Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Э/РД: /-г төлөөлөн нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын нэхэмжлэлтэй,

 

Гэм хорын хохиролд 280 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Төлөөлөн нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундэлгэр, иргэдийн төлөөлөгч Ц.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Эг төлөөлөн нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Сономцэрэнгийн Э Комисст ирүүлсэн гомдолдоо: “... Миний бие Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан бөгөөд намайг Авилгатай тэмцэх газраас 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, үүнийг үидэслэн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Зам тээврийн сайдын тушаалаар албан тушаалаас халсан. Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1487 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0529 дугаар шийдвэрээр тус тус намайг ажпаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон юм. Би ажпаас халагдсанаас хойш 2017 оны 05 дугаар сарын 26- ны өдрийг хүртэл эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх 3 жилийн хугацаанд хууль бусаар шалгагдаж, улмаар Улаанбаатар хотоос гарах, гадаад оронд очиж эмчлүүлэх,мэргэжлээрээ ажиллах боломжгүй зэргээр маш ихээр хохирсон. Иймд надад учруулсан нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлыг төрөөс гаргуулахаар шүүхэд намайг төлөөлөн нэхэмжлэл гаргаж өгнө үү ...” гэжээ.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн иргэн Содномцэрэнгийн Э Хүний Эрхийн үндэсний комисст хандаж гомдол гаргасан. Тус иргэн Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад Авилгатай тэмцэх газраас үүсгэсэн эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулж шалгагдаад уг хэрэгт шалгагдаж байх явцад 2014 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн Зам тээврийн сайдын тушаалаар үүрэгт ажлаас нь халсан. 2014 оны 10 сарын 14-ны өдөр ажлаас халагдаад Төрийн албаны зөвлөл болон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад Нийслэлийн захиргааны хэргийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр энэ хүнийг ажлаас үндэслэлгүй халагдсан  болохыг тогтоосон. Энэ хугацаанд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгд холбогдуулан шалгагдаад Нийслэлийн прокурорын газрын 2017 оны  05 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолоор эрүүгийн гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон. Тийм учраас би 3 жилийн турш мөрдөн шалгагдаж, үүнээс үүдэж Улаанбаатар хотоос гарах, гадаад улсад зорчих эрхээ хязгаарлуулсны улмаас хохирсон. Иймд миний нэр төр, алдар хүнд, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол шүүхэд төлөөлж нэхэмжлэл гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг Хүний Эрхийн үндэсний комисст хандаж иргэн С.Э гаргасан. Иргэн С.Эгийн гаргасан хүсэлтийн дагуу Хүний Эрхийн үндэсний комиссын гишүүн н.Оюунчимэг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Иргэн С.Э 2014 оны 05 дугаар сарын 14-ны өдөр өөрийн хүү Э.Ганхүүг Канад улсын нисэхийн сургуульд нисгэгч мэргэжлээр суралцаж байгаа хэмээн 59.000 ам долларын тэтгэмж авсан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгагдсан. Уг эрүүгийн хэрэгт шалгагдаад 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэргийг 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үүсгэсэн. 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хуучин эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдож мөн өдрөө оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр сэжигтэн С.Эд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24.1.1, 208 дугаар 208.1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж түүнд авсан гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэн арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээр дурдсанчлан Зам тээврийн сайдын 2014 оны 10 дугаар сарын 1-ны өдрийн 233 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын албан тушаалаас гэмт хэрэгт шалгагдаж байх үед нь ажлаас халсан. Үүн дээр маргаан үүсгэж Төрийн албаны зөвлөл болон захиргааны хэргийн шүүхээс энэ хүнийг үндэслэлгүйгээр халсан байна гэж үзээд хуучин ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 32 сарын 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн бичилт хийлгэхийг зам тээврийн сайдад даалгаж шийдвэрлэсэн. Үүний дагуу 82.000.000 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх дундаж орлогыг шүүхийн шийдвэрийн дагуу авахаар байсан боловч 60.000.000 төгрөгийг нь аваад эвлэрээд захиргааны хэргийн маргаан дууссан. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсанаас үүдэж Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй 2014 оны 11 сарын 07-ны өдөр сайн дураар даатгуулах тухай гэрээ байгуулсан. Ажилгүй болсон учраас 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэл сайн дурын шимтгэлд нийтдээ 403.200 төгрөг төлсөн. 