралтын ажлын төсөвт өртгийн нэгдсэн товчоо” бүхий баримтаас үзэхэд зуухны барилга түүнд хамаарах тоног төхөөрөмж, холбогдох бусад ажилд нийт 74 651 746 төгрөг, гүнийн худагт 20 007 221 төгрөг төлөвлөсөн, харин нэхэмжлэгч “Ч” ХХК нь гүний худгийн ажлын зардлыг тооцоогүй, барилгын ажлын төсвийн “Материал ба тээврийн зардал” гэсэн баримтаас үзэхэд тооны хувьд хоёр халаалтын тогоог 36 000 000 төгрөгөөр нийлүүлэхээр тусгаж, зуухны барилгад хамаарах халаалтын тогоо бүхий зөвхөн тоног төхөөрөмжийн зардлыг тооцсон нь “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Гурвын 3.15-т заасантай нийцээгүй, ингэснээр зураг төсөл боловсруулах даалгавар, архитектур төлөвлөлтийн даалгаврын гүний худаг, зуухны барилгыг төлөвлөх хэсгийг, үүний дагуу төсвөө боловсруулах талаарх тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 16-д “Захиалагчийн баталсан зураг төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативуудын дагуу зураг төсөв ирүүлнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Тендерт оролцогч “Ч” ХХК нь цэцэрлэгийн барилгын ажлын төсөвт өртгөө 1 468 916 689 төгрөгөөр, үүнээс  магадлашгүй ажлын зардалд  24  386 387 төгрөгийг тооцоолсон байна.

“Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Наймын 8.1-д   “Барилгын ажлыг гүйцэтгэх нөхцөл, төслийн шийдлийг тодотгосон үр дүнгээр барилгын ажлын явцад үүсдэг зураг төсөлд тусгагдаагүй барилгын ажлыг санхүүжүүлэх нөөц эх үүсвэрийг магадлашгүй ажлын зардал гэж нэрлэнэ. Магадлашгүй ажлын зардлыг нэгдсэн төсвийн 2-7 дугаар бүлгийн нийлбэр дүнгээс   /барилга угсралтын ажлын төсөвт өртөг/ орон сууц, иргэний зориулалттай объектод 2 хувь, үйлдвэрийн зориулалттай объектод 3 хувь, онцгой төвөгшилтэй объект, усны барилга байгууламжийн I дүгээр ангийн үндсэн барилгад 10 хүртэл хувиар тус тус тооцно.” гэж, 8.2-т  “Магадлашгүй ажлын энэ нөөц хөрөнгийг барилгын гүйцэтгэгч, захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгагдаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулна.” гэж, 8.3-т  “Магадлашгүй ажлын зардлын нөөц хөрөнгийг дараах хүчин зүйлстэй холбогдсон нэмэгдэл зардлын нөхөн төлбөрт зарцуулна. Үүнд, зураг төсөл батлагдсаны дараа ажлын зургаар ажлын тоо хэмжээнд орсон өөрчлөлтийг санхүүжүүлэх, зураг төслийн баримт бичиг батлагдсаны дараа илрүүлсэн төсвийн тооцооны алдааг залруулахад, барилгын материал хийц хэсгийг зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчилсөн тохиолдолд гарах зардал, ажлын баримт бичгийн төслийн шийдлийн өөрчлөлтийн зөрүү, бусад зардал.” гэж тус тус заасан байна.

“Барилгын төсөв зохиох дүрэм”-ээс үзэхэд нэгдсэн төсвийн 2-7 дугаар бүлэгт үндсэн барилгууд, туслах чанарын барилгууд, эрчим хүчний аж ахуйн барилгууд, зам, тээвэр холбооны аж ахуйн барилгууд, төвлөрсөн инженерийн шугам сүлжээ түүний барилга байгууламж, талбайн тохижуулалт, зүлэгжүүлэлтийн төсвийн тооцоо хамаардаг байх ба дээрх зохицуулалтын дагуу гүнийн худгийн байгууламж, зуухны барилгын ажлын зардлын тооцоо  нь тус барилгын магадлашгүй ажлын зардлын хувь хэмжээг тооцож гаргахад шаардагдах төсвийн төрөл байх тул нэхэмжлэгч тал нь барилгын ажлын төсөвтөө төлөвлөөгүй гүний худаг болон зуухны барилга барихад шаардагдах төсвийг магадлашгүй ажлын зардлаар санхүүжүүлнэ гэж үзсэн нь үндэслэлгүй  байна.

Нөгөө талаар дүрмийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд магадлашгүй ажлын зардлыг гүйцэтгэгч болон захиалагч байгууллагууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зураг төсөлд тусгаагүй ажлыг санхүүжүүлэхэд зарцуулахаар байгаа ба зураг төсөлд тусгаагүй ажил гэдэгт ажлын даалгаврын дагуу зураг төсөлд зайлшгүй тусгах ёстой обьектыг тусгаагүй орхигдуулсан нөхцөл хамаарахгүй бөгөөд  үүнд барилгын зураг төсөл батлагдсаны дараа ажлын зургаар ажлын тоо хэмжээнд орсон нэмэлт өөрчлөлт,  илрүүлсэн төсвийн тооцооны алдааг залруулах, барилгын материал хийц хэсгийг зураг төсөл зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр өөрчилсөн тохиолдолд гарах зардал, ажлын баримт бичгийн төслийн шийдлийн өөрчлөлтийн зөрүү болон барилгын ажлын явцад үүсдэг өөр бусад зардлыг санхүүжүүлэхээр байгаа тул захиалагч байгууллагатай зөвшилцөхгүйгээр  магадлашгүй ажлын зардалд төсөвлөсөн 24  386 387 төгрөгийн 23 158057 төгрөгөөр гүний худаг болон зуухны барилгын ажлын дутуу төсвийг санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.

