| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2022/0754/Э/220/2022/1018 |
| Дугаар | 2022/ШЦТ/820 |
| Огноо | 2022-11-04 |
| Зүйл хэсэг | 16.3.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/820
2022 11 04 2022/ШЦТ/820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,
Улсын яллагч Ж.Энхжаргал /Тээвэр/,
Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /ҮД:2149/
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ... овогт ***ийн ***д холбогдох эрүүгийн 2203004720426 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 1 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод оршин суух хаягтай, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, одоо ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
*** овогт ***ийн *** /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч *** нь “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор иргэн ***тай “тантай хамт Эрдэнэтийн вагонд сууна, манай аав, ээж Эрдэнэтэд байдаг” гэж ярьж хамт байж байгаад “утсаар чинь яриад өгье, дэлгүүр яваад ус аваад ирье” гэж хэлж гар утсыг нь залилан авсан,
Ингэж явахдаа өөрийн төрсөн охин 2 нас 8 сартай *** овогтой *** /***/-ийг Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор хаясан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор иргэн ***тай “тантай хамт Эрдэнэтийн вагонд сууна, манай аав, ээж Эрдэнэтэд байдаг” гэж ярьж хамт байж байгаад “утсаар чинь яриад өгье, дэлгүүр яваад ус аваад ирье” гэж хэлж гар утсыг нь залилан авсан,
Ингэж явахдаа өөрийн төрсөн охин 2 нас 8 сартай *** овогтой *** /***/-ийг Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор хаясан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй…” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ***ын хохирогчоор өгсөн “... Намайг Вокзалын урд сандал дээр хэвтэж байхад хажууд ирээд надтай юм ярьж, надаас салахгүй, тантай хамт Эрдэнэтийн вагонд сууна, манай аав, ээж Эрдэнэтэд байдаг гээд яриа өдөөд яваад байсан. Бид 3 алхаж яваад 17 цагийн үед Вокзалын зүүн талын хашаанд орж модны сүүдэрт сууж байхад надаас “..утсаар чинь яриад өгье” гээд миний гар утсыг авч, хүн рүү залгаж байгаад буцааж өгөхгүй “... дэлгүүр яваад ус аваад ирье...” гэж хүүхдээ надад үлдээгээд эргэж ирээгүй. Миний гар утас олдсон болохоор одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн “... Манай байгууллагад 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 108 утсанд “хүүхдээ орхиод явчихлаа” гэсэн дуудлага ирж, хүүхдийг Төв хүүхэд хамгаалах газраас ирж аван 3 хоногийн дараа Н.***ийн гэрийн харьяаллын дагуу манайд шилжүүлэн өгсөн. Одоо *** дүүргийн түр хамгаалах байранд байгаа. Хүүхдийн хамаарал бүхий хүнд хүүхэд авах талаар бичсэн хүсэлт, авах хүний амьдралын бололцоог үнэлсний үндсэн дээр хүүхдийн хүлээлгэн өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “... Хамт яваа хүнээ охин, ач охин хоёртойгоо явж байна. Орой Эрдэнэт явна гэж ярьсан. Охин миний утастай явж байгаа, залгаад өгөөч гэхэд холбогдох боломжгүй байсан. Тэгээд охин шилрээд явчихлаа, хүүхдийг нь аваад явахаас гээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ***ийн гэрчээр өгсөн “... Манай нөхөр над руу залгаад “Нэг хүүхэн ахаа гар утсаа өгөөч, би утсаар чинь яриад дэлгүүр ороод ус аваад ирье, та хүүхдийг харж байгаарай” гэж хэлээд ирэхгүй, миний утас холбогдох боломжгүй болсон байна” гэсэн. Тэгээд 2-3 цагийн турш хүүхдийг харан уг эмэгтэйг хүлээгээд, цагдаад хүүхдийг хүлээлгэн өгөөд, одоо вагондоо суугаад явж байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ***ын гэрчээр өгсөн “... *** нь удаа дараа гэрээсээ хэд хоногоор алга болоод ирдэггүй, найз нараа дагуулан ирж архидан согтуурдаг. Жирэмсэн хэрнээ том хүүхдээ хаяхад архидан согтуурдаг. Мөн 2 хүүхдээ зоддог. Би 2 хүүхдээ 108-д байгааг мэдсэн. Охиныгоо бодож ***тэй буцаж амьдарсан. Урьд өмнө 1-р хороололд амьдарч байх үедээ хүүгээ 5 настай байхад 3 удаа нийтийн байранд үл таних айлд орхиод өөрөө архидаад явсан. Би өөр хүмүүсээс хүүхдээ хаана байгааг мэдэж, очиж авдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “... 