2016  оны 04 дүгээр 01-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй үргэлжилж байх хугацаанд ажилгүй болж орлогогүй болсны улмаас 2004 оны хооронд ажиллаж байсан цалингаа сонгоод өндөр настны тэтгэвэр тогтоолгосон. Мөн уг хэрэгтэй холбогдуулж 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч н.Шинэн, н.Батжаргал нартай  хууль зүйн туслалцаа үзүүлэх 18 дугаартай байгуулж өмгөөлөгчийн хөлсөд 5.000.000 төгрөгийг өөрөөсөө гаргаж төлсөн. С.Э 2011 оны 03 дугаар сард Канад улсад зүрхний титэм судас солиулах хагалгаанд орсон. Уг хагалгаа хүнд хагалгаа бөгөөд Канад улсад байнгын эмчийн хяналтад байх, насан туршдаа эм уух шаардлагатай болсон хагалгааны төрөл. Гэвч хэрэгт шалгагдаж байх үед буюу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр прокуророос авсан таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад 3 жил үргэлжлүүлж 2011 онд орсон хагалгааны дараа хяналтад байх хугацаа нь 3 жилээр тасалдсан. Өөрөөр хэлбэл 2014 оноос хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаа буюу 2017 он хүртэл гадагшаа явж чадахгүй байсан учраас эмчийн хяналтад бүрэн хамрагдаж чадаагүй. Уг хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусч эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсны дараа 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үргэлжлүүлж эмчилгээ хийлгэхээр Канад улсыг зорьж одоог хүртэл Канад улсад амьдарч байна. Гэмт хэрэгт үндэслэлгүйгээр холбогдуулан шалгагдаж ямар нэгэн эд хөрөнгө болон сэтгэл санаан, эрүүл мэнд, нэр төрийн хохирол учруулсан гэж Хүний эрхийн үндэсний комисс үзээд олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжид заасны дагуу энэ хүнд учруулсан гэм хорын хохирлыг эргэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Иргэн С.Эг 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс нийтдээ 2 жил 9 сар 10 хоног шалгаад 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 хэсэгт комиссын гишүүн аж ахуй, нэгж байгууллага, албан тушаалтан, хувь хүний эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн хуулийн зохицуулалтын дагуу Оюунчимэг гишүүн төлөөлөн нэхэмжлэл гаргаж төрөөс нийт 280.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: Хөдөлмөрийн хөлс, цалингийн хохиролд 136.517.715 төгрөг, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй байгуулсан сайн дурын гэрээний үндсэн дээр төлсөн 403.200 төгрөг, мөрдөн шалгах ажиллагаа 3 жилийн хугацаанд үргэлжилж 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн С.Э  2000-2004 оны цалингаас сонгож нийтдээ 567.789 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгосон. Хэрэв ажил үүргээ хэрэгт шалгагдахгүйгээр хэвийн гүйцэтгэж явсан бол хамгийн багадаа 985.655 төгрөгөөр тогтоогдох байсан.  Энэхүү тэтгэврийн зөрүү нь 418.166 төгрөгийн зөрүү гарч  байгааг нийтдээ дунджаар 20 жил авах боломжтой гэж тооцож нийтдээ 100.359.840 төгрөгийг нэхэмжилсэн нь ирээдүйд орж ирэх мөнгийг урьдчилан тооцоолсон үнийн дүн. Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нь утасны мөнгө гэж сар бүр 80.000 төгрөг авдаг нь нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтаас харагдана.  Хэрэгт шалгагдсан 33 сарын хугацаанд 3.640.000 төгрөгийг авах байсан. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нь хоолны мөнгө гэж сард 99.000 төгрөг авдаг бөгөөд хэрэгт шалгагдсан 33 сард үржүүлэхэд 3.267.000 төгрөг болно. Удаан жил ажилласан нэмэгдлийг цалингийн 25 хувиар тооцож авдаг бөгөөд сард 411.125 төгрөг болох бөгөөд хэрэгт шалгагдсан 33 сарын хугацаанд үржүүлэхэд 13.567.125 төгрөг болно. Мөн үр дүнгийн шагнал гэж сар бүр 30 хувь авдаг бөгөөд үүнийгээ хэрэгт шалгагдсан 33 сард үржүүлэхэд 16.280.550 төгрөг гээд энэ төлбөрүүд бол цалингийн хохиролд учирсан мөнгө гэж үзэж байна. Эд хөрөнгийн хохиролд учирсан 5.000.000 төгрөг гэдэг нь өмгөөлөгчдийн цалин хөлсөд өгсөн төлбөр. Хэрэв ямар нэгэн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаагүй байсан бол 5.000.000 төгрөгийн хохирол учрахгүй байсан. Сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийн хохиролд нийт 138.482.285 төгрөг нэхэмжилсэн. Комиссын зүгээс сэтгэл санаа, нэр хүнд, эрүүл мэндэд учирсан хохирлыг аргачлалаар тооцох боломжгүй учраас өөрсдийнх нь гаргаж өгсөн үнийн дүнгээр нэхэмжилж байна.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт Комиссын гишүүн аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжпэл гаргах, шүүх хуралдаанд хуулиар тогтоосон журмын дагуу биечлэн болон төлөөлөгчөө оролцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу иргэн С.Энх- Амгаланг төлөөлөн төрөөс бүгд 280 000 000 төгрөг/хоёр зуун наян сая/ төгрөгийн хохирлыг гаргуулж, түүнд олгуулахаар нэхэмжпэл гаргаж байна.Үүнд:

1. Хөдөлмөр, цалингийн хохиролд 136 517 715 төгрөг

- Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 0124496 дугаар бүхий Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар cap хүртэл сайн дурын нийгмийн даатгалд 403 200 төгрөг.

- Мөрдөн шалгах ажиллагаа 3 жил үргэлжилсэн бөгөөд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, орлогогүйгээс 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2000-2004 оны хооронд цалингаа сонгон сарын 567 489 төгрөгөөр тэтгэвэр тогтоолгосон. Хэрэв ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаад тэтгэвэр тогтоолгосон бол хамгийн багадаа сард 985 655 төгрөгөөр тогтоох байсан байна. Энэхүү тэтгэврийг дунджаар 20 жил авах боломжтой. Үүнээс үзэхэд тэтгэврийн зөрүү нь сард 418 166 төгрөг байна. 418 166 төгрөг 12 сар, 20 жил, Нийт 100 359 840 төгрөг.

- Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нь утасны мөнгө гэж сард төгрөг авч байсан. 80 000х33 сар нийт 2 640 000 төгрөг

- Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нь хоолны мөнгө гэж сард төгрөг авч байсан. 99 000х33сар нийт 3 267 000 төгрөг

- С.Э нь удаан жил ажилласны нэмэгдэл 25 хувиар тооцож авдаг байсан нь 1 сард 411 125 төгрөг болж байна. 411 125х33 cap нийт 13 567 125 төгрөг.

- Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга нь үр дүнгийн шагнал гэж cap бүр 30 хувийн нэмэгдэл авдаг байна. Энэхүү нэмэгдэл нь сард 493 350 төгрөг болж байна. 493 350х33 сар нийт 16 280 550 төгрөг.

2. Сэтгэл санаа, нэр хүнд, эрүүл мэндийн хохиролд 138 482 285 төгрөг

- С.Э нь 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэл нийт 2 жил 9 cap хилс хэрэгт сэжигтнээр шалгагдсан.

- 2011 оны 03 сард Канад улсад зүрхний титэм судас солих хагалгаа хийлгэсэн бөгөөд уг хагалгаа нь хүнд хагалгаа тул Канад улсад эмчийн хяналтад байнга байх болсон байна. Гэвч хэрэг шалгагдаж байх үед гадагш явж болохгүй тухай баталгаа авахаар таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол гарсан учир эмчийн хяналтад орж чадаагүйн улмаас эрүүл мэндийн байдал нь муудсан байна. Түүнийг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар Телевиз болон сайтуудаар мэдээлэл гарч байснаас үүдэн түүний нэр хүндэд хохирол учирч сэтгэл санаагаар унасан байна.

3. Эд хөрөнгийн хохиролд 5 000 000 төгрөг

- С.Э нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхад түүний өмгөөлөгчөөр Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмөөлөгч Л.Шинэн, В.Батжаргал нар эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан ба өмгөөллийн хөлсөнд нийт 5 сая төгрөг төлсөн байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Захиргааны хэргийн шүүхээс ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоосон. 82 000 000 төгрөгийн нөхөн төлбөр олгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Манай улс 1968 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс болсноос хойш өнөөдрийг хүртэл хүний эрхтэй холбоотой 50 гаруй конвенцид нэгдэн орсон байдаг. Тухайн улсын иргэн хэн байхаас үл хамааран төрийн байгууллын болон бусдын буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хүрээнд нэхэмжлэл гаргаж байгаа. Өөр бусад зүйлүүдийг сүүлийн тайлбартаа нэмж тайлбарлая гэв.