 Захиалагчаас түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг  1 500 000 000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр  нээлттэй тендер зарласан байх ба нэхэмжлэгч “Ч” ХХК нь уг барилгын ажлыг  1 468 916 689 төгрөгөөр гүйцэтгэхээр үнийн санал оруулсан нь гуравдагч этгээд “К” ХХК-ийн гаргасан 1 479 000  000  төгрөгийн үнийн саналтай харьцуулахад 10 083 311 төгрөгөөр бага үнийн санал байгаа ч  “К” ХХК-ийн  гүний худаг, зуухны барилгын ажилд тооцоолсон 94 658 957 төгрөгийн төсвийг үндэслэж  уг үнийн дүнгээс “Ч” ХХК-ийн  зуухны барилгад хамаарах тоног төхөөрөмжид төлөвлөсөн 36 000 000 төгрөгийг хасаж тооцоход 58 658 967 төгрөгөөр цэцэрлэгийн барилгын төсөвт өртгийг дутуу тооцсон гэж үзэхээр байгаа ба энэ талаарх хариуцагч талын маргаан зөв байна.

Энэ тохиолдолд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 16-д “Захиалагчийн баталсан зураг төсөв боловсруулах даалгаварт тусгасан хууль журам, норм нормативуудын дагуу зураг төсөв ирүүлнэ. /зураг төсөв боловсруулах даалгаврын дагуу зураг төсөв боловсруулж ирүүлээгүй бол тендерээс шууд татгалзана./ гэж зааснаар “Ч” ХХК-ийн ирүүлсэн тендер нь энэхүү шаардлагыг хангаагүй нь тендерээс татгалзах үндэслэл болно гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт болон захиалагчийн энэ талаарх мэдэгдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

2. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Цахилгаан шугам сүлжээний газар болон Мэдээлэл холбооны газраас техникийн нөхцөл аваагүй гэх маргааны тухайд:

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8.-д  зааснаар барилга байгууламжийн “техникийн нөхцөл”  гэдэг нь  барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэр бөгөөд зураг төсөл боловсруулах даалгаварт 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын дулаан, цэвэр, бохир усны хангамжийн хэрэгцээг өөрийн  эх үүсвэрээр хангахаар, харин  цахилгаан хангамж, холбоо дохиоллын техникийн нөхцөлийг авч шугам сүлжээнд холбох, инженерийн шугам, сүлжээний  техникийн нөхцөлийн дагуу нийтийн эзэмшлийн  зам талбайг дайрч байгаа  тохиолдолд зөөх, шилжүүлэх, буулгалт болон нөхөн сэргээлтийн ажлыг зураг төсөлд тусгах, мэдээлэл харилцаа, холбоо дохиоллын инженерийн шугам  сүлжээний хэрэгцээг шаардлага хангахуйц төлөвлөхөөр заажээ. Ингэснээр тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 17-д зааснаар тендерт оролцогчдод “Холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авсан байх” шаардлага тавьсан байх ба “Ч” ХХК нь дээрх шаардлагуудыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч талаас энэ талаар техникийн нөхцөлийг Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиалагч авах үүрэгтэй байхад ТОӨЗ 13.1 (ж)-ийн 17-д тендерт оролцогч нараас холбогдох байгууллагаас техникийн нөхцөлийг авахыг шаардсан нь хууль бус байна.

Тухайн үед техникийн нөхцөл авахаар Цахилгаан шугам сүлжээний газрын ерөнхий инженер Х.Д уулзахад “...компанид техникийн нөхцөл олгохгүй, захиалагч өөрөө авна эсвэл танай компани ажлын гүйцэтгэгчээр шалгарсан тохиолдолд өгнө.” гэсэн тул техникийн нөхцөлийг авч чадаагүй  гэж тайлбарлан маргасан.

Тендерийн баримт бичгийн дээрх шаардлагын талаар үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед  тайлбарлахдаа “...тухайн компани нь барилга байгууламжийн техникийн нөхцөлийн дагуу зураг төсвөө хийх ёстой учраас уг баримт бичгийг авахыг шаардсан. Компани болгонд өөр өөрөөр боловсруулсан техникийн нөхцөл гарахгүй. Тендерт оролцогч хоёр компани нь тухайн үед барилга байгууламжийн техникийн нөхцөл авахаар Цахилгаан шугам сүлжээний газарт хандахад захиалагчаас техникийн нөхцөл авах тухай хүсэлт  аваад ир гэсний дагуу  “К” ХХК нь захиалагчийн гаргасан хүсэлтийн дагуу уг барилгын техникийн нөхцөл авсан  байна. Захиалагчийн хүсэлтийн дагуу холбогдох газраас боловсруулсан техникийн нөхцөлийг тендерт оролцогч компаниуд хүсэлт гаргаснаар холбогдох мэргэжлийн байгууллага нь олгоно. “Ч” ХХК нь цахилгаан, холбоо дохиоллын эх үүсвэрт холбох техникийн нөхцөлийг үндэслэж ажлын төсөв хийгээгүй учраас шалгаруулах боломжгүй гэж үзсэн.” гэжээ.