2 жил орчмын өмнөөс архи ууж, ааш зан нь эвдэрч, уур уцаартай, хүний үг хүлээж авахгүй, биднийг байнга загнаж байдаг болсон. Согтсон үедээ орилж уйлах гэх мэт зан ааш гаргадаг. *** нь 3 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдээ асарч халамжлах тал дээр муу харагддаг, хүүхдүүдээ их ширүүн загнадаг, зодож байхыг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “... *** нь ааш зан муутай, би харьцдаггүй, тусдаа амьдардаг болохоор хэлж мэдэхгүй байна. Эгч маань гэр бүлийнхэнтэйгээ холбогддоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ***ы гэрчээр өгсөн “... 2010 онд ***тэй танилцж, охин *** төрсөн. Хаана юу хийж явдгаа надад хэлдэггүй. Ер нь охиноо дахиж өгч явуулахгүй гэж шийдсэн. Одоо хааяа нэгж ирж уулдзаг, утсаар ярьдаг. Хүүхдээ ой хүрээгүй байхад нь 2 удаа энд тэндхийн дэлгүүр, ТҮЦ-нд орхиод явчихсан байсан. Миний санаж байгаагаар охиноо 4, 5 удаа хаяж явж байсан. ***ыг *** дүүргийн хүүхэд хамгаалах байранд байгааг надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ***ын гэрчээр өгсөн “... Миний бие тухайн хүний биеийн байцаалтыг шалгаж, тэмдэглэн авч, галт тэргэнд үүрэг гүйцэтгэх цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн. Мөн шуурхай удирдлагын жижүүрт мэдэгдэж, үүрэг чиглэл өгч 103 дуудсан. Мөн 108-д залгаж Хүүхэд хамгаалах төвийн ажилтныг дуудаж, тус төвийн ажилтан Солонго гэх хүн хүүхдийг авч явсан. Тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүн тэр эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55 тал/,
2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 96-97 тал/
2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн хүлээлгэн өгсөн талаарх баримт /хх-ийн 100-105 тал/
2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 101-104 тал/
2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 108-114, 116-121 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ***гийн сэжигтнээр өгсөн “... охин Б.***ийг дагуулан 11 цагийн үед үалт тэрэгний вокзал дээр очсон. Нэг настай хүнтэй танилцаад 3-4 цаг хамт байсан. Энэ хооронд тэр ахын гар утсыг гуйж аваад хүнтэй ярьсан. Орой 17 цагийн орчим тэр ахын гар утсыг аваад ундаа аваад ирье гэж хэлээд охиноо үлдээгээд явсан. Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд ломбарданд гар утсыг 150.000 төгрөгөөр тавьсан. Драгон орж хэд хоног архи уусан. 17-ийн хүүхдийн байцаагч над руу залгаад очих үед төмөр замын цагдаа нар тэнд байсан. Би ямар нэгэн зорилгогүй вокзал дээр очсон. Архи авч уух гэсэн мөнгө байхгүй болохоор гар утсыг нь авч явсан. Тэр өдөр охиноо үлдээе гэж бодоогүй, архи уусандаа болоод үлдээсэн байх. Охиноо хаяж байгаагүй, ах нь 108-д байгаа. 2022 оны 7 дугаар сард би гадуур архи уугаад гэртээ ирэхгүй хойгуур хүү 108-д очсон байсан. Хорооны хүнтэй хамт очиж хүүхдээ авдаг гэсэн учир араас нь яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ***гийн яллагдагчаар өгсөн “... Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-143 тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ***ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... *** ломбарданд сууж байхад орой 17 цаг 30 минутын орчим нэг эмэгтэй Самсунг маркийн гар утсыг 160.000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаараа тавьсан. Иймд утасны мөнгө 160.000 төгрөг, хүү 15.000 төгрөг, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцож нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ***ын иргэний нэхэмжлэгчээр дахин өгсөн “... Би өмнө нь гаргасан иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 154 тал/
*** дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын маягтаар хүүхэд хүлээн авахтай холбогдох материал /хх-ийн 158-174 тал/
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 94 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор иргэн ***тай “тантай хамт Эрдэнэтийн вагонд сууна, манай аав, ээж Эрдэнэтэд байдаг” гэж ярьж хамт байж байгаад “утсаар чинь яриад өгье, дэлгүүр яваад ус аваад ирье” гэж хэлж гар утсыг нь залилан авсан үйл баримт болсон болох нь ***ын хохирогчоор өгсөн “...надаас “..утсаар чинь яриад өгье” гээд миний гар утсыг авч, хүн рүү залгаж байгаад буцааж өгөхгүй “... дэлгүүр яваад ус аваад ирье...” гэж хүүхдээ надад үлдээгээд эргэж ирээгүй. Миний гар утас олдсон болохоор одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/, Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 54-55 тал/, Эд зүйл хураан авсан, үзлэг хийсэн хүлээлгэн өгсөн талаарх баримт /хх-ийн 100-105 тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 101-104 тал/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 116-121 тал/, ***гийн сэжигтнээр өгсөн “...тэр ахын гар утсыг гуйж аваад хүнтэй ярьсан. Орой 17 цагийн орчим тэр ахын гар утсыг аваад ундаа аваад ирье гэж хэлээд охиноо үлдээгээд явсан. Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд ломбарданд гар утсыг 150.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-128 тал/, ***ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн “... *** ломбарданд сууж байхад орой 17 цаг 30 минутын орчим нэг эмэгтэй Самсунг маркийн гар утсыг 160.000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаараа тавьсан. Иймд утасны мөнгө 160.000 төгрөг, хүү 15.000 төгрөг, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцож нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 тал/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ***гийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор иргэн ***тай “тантай хамт Эрдэнэтийн вагонд сууна, манай аав, ээж Эрдэнэтэд байдаг” гэж ярьж хамт байж байгаад “утсаар чинь яриад өгье, дэлгүүр яваад ус аваад ирье” гэж хэлж гар утсыг нь залилан авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Түүнчлэн шүүх хуралдаанаар шүүгдэгч *** нь 2 нас 8 сартай төрсөн охин Н.***ийг Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор орхин хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч ***ын мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч Д.***ын мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/, гэрч ***ы мэдүүлэг /хх-ийн 42-44 тал/, гэрч ***ын мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/, Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 96-97 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 108-114 тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *** гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***гийн “...өөрийн төрсөн охин 2 нас 8 сартай *** овогтой *** /УЭ19310724/-ийг Улаанбаатар-Төмөр замын Зорчигч тээврийн төв буудлын хашаан дотор хаясан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.***ийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Н.*** нь *** дүүргийн түр хамгаалах байрнаас гарч өөрийн аав Д.***ын асран хамгаалалтад асран хамгаалалтад очсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдсон болохыг тэмдэглэж байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч *** нь хохирогч ***т 291.200 төгрөгийн хохирол учруулсан байх ба гар утсыг биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосон,
мөн иргэний нэхэмжлэгч *** нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ***г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *** нь хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх,
залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үр хүүхдүүдээ асран хамгаалж буй байдал, насанд хүрээгүй хохирогчид учруулж буй сөрөг үр дагавар зэрэгт дүгнэлт хийв.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Иймээс, шүүх шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүүхдийг хаях” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жил 6 /зургаа /сарын хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх өр төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол хүчин төгөлдөр болтол ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