Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 60

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00060

Ховд аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 01-11 тоотод оршин суух, …. дугаарын регистртэй, Б овогт Цын Угийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х аймгийн Ж сумын .. дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох, “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Ц.У, хариуцагчийн төлөөлөгч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт 2014 оны 09 дүгээр сард түр орон тоон дээр ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 25-нд коридорын үйлчлэгчээр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулж ажилд орсон. 2018 оны 09 дүгээр сарын 03-нд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, ажилгүй болсон тул ямар шалтгаанаар ажлаас халсан шалтгаанаа надад хэлээгүй. Би 2017 оны 9 дүгээр сарын 15-наас 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай байсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас халсан. Ажиллаж байх хугацаанд би жинхлэгдсэн байсан. Би ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Манайх ам бүл 4 бөгөөд 2 хүүхэдтэй, нөхөр ажилгүй, би цалингийн зээлтэй амьдрал хүнд байна. Иймд намайг Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү”  гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчийн 2018 он 09 сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар 2018 оны 09 сарын 03- ны өдрөөс 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгох, 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч Ц.Уг Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, нэхэмжлэгч Ц.У нь 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байх ба энэ хугацаанд ажил олгогчоос ажилд орохыг шаардахгүй гэсэн нөхцлөөр харилцан тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчид холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэрэгт тохиролцсон тул бидний эвлэрлийг баталж өгнө үү. Цаашид ямар нэгэн маргаан байхгүй” гэж эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйл, 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Угийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгчийн эрхлэгчид холбогдох Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 он 09 сарын 03-ны өдрийн Б/06 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Уд 2018 оны 09 сарын 03-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус зааснаар 2018 оны 09 сарын 03- ны өдрөөс 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөө олгох, хариуцагчийн төлөөлөгч нь 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч Ц.Уг Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, нэхэмжлэгч Ц.У нь 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байх ба энэ хугацаанд ажил олгогчоос ажилд орохыг шаардахгүй дээрх нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.У улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