Барилгын тухай хуулийн 22 дугаар  зүйлийн 22.1-д  “Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах хүсэлтийг энэ хуулийн 22.2-т заасан инженерийн хангамжийн байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.” гэж, 37 дугаар зүйлийн 37.1-д “Барилгын ажлын захиалагч нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:”, үүний 37.1.3-т “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх;” гэж заасан.

Гуравдагч этгээд “К” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзэхэд тус компани нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт баригдах цэцэрлэгийн барилгын техникийн нөхцөлийг  Мэдээлэл холбооны сүлжээний газар болон Цахилгаан шугам сүлжээний газраас тус тус авсан байх ба“Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Гурвын 3.15-д  “Барилга байгууламжийн объектын төсвийн баримт бичиг боловсруулахдаа тусдаа байрлах барилга түүнд хамаарагдах тоног төхөөрөмж, туслах болон үйлчилгээний байгууламж, инженерийн шугам, сүлжээ, нийт талбайн /талбайн өндөржилт, тохижилт, зүлэгжүүлэлт гэх мэт/ ажлуудыг хамааруулна.” гэж зааснаар барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дохиоллын эх үүсвэрт холбох ажлын төсвөө гаргасан байна.

Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тухайлбал захиалагч буюу Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2-01/962 дугаар албан бичгээр Цахилгааны шугам сүлжээний газарт хандаж, Өлгий сумын 12 дугаар багт баригдах 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын техникийн нөхцөл олгохыг хүссэн нь, захиалагчаас энэхүү хүсэлтийг гаргасны дараа гуравдагч этгээд “К” ХХК нь Цахилгаан шугам сүлжээний газраас боловсруулсан

техникийн нөхцөлийг авсан нь, анх тендерт оролцогч “Ч” ХХК болон “К” ХХК-ууд нь холбогдох мэргэжлийн байгууллагад хандахад “захиалагч техникийн хүсэлт авахаар хандаагүй” гэх шалтгаанаар оролцогч компаниудын хүсэлтээр техникийн нөхцөлийг боловсруулж олгохгүй талаар мэдэгдсэн нь, нэхэмжлэгчийн хувьд захиалагчаас дээрх байдлаар 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Цахилгааны шугам сүлжээний газарт хандахаас өмнө  барилга байгууламжийн техникийн нөхцөл авах асуудлаар тус байгууллагын инженер Х.Дарменд амаар хандаж байсан нь, техникийн нөхцөл авах хүсэлт гаргасан эсэх асуудлаар захиалагч болон Цахилгаан шугам сүлжээний газарт дахиж хандаагүй зэрэг үйл баримтууд тогтоогдсон ба энэ талаар талуудаас маргаагүй болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад “Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2-01/962 дугаар албан бичгээр хандсанаар   тухайн цэцэрлэгийн барилгад зориулж мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөлийг боловсруулсан, уг техникийн нөхцөлийн дагуу  тендерт оролцогч бүх компаниуд барилгын ажлаа гүйцэтгэх боломжтой тул  “холбогдох байгууллагаас техникийн нөхцөл аваагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргасан боловч тендерт оролцогч компаниуд нь захиалагчийн гаргасан ажлын даалгаврын дагуу инженерийн шугам сүлжээг төлөвлөх, барилгын ажлын төсөв зохиохдоо инженерийн шугам сүлжээний ажлуудыг хамааруулж тооцохоор байгаа ба “техникийн нөхцөл”  барилга байгууламжийг дулаан, уур, хий, цэвэр, бохир ус, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэрэг эх үүсвэрт холбох эрх бүхий хуулийн этгээдээс гаргах шийдвэр бүхий инженерийн шугам сүлжээг төлөвлөж, энэ талаарх ажлын төсөв зохиоход харгалзах чухал шаардлагатай баримт бичиг байна.

Захиалагч техникийн нөхцөлийг авах үүрэгтэй гэж маргасан боловч тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13.1 (ж)-ийн 17-д “Холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авсан байх” шаардлагатай холбогдуулж, нэхэмжлэгч “Чандман-Уушир” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан журмаар холбогдох газарт гомдол гаргаагүй байна. Нөгөө талаар захиалагчаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр цэцэрлэгийн барилгын техникийн нөхцөл авахаар хандсан байх тул үүний дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаас боловсруулсан техникийн нөхцөлийг  нэхэмжлэгч авч судлаагүй байна. Ингэснээр 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын  цахилгаан, харилцаа холбоо, дохиоллын эх үүсвэрт холбох ажлыг техникийн нөхцөлийн дагуу төлөвлөх, зураг төслийн дагуу холбогдох ажлын төсвөө гаргах талаарх ажлын даалгаврын болон тендерийн баримт бичгийн холбогдох  шаардлагуудыг нэхэмжлэгч хангаагүй байна.

