Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/899

 

 

 

 

 

 

 

    2022           12           01                                     2022/ШЦТ/899

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Б нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас овогт Мандахын Адилбишид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205025682203 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав, нягтлан мэргэжилтэй, love бааранд зохион байгуулагч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт******* дүүрэг******* хороо******* дүгээр гудамж******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт Мандахын Адилбиш. /РД:ПЮ89021821/

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрт хохирогч*******ийн эзэмшлийн I Phone X загварын гар утсыг өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Эд зүйлд хийсэн “... Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг CU 54 салбар дэлгүүрийн ажилтан*******ээс гар утас авсан гэх эмэгтэй авсан гэх гар утсаа цүнхэндээ хийж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 4-9 дэх тал/

 

Хохирогч*******ийн “... Би 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн өглөө Модны хоёрт байрлах CU дэлгүүрт орж өглөөний цай авчхаад гарахдаа кассны хажууд өөрийн гар утсаа орхиод гарсан байсан.

Тэгээд би өөрийн ажлын байран дээр очоод машинаас буухдаа өөрийн гар утсаа тухайн дэлгүүрт мартаж явснаа мэдсэн. Тэгээд буцаад нөгөө дэлгүүрийн утсыг олоод асуусан чинь тийм утас одоогоор байхгүй байна гэсэн. Тэгээд замдаа салбарын дугаар руу ярихад нөгөө кассчин охин би таны гар утсыг өөр хүнд өгөөд явуулсан байна гэж надад хэлсэн.

Би тухайн дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд 2 эмэгтэй аваад гарч байгаа бичлэг байсан. Мөн тухайн хоёр эмэгтэй Хас банкны картаар гүйлгээ хийсэн байсан. Тэгээд би цагдаад хандсан.

... Миний гар утас I phone X загварын гар утас байсан. Би гар утсаа 2019 онд шинээр нь 1,400,000 төгрөгөөр авч байсан. Одоо би гар утсаа 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-18 дахь тал/

 

Гэрч “... тухайн дэлгүүрийн ажилтан бид хоёр дээр ирээд та утсаа үлдээсэн байна гэж хэлсэн. Тэгсэн манай найз нөгөө гар утсыг авч үзээд энэ миний гар утас биш байна, за удахгүй эзэн нь ороод ирэх байлгүй дээ гээд хажуудаа тавиад тухайн дэлгүүрт 20 орчим минут болоод тэндээс гарсан. Тэндээс гараад Адилбишийн машин дээр очоод машин дотор нь унтаж байгаад 11 цагийн үед би гэр рүүгээ харьсан.

... Би тухайн гар утас ямар загварын гар утас байсныг хүртэл мэдээгүй мөн хараагүй ээ. Адилбиш авч явсныг дараа нь цагдаа асуухад мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28-29 дэх тал/

 

Гэрч “... Тэгээд Адилбиш эгч надаас нөгөө зээлсэн мөнгөө өгөхгүй удаад байхаар нь ширээн дээр нь байсан I phone X загварын гар утсыг надад өгөх мөнгөнийхөө оронд өгчих гэхэд Адилбиш эгч зөвшөөрөөд надад тухайн гар утсыг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дахь тал/

 

Кости эстимэйт ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний “I phone X /256gb хуучин/ гар утсыг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн” тайлан. /хэргийн 43-45 дахь/

 

*******ийн яллагдагчаар өгсөн “... худалдагч охин эгчээ таны гар утас гээд бамбарууштай гэртэй, I Phone X загварын гар утас надад өгчихсөн. Энэ миний утас биш байсан боловч би тэр худалдагчид миний гар утас биш гэж хэлээгүй.

Өөртөө байлгаад байсан. Хэрвээ утас дуугарч хүн залгах юмуу эзэн нь хайж орж ирвэл өгөх гэж байсан. Гэтэл хүн залгаагүй, асууж орж ирээгүй болохоор дэлгүүрээс аваад гарчихсан. Ингээд утсыг аваад гэртээ харьж амарсан. Огт хүн залгахгүй байсан. Орой нь ажил дээрээ гар утсыг авч ирсэн. Бас хүн залгаагүй. Энэ утас над дээр 10-14 хоног байсан. Эхэндээ цэнэгтэй байж байгаад сүүлдээ цэнэггүй болсон.

... Мэндбаяр энэ гар утсыг та хэрэглэхгүй бол надад өгчих гэхээр нь түүнд өгсөн. Мэндбаяр гар утсыг зарж мөнгийг хэрэглэсэн байсан. Би Мэндбаяраас 130,000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөндөө Мэндбаярт гар утсыг өгсөн. Одоо энэ асуудлаас үүдэн би хохирогчийн гар утасны хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74-76 дахь/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *******ийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байхдаа*******ийн эзэмшлийн тус дэлгүүрт үлдээсэн I Phone X загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

         

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч*******т 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь I Phone X загварын гар утсыг үнэлсэн Кости эстимэйт ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хэргийн 43-45 дахь/ тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч*******ийн “... миний бие өөрийн мартаж гарсан гар утасны хохирлыг бүрэн барагдуулж авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хэргийн 79 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсанхохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт Мандахын Адилбишийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