Нэхэмжлэл дотор дурдагдсан хохирлын мөнгөний тухай. Нэр хүндэд учирсан хохиролд 55 392 914 төгрөгийг, сэтгэл санаа 55 392 914 төгрөгийг, эрүүл мэндэд учирсан хохиролд 27 696 457 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Оюундэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийн төлөөлөн гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргах нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нь “эрүүгийн 2014260003779 дугаартай хэрэгт щалгагдсан С.Эг төлөөлөн төрөөс 280 000 000 төгрөгийн хохирлыг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгийн төлөөлөн гаргасан нэхэмжлэл болон хэргийн материалд авагдсан баримтуудтай танилцахад “Иргэний нисэхийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга С.Э нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа ашиглаж, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өөрийн хүү Э.Ганхүүг Канад улсын Калгари хотын Нисэхийн сургуульд нисгэгч мэргэжлээр суралцаж, байгаа хэмээн нэг удаагийн тэтгэмж буюу 59 000 ам долларын тэтгэмж хүссэн өргөдөл гаргаж 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ИНЕГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэн, хурлын тэмдэглэлд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулан улмаар ИНЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/286 тоот “Сургалтын зардалд дэмжлэг үзүүлэх тухай” тушаалаар 59 000 ам доллар олгох шийдвэр гаргуулан 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 53100 ам долларыг Канад улсын Рояал банкны 1137033 тоот дансанд шилжүүлж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 08 дугаар сарын 16-ны эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр тооцон шалгажээ.

С.Эг сэжиглэн шалгаж, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 55 дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад С.Э нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа ашиглаж 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ИНЕГ-ын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэн, хурлын тэмдэглэлд өөрөө гарын үсэг зурж, баталгаажуулан улмаар 59 000 ам.доллар олгох шийдвэр гаргуулан, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 53 100 ам.долларыг Канад улсын Рояал банкны 1137033 тоот дансанд шилжүүлсэн зэрэг байдлуудаас үзэхэд түүнийг сэжигтнээр тооцон шалгах хангалттай үндэслэл тогтоогдсон, мөрдөгч хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу шалгасан байгаа тул прокурор мөрдөгч нарыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн иргэн С.Э нь Хүний эрхийн комисст гаргасан бичигтээ “Шүүхэд төлөөлж нэхэмжпэл гаргаж өгнө үү гэж бичснээс үзэхэд шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, 280 000 000 төгрөгийн хохирлын задалж тайлбарлаагүй байна.

Шүүх энэ нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулйин 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэсэн байдаг. Тэгэхдээ сэтгэл санаанд учирсан эдийн бус хохирлын талаар Ирэний хуульд тусгаагүй байдаг. Иймд сэтгэл санааны хохирлыг шүүхээс нэхэмжлэх боломжгүй юм. Ингээд нийт гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Эг төлөөлөн нэхэмжлэгч Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс төрөөс хөдөлмөр, цалингийн хохиролд 136 517 715/нэг зуун гучин зургаан сая таван зуун арван долоон мянга долоон зуун арван тав/ төгрөгийг, сэтгэл санаа, нэр хүнд, эрүүл мэндийн хохиролд 138 482 285/нэг зуун гучин найман сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг, эд хөрөнгийн хохиролд 5 000 000/таван сая/ төгрөгийг, гэм хорын хохиролд бүгд 280 000 000/хоёр зуун наян сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Төрийг төлөөлж Сүхбаатар дүүргийн прокурорын газар нь сэжигтнээр тооцон шалгах хангалттай үндэслэл тогтоогдсон, мөрдөгч хуулиар тогтоосон үндэслэл журмын дагуу шалгасан байгаа тул прокурор, мөрдөгч нарыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэх тайлбар гаргасан.

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Иргэний Нисэхийн Ерөнхий Газрын тэргүүн дэд дарга С.Э нь бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2014260003779 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн/2002 оны/ тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон болох нь 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сэжигтнээр тооцох тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

С.Эд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр оршин сууж байгаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах талсан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

С.Эд холбогдуулан эрүүгийн 2014260003779 дугаар хэрэг үүсгэж, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулсан боловч С.Э нь гэм буруутай болох нь нотлогдоогүй байх тул Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн 2014260003779 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 55 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан ... этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.” гэж заасан.