Нэхэмжлэгчээс барилгын ажлын төсөвтөө цахилгаан, харилцаа холбоо, дохиоллын эх үүсвэрт холбох ажлын төсвөө гаргасан гэж маргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс мэргэжлийн байгууллагаас боловсруулсан техникийн нөхцөлийн дагуу “Ч” ХХК нь барилгын цахилгаан, харилцаа холбоо, дохиоллын ажлыг гүйцэтгэх боломжтой гэж тайлбарласан боловч дээрх байдлаар холбогдох байгууллагаас боловсруулсан техникийн нөхцөлийг авч танилцаагүй тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан цэцэрлэгийн барилгын цахилгаан, харилцаа холбоо, дохиоллын эх үүсвэрт холбох ажлын зураг, төсөв нь тодорхой шаардлага бүхий техникийн нөхцөлд нийцсэн, зураг төсөл боловсруулах даалгаврын энэ талаарх шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж заасан тул хуулийн 27.1.3-т заасан үндэслэлд хамаарах тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 13 (ж)-ийн 16, 17-д заасан шаардлагыг дээрх байдлаар хангаагүй “Ч” ХХК-ийн тендерээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна.

3. Гуравдагч этгээд “К” ХХК-д холбогдох  маргааны тухайд:

3.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тодорхойлолт нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх шаардлагад нийцээгүй гэх маргааны талаар:

Захиалагчаас уг тендерийн урилгыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-ээр нийтэд зарлан мэдээлснээр  2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний хороо тендерийг нээсэн байх ба тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгийн ТОӨЗ-ийн 13.1 (ж)-ийн 15-д “Тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байх ба тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна.” гэж заажээ.

Гуравдагч этгээдээс тендертээ  ирүүлсэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 3-02/364 дугаартай албан бичиг нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн огноотой байх ба энэ нь   “К” ХХК нь тус аймгийн Өлгий сумын Хотгор багийн 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг, Ногооннуур сумын Ховд багийн бага сургуулийн өргөтгөлийн ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар, Сагсай сумын халуун усны барилгын ажлыг, Цэнгэл сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг Алтай сумын цэцэрлэгийн их засварын ажлыг тус тус  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэснийг тодорхойлсон агуулгатай байна. Үнэлгээний хорооноос дээрх шаардлага нь тендерт оролцогч компаниуд нь тендерийг нээсэн өдрийн байдлаар  татвар, нийгмийн даатгалын шимтгэл өр болон шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх  төлбөртэй эсэхийг тодорхойлоход хамааралтай. Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн  байгууллагууд, харилцагч банкны тухайн компани нь өр төлбөр, зээлтэй эсэхийг тодорхойлсон тодорхойлолтууд  нь 30 хоног хүчинтэй байхаар хугацаа зааж өгдөгтэй холбоотойгоор дээрх шаардлагыг тавьсан.” гэж тайлбарлажээ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ийн 6.2-ийн 1,4,5,6,7 дахь хэсгүүдээр  харилцагч банк, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, татвар, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт ирүүлэхийг шаардсан байх ба  хариуцагчийн тайлбараас үзэхэд ТОӨЗ-ийн 13.1 (ж)-ийн 15-д заасан шаардлага нь ТОӨЗ-ийн 6.2-ийн 1,4,5,6,7 дахь  хэсэгт зааснаар холбогдох байгууллагаас авах тодорхойлолтуудад хамааралтай байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3-02/364 дугаартай тодорхойлолт нь агуулгын хувьд “К” ХХК-ийн бусдад төлөх өр төлбөртэй эсэхийг тодорхойлоогүй тул ТОӨЗ-ийн 13.1 (ж)-ийн 15-д заасан шаардлага нь бусад төрлийн тодорхойлолт гаргахад хамааралгүй байна.

Иймд “К” ХХК нь өнгөрсөн хугацаанд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр өөр бусад барилгын ажлыг гүйцэтгэж байсныг тодорхойлсон Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 3-02/364 дугаартай тодорхойлолтыг тендер зарлахаас өмнө авсан нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болохгүй, уг тодорхойлолтыг хүчинтэй биш гэж үзэхгүй,  иймээс энэ талаарх хариуцагч талын тайлбар үндэслэлтэй байна.

3.2. “К” ХХК-ийн 2582 БӨҮ дугаартай өөрөө буулгагч автотээврийн хэрэгсэл нь 2020 оны албан татвараа, туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн 1571 дугаартай автокран нь 2016, 2020 оны агаарын бохирдлын төлбөрийг төлөөгүй гэх маргааны талаар:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2-ийн 1-д “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер зарлагдсан  өдрийн байдлаар бүрэн төлсөн байна. Татварын ерөнхий газрын  www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолт ....ирүүлнэ.”, тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.2-ийн (о)-д туслан гүйцэтгэгч нь ТОӨЗ-ийн 4.2-т заасан шаардлагуудыг хангасан байх...”, ТОӨЗ-ийн 4.2-т “дараах тохиолдолд тендерт оролцогчийг эрх бүхий бус гэж үзнэ.”, 4.2.2-т “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;” гэж тус тус заасан.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д ”Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ.” , 7.2-т “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:”,7.2.8-д “агаарын бохирдлын төлбөр;”,7.2.16-д “автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;” гэж тус тус заасан.

