Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 61

 

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00061

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух, .. дугаарын регистртэй, Ж овогт Аын Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Цагаан эрэг багт оршин суух,дугаарын регистртэй, Найман овогт А Ат холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 153/2018/00785/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Айнагүль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь А.Атэй 2008 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2009 оны 03 дугаар сарын 04-нд охин А.Аясулу, 2010 оны 05 дугаар сарын 07-нд хүү А.Нурбек, 2011 оны 10 дугаар сарын 23-нд охин А.Аружин, 2013 оны 06 дугаар сарын 30-нд хүү А.Алтанбек нар төрсөн. Гэр бүл болсон эхний жилүүдэд эвтэй найртай сайхан амьдарч байсан. 2013 оны намар А.А нь Улаанбаатар хотод ажил хийж, мөнгө олно гээд явсан. Тэр цагаас хойш холбоо барихгүй, Улаанбаатар хотод өөр эмэгтэйтэй амьдарч байгаа сураг гарсан. 2015 оны сүүлээр шүүхэд хандсан боловч А.Аийг эрэн сурвалжилсны дараа шүүхэд ханд гээд миний материалыг буцаасан. Ингээд шүүхэд хүсэлт гаргаад эрэн сурвалжлуулж Улаанбаатар хотод амьдарч байгаа хаягийг нь тодруулсан. Мөн төрөөс олгодог 4 хүүхдийн мөнгийг банкинд хадгална гээд өөрийнхөө нэрээр авдаг байсан бөгөөд банкинд хадгаламжид хийлгүй өөрөө авч хэрэглэдэг байсныг сүүлд мэдсэн. 2013 оны 11 дүгээр сараас хойшхи мөнгийг бид авч байгаа. Тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 153/Ш32016/02061 дугаар шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлах ажиллагаа хийж албадан ирүүлж шүүх хуралдааныг хийсэн. Шүүх хуралдаанд А.А нь одоо гэр бүлээ орхиж явахгүй, эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна, гэр бүлээсээ салахгүй, эвлэрэх хугацаа өгнө үү гэсэн хүсэлт гаргаснаар шүүхээс 3 сарын эвлэрэх хугацаа өгсөн боловч тэр хугацаанд дахин алга болсон. Дахин эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу одоо Ховд аймагт авчирсан байна. Иймд А.А, А.Айнагүль бидний гэрлэлтийг яаралтай цуцалж, охин А.Аясулу, хүү А.Нурбек, охин А.Аружин, хүү А.Алтанбек нарыг миний асрамжид үлдээж, 4 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч А.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.А нь А.Айнагүлтэй 2008 онд гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш 2009 оны 3 дугаар сарын 04-нд охин А.Аясулу, 2010 оны 5 дугаар сарын 07-нд хүү А.Нурбек, 2011 оны 10 дугаар сарын 23-нд охин А.Аружин, 2013 оны 6 дугаар сарын 30-нд хүү А.Алтанбек нар төрсөн миний хүүхдүүд юм.

Би нэхэмжлэгч А.Айнагүлтэй 2013 оноос хойш тусдаа амьдарч байна. Улаанбаатар хотод очиж амьдаръя гэхэд аав ээж нь хүлээн зөвшөөрдөггүй учраас аав ээжийнхээ хажууд байхын тулд надтай хамт явдаггүй. Би 2013 оноос хойш ямар нэгэн хүнтэй хамт амьдраагүй амьдралын эрхээр ажил хийх гэж Улаанбаатар хот явсан. Яагаад гэвэл Ховд аймагт надад ажил олддоггүй учраас би хот явсан юм. Нэхэмжлэгч А.Айнагүлийн нэхэмжпэлийн шаардлагы зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна.