 

С.Эд холбогдуулан 2014260003779 дугаар эрүүгийн хэрэг үүсгэж, хуульд заасан ажиллагаа явуулсан боловч С.Э нь гэм буруутай болох нь нотлогдоогүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар уг ажиллагаатай холбогдон үүссэн үр дагаварыг төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын ... эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн/2017 он/ 45.1 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсын иргэн ... ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх ... эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах ... сэргээлгэх эрхтэй.”, 45.2 дугаар зүйлийн 1-т “Дараахь ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас ... учирсан хохирлыг ... төр хариуцан арилгана:”, 1.2-т “таслан сэргийлэх арга хэмжээ авсан;” гэж заасан.

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн байцаалтын явцад буюу 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.Эд талсан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн/2017 он/ 45.1, 45.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар С.Эд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх тул нэхэмжлэгч нь эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 11-р сараас 2016 оны 03-р cap хүртэл сайн дурын нийгмийн даатгалд төлсөн 403 200/дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

С.Эг 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0529 дугаар шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

Ажил олгогч нь С.Эг ажлаас үндэслэлгүй халсны улмаас нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан эрхээ эдлэх боломжгүй болсон байх ба сайн дурын нийгмийн даатгалд 403 200/дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 0124496 дугаар Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчид 403 200/дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор ... зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид “Тусгай сан” гэх/ гэнэ.”, 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:”, 6.3.1-т “Засгийн газрын нөөц сан;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.1.2, 6.3.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчид учирсан хохиролд 403 200/дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь тэтгэврийн зөрүүд нийт 100 359 840/нэг зуун сая гурван зуун таван есөн мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх тул тэтгэврийн зөрүүд нийт 100 359 840/нэг зуун сая гурван зуун таван есөн мянга найман зуун дөч/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь цалин хөлсөд нийт 35 754 675/2640000+3267000+13567125+16280550=35754675/ /гучин таван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 0529 дугаар шийдвэрийн хуулбараар нотлогдож байх тул учирсан хохиролд 35 754 675/гучин таван сая долоон зуун тавин дөрвөн мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь нэр хүндэд учирсан гэм хорд 55 392 914/тавин таван сая гурван зуун ерэн хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг, сэтгэл санаад учирсан гэм хорд 55 392 914/тавин таван сая гурван зуун ерэн хоёр мянга есөн зуун арван дөрөв/ төгрөгийг, эрүүл мэндэд учирсан гэм хорд 27 696 457/хорин долоон сая зургаан зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун тавин долоо/ төгрөгийг, бүгд 138 482 285/нэг зуун гучин найман сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар С.Эд бүгд 138 482 285/нэг зуун гучин найман сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй байх тул бүгд 138 482 285/нэг зуун гучин найман сая дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун наян тав/ төгрөгийг олгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хохиролд буюу өмгөөллийн хөлсөд 5 000 000/таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь эрүүгийн 2014260003779 дугаар хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан хөлсөд 5 000 000/таван сая/ төгрөгийг төлсөн болох нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 18 дугаар “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ий болон 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19 дугаар “Нэмэлт гэрээ”-ий хуулбар, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 32 тасалбарын болон 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн № 42 дугаар тасалбарын хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Сэжигтнээр тооцох тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.1.2, 6.3.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчид учирсан хохиролд 5 000 000/таван сая/ төгрөгийг олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад заасныг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын тусгай сангаас бүгд 5 403 200/403200+5000000=5403200/ /таван сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, үлдсэн 274 596 800/280000000-5403200=274596800/ /хоёр зуун далан дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад заасныг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын тусгай сангаас бүгд 5 403 200/таван сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, үлдсэн 274 596 800/хоёр зуун далан дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтад заасныг баримтлан Монгол Улсын Засгийн Газрын тусгай сангаас бүгд 5 403 200/таван сая дөрвөн зуун гурван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож, үлдсэн 274 596 800/хоёр зуун далан дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.11-т зааснаар нэхэмжлэгч С.Эгийн төлөөлөн нэхэмжлэгч Хүний Эрхийн Үндэсний Комиссын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ

 

 

            ШҮҮГЧ                                 О.ОДГЭРЭЛ

 

 

                 ШҮҮГЧ                                 Д.УРАНЧИМЭГ