“К” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “А” ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан байх ба тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3 (в)-д заасан гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмуудтай холбогдуулж, “К” ХХК-ийн 2582 БӨҮ дугаартай автомашин/өөрөө буулгагч/, туслан гүйцэтгэгч “Агайн” ХХК-ийн эзэмшлийн 1571 дугаартай автокраны холбогдох бичиг баримтыг, мөн татварын албаны  “К” ХХК нь татварын өргүй талаарх тодорхойлолтыг тус тус тендерийн баримт бичигтээ ирүүлжээ.

Үнэлгээний хорооноос гуравдагч этгээдийг дээрх шаардлагуудыг хангасан гэж үзсэн байх ба нэхэмжлэгч талаас “К” ХХК-ийн 2582 БӨҮ дугаартай өөрөө буулгагч автотээврийн хэрэгсэл нь 2020 оны албан татвараа, туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн 1571 дугаартай автокран нь 2016, 2020 оны агаарын бохирдлын төлбөрийг төлөөгүй  гэж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс шүүхэд  2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 146 дугаар албан бичгээр хүргүүлсэн татварын удирдлагын нэгдсэн систем дэх мэдээллээр 2582 БӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны автотээвэр, өрөө явагч хэрэгслийн албан татвараа 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 1571 БӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл нь 2016,  2020 оны  агаарын бохирдлын төлбөрөө 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төлсөн нь тогтоогдож байна.

Иймд энэ талаар нэхэмжлэгчийн маргаан нь үндэслэлгүй байна.

3.3. “К” ХХК-ийн  2019 онд  байгуулсан “ХН.1.1.349. Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/” ажил гүйцэтгэх гэрээ, “Тод прогресс” ХХК-тай байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээний үндсэн хувийг ирүүлээгүй гэх маргааны тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Захиалагч тендерийн урилгыг энэ хуулийн 52.1.12-т заасан цахим хуудсанд байрлуулж тендер шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлнэ.” гэж зааснаар захиалагчаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем”-д байршуулсан тендерийн урилгад эрх бүхий тендерт оролцогчдоос цэцэрлэгийн барилга,100 ор/Баян-Өлгий, Өлгий сум/-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьсан байх тул “К” ХХК нь дээрх гэрээнүүдийн үндсэн  хувийг ирүүлээгүй гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлгүй байна.

Гуравдагч этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээнүүдийн нотариатаар баталгаажуулсан хувийг шүүхэд нотлох баримтаар хүргүүлснээр “К” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай “XII 1.1.349 Цэцэрлэгийн барилга, 50 ор /Баян-Өлгий, Цэнгэл сум/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр “Тод прогресс” ХХК-тай “Барилгын зураг төсөл зохиох ажлын гэрээ”-г тус тус байгуулсан нь тогтоогдож байна.

3.4.”К” ХХК-ийн сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртгийн дүнгийн 70 хувиас багагүй байх шаардлагыг хангаагүй гэх маргааны тухайд:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д “Сүүлийн 2 жилийн /2019, 2020 он/ борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь төсөвт өртгийн дүнгийн 70 хувиас багагүй байна.” гэж заасан байх ба энэ хэмжээ нь барилгын нийт төсөвт өртөг болох 1 500 000 000 төгрөгөөс тооцоход 1 050 000 000 төгрөг байна.

Үнэлгээний хорооноос “Сонгон шалгаруулалтад оролцсон судалгаа” нэртэй баримтаар “К” ХХК-ийн борлуулалтын дундаж хэмжээг тооцохдоо 2018, 2019, 2020 оны буюу сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээгээр 888.000.000 төгрөг гэж тооцсоныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааны явцад энэ тохиолдолд гуравдагч этгээд нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д заасан шаардлагыг хангахгүй гэж маргасан. Энэ талаар хариуцагч үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг баримтад 2018 оны борлуулалтын орлогыг оруулж буруу тооцсон байна, 2019- 2020 оны борлуулалтын дундаж орлогыг тус компанийн орлогын дэлгэрэнгүй тайланг үндэслэж тооцоход энэ нь төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх шаардлагыг хангана гэж тайлбарласан.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д зааснаар компанийн сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын  дундаж хэмжээг тодорхойлох байтал үнэлгээний хорооноос “К” ХХК-ийн борлуулалтын орлогын дундаж хэмжээг сүүлийн 3 жилээр тооцсон нь үндэслэлгүй байна.  Тус компанийн сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлангийн орлогын дэлгэрэнгүй тайлан дахь аудитлагдсан борлуулалтын орлогын дүн 2019 онд 1 210 524 900 төгрөг, 2020 онд 909 191 200 төгрөг байна. Эдгээр үнийн дүнгээр тооцоход 2 жилийн борлуулалтын  нийт  дүн 2 119 716 100 төгрөг байх ба дундаж хэмжээ нь 1 059 858 050 төгрөг байгаа нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д заасан шаардлагад нийцсэн байна.

Иймд дээрх шаардлагыг гуравдагч этгээд хангахгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан үндэслэлгүй байна.