А.А миний бие А.Айнагүлээс гэрлэлтээ цуцлуулна, 2011 оны 10 сарын 23-нд төрсөн охин А.Аружин, 2013 оны 06 сарын 30-нд төрсөн хүү А.Алтанбек нарын хүүхдийн тэтгэлгийг төлнө. Яагаад гэвэл энэ хоёр маань бага байгаа учраас. 2009 оны 03 сарын 04-нд төрсөн охин А.Аясулу, 2010 оны 05 сарын 07-нд төрсөн хүү А.Нурбек нарын хүүхдийн тэтгэлгийг төлөх боломж надад байхгүй учир нь би Улаанбаатар хотод Эрэл группын хамгаалалтын албанд хамгаалагч хийж байгаа. Би сарын 450,000 төгрөгний цалин авдаг. Хотод байр түрээслэх, хоол унааны зардал ихтэй байгаа учраас надад амьдархад хэцүү байна. Харин 2009 оны 03 сарын 04-нд төрсөн охин А.Аясулу, 2010 оны 05 сарын 07-нд төрсөн хүү А.Нурбек нарын хичээлийн хэрэгсэлийг нь би жилд нэг удаа бэлдэж өгнө.

Мөн 2009 оны 03 сарын 04-нд төрсөн охин А.Аясулу, 2010 оны 05 сарын 07- нд төрсөн хүү А.Нурбек, 2011 оны 10 сарын 23-нд төрсөн охин А.Аружин, 2013 оны 06 сарын 30-нд төрсөн хүү А.Алтанбек нарыг төрүүлсэн эх нь болох А.Айнагүлийн асрамжинд үлдээмээр байна” гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Айнагүл нь хариуцагч А.Ат холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүргүүлсэн нь болох нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 36/005042 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 3 дугаар сарын 04-нд төрсөн охин А.Аясулу, 2010 оны 5 дугаар сарын 07-нд төрсөн хүү А.Нурбек, 2011 оны 10 дугаар сарын 23-нд төрсөн охин А.Аружин, 2013 оны 6 дугаар сарын 30-нд төрсөн хүү А.Алтанбек нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 6-10 дугаар тал/

Гэрлэгсэд нь 2013 оноос хойш тусдаа амьдарсан бөгөөд цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн зэргийг үндэслэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч А.Аийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа хүүхдийн асрамжийн талаар маргахгүй бөгөөд хүүхдийн нас болон хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдийн саналыг үндэслэн гэрлэгчдийн дундаас 2009 оны 3 дугаар сарын 04-нд төрсөн охин А.Аясулу, 2010 оны 5 дугаар сарын 07-нд төрсөн хүү А.Нурбек, 2011 оны 10 дугаар сарын 23-нд төрсөн охин А.Аружин, 2013 оны 6 дугаар сарын 30-нд төрсөн хүү А.Алтанбек нарыг эх А.Айнагүлийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин А.Аясулу, хүү А.Нурбек, охин А.Аружин, хүү А.Алтанбек нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч А.Аийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг А.Аийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “хүүхдээ чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх А.Айнагүль саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.Аясулу, хүү А.Нурбек, охин А.Аружин, хүү А.Алтанбек нарт эцэг А.Аээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй болно.

Нэхэмжлэгч А.Айнагүль нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШЗ2018/02606 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н овогт А А, Ж овогт Аын А нарын гэрлэлтийг цуцалсугай.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 14.5-д зааснаар 2009 оны 3 дугаар сарын 04-нд төрсөн охин А.Аясулу, 2010 оны 5 дугаар сарын 07-нд төрсөн хүү А.Н, 2011 оны 10 дугаар сарын 23-нд төрсөн охин А.А, 2013 оны 6 дугаар сарын 30-нд төрсөн хүү А.А нарыг эх А.Аийн асрамжинд үлдээсүгэй.
  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин А.Аясулу, хүү А.Н, охин А.А, хүү А.А нарт эцэг А.Аээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
  4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч А.Айнагүльд тус тус даалгасугай.
  5. Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
  6. Нэхэмжлэгч А.А нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 153/ШЗ2018/02606 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Ням-Адъяад даалгасугай.
  8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