Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 00443

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “П” ХХК/РД: /-ийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: “О” ХХК/РД: /-д холбогдох,

 

24 826 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэндаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 10 сарын 25-нд нийлүүлэгч “П” ХХК, захиалагч “О” ХХК-ийн хооронд “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний дагуу нийлүүлэгчийн зүгээс гэрээгээр тохирсон хугацаандаа нийт 42 551 000/дөчин хоёр сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Хариуцагч “О” ХХК нь “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний. урьдчилгаа төлбөр болох 16 сая төгрөгийн үнэ бүхий Toyota prius30 автомашин болон 10 сая төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай компанид шилжүүлэн өгсөн ч үлдэгдэл 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин тавин нэгэн мянга/ төгрөгийг одоог хүртэл барагдуулаагүй байна.

“П” ХХК-ийн зүгээс дээрх үлдэгдэл төлбөрөө барагдуулахыг холбогдох хүмүүст нь удаа дараа мэдэгдэж, очиж уулзаж, албан бичиг явуулж байсан ч төлбөрөө барагдуулахгүй хэвээр байх тул шүүхэд хандаж дараах бетон зуурмаг нийлүүлсний үлдэгдэл төлбөр болон түүний алдангийг нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин тавин нэгэн мянга/ төгрөг,

“Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.1 дахь хэсэг, мөн гэрээний тусгай нөхцөлийн 8.1.1-т заасны дагуу гэрээний хугацаа дууссан 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 378 хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 16 551 000 төгрөгөөс 0,3 хувийн алданги тооцож 18 768 834/арван найман сая долоон зуун жаран найман мянга найман зуун гучин дөрөв/ төгрөг болсныг Монгол Улсын Иргэний Хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасанд нийцүүлэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 8 275 500/найман сая хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийн алданги, нийт 24 826 500/хорин дөрвөн сая найман зуун хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““П” ХХК нь 2018 оны 11 сарын 22-ны өдөр “О” ХХК-д холбогдуулан бетон зуурмагны үлдэгдэл үнэ 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин мянга/ төгрөг, гүйцэтгээгүй үнийн дүнийг 378 хоногт 0.3 хувиар алданги тооцож, 8 275 000/найман сая хоёр зуун далан таван мянган/ төгрөгийг “О” ХХК- аас гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь “О” ХХК-ийн захирал М.Бямбадорж нь 2018 оны 06 сарын 26-ны өдрийн №06/02 дугаар худалдах, худалдан авах гэрээ, хувь эзэмшигч Х.Төмөрбаатар нар нь 2018 оны 06 сарын 26-ны өдрийн №06/01 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулан иргэн Б.Чинбатад худалдсан ба худалдаж авахаас өмнөх үйл ажиллагаатай холбоотой хариуцлага нь худалдагч М.Бямбадоржид хамаарах тул “П” ХХК-ын нэхэмжпэлтэй иргэний хэргийн жинхэнэ хариуцагч нь биш юм.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч “О” ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг, алданги 8 275 500/найман сая хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг, нийт 24 826 500/хорин дөрвөн сая найман зуун хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “О” ХХК нь уг иргэний хэргийн жинхэнэ хариуцагч биш гэх тайлбар ирүүлсэн.

 

2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөгт 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганхөлөгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

          Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулсан болох нь “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-р нотлогдож байна.     

 

          Тус гэрээний тусгай нөхцөлийн 2-ын 2.3.1, 2.3.2, 4-т зааснаар нэхэмжлэгч нь М350 маркын бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Тус гэрээний тусгай нөхцөлийн 2-ын 2.3.1, 2.3.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл М350 маркын нийт 42 551 000/дөчин хоёр сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн болох нь Гэрээ, Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, Харилцагчийн товчоогоор нотлогдож байна.

 

Хариуцагч нь бетон зуурмагийн хөлсөд 26 000 000/хорин зургаан сая/ төгрөгийг төлсөн болох нь Гэрээ, Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, Харилцагчийн товчоогоор нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрт 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.

 

Зохигчид ажлын хөлсийг хэсэгчилж төлөхөөр харилцан тохиролцсон байх ба үлдэгдэл төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлөхөөр тохиролцсон болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид бетон зуурмагийн үлдэгдэл хөлсөд 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ, Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, Харилцагчийн товчоогоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас бетон зуурмагийн үлдэгдэл хөлсөд 16 551 000/арван зургаан сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь хувьцааг худалдан авахаас өмнөх үйл ажиллагаатай холбоотой хариуцлага хамаарахгүй гэж маргажээ.

  

          Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ... тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хувьцаа эзэмшигч ямар этгээд байхаас үл хамаарч хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 8 275 500/найман сая хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Гэрээний тусгай нөхцөлийн 8-ын 8.1.1-т төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.3/тэг аравны гурав/ хувийн алданги тооцохоор заасан болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Хариуцагч нь Гэрээний тусгай нөхцөлийн 4-ийн 4.5-д заасан 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн болох нь Гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэх, Харилцагчийн товчоогоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид 8 275 500/16551000х0.3%=49653, 49653x365=18123345, 16551000:2=8275500/ /найман сая хоёр зуун далан таван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О”-иас нийт 24 826 500/хорин дөрвөн сая найман зуун хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О”-иас нийт 24 826 500/хорин дөрвөн сая найман зуун хорин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282 083 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 282 083 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