3.5. “К” ХХК-ийн сантехник дулааны инженер А.М, цахилгааны инженер К нар нь компанийн үндсэн ажилтан биш гэх маргааны талаар:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3(в)-д “Инженер техникийн ажилтнууд 100 хувь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай тул  сүүлийн 6 сар буюу 2020 оны 12 сар 2021 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан НД-8 маягтыг ирүүлнэ. /НД-8 маягтаас тухайн байгууллагын үндсэн ажилтан мөн эсэхийг хянан үзнэ./” гэж заажээ. Сангийн сайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаартай  тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт  хөтлөх журам”-ын Хоёрын 2.26.9-д  “Үндсэн ажлаас гадуур давхар  ажил эрхэлж байгаа ажилтан/даатгуулагч/: 40 код” гэж заасан ба дээрх хугацааны “К” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-8 маягтын даатгуулагчийн төрөл гэсэн хэсэгт инженер А.Мурат, К нар нь 40 гэсэн кодоор бүртгэгдсэн байна.  “К” ХХК нь дээрх байдлаар сантехник дулааны инженер А. Мурат, цахилгааны инженер К. Нуррахмет нар нь тус компанид давхар ажил эрхэлдэг даатгуулагчийн хувиар нийгмийн даатгал төлснөөс үзэхэд А.Мурат, К нарыг компанийн үндсэн ажилтан биш гэж үзэхээр байна.

Хариуцагч үнэлгээний хорооноос гуравдагч этгээдийг дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн байх ба энэ талаар “К” ХХК нь А.М, К нарт цалинг 6 сарын туршид тогтмол төлж ирсэн байна, тендерийн баримт бичигт нийгмийн даатгалын НД-8 маягтыг шаардсан шалтгаан нь тухайн компанийн чадварыг үнэлэх, мөн шаардлагатай үед өөрийн гэсэн инженер техникийн ажилтнуудтай эсэхийг харгалзахад хамааралтай байсан.” гэж тайлбарлажээ.

“К” ХХК нь компанийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17 дугаар тушаалыг тендерийн баримт бичигтээ хавсаргасан байх ба энэ нь  тус компанийн 2021 онд хийж гүйцэтгэх барилга, угсралтын ажлыг хариуцан ажиллах  инженер техникийн ажилтнуудаар А.С, К, С.Х, А.М, Б.Н нарыг томилсон шийдвэр байна. Уг тушаалын дагуу санхтехник дулааны инженер А.Мурат, цахилгааны инженер К нар нь цэцэрлэгийн уг барилгын ажлыг гүйцэтгэхэд холбогдох инженерийн хувиар ажиллахаар байгаа ба үнэлгээний хорооноос “К” ХХК-ийг 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгэх санхтехник дулааны инженер, цахилгааны инженерийн ажилтантай гэж үзэж, гуравдагч этгээдийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.3(в)-д заасан шаардлагыг хангасан гэж дүгнэснийг шууд буруу гэж үзэхээргүй  байна.

3.6. “К” ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын тоо хэмжээ нь 10 хувиас давсан гэх маргааны тухайд:

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-д уг гэрээг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай гэж, үүнд барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь 1.БА-2.1. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, 2. БА -6.1. Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 3. БА -6.2. Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, 4. БА-6.3. Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, 5. БА-8.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил, 6. БА-3.5. Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт, 7. БА-3.4. Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт гэж тусгажээ.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 14.1-д түншлэлийг зөвшөөрөхгүй гэж заасан байх ба “К” ХХК нь “А” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулжээ.  Хэргийн нотлох баримтаас үзэхэд “К” ХХК нь БА-2.1 заалтын дагуу, туслан гүйцэтгэгч “А” ХХК нь БА-2.1, БА-2.2, БА-3.1, БА-3.3, БА-3.4, БА-3.5, БА-4.1, БА-4.3, БА-4.7, БА-5.7, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-7.1, БА-7.3, БА-7.4, БА-8.1 заалтын дагуу барилгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна. Ингэснээр “К” ХХК нь  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн 1 дэх хэсэгт   заасан БА-2.1. заалтын дагуу, харин туслан гүйцэтгэгч “Агайн” ХХК нь бусад  2-7 дахь хэсгүүдэд заасан БА-3.4, БА-3.5, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-8.1 заалтын дагуу хийгдэх барилгын ажил үйлчилгээг тус тус гүйцэтгэхээр байна.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д “тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна. Туслан гүйцэтгүүлэх ажлын талаар доорх мэдээллийг ирүүлнэ.” гэж, үүний 1-д “Туслан гүйцэтгэгчийн гүйцэтгүүлэх ажлын чиглэлээр холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг ирүүлнэ” 3-т “Гэрээнд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын талаар болон төсөвт өртгийг тодорхой тусгасан байна.” гэж тус заажээ.

Захиалагчаас “К” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний  үнэ 1 479 000 000 төгрөг байх ба энэ үнийн дүнгээс тооцоход гэрээний үнийн дүнгийн 10 хувь нь  147 000 000 төгрөг байна. Туслан гүйцэтгэгчийн гэрээний 1.1-д туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн хийх ажлын талаар  барилгын сантехник, цахилгаан, холбоо дохиолол, гадна дотор засал, гадна болон дотор цэвэр бохир усны ажил гэж тусгагдсан байх ба гэрээний 3.2-т ажлын хөлсийг 79 000 000 төгрөгөөр байхаар тохиролцжээ.

Хариуцагч талын тайлбараас үзэхэд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн 2-7 дахь хэсэгт заасан БА-3.4, БА-3.5, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-8.1 заалтын дагуу хийгдэх барилгын ажил үйлчилгээг туслан гүйцэтгэгч “А” ХХК нь 79 000 000  төгрөгийн гүйцэтгэхээр байгаа нь ТОӨЗ 6.2 (н)-д “тендерт оролцогч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байх шаардлагад нийцсэн гэж үнэлгээний хорооноос үзжээ. Хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбар, мөн тус компани нь тендерт оролцох үед зөвхөн  БА-2.1.заалтын дагуу хийгдэх барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй байгаагаас үзэхэд гуравдагч этгээд нь  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн зөвхөн 1-д заасан  БА-2.1. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д заасан  “...гүйцэтгүүлж болох хувь хэмжээ” гэдгийг “ажлын хувь хэмжээ” гэж ойлгоно гэж тодруулсан ба нэхэмжлэгчээс ажлын тодорхой хувь хэмжээг нийт төсөвт өртгөөр тооцно, туслан гүйцэтгэгчийн хийх ажлын нийт төсөвт өртөг нь 451.400 000 төгрөг байгаа нь нийт ажлын төсөвт өртгийн 30 хувьтай тэнцэнэ гэж маргасан бол,  гуравдагч этгээдээс материалын зардлыг туслан гүйцэтгэгч гаргаагүй ба гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэсний төлөө зөвхөн ажлын хөлс авах тул туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын хувь хэмжээг ажлын хөлсөөр тодорхойлно. Гэрээнд ажлын хөлсийг 79 000 000 төгрөгөөр тохирсон,  компанийн цэцэрлэгийн барилгын ажлын төсөвт нийт ажиллах хүчний зардал 343 829 429 төгрөгөөр, үүнээс манай компанийн хийж гүйцэтгэх барилга угсралтын ажлын ажиллах хүчний зардал 252 360 263 төгрөгөөр төсөвлөгдсөн, үлдсэн 91 469 166 төгрөгийн зардал нь  туслан гүйцэтгэгчийн хийх нийт ажлын хөлс юм. Иймд гэрээгээр тохирсон 79 000 000 төгрөгөөр, эсхүл барилгын ажлын төсөвт тусгагдсан 91 469 166 төгрөгийн ажиллах хүчний зардлаар тооцсон ч энэ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувьд хүрэхгүй гэж тайлбарлан маргасан.Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д “Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна.” гэж, үүний   3-т  “Гэрээнд туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлын талаар болон төсөвт өртгийг тодорхой тусгасан байна.” гэж заасан. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 30 дугаар тушаалаар батлагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийн Гурвын 3.2-т  зааснаар барилгын төсөвт өртөг гэдгийг барилгын зураг төслийн баримт бичгийг үндэслэж тооцсон, барилга барихад шаардагдах нийт мөнгөн хөрөнгийн нийлбэрийг ойлгохоор байгаа ба барилгын ажлын тодорхой хувь хэмжээг зөвхөн ажиллах хүчний зардлаар тодорхойлохгүй гэх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзлээ.

  Туслан гүйцэтгэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн 2-7 дахь хэсгүүдэд заасан  барилгын ажил, үйлчилгээний төсөвт өртгийг “К” ХХК-ийн барилгын ажлын төсвийн холбогдох хэсгээс үзэхэд  энэ 500 463 930 төгрөг байна. “К” ХХК нь нийтдээ 1 470 000 000 төгрөгийн төсөвт өртгөөр  барилгын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байх ба үүний 500 463 930 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг туслан гүйцэтгэгч компани гүйцэтгэхээр байгаа нь нийт ажлын 34 хувь байна.

Ингэснээр “К” ХХК нь барилгын ажлын 34 хувийг туслан гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэх болсноор тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 6.2 (н)-д “Тендерт оролцогчийн туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлж болох хувь хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хүртэл хувь байна.” гэж заасныг хангаагүй гэж үзэхээр байна.

 Энэ талаарх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлтэй байх боловч  нэхэмжлэгч нь дээрх байдлаар тендерийн баримт бичиг тавьсан шаардлагыг хангаагүй тохиолдолд уг үндэслэл нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж дүгнэлээ.

3.7. Дунд зэргийн  төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарах  БШУЯ/202102022 дугаартай 100 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг  БА-2.1 төрлийн тусгай зөвшөөрөлтэй “К” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шалгаруулсан нь хууль бус гэх маргааны тухайд:

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна:”, 10.1.1-д “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;”, 10.1.2-т “бага төвөгшилтэй барилга байгууламж;”, 10.1.3-т “дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж;” 10.1.4-т “өндөр төвөгшилтэй барилга байгууламж;”, 10.1.5-д “онцгой төвөгшилтэй барилга байгууламж”, 10.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадлыг энэ хуулийн 9.1-д заасан барилгын ажлын төрөлтэй уялдуулан барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ”, 18.2-т “Энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажлыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхэлнэ”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ:”, 19.1.2-т “энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага барилгын үйл ажиллагааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 33.1.15-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний  эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам батлах” гэж тус тус зохицуулсан.

Дээрх зүйл, заалтуудыг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 218 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллыг  зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”–ийн 2.1.-д “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал нь  барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх,барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах,... барилгын ажилд захиалагчийн хяналт тавих зэрэг үйл ажиллагааг  зохицуулах үндэслэл болно”, 3.3-т “Төвөгшлийн ангилалд хамааруулах барилга байгууламжийн  төрлийг энэ дүрмийн хавсралтаар тогтооно” гэж заасан.  Уг дүрмийн “Барилга байгууламжийн  төвөгшлийн ангилал тус бүрд хамаарах барилга байгууламжууд” гэсэн  хавсралтад зааснаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга нь дунд зэргийн төвөгшилтэй  барилга байгууламжид хамаарч байна.

 Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 147 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс тогтоох, тэдгээрт хяналт тавих журам”-ын 1.3-т  “ Энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан суурь нөхцөл шаардлагыг хангасан хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгоно.”, 7 дугаар зүйл 7.1-д “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эрхлэх хүсэлт гаргасан /барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх/ хуулийн этгээдэд Барилгын тухай хуулийн 10.1-д заасан ангиллын дагуу барилга байгууламжийн төвөгшлөөр, барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдэд үйлдвэрлэлийн төрлөөр, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдэд өргөх байгууламжийн төрлөөр энэ журмын 1 дүгээр хавсралтад зааснаар тогтооно.”  гэж заасан.

 Энэ журмын 1 дүгээр хавсралт болох “Хуулийн этгээдэд  тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ын “Хоёр.Барилгын байгууламжийн угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажлын хүрээнд” гэсэн хэсгийн “3. Дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил” гэсэн хэсэгт зааснаар  ажлын төрлийн хувьд БА-3.1 Цутгамал болон угсармал  төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй ...байх  шаардлага тавигддаг байна. 

Иймд дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэхэд  БА-3.1 заалтын дагуу барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.

Гэхдээ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн “ТОӨЗ 4.4 (в)-ийн 1-д  БА-2.1.Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил  гэсэн тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсан байх ба энэ төрлийн тусгай зөвшөөрөлтэй компанийн хувьд гуравдагч этгээд нь ТОӨЗ 4.4 (в)-ийн 1-д  дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болохооргүй байна.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь БА-3.1 Цутгамал болон угсармал  төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажлын тусгай зөвшөөрөлтэй байх ба үнэлгээний хорооноос нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн 1-д  заасан шаардлагыг хангасан гэж үзсэн, тендерийн баримт бичигт энэхүү барилгын угсралтын ажлыг БА-2.1.заалтын дагуу барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани гүйцэтгэх боломжтойгоор шаардлага тавьснаар уг тендерт БА-3.1-ээс гадна БА-2.1 заалтын дагуу барилгын ажил гүйцэтгэх  тусгай зөвшөөрөлтэй компаниуд оролцож өрсөлдөх боломжтой байна.

Нэхэмжлэгчийн энэхүү маргаан нь тендерийн баримт бичигтэй холбоотой байх ба тендерийн баримт бичиг бэлтгэх явцад хууль бус шаардлага тавьсан гэж үзсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар холбогдох байгууллагад тухайн  үед гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байтал энэ талаар маргаагүй байна.

Иймд үнэлгээний хорооны дүгнэлтээр БА-2.1 төрлийн тусгай зөвшөөрөлтэй “К” ХХК-ийг  тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 (в)-ийн 1-д  заасан шаардлагыг хангасан гэж үзсэн нь зөв байх тул гуравдагч этгээд нь уг шаардлагыг хангаагүй гэж үзэхгүй.

3.8  Бусад маргааны тухайд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ захиалагчийн барилгын зураг төсөл боловсруулах даалгаврын 10-т “Барилга байгууламж: тухайн байршилд хийгдсэн инженер геологийн дүгнэлтийг үндэслэнэ.” гэж заасанд “К” ХХК-аас боловсруулан ирүүлсэн техникийн тодорхойлолт нийцээгүй байна гэх үндэслэлийг тусгасан байх боловч шүүх хуралдааны явцад уг үндэслэлтэй холбоотой маргаан байхгүй гэж мэдэгдсэн тул нэхэмжлэлийн энэхүү үндэслэлд шүүхээс дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан холбогдох  шаардлагыг  дээрх байдлаар хангаагүй болох нь тогтоогдсоноор    тус компанийн тендер нь “хамгийн сайн” гэж үнэлэгдэх, улмаар сонгон шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулах эрх олгогдох боломжгүй байна. Иймээс хоёр компанийн ирүүлсэн тендерийг хянан үзээд үнэлгээний хорооноос “К” ХХК-ийн тендерийг шалгаруулсан нь мөн  хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар худалдан авах ажиллагааг  үр ашигтай буюу түргэн шуурхай, хэмнэлттэй явуулах зарчимтай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй,  ажлын гүйцэтгэгчээр гуравдагч этгээдийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, энэхүү шийдвэрүүдийг үндэслэн байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1,  27.1.3, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн тус шүүхэд гаргасан  “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1-01/1164, 1-01/1165 дугаартай мэдэгдлүүд,  тендер шалгаруулалтын БШУЯ/202102022 дугаартай, цэцэрлэгийн барилга, 100 ор /Баян-Өлгий, Өлгий сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  үнэлгээний хорооны  2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт болон зөвлөмж,  Баян-Өлгий аймгийн Засаг даргаас “К” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн БШУЯ/202102022 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй 100 ортой цэцэрлэгийн барилгын /Баян-Өлгий, Өлгий сум/ ажил гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгох, уг барилгын ажлын гүйцэтгэгчээр “Ч” ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд, барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг захиалагчид тус тус даалгах”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА